Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 01 сарын 04 өдөр

Дугаар 1

 

 

 

 

 

2018 оны 01 сарын 04 өдөр

Дугаар 207/МА2018/00001

 

*******гийн нэхэмжлэлтэй,

хариуцагч *******д холбогдох

иргэний хэргийн тухай

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Баттөр даргалж, шүүгч С.Уранчимэг, Б.Оюунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй,

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 142/ШШ2017/01191 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч : *******гийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: *******д холбогдох,

Гэм хорын хохирол 11.037.200 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батлхагвын гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Б.Баттөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Дэдхүү, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батлхагва, нарийн бичгийн дарга У.Сүхбаатар нар оролцов.

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

******* би 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Улаанбаатараас Дархан явж байгаад Баруунтурууны даваанд авто тээврийн осолд орж, дээд эрүүний 1 соёо араа хугарч, 2 шүд эрүүнээс мултарч, 3 шүд суларч хөдөлгөөнтэй болсон. Улаанбаатар хотод эмнэлэгт 7 хоног хэвтэн эмчлүүлж гадуур шүдний эмнэлэгээр 2017 оны 02 дугаар сар хүртэл эмчилгээ хийлгэсэн. Миний бие шүүх эмнэлэгт гэмтлийн зэрэг тогтоолгохоор 3 удаа хүсэлт гаргасан боловч санал нийлэхгүй дүгнэлт гаргасан. Авто тээврийн прокуророос шүүх эмнэлэгийн дүгнэлт ингэж гараад байгаа тул эрүүгийн хэрэг үүсгэж болохгүй байна. Одоо болтол юм хазаж чадахгүй, үе үе зовиуртай, толгой маш их өвддөг, даралт ихсэж багасдаг болсон. Сэтгэл санааны тогтворгүй байдал үүссэн, хүссэн хоол ундаа идэж чадахгүй явж байна. Хүүхдүүд 2017 оны 04 дүгээр сард БНСУлсад эмнэлэгт үзүүлж эмчилгээ хийлгэх гэсэн боловч Монгол мөнгөөр 6 шүд 52.000.000 төгрөг болно гэж хэлсэн. Би Улаанбаатар хотод имплант хийдэг шүдний эмнэлэг орж үнэ ханш, чанар зэргийг судалсан. Хамгийн хямд, чанартай олон жил имплант хийсэн эмнэлэг олон шүд учир нэг шүдийг 1.800.000х6 шүд нийт 10.800.000 төгрөг болж байна гэсэн. 2016 оны 12 дугаар 27-ны өдөр БНСУлс руу нисэх онгоцны тийз 1.152.300 төгрөгөөр захиалсан байсан. Ослын улмаас билетээ буцаасан шимтгэл 50 ам доллар тухайн үеийн ханш 2400 төгрөгөөр 120.000 төгрөг, 2017 оны 03 дугаар сараас Улаанбаатар, Дархан хооронд автобусаар 8 удаа явсан. 80.000 төгрөг авто тээврийн прокуророос материалын хуулбар авахад 20.000 төгрөг Улаанбаатараас Эрдэнэт рүү вагоноор 17.200 төгрөг нийт 11.037.200 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч ******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Нэхэмжлэлийг эс зөвшөөрч байна. Нэхэмжлэгч ******* гэгч нь осолд орсноос болж дээд соёо араа хугарч, 2 шүд эрүүнээс мултарч, 3 шүд хөдөлсөн гэжээ. Бүтэн 10 сар шахуу толгой өвддөг, даралт ихсэж, багасдаг гэжээ. 40-50 насныханд илэрдэг өвчнийг осолтой холбожээ. Энэ насныханд шүдний асуудалгүй хүн ховор. Энэ хүн өмнө өвчилсөн гэмтсэн, суларсан шүдээ осолтой холбоотой гэжээ. Шүүх эмнэлгийн дүгнэлтээр дээд зүүн 3 дугаар шүд, доод хэсгээр ташуу хугаралтай дээд баруун 1,2,3 дугаар шүдэнд бэхэлгээтэй. 6 шүд сулралтай, 2.4.1-т зааснаар хөнгөн гэмтэлтэй гэж шүүх эмнэлэгийн дүгнэлт гарсан. Манай улсад ийм өндөр үнээр /11.037.200 төгрөг/ шүдээ эмчлүүлдэг хүн хэд байх уу, амьдралаас хол тасархай юм ярьж шүүхэд хандаж их хэмжээний мөнгө нэхсэнийг хүлээн зөвшөөрөхгүй.

Би жолоо барьж явах үед халтиргаа гулгааны улмаас санамсаргүй тохиолдлоор гулгаж баруун талын бөгсөө шидэж эсрэг урсгалд орж замын хашлагад тулж зогссон. Тэгээд ослын гэрлээ татсан байхад Улаанбаатарын зүгээс өгсөж ирж явсан приус-11 маркийн машин баруун талаас орж ирж замын хашлагатай хавсарч мөргөсөн. Үүнийг нотлох зураг байгаа. Энэ үед би гүн шоконд орсон. Миний марк 2 авто машин ямарч засвар авахгүй, сэлбэгэнд 1.200.000 төгрөгөөр өгсөн. Замын машин зогсоож приус-11 53-04 ДАХ машины 2 зорчигчийг гэмтлийн эмнэлэгт хүргэсэн. Замын цагдаа ирж урсгал сөрсөн таны буруу хохирлыг барагдуул гэсэн. Тэгээд жолоочийн хариуцлагын даатгал болох АРД даатгалаас 5.000.000 төгрөгийг авч приус машины жолооч Хосбаярт 3.400.000 төгрөг, зорчигч *******д 1.600.000 төгрөгийг төлж барагдуулсан. Тухайн үед приус-11 машиныг хурд хэтрүүлсэн, бүрэн бус техниктэй явсан гэж бодож байна. Хэрэв приус-11 машин хурдаа сааруулж зогсоох арга хэмжээ авсан бол би ч энд хөрөнгө, эрүүл мэндээрээ хохирохгүй байсан. Замын хөдөлгөөний дүрмийн 9.2-т жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтыг зөрчсөнөөс *******гийн шүд гэмтэж миний марк 2 машин их эвдрэл авахгүй байсан. Тухайн осол болсон үед би зорчигчгүй ганцаараа явж байсан. Нэхэмжлэгч Д.Хуяг гэгч нь приус-11 53-04 ДАХ машинд зорчиж явсан. Уг машины жолооч Хосбаяр тендерийн бус хулгайн тээвэр хийж 2 зорчигчтой зорчиж явсан. Зорчигч нар нь аюулгүйн бүсээ зүүгээгүй зөрчилтэй зорчиж явсан. Намайг урсгал сөрж зогссон гэж байцаагч буруутгасан. Иймээс нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 142/ШШ2017/01191 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1, 228.4, 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 514 дүгээр зүйлийн 514.1-д заасныг баримтлан хариуцагч *******гээс 8.829.760 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2.207.440 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 191.550 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******гээс 156.226 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******д олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батлхагва давж заалдсан гомдолдоо:

Анхан шатны шүүх хэргийг шийдэхдээ ... хариуцагч *******гийн гэм буруутай үйлдлийн улмаас *******гийн биед хөнгөн гэмтэл учирсан. Чойсүрэнгийн гэм буруу нь *******гийн гэм хортой шалтгаант холбоотой гэж үзлээ.. гэсэн. 1 шүд хугарч, 6 шүд суларсан нь шинжээчийн дүгнэлт болон Од шүдний эмнэлэгт эмчлүүлсэн эмчилгээ 2017.10.11-ний өдрийн БиСи медикал ХХК-ийн годорхойлолтоор батлагдлаа гэсэн. Гэтэл хэрэгт авагдсан нотлох баримтаар 1шүд хугараагүй үзүүр нь эмтэрсэн зураг, 6 шүд суларсан гэх боловч бэхэлгээ хийж, эмчилсэн байгаа. Од шүдний эмнэлэгийн эмчийн үзлэгээр суларсан шүдэнд сувгийн эмчилгээ болон бэхэлгээ хийсэн гэж харагдаж байгаа, 1 соёо шүдний эмтэрсэн хэсгийг пааландаж зассан гэсэн тэмдэглэл байдаг. Харин БиСи медикал ХХК-ийн тодорхойлолт нь имплант шүд хийлгэх төлбөрийг тодорхойлсон болохоос биш яг тухайн эмнэлэгт имплант хийлгэхээр тогтсон гэрээ хэлцэл бүртгэл байхгүй болно. Хариуцагч Чойсүрэнг Замын хөдөлгөөний дүрмийн 9.1-р заалтыг зөрчсөний улмаас С.Хосбаярын жолоодож явсан Тоёота Приус 53-04 ДАХ машиныг мөргөж Хуягаад гэмтэл учирсан нь эрүүгийн хэрэг үүсэх үндэслэлгүй гэж Тээврийн прокурорын газрын 2017.1.17-ны 103 тоот тогтоолоор эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзаж шийдвэрлэжээ гэсэн нь Хариуцагч *******гийн гэм буруутай үйлдэл байгаа гэдгийг бүрэн тогтоосон баримт биш юм.

Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн хэн буруутайг шүүх, прокуророос томилсон шинжээчийн дүгнэлтээр тогтоох ёстой. Тухайн тээврийн прокурорын газраас ирсэн материалд шинжээчийг томилсон тогтоол ч байхгүй, шинжээчийн дүгнэлт огт гараагүй байдаг. Чойсүрэнг С.Хосбаярын жолоодож явсан 53-04 ДАХ дугаартай приус маркын машиныг мөргөж гэж бэчээд байгаа нь хэрэгт авагдсан нотлох баримт болох *******гийн машиныг харин ДАХ 53-04 дугаартай машиныг жолоодож явсан Хосбаярын үйлдэлтэй холбож үзэх *******гийн машин хажуу талаасаа дээрхи Приус машинд мөргүүлсэн нь тодорхой харагдаж байгаа. Хэрэгт судласан нотлох баримтаар ******* нь өөрөө бүсээ зүүгээгүйгээс урд талын жолоочийн сандлыг нүдээрээ мөргөсөн гэсэн мэдүүлэг мөн энэ нь Замын хөдөлгөөний дүрмийн 4-р бүлэг Тээврийн хэрэгсэлээр зорчигчийн үүрэг буюу 4.1-д заасан.....хамгаалах бүсээр тоноглогдсон автомашинаар зорчихдоо хамгаалах бүс хэрэглэх,........гэсэн хуулиар тогтоосон үүргээ биелүүлээгүйтэй холбоотойгоор шүд нь гэмтсэн шалтгаант холбоо байна. Хэрэв нэхэмжлэгч Хуягаа бүсээ зүүсэн бол урд талын суудлыг мөргөхгүй, өөрийн эрүүл мэндийг эрсдэлтэй байдлаас бүрэн хамгаалах бодит боломж байжээ. Тухайн зам тээврийн осол гарсан өглөө машины хөдөлгөөн эрчим бага байсан ба ДАХ 53-04-ын жолооч Хосбаяр нь хөдөлгөөны дагуу үзэгдэлтийг харгалзан хурдаа сонгож аюул саад болохыг мэдсэн үедээ хурдаа хасаж зайлшгүй тохиолдолд зогсох арга хэмжээ авна гэсэн дүрмийн заалт буюу уг үйлдлийг хийгээгүйгээс осол гарж байгаа. Иймд хохирогч ******* нь өөрийн сууж явсан машиныг жолоочоос хохирлоо нэхэн ёстой.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад уг осолтой холбоотойгоор шинжээч томилж, дүгнэлт гаргуулахыг хүссэн боловч шүүхээс уг хүсэлтийг хүлээж аваагүй. Уг зам тээврийн осол болсон үйл баримтыг урьд нь эрүүгийн журмаар шийдвэрлээгүй, ******* гэм буруутай гэдгийг шийдвэрлэсэн хүчин төгөлдөр шийдвэр, тогтоол гараагүй тул *******гийн гэм буруутай үйлдэл тогтоогдсон, нотлогдсон дахин нотлох шаардлагагүй гэж дүгнэн үзэх нь шүүхэд урьдаас хөдөлбөргүй, үнэн гэж тогтоосон ямар ч нотлох баримт байж болохгүй гэсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.3 дахь заалт зөрчигдөж байна. Иймд шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь үнэлэх журмыг бүрэн хэрэгжүүлж чадаагүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч ******* гэм хорын хохирол -237.200 төгрөг, эмчилгээний зайлшгүй зардал -10.800.000 төгрөг бүгд 11.037.200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч ...гэмтлийн улмаас хохирогчийн шүд суларч, 1 шүд хугарч түүний биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан, хохирогч тухайн үед ослын бүсээ зүүгээгүй зөрчилтэй явж байсан, хугарсан болон суларсан шүдний эмчилгээний зардлыг бэлнээр өгсөн байхад дахин хэтэрхий их хэмжээний мөнгө нэхэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй... гэсэн тайлбар гаргаж мэтгэлцсэн байна.

Хариуцагч ******* 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Тоёото Марк-2 маркын 12-29 ОРА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцох үедээ Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөний улмаас Алтан гадасын хишиг ХХКомпанид -3.448.000 төгрөгийн хохирол, зорчигч *******, Д.Цэцэгдарь нарын биед хөнгөн зэргийн гэмтэл учруулсан болох нь тогтоогдсон ба хариуцагч жолооч С.Хосбаярын гэм буруутай эсэх талаар ямар нэг гомдол гаргаагүй байна.

Нэхэмжлэгч ******* авто тээврийн ослын дараа өөрийн биед учирсан гэмтэл болох үүдэн дээд 1 шүдний хугарал, үүдэн дээд 6 шүдний сулрал гэмтлийг Од шүдний эмнэлэгт эмчлүүлсэн, хариуцагч эмчилгээний зардал-1.600.000 төгрөгийг төлж барагдуулсан байх ба энэ талаар талууд маргаагүй байна.

Нэхэмжлэгч ******* гэмтлийн улмаас суларсан үүдэн дээд 6 шүдний эмчилгээний зардлыг урьдчилан төлүүлэхээр гэм хор арилгах эрх бүхий этгээдээс шаардах эрхтэй байхаар Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.4-т зохицуулагдсан хэдий ч нэхэмжлэгч үүдэн дээд 6 шүдний сулрал гэмтлийг эмчлүүлсэн боловч зохих үр дүн гараагүй, шүдний сулрал засагдаагүй цаашид имплант шүд суулгах эмчилгээг хийх шаардлага үүссэн, тухайн эмчилгээг хийлгэхэд гарах зардлын хэмжээ тодорхой тогтоогдсон тохиолдолд хариуцагч Ч.Чойжилсүрэнгээс хуульд заасны дагуу эмчилгээний зардлыг урьдчилан төлүүлэх боломжтой юм.

Гэтэл анхан шатны шүүх нэхэмжлэгч *******гийн гэмтсэн үүдэн дээд 6 шүдэнд имплант шүд суулгах эмчилгээ хийлгэх шаардлага үүссэн эсэх, нэхэмжилж буй 10.800.000 төгрөг эмчилгээний зайлшгүй зардал болохыг нотолсон баримт хэрэгт авагдаагүй байхад Би Си Медикал ХХКомпаний 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн № дугаар тодорхойлолтыг үндэслэж нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь буруу болжээ.

Учир нь нэхэмжлэгч ******* нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ нотлох, түүнтэй холбогдох нотлох баримтаа өөрөө бүрдүүлэх үүргээ хуульд заасны дагуу биелүүлээгүй өөрөөр хэлбэл Би Си Медикал ХХКомпани нь шүдний эмчилгээний үйл ажиллагаа эрхэлдэг, уг эмнэлэгт нэхэмжлэгч ******* гэмтсэн үүдэн шүдний эмчилгээ хийлгэхээр үзүүлж байсан, өмнө нь эмчилгээ хийгдсэн ч шүдний сулрал засагдаагүй, имплант 1шүдний үнэ 1.800.000 төгрөг болохыг нотолж чадаагүй, энэ талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд нэхэмжлэгч *******д эмчилгээ хийлгэж удаа дараа УБ хот руу явсан замын болон бичиг баримтын зардал, онгоцны билетийг буцаалгаснаас зөрүү нийт 237.200 төгрөгийн хохирол учирсан болох нь замын хуудас, билетний хуулбар зэрэг баримтаар тогтоогдож байх тул хариуцагч Ч.Чойжилсүрэн уг хохиролыг төлөх үүрэг хүлээнэ.

Харин нэхэмжлэгч ******* үүдэн шүдний сулрал гэмтлийг засах эмчилгээг дахин хийлгэсэний улмаас учирсан хохиролоо нэхэмжлэх үед энэхүү шийдвэр саад болохгүйг дурьдах нь зүйтэй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж хариуцагч Ч.Чойжилсүрэнгээс хохирол 237.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 10.800.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 142/ШШ2017/01191 дугаар шийдвэрийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1, 228.4, 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 514 дүгээр зүйлийн 514.1-д заасныг баримтлан хариуцагч *******гээс 237.200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 10.800.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай гэж,

Шийдвэрийн 2 дахь заалтанд ...хариуцагч *******гээс 156.226 төгрөг гаргуулж... гэснийг ...хариуцагч *******гээс 7.766 төгрөг гаргуулж... гэж тус тус өөрчилж шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батлхагвын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 156.262 төгрөгийг шүүгчийн захирамжаар төрийн сангаас буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БАТТӨР

 

ШҮҮГЧИД С.УРАНЧИМЭГ

 

Б.ОЮУНЦЭЦЭГ