Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 03 сарын 07 өдөр

Дугаар 537

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны  шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Энхбаяр даргалж тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Б.Г-н нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: СБДЗДТГ

 

Цалин 7.496.256 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

                                              

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Түмэнбаяр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Болортуяа, хариуцагчийн өмгөөлөгч Г.Цолмонгэрэл шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Алтантуяа нар оролцов. 

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “Нэхэмжлэгч Б.Г  нь Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн албан тушаалаас Засан даргын Тамгын газрын 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Б/249 дүгээр тушаалаар чөлөөлөгдсөн. Уг тушаалыг эс зөвшөөрч захиргааны хэргийн шүүхэд хандаж улмаар анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлал, хяналтын шатны шүүхийн тогтоолоор урьд эрхэлж байсан Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн даргын албан тушаалд эргүүлэн тогтоож, сарын үндсэн цалин 733.863 төгрөгөөр тооцож, ажилгүй байсан хугацааны буюу 2017 оны 12 сарын 28-ны өдрөөс 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл нийт 92 хоногийн цалин хөлстэй тэнцэх 3.184.672 төгрөг, нэмэгдэл 636.934 төгрөг, нийт 3.821.606 төгрөг олгохоос бүтцийн өөрчлөлтөөр чөлөөлөгдсөний тэтгэмж 2.201.589 төгрөгийг хасч үлдэгдэл 1.620.017 төгрөгийг Б.Г т олгож, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг Сүхбаатар дүүргийн дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргад даалгасан. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдөр шийдвэр гарч, улмаар Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны оны 07 дугаар сарын 20-ний өдрийн магадлал, Монгол улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 389 дүгээр тогтоол зэрэг гарсан боловч өнөөдрийг хүртэл албан тушаалдаа томилогдоогүй ба Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдөр гарснаас хойш цалин хөлс тогтоогдоогүй.

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т зааснаар “энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно гэж заасан байдаг. Ажилгүй байсан бүх хугацаа гэдэгт ажилтныг ажлаас халах тухай шийдвэр гарснаас эхлэн тэрхүү шийдвэрийг хүчингүй болгох шүүхийн шийдвэр гарах хүртэлх хугацаа мөн хамааралтай болно.

Иймээс энэ хугацааны цалин нэхэмжлэгчид олгох нь ажил олгогчийн үүрэг юм. Гэтэл Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр гарснаас хойш өнөөдрийг хүртэл Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга Н.Энхболд нь Б.Г ыг шүүхийн шийдвэрийн дагуу ажилд эгүүлэн томилоогүйгээс тэрээр ажлын 180 өдөр үндсэн цалин болон нэмэгдлээ авч чадаагүй, цалин нэмэгдэл орлогогүй, иргэний хууль ёсны эрх ашиг хохирсоор өдийг хүрсэн.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдөр шийдвэрлэснээс хойших хугацааны цалин хөлсийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Үндсэн цалин болон нэмэгдлийг тооцохдоо Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрт заагдсан үндсэн цалинг 1 өдрийн 34.616 төгрөг,  нэмэгдлийг 20 хувиар тооцож, Сүхбаатар дүүргийн тамгын газраас 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс өнөөдрийг хүртэл ажлын 180 өдрийн үндсэн цалин 6.230.880 төгрөг, нэмэгдэл 1.246.176 төгрөг нийт 7.477.056 төгрөг, нотариатын үйлчилгээний хөлс 19.200 төгрөг нийт 7.496.256 төгрөгийг нэхэмжилж байна” гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ Нэхэмжлэгчийг ажлаас халсан хэргээр Захиргааны хэргийн 3 шатны шүүхийн шийдвэр гарсан. Сүхбаатар дүүргийн засаг даргын тамгын газраас 3 шатны шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй талаар ямар нэгэн хүсэл зоригоо илэрхийлээгүй, шүүхийн шийдвэрийг биелүүлэх үүрэгтэй. Нэхэмжлэгч өөрөө шүүхийн шийдвэр биелүүлүүлэхээр дүүргийн удирдлагатай биечлэн ирж уулзаж, хүсэл зориг илэрхийлээгүй. Шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй тодорхой цаг хугацаа алдаж байгааг ойлгож байна. Хүсэл зоригоо илэрхийлээгүй байж ажилгүй байсан хугацааны цалин хөлс нэхэмжилж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна “ гэв.

 

Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ Нэхэмжлэгчийн нэхэмжлэлтэй танилцах үед нийт 7.400.000 төгрөг нэхэмжилж байгаа юм байна. Хамгийн сүүлд 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Улсын дээд шүүхээс шийдвэр гарсан. Ажил олгогч ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг олгох үүрэгтэй. Ажилд эргүүлэн томилоогүйгээс хохирол учирсан гэж үзсэн, үүнийг Хөдөлмөрийн тухай хуулийн 69.1-ээр тайлбарласнаас харахад дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэгдүгээрт: ажилд эргүүлж авах, цалин хөлс олгох тухай Захиргааны хэргийн шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон, үүнтэй маргахгүй, хүлээн зөвшөөрч байгаа. Шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон тохиолдолд шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан гүйцэтгүүлэх журамтай. Нэхэмжлэгчийн зүгээс албадан гүйцэтгүүлэх тухай хүсэлт гаргах эрхтэй. Энэ ажиллагаа явагдаагүй гэдэг нь талуудын тайлбараар нотлогдож байна. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн шүүхэд хандахдаа нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээс харахад хөдөлмөрийн тухай хуулийн 128.1-ийн дагуу нэхэмжлэл гаргаж байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 128.1-т, мөн 69.1-т заасантай холбоотой гомдлыг шүүхэд гаргана гэж заасан байдаг. Дээрх хуулийн 69.1-т “Энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно” гэж заасан. Мөн хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2-т зааснаар ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон бол ажил олгогч ажилд томилох үүрэгтэй, гэтэл шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаагүй. Шүүхийн шийдвэрт заасны дагуу тухайн ажилтанг томилсон үйл баримт, тушаал байхгүй, тиймээс нэхэмжлэгчид 128.1.5-т заасны дагуу шүүхэд нэхэмжлэл гаргах эрх үүсээгүй байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т заасны дагуу ажил олгогч тушаал, шийдвэр гаргах ёстой байсан. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй байна гэж үзэж байна” гэв.

 

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад                                                     

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

            Нэхэмжлэгч Б.Г  нь хариуцагч СБДЗДТГт холбогдуулан үндсэн цалин 6.230.880 төгрөг, нэмэгдэл 1.246.176 төгрөг нийт 7.477.056 төгрөг, нотариатын үйлчилгээний хөлс 19.200 төгрөг нийт 7.496.256 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

            Хариуцагч СБДЗДТГ нь хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр гарсан  байгаа гэж эс зөвшөөрч маргасан.

 

            Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 367 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтаар “...Б.Г ыг Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоож...” шийдвэрлэсэн ба Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 523 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдөр 389  дүгээр тогтоолоор анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж,  шийдвэр хүчин төгөлдөр болжээ.

 

            Шүүхийн шийдвэр гарснаас хойш хариуцагч СБДЗДТГ нь Монгол Улсын Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг эс биелүүлж, Б.Г ыг ажилд нь эгүүлэн тогтоогоогүй байна.

 

            Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 367 дугаар шийдвэр гарсан өдрөөс хойш шүүхэд нэхэмжлэл гаргах өдрийг хүртэл  хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговрыг Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газраас шаардах эрхтэй байна.

 

            Хэдийгээр СБДЗДТГ нь Монгол Улсын Шүүхийн хуулийн хүчин төгөлдөр шийдвэрийг сайн дураар үл биелүүлж, урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоохгүй байгаа нь Б.Г ын хөдөлмөрлөх, цалин хөлс авах зэрэг үндсэн эрхийг зөрчиж байгаа тул Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 367 дугаар шийдвэр гарсан өдрөөс хойш шүүхэд нэхэмжлэл гаргах өдрийг хүртэл  буюу 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэл хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговрыг шаардаж байгааг буруутгах үндэслэлгүй байна.

 

            Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т “Энэ хуулийн 36.1. 2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно.” гэж заанаар нэхэмжлэгч Б.Г т Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 367 дугаар шийдвэр гарсан өдрөөс хойш шүүхэд нэхэмжлэл гаргасан өдрийг хүртэл хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор олгох үндэслэлтэй байна.

 

            Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 367 дугаар шийдвэрээр Б.Г ын сарын дундаж цалин хөлсийг 733.863 төгрөг гэж тооцжээ.

 

            Нэхэмжлэгч нь Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 367 дугаар шийдвэр гарсан өдрөөс хойш Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан өдөр буюу 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэл нийт ажлын 180 хоногоор тооцож нийт 7.477.056 төгрөг шаардсан бөгөөд Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан өдөр буюу 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэл хугацааны нийтээр амрах өдрийг оролцуулан тооцсон нь үндэслэлгүй байх тул уг хугацааны олговорыг хасаж тооцох нь зүйтэй байна.

 

Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т заасан нийтээр тэмдэглэх баярын өдөр, Сонгуулийн өдрийг тус тус оролцуулан тооцоход нийт ажлын 170 хоног байх бөгөөд уг хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор /34.616х170 хоног/ 5.884.720 төгрөгийг, нэмэгдэлд /5.884.720 -20% буюу 1.176.944 төгрөг, нийт 7.061.664 төгрөгийг хариуцагч Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газраас гаргуулж, нэхэмжлэгч Б.Г т олгох нь хуульд нийцнэ.

 

Нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргахад гарсан зардал гэж нотариатын зардалд 19.200 төгрөг шаардсан.

 

Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-т зааснаар нэхэмжлэгч нь гэрээний үүрэг зөрчсөнөөс учирсан хохирлоо шаардах эрхтэй бөгөөд нэхэмжлэгч талаас гаргасан нотариатын баримт нь Б.Г  төлсөн эсэх нь тодорхойгүй, мөнгө тушаагчид гарын үсэг зураагүй байх тул Б.Г  төлсөн баримт гэж үзэх боломжгүй байна.

 

Иймд хариуцагч Сүхбаатар дүүргийн Засаг даргын тамгын газраас шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор 7.061.664 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.Г т олгож, нэхэмжлэлээс 434.592 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

            Нэхэмжлэгч Б.Г  нь 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрөөс хойш ажилд эгүүлэн тогтоох хүртэл хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговорыг шаардахад энэхүү шийдвэр саад болохгүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118-д заасныг удирдлага болгон

Тогтоох нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан хариуцагч Сүхбаатар дүүргийн Засаг даргын тамгын газраас ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор 7.061.664 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.Г т олгож, нэхэмжлэлээс 434.592 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 134.890 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газраас 127.937 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.Г т олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                                   

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   С.ЭНХБАЯР