Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 10 сарын 12 өдөр

Дугаар 210/МА2018/02131

 

 

 

 

 

2018 оны 10 сарын 12 өдөр

Дугаар 210/МА2018/02131

 

 

Ц.Отгонцэцэгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч Т.Туяа, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 102/ШШ2018/02607 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч Ц.Отгонцэцэгийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замд холбогдох

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацаатай тэнцэх нөхөн олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Энхтөгс

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Н.Болороо, Х.Энхсүх

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ө.Ган-Өнөр нар оролцов.

Нэхэмжлэгч Ц.Отгонцэцэг шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхтөгс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч Ц.Отгонжаргал ажиллах хугацаандаа хөдөлмөрийн сахилгын зөрчил гаргаж байгаагүй, хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ үнэнчээр сахин биелүүлж ирсэн. 2018 оны 3 дугаар сарын 1-ний өдөр ажил олгогч байгууллага түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг орон тоо цөөрүүлсэн үндэслэлээр цуцалсан. 2018 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасныг хариуцагч зөвшөөрч, шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж шийдвэрлэсэн. Гэтэл хариуцагч байгууллага 2018 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр уг үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг дахин цуцалсныг үндэслэлгүй гэж үзэж байна. Хөдөлмөрийн гэрээг цуцлахаар бодит үндэслэл байхгүй, хуульд заасан журмыг зөрчсөн байна. Ажил олгогч нь хөдөлмөрийн гэрээг цуцлахаас 30 хоногийн өмнө мэдэгдэх ёстой боловч мэдэгдлийг гардуулаагүй. Ажил олгогчиын зүгээс Ц.Отгонцэцэгийг 2018 оны 5 дугаар сарын 18-ны өдөр хөдөлмөрийн гэрээг цуцалсан талаарх 97 дугаар тушаал гарсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2 дахь хэсэгт ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон бол ажилд эгүүлэн тогтоолгох тухай шийдвэр хэвээрээ байгаа. Мөн ажилтны урьд эрхэлж байсан ажлын байр, албан тушаал нь цомхтгогдсон бол ажил олгогч ажилтантай тохиролцсоны үндсэн дээр адил чанарын өөр ажил, албан тушаалд ажиллуулах үүрэгтэй гэж зааснаар адил чанарын ажлаар хангуулах эрхтэй байсан. Гэтэл ажил олгогч хүчин төгөлдөр шүүгчийн захирамжийг биелүүлэхээс үндэслэлгүйгээр татгалзаж байна. Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд Ц.Отгонцэцэг явуулын тасалбарын аль хэсэгт багтаж байгаа нь тодорхой бус байна. Иймд Ц.Отгонцэцэгийг ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн 55 дугаар тушаалыг үндэслэн 2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдрөөс 2018 оны 5 дугаар буюу ажилласан 14 хоног буюу 112 цагийн ажилласан хөлс 815 642 төгрөг, /нэг өдрийн 58,260 төгрөг/ мөн ажлын 61 хоног ажилгүй байсан хөлс 3 553 868 төгрөгийг гаргуулж, 2018 оны 5 дугаар сарын 17-ны өдрөөс хойшхи эрүүл мэнд болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Болороо, Х.Энхсүх  нар  шүүхэд  болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

Хариуцагч байгууллагын даргын 2018 оны 2 дугаар сарын 7-ны өдрийн А-45 дугаар Орон тоо батлах тухай тушаалын хоёрдугаар хавсралтаар салбар нэгжүүдийн 2018 оны тоог баталсан бөгөөд Тасалбар худалдаалах төвийг нийт 98 орон тоотой, үүнээс явуулын тасалбарын няравын орон тоо 56 байсныг 53 болгож, явуулын тасалбарын няравын орон тоог цөөрүүлж баталсан. 2018 оны батлагдсан орон тоогоор явуулын тасалбарын няравын орон тоог 3 орон тоогоор цөөрүүлсэнтэй холбогдуулан 2018 оны 1 дүгээр сарын 3-ний өдөр Тасалбар худалдаалах төвийн удирдлагууд явуулын тасалбарын нярвуудыг оролцуулан хурал хийж, орон тоо цөөрүүлсэн тухай мэдээлэл болон мэдэгдлийг танилцуулсан. 2018 оны 1 дүгээр сарын 4-ний өдөр Улаанбаатар төмөр замын Зорчигч тээврийн албаны удирдлагууд өөрийн харьяа байгууллага болох Тасалбар худалдаалах төв дээр тус төвийн удирдлага болон явуулын тасалбарын няравуудыг байлцуулан хурал хийж, орон тоо цөөрүүлсэн шалтгаан, үндэслэлийг танилцуулж, мэргэжил, ур чадварын шалгалт авах замаар сонгон шалгаруулалт явуулах болсон тухай мэдэгдсэн. Шалгалт авах замаар сонгон шалгаруулах нь хэн нэгэнд давуу байдал олгохгүйгээр, мэргэжил, боловсрол, ажилласан жил, нас, хүйсээр нь ялгаварлахгүйгээр бүгдэд нь тэгш боломж олгох зорилгоор шударга ёсны зарчмыг баримтлан, нийт 56 явуулын тасалбарын няравуудын дунд шалгалт авах замаар сонгон шалгаруулалт явуулахаар шийдвэрлэсэн. Энэхүү маягт итгэмжлэлийн хамт хүчин төгөлдөр байна. Үүний дагуу ажилтнуудаас мэргэжил, ур чадварын шалгалт авах удирдамжийг боловсруулж батлан, шалгалтад 65 хувиас доош оноо авсан тохиолдолд тэнцээгүйд тооцохоор заасан бөгөөд шалгалтын удирдамжийг батлах болон шалгалт авах комиссын бүрэлдэхүүнд Үйлдвэрчний эвлэлийн төлөөлөл оролцсон байдаг. Батлагдсан шалгалтын удирдамжийн дагуу 2018 оны 1 дүгээр сарын 22, 23, 24-ний өдрүүдэд 7 хүний бүрэлдэхүүнтэй шалгалтын комисс эхний шалгалтыг авсан бөгөөд нэхэмжлэгч Ц.Отгонцэцэг нь 61,7 хувь хангалтгүй, 2 дах шалгалтыг 61,7 хувь хангалтгүй, 3 дахь шалгалтыг 50, хувь хангалтгүй өгч, мэргэжил, ур чадварын хувьд тэнцээгүй буюу 3 удаа шалгалтандаа унасан тул 2018 оны 3 дугаар сарын 1-ний өдрийн 59 дугаартай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх заалтыг үндэслэн орон тоо цөөрсөн үндэслэлээр Ц.Отгонцэцэгийн хөдөлмөрийн гэрээг цуцалж, 2 сарын дундаж цалинтай тэнцэх тэтгэмжийг олгосон байсан. Энэхүү тушаалтай холбоотойгоор нэхэмжлэгч Ц.Отгонцэцэгээс Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд холбогдох баримтуудыг судлахад орон тоог цөөрүүлсэн талаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д зааснаар ажилтнуудад урьдчилан мэдэгдсэн хэдий ч тухайлан Ц.Отгонцэцэгт хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай бичгэн хэлбэрээр мэдэгдэх, мэдэгдэлд гарын үсэг зуруулж, баталгаажуулах ажиллагааг хийх зорилгоор 2018 оны 3 дугаар сарын 1-ний өдрийн 59 тоот тушаалыг хүчингүй болгосон. Тасалбар худалдаалах төвийн явуулын тасалбарын няравын орон тоог цөөрүүлсэн болох нь Замын даргын 2018 оны 2 дугаар сарын 7-ны өдрийн А-45 тоот Орон тоо батлах тухай тушаал, түүний дагуу батлагдсан Тасалбар худалдаалах төвийн 2018 оны орон тоо, хурлын тэмдэглэл зэрэг баримтуудаар тогтоогдоно. Орон тоо цөөрүүлсэнтэй холбоотойгоор явуулсан сонгон шалгаруулалтад тэнцээгүй тул Ц.Отгонцэцэгт Хөдөлмөрийн тухай хуулийн 40.5-д заасны дагуу 2018 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай мэдэгдэл гардуулсан. Тасалбар худалдаалах төвийн даргын 2018 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 97 дугаартай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 42.1, 43.1, Хамтын гэрээний 3.14 дэх заалтуудыг удирдлага болгон орон тоог цөөрүүлсэн үндэслэлээр Ц.Отгонцэцэгийн хөдөлмөрийн гэрээг цуцалж, 2 сарын дундаж цалинтай тэнцэх тэтгэмж олгосон. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ц.Отгонцэцэгийг Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын Тасалбар худалдаалах төвийн явуулын тасалбарын нярвын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 2,607,324 төгрөгийг хариуцагч Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замаас гаргуулж нэхэмжлэгчид олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч Ц.Отгонцэцэгийн ажилгүй байсан хугацаанд Нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замд даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ц.Отгонцэцэг нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замаас улсын тэмдэгтийн хураамжид 55,360 төгрөг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэсэн байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Энхсүх давж заалдах гомдолдоо:

... Анхан шатны шүүх зохигчдын урьд маргаж байсан маргааны үйл баримт, тайлбараар дүгнэж, нэхэмжлэгчийн сонгон шалгаруулалтад тэнцээгүй байдал, хариуцагч талын орон тоо цөөрүүлэх шалтгаан, шударга бөгөөд хууль ёсны дагуу сонгон шалгаруулалт явуулж нэхэмжлэгчийн ажлаас чөлөөлсөн тухай хариуцагч талын тайлбар, нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор үнэлэлгүйгээр шийдвэр гаргасан нь үндэслэлгүй. Хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хүлээн зөвшөөрсөн тухай тайлбар шүүгчийн захирамжид байхгүй байхад шүүх бүхэлд нь зөвшөөрсөн мэтээр дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2 дахь заалтыг зөрчсөн. Мөн шүүх нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлсий тооцохдоо Нийгэм хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалын 7а-д заасныг зөрчин сүүлийн 6 сарын цалингийн дунджаар тооцоолсон нь алдаатай байна. Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ орон тоо цөөрүүлсэн, сонгон шалгаруулалт явуулсан нь үндэслэлгүй гэж байгаа боловч үүнийгээ нотлоогүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-д заасныг зөрчсөн. Ц.Отгонцэцэг хэрэв сонгон шалгаруулалтыг хууль бус гэж үзсэн бол анхнаасаа шалгалтанд орохгүй, энэ талаар гомдол гаргах эрх нээлттэй байсан. Гэтэл тэрээр сонгон шалгаруулалтанд 3 удаа орсон байгаагаас үзэхэд уг шалгаруулалтыг хүлээн зөвшөөрсөн болох нь харагдаж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч Ц.Отгонцэцэг нь хариуцагч Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замд холбогдуулан явуулын тасалбарын няравын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх нөхөн олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч байгууллага эс зөвшөөрөн маргажээ.

Нэхэмжлэгч Ц.Отгонцэцэг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...ажил олгогч өмнө ажлаас халсан үндэслэлээрээ дахин халсан гэж тайлбарласан байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд ажил олгогч Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр зам нийгэмлэг 2018 оны 3 дугаар сарын 1-ний өдөр 59 дүгээр тушаалаар ажилтан Ц.Отгонцэцэгийг орон тоо цөөрүүлсэн гэсэн Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан үндэслэлээр ажлаас халсан байх бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч байгууллага нэхэмжлэгчийг ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч анхан шатны шүүх 2018 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 102/ШШ2018/01197 тоот шүүгчийн захирамжаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон байна. /хх-ийн 5 тал/

Ажил олгогч Улаанбаатар төмөр замын тасалбар худалдаалах төвийн даргын 2018 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 97 тоот тушаалаар мөн орон тоог цөөрүүлсэн гэх үндэслэлээр Ц.Отгонцэцэгийг явуулын тасалбарын няравын албан тушаалаас чөлөөлж, уг тушаалдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 42 дугаар зүйлийн 42.1, 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэжээ. /хх-ийн 3 тал/

Анхан шатны шүүх хариуцагч Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын даргын 2018 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 98 тоот тушаалаар нэхэмжлэгчийг өмнө халсан үндэслэлээр дахин халсан байх бөгөөд уг үндэслэл, үйл баримтын талаар хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэртэй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт заасны дагуу тогтоогдсон үйл баримтыг дахин нотлохгүй гэж дүгнэснийг буруутгах боломжгүй юм.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Шүүх Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 7А-д зааснаар ...дундаж цалин хөлсийг нэхэмжлэгчийн сүүлчийн 3 сарын дундаж цалин хөлсөөр тооцож ажилгүй байсан хугацаанд бодож нийт 2 607 324 төгрөг хариуцагч байгууллагаас гаргуулж шийдвэрлэсэн нь зөв болжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 102/ШШ2018/02607 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 55 360 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурьдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.ОЮУНХАНД

ШҮҮГЧИД Т.ТУЯА

Ц.ИЧИНХОРЛОО