Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тогтоол

2017 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 142/ШШ2017/01191

 

            

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Ариунцэцэг даргалан Ерөнхий шүүгч Б.Бямбасүрэн, шүүгч Р.Үүрийнтуяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

            Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, 9-р баг  тоотод оршин суух С овогт Д.Х /ОР:650/-гийн нэхэмжлэлтэй

            Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Хүрэнбулаг баг  тоотод оршин суух Б овогт Ч.Ч /ЧЗ:641/-д холбогдох

            Гэм хорын хохиролд 11 037 200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Д, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, хариуцагчийн өмгөөлөгч О.С, иргэдийн төлөөлөгч Д.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сэр-Оддамба нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Х шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Даш овогтой Хуягаа би 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Улаанбаатараас Дархан явж байгаад Баруунтурууны даваанд авто тээврийн осолд орж, дээд эрүүний 1 соёо араа хугарч, 2 шүд эрүүнээс мултарч, 3 шүд суларч хөдөлгөөнтэй болсон. Улаанбаатар хотод эмнэлэгт 7 хоног хэвтэн эмчлүүлж гадуур шүдний эмнэлэгээр 2017 оны 02 дугаар сар хүртэл эмчилгээ хийлгэсэн. Миний бие шүүх эмнэлэгт гэмтлийн зэрэг тогтоолгохоор 3 удаа хүсэлт гаргасан боловч санал нийлэхгүй дүгнэлт гаргасан. Авто тээврийн прокуророос шүүх эмнэлэгийн дүгнэлт ингэж гараад байгаа тул эрүүгийн хэрэг үүсгэж болохгүй байна. Та хариуцагчийн харъяалалын дагуу шүүхэд гомдол гаргаж болно гэж хэлсэн. Одоо болтол юм хазаж чадахгүй, үе үе зовиуртай, толгой маш их өвддөг, даралт ихсэж багасдаг болсон. Сэтгэл санааны тогтворгүй байдал үүссэн, хүссэн хоол ундаа идэж чадахгүй явж байна. Хүүхдүүд 2017 оны 04 дүгээр сард БНСУлсад эмнэлэгт үзүүлж эмчилгээ хийлгэх гэсэн боловч Монгол мөнгөөр 6 шүд 52 000 000 төгрөг болно гэж хэлсэн. Би Улаанбаатар хотод имплант хийдэг шүдний эмнэлэг орж үнэ ханш, чанар зэргийг судалсан. Хамгийн хямд, чанартай олон жил имплант хийсэн эмнэлэг олон шүд учир нэг шүдийг 1 800 000х6 шүд нийт 10 800 000 төгрөг болж байна гэсэн. 2016 оны 12 дугаар 27-ны өдөр БНСУлс руу нисэх онгоцны тийз 1 152 300 төгрөгөөр захиалсан байсан. Ослын улмаас билетээ буцаасан шимтгэл 50 ам доллар тухайн үеийн ханш 2 400 төгрөгөөр 120 000 төгрөг, 2017 оны 03 дугаар сараас Улаанбаатар, Дархан хооронд автобусаар 8 удаа явсан. 80 000 төгрөг авто тээврийн прокуророос материалын хуулбар авахад 20 000 төгрөг Улаанбаатараас Эрдэнэт рүү вагоноор 17 200 төгрөг нийт 11 037 200 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч Ч.Ч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие Ч.Ч нь Д.Х гаргасан нэхэмжлэлийг эс зөвшөөрч байна. Нэхэмжлэгч Д.Х гэгч нь осолд орсоноос болж дээд соёо араа хугарч, 2 шүд эрүүнээс мултарч, 3 шүд хөдөлсөн гэжээ. Бүтэн 10 сар шахуу толгой өвддөг, даралт ихсэж, багасдаг гэжээ. 40-50  насныханд илэрдэг өвчнийг осолтой холбожээ. Энэ насныханд шүдний асуудалгүй хүн ховор. Энэ хүн өмнө өвчилсөн гэмтсэн, суларсан шүдээ осолтой холбоотой гэжээ. Шүүх эмнэлэгийн дүгнэлтээр дээд зүүн 3 дугаар шүд, доод хэсгээр ташуу хугаралтай дээд баруун 1,2,3 дугаар шүдэнд бэхэлгээтэй. 6 шүд сулралтай, 2.4.1-т зааснаар хөнгөн гэмтэлтэй гэж шүүх эмнэлэгийн дүгнэлт гарсан. Манай улсад ийм өндөр үнээр /11 037 200 төгрөг/ шүдээ эмчлүүлдэг хүн хэд байх уу, амьдралаас хол тасархай юм ярьж шүүхэд хандаж их хэмжээний мөнгө нэхсэнийг хүлээн зөвшөөрөхгүй. Би жолоо барьж явах үед халтиргаа гулгааны улмаас санамсаргүй тохиолдлоор гулгаж баруун талын бөгсөө шидэж эсрэг урсгалд орж замын хашлагад тулж зогссон. Тэгээд ослын гэрлээ татсан байхад Улаанбаатарын зүгээс өгсөж ирж явсан приус-11 маркийн машин баруун талаас орж ирж замын хашлагатай хавсарч мөргөсөн. Үүнийг нотлох зураг байгаа. Энэ үед би гүн шоконд орсон. Миний марк 2 авто машин ямарч засвар авахгүй, сэлбэгэнд 1 200 000 төгрөгөөр өгсөн. Замын машин зогсоож приус-11 5 машины 2 зорчигчийг гэмтлийн эмнэлэгт хүргэсэн. Замын цагдаа ирж урсгал сөрсөн таны буруу хохирлыг барагдуул гэсэн. Тэгээд жолоочийн хариуцлагын даатгал болох АРД даатгалаас 5 000 000 төгрөгийг авч приус машины жолооч Хосбаярт 3 400 000 төгрөг, зорчигч Д.Х 1 600 000 төгрөгийг төлж барагдуулсан. Тухайн үед приус-11 машиныг хурд хэтрүүлсэн, бүрэн бус техниктэй явсан гэж бодож байна. Хэрэв приус-11 машин хурдаа сааруулж зогсоох арга хэмжээ авсан бол би ч энд хөрөнгө, эрүүл мэндээрээ хохирохгүй байсан. Замын хөдөлгөөний дүрмийн 9.2-т “ жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтыг зөрчсөнөөс Д.Х шүд гэмтэж миний марк 2 машин их эвдрэл авахгүй байсан. Тухайн осол болсон үед би зорчигчгүй ганцаараа явж байсан. Нэхэмжлэгч Д.Х гэгч нь приус-11 5  ДАХ машинд зорчиж явсан. Уг машины жолооч Х тендерийн бус хулгайн тээвэр хийж 2 зорчигчтой зорчиж явсан. Зорчигч нар нь аюулгүйн бүсээ зүүгээгүй зөрчилтэй зорчиж явсан. Намайг урсгал сөрж зогссон гэж байцаагч буруутгасан. Одоо иргэн Д.Х нэхэмжилж буй 11 037 200 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй. Энэ нэхэмжлэлийг ослын үед авсан фото зургаас харсан ч Х машин ирж миний машиныг мөргөсөн мөргөлтийн хүч ямар байсныг харж болно. Иймээс нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

Шүүх зохигчдын тайлбар болон хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч Д.Х нь хариуцагч Ч.Ч холбогдуулан гэм хорын хохиролд 11 037 200 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч мэтгэлцэж байна.

            Шүүх бүрэлдэхүүн нэхэмжлэлийн шаардлагыг хэсэгчилэн хангаж шийдвэрлэв.

            2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр  Баруунтурууны замд Ч.Ч нь тоёота марк 2 маркын 1 ОРА улсын дугаартай автомашиныг жолоодон явах үедээ С.Х жолоодон явсан тоёота приус маркын 5 ДАХ улсын дугаартай автомашинтай мөргөлдөж  зам тээврийн осол гарсан болох нь зохигчдын Цагдаагийн газар болон шүүхэд гаргасан тайлбараар, ослын улмаас тоёота приус маркын 5 ДАХ улсын дугаартай суудлын автомашины зорчигч Д.Х биед тархины доргилт, уруул баруун шилбэнд зулгаралт, уруулд шарх, үүдэн дээд нэг шүдний хугарал, үүдэн дээд 6 шүдний сулрал гэмтэл учирсан бөгөөд энэ нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т заасан хөнгөн зэрэгт хамаарах нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 7 дугаартай шинжээчийн дүгнэлтээр болон 2017 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 3 дугаартай бүрэлдэхүүнтэй шинжээчдийн дүгнэлтээр тус тус тогтоогдож байна. Нэхэмжлэгч Д.Х хариуцагч Ч.Ч эмчилгээний төлбөрт 1 600 000 төгрөгийг хүлээн авсан талаар маргаагүй.

            2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр тоёота марк 2 маркийн 1 ОРА улсын дугаартай тээврийн хэрэгслийг Ч.Ч нь жолоодож явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.1-д заасан “жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ача, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна“ гэсэн заалтыг зөрчсөний улмаас С.Х лоодон явсан тоёота приус маркийн 5 ДАХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж А ХХК-д 3 448 000 төгрөгийн, зорчигч Д.Ц, Д.Х нарын биед хөнгөн гэмтэл учруулсан зам тээврийн осол гаргасан ба ослын улмаас бусдад учирсан эрүүл мэндийн болон эд хөрөнгийн хохиролын хэмжээ, шинж чанар нь эрүүгийн хэрэг үүсгэх үндэслэлгүй гэсэн шалтгаанаар Тээврийн прокурорын газрын 2017 оны 01 дүгээр сарын 17-ний өдрийн 1 дугаартай прокурорын тогтоолоор эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзаж  шийдвэрлэжээ.  

Хариуцагч Ч.Ч гэм буруутай үйлдлийн улмаас нэхэмжлэгч Д.Х биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан, Ч.Ч гэм буруу нь Д.Х учирсан гэм хортой шалтгаант холбоотой гэж үзэж хариуцагч Ч.Чойсүрэнгээс нэхэмжлэгчийн эрүүл мэндэд учирсан хохиролыг гаргуулахаар шийдвэрлэв.

Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1-д гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээд нөгөө талын зөрчигдсөн эрхийг гэм хор учруулахаас өмнөх байдалд сэргээх үүрэгтэй, мөн хуулийн 228.4-д хохирогч эмчилгээний зайлшгүй зардлыг урьдчилан төлүүлэхээр гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээдээс шаардах эрхтэй гэж заасан байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхтэй байна.

Нэхэмжлэгчийн үүдэн дээд 1 шүд хугарч, үүдэн дээд 6 шүд суларч гэмтсэн нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 797 дугаартай болон 2017 оны 03 дугаар сарын 2-ны өдрийн 336 дугаартай шинжээчийн дүгнэлтээр, 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн “д” шүдний эмнэлгийн эмчийн үзлэгээр согог заслын нарийн мэргэжлийн эмчид хандаж эмчилгээг үргэлжлүүлэх шаардлагатай гэсэн тэмдэглэлээр, 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн Би С ХХК-ний тодорхойлолтоор батлагдаж байна.

Хариуцагч “...хохирогчийн насны байдал болон хамгаалах бүсээ бүслээгүйгээс олон шүд гэмтэх эрсдэл гарсан, хууль бус тээвэр эрхлэж явсан жолооч нь хариуцлага хүлээх ёстой” гэж маргаж байгаа боловч гэм буруу, хор уршигын хоорондох шалтгаант холбоог няцаах үндэслэл биш гэж дүгнэв.

Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.1-д гэм хор учрах буюу түүнээс үүдэн гарах хохиролын хэмжээ нэмэгдэхэд хохирогчийн хэтэрхий болгоомжгүй үйлдэл, эс үйлдэл нөлөөлсөн бол уг нөхцөл байдлыг харгалзан хариуцах гэм хорын хэмжээг багасгаж болно гэж заасан.  

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс  хохирогчийг хамгаалах бүсээ зүүсэн эсэх талаар мэтгэлцээгүй, хохирогчийн буруугүйг нотлож чадаагүй нь хохиролын хэмжээг нэмэгдэхэд нөлөөлсөн гэж үзэх үндэслэл болсон тул нэхэмжлэлийн шаардлагыг 20 хувиар багасгаж шийдвэрлэв. Мөн нэхэмжлэгч Д.Х2016 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Улаанбаатар Сөүлийн чиглэлийн онгоцны тийзээ буцааж, 50 ам долларын хураамж төлсөн болох нь АХХК-ний нэхэмжлэхээр, Улаанбаатар Дархан, Дархан Улаанбаатарын чиглэл болон Улаанбаатар Эрдэнэтийн чиглэлд зорчсон болох нь хот хоорондын зорчих тасалбараар, нотлох баримт бүрдүүлэхтэй холбоотойгоор хуулбар авсан нь Тээврийн прокурорын газрын орлогын баримтаар тус тус нотлогдож байх тул хариуцагч Ч.Ч нийт 8 829 760 төгрөг /10 800 000+120 000+97 200+20 000=11 037 200-20%/ гаргуулан нэхэмжлэгч Д.Х олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2 207 440 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Хэдийгээр 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 1 ам долларын төгрөгтэй харьцах ханш 2 490 төгрөг байсан боловч нэхэмжлэгчийн 2 400 төгрөгөөр тооцсон нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд  хангаж, зохигчид шүүхэд төлөөлөх эрхийг хуульд заасан хэлбэрээр олгосон хүчин төгөлдөр итгэмжлэлтэй болохыг дурдав.

Нэхэмжлэлийн шаардлагыг хэсэгчлэн хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 191 550 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 156 226 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Хуягаад олгохоор заалаа.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон                              

  ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1, 228.4, 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 514 дүгээр зүйлийн 514.1-д заасныг баримтлан хариуцагч Ч.Ч 8 829 760 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Х олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2 207 440 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 191 550 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч.Ч 156 226 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Х олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймаг дахь Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигчид шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

                               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Л.АРИУНЦЭЦЭГ

                                               ШҮҮГЧИД                               Б.БЯМБАСҮРЭН

                                                                              Р.ҮҮРИЙНТУЯА