Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 08 сарын 16 өдөр

Дугаар 02607

 

 

 

 

 

 

 

 

 

2018 оны 08 сарын 16 өдөр

Дугаар 102/ШШ2018/02607

Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

           

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

           

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 8 дугаар хороо, зүүн тасган 8 дугаар гудамж 131А тоотод оршин суух, Бэсүүд ургийн овогтой Ц.О-ийн нэхэмжлэлтэй,

            Хариуцагч: Баянгол дүүрэг, 3 дугаар хороо, Сөүлийн гудамж 42, Улаанбаатар төмөр замын удирдах газар өөрийн байранд байрлах, УБТЗ-д холбогдох,

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, Эрүүл мэндийн болон Нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.О-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б, Х.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Золбаяр нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ц.Ошүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Ц.Отгонжаргал 2006 онд Вокзалд 00-ийн мөнгө хураагчаар ажилд орж, 2008 онд Явуулын тасалбарын нярваар ажилласан. Ажиллах хугацаандаа хөдөлмөрийн сахилгын зөрчилгүй ажиллаж, хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ үнэнчээр сахин биелүүлж ирсэн. 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдөр миний хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Би надтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан болон орон тоо цөөрүүлсэн үйлдлийг хүлээн зөвшөөрөхгүй. Миний болоод бусдын хууль ёсны эрх ашгийг хохироосон гэж үзэж Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасныг хариуцагч зөвшөөрч, шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж шийдвэрлэсэн. Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 сарын 16-ны өдрийн захирамжаар намайг үргэлжлүүлэн ажиллуулах захирамжийг баталсан. Харин УБТЗ-ын Хуулийн албаны орлогч дарга намайг 2018 оны 04 сарын 17-ны өдөр дуудан хөдөлмөрийн гэрээг цуцлах мэдэгдэл өгсөн. Намайг бүтцийн өөрчлөлтийн улмаас хөдөлмөрийн гэрээг цуцлах талаар шийдвэрийг гаргаж, энэ үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлахгүй талаар шүүхэд хариуцагч УБТЗ ХНН тайлбараа хүргүүлж байсан. Гэтэл урьд миний хөдөлмөрийн гэрээг цуцалсан үндэслэлээрээ дахин цуцалсныг үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд миний хууль ёсны ашиг сонирхлыг хохироож, амьжиргааны эх үүсвэр болсон ажлаас минь халж байгааг эс хүлээн зөвшөөрч энэхүү нэхэмжлэлийг гаргалаа. Иймд ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх шаардлага гаргаж байна гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхтөгс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Ц.О-ийнхөдөлмөрийн гэрээг цуцалсан. Ажлын байрны орон тоо цөөрсөн гэх үндэслэлээр ажлаас нь чөлөөлсөн бөгөөд 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдөр Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан.  Нэхэмжлэлийн шаардлагад хөдөлмөрийн гэрээг цуцлахаар бодит үндэслэл байхгүй, хуульд заасан журмыг зөрчсөн байна. Ажил олгогч нь хөдөлмөрийн гэрээг цуцлахаас 30 хоногийн өмнө мэдэгдэх ёстой боловч мэдэгдлийг гардуулаагүй. Хариуцагч байгууллагын зүгээс Ц.О-ийн2018 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр хөдөлмөрийн гэрээг цуцалж, 2018 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 59 дүгээр тушаалыг хүчингүй болгон, хөдөлмөрийн гэрээний дагуу ажилд буцаан авч ажилуулалхаар харилцан тохиролцож ажилд эгүүлэн томилсон. 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр Ц.Озахирамжаа аваад Улаанбаатар төмөр замын хуулийн хэлтсийн орлогч даргатай уулзахад хөдөлмөрийн гэрээг цуцлах болсон талаар мэдэгдэл өгсөн. 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдрөөр тасалбар болгож цуцална гэж мэдэгдсэн. Хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд албадан гүйцэтгэх ёстой байдаг. Гэтэл ажлаас чөлөөлсөн нь эрх зүйн бодит байдлын зөрүү бий болсон. Ажил олгогч Ц.О-ийгшүүхэд гаргасан нэхэмжлэлээ татан авах юм бол ажилд эгүүлэн томилно гэж хэлсэн. Гэхдээ Ц.Ожил олгогчийн саналыг хүлээн аваагүй. 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдөр хөдөлмөрийн гэрээг цуцалсан талаарх 97 дугаар тушаал гарсан. Энэ тушаалаар өмнө гарсан тушаалын үндэслэлийг заасан байдаг. Төрийн албадлагаар хэрэгжих эрх зүйн акт бол шүүгчийн захирамж, шүүхийн шийдвэр байдаг. Энэ захирамжаар Ц.О-ийнхууль ёсны эрх ашиг баталгаажсан байхад ажил олгогч нэхэмжлэгчийн эрх ашгийг хохироосон үйлдэл болсон. Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2 дахь хэсэгт ”ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон” бол ажилд эгүүлэн тогтоолгох тухай шийдвэр хэвээрээ байгаа. Мөн хуулийн “Ажилтны урьд эрхэлж байсан ажлын байр, албан тушаал нь цомхтгогдсон бол ажил олгогч ажилтантай тохиролцсоны үндсэн дээр адил чанарын өөр ажил, албан тушаалд ажиллуулах үүрэгтэй” гэж зааснаар адил чанарын ажлаар хангуулах эрхтэй байсан. 2018 оны 97 дугаар тушаалтай холбогдуулан Ц.Онэхэмжлэл гаргасан. Хариуцагчийн хариу тайлбарт Ц.О-ийгөмнө нь ажлаас буруу халсан гэдгээ зөвшөөрсөн байдаг. Хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өмнө нь мэдэгдэх хуудсыг олгоогүй, сүүлд мэдэгдэх хуудас олгож нэхэмжлэгчийг ажлаас халсныг үндэслэлтэй гэж тайлбар гаргасан. Энэ нь хүчин төгөлдөр шүүгчийн захирамжийг хэрэгжүүлэхээс үндэслэлгүй татгалзаж байгаа үйлдэл, хуулийн дагуу халаагүй гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа үйл баримт юм. Хавтаст хэргийн 26 дугаар хуудсанд “явуулын тасалбарын нярав 37 орон тооноос 34 болсон, мөн явуулын тасалбарын нярав 19 орон тооноос 19 хэвээр. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаас хархад Ц.Оявуулын тасалбарын нярвын аль хэсэгт нь багтаж байгаа нь тодорхой бус байна. Төрийн албан хэрэг хөтлөлтийн заавар гэж байдаг. Энэ хэм хэмжээг улс даяар дагаж мөрддөг. Тушаал нь 1 буюу түүнээс дээш хавсралттай байж болно ингэхдээ хавсралт тус бүрийг дугаарлаж эхний хуудас дээр баталгаажуулж, байгууллагын тамга тэмдгийг дарна гэж заасан. Гэтэл энэ тушаалын хавсралт мөн эсэх талаар мэдэгдэхгүй эргэлзээтэй баримт байна. Иймд Ц.О-ийгажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 55 дугаар тушаалыг үндэслэн 2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдрөөс 2018 оны 05 дугаар буюу ажилласан 14 хоног буюу 112 цагийн ажилласан хөлс 815,642 төгрөг, /нэг өдрийн 58,260 төгрөг/ мөн ажлын 61 хоног ажилгүй байсан хөлс 3,553,868 төгрөгийг гаргуулж, 2018 оны 05 дугаар сарын 17-ны өдрөөс хойших эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Болороо, Х.Энхсүх нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: УБТЗ-ын Тасалбар худалдаалах төв нь “УБТЗ” ХНН-ийн салбар нэгж бөгөөд орон тоо, цалингийн сангийн хэмжээг “УБТЗ” ХНН-ийн даргаар батлуулан мөрдөж ажилладаг. “УБТЗ” ХНН-ийн даргын 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн А-45 дугаартай “Орон тоо батлах тухай” тушаалын хоёрдугаар хавсралтаар салбар нэгжүүдийн 2018 оны тоог баталсан бөгөөд Тасалбар худалдаалах төвийг нийт 98 орон тоотой, үүнээс явуулын тасалбарын нярвын орон тоо 56 байсныг 53 болгож, явуулын тасалбарын нярвын орон тоог цөөрүүлж баталсан. 2018 оны батлагдсан орон тоогоор явуулын тасалбарын нярвын орон тоог 3 орон тоогоор цөөрүүлсэнтэй холбогдуулан 2018 оны 01 дүгээр сарын 03-ний өдөр Тасалбар худалдаалах төвийн удирдлагууд явуулын тасалбарын нярвуудыг оролцуулан хурал хийж, орон тоо цөөрүүлсэн тухай мэдээлэл болон мэдэгдлийг танилцуулсан. 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр УБТЗ-ын Зорчигч тээврийн албаны удирдлагууд өөрийн харьяа байгууллага болох Тасалбар худалдаалах төв дээр тус төвийн удирдлага болон явуулын тасалбарын нярвуудыг байлцуулан хурал хийж, орон тоо цөөрүүлсэн шалтгаан, үндэслэлийг танилцуулж, мэргэжил, ур чадварын шалгалт авах замаар сонгон шалгаруулалт явуулах болсон тухай мэдэгдсэн. Шалгалт авах замаар сонгон шалгаруулах нь хэн нэгэнд давуу байдал олгохгүйгээр, мэргэжил, боловсрол, ажилласан жил, нас, хүйсээр нь ялгаварлахгүйгээр бүгдэд нь тэгш боломж олгох зорилгоор шударга ёсны зарчмыг баримтлан, нийт 56 явуулын тасалбарын нярвуудын дунд шалгалт авах замаар сонгон шалгаруулалт явуулахаар шийдвэрлэсэн. Энэхүү маягт итгэмжлэлийн хамт хүчин төгөлдөр байна. Үүний дагуу ажилтнуудаас мэргэжил, ур чадварын шалгалт авах удирдамжийг боловсруулж батлан, шалгалтад 65 хувиас доош оноо авсан тохиолдолд тэнцээгүйд тооцохоор заасан бөгөөд шалгалтын удирдамжийг батлах болон шалгалт авах комиссын бүрэлдэхүүнд Үйлдвэрчний эвлэлийн төлөөлөл оролцсон байдаг. Батлагдсан шалгалтын удирдамжийн дагуу 2018 оны 01 дүгээр сарын 22, 23, 24-ний өдрүүдэд 7 хүний бүрэлдэхүүнтэй шалгалтын комисс эхний шалгалтыг авсан бөгөөд нэхэмжлэгч Ц.Онь 61,7 хувь хангалтгүй, 2 дах шалгалтыг 61,7 хувь  хангалтгүй, 3 дахь шалгалтыг 50,0 хувь хангалтгүй өгч, мэргэжил, ур чадварын хувьд тэнцээгүй буюу 3 удаа шалгалтандаа унасан тул 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 59 дугаартай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх заалтыг үндэслэн орон тоо цөөрсөн үндэслэлээр Ц.О-ийнхөдөлмөрийн гэрээг цуцалж, 2 сарын дундаж цалинтай тэнцэх тэтгэмжийг олгосон байсан.

 

Энэхүү тушаалтай холбоотойгоор нэхэмжлэгч Ц.О-ээсБаянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд холбогдох баримтуудыг судлахад орон тоог цөөрүүлсэн талаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д зааснаар ажилтнуудад урьдчилан мэдэгдсэн хэдий ч тухайлан Ц.О-тхөдөлмөрийн гэрээ цуцлах тухай бичгэн хэлбэрээр мэдэгдэх, мэдэгдэлд гарын үсэг зуруулж, баталгаажуулах ажиллагааг хийх зорилгоор 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 59 тоот тушаалыг хүчингүй болгосон. Тасалбар худалдаалах төвийн явуулын тасалбарын нярвын орон тоог цөөрүүлсэн болох нь Замын даргын 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн А-45 тоот “Орон тоо батлах тухай” тушаал, түүний дагуу батлагдсан Тасалбар худалдаалах төвийн 2018 оны орон тоо, хурлын тэмдэглэл зэрэг баримтуудаар тогтоогдоно. Орон тоо цөөрүүлсэнтэй холбоотойгоор явуулсан сонгон шалгаруулалтад тэнцээгүй тул Ц.О-тХөдөлмөрийн тухай хуулийн 40.5-д заасны дагуу 2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай мэдэгдэл гардуулсан. Тасалбар худалдаалах төвийн даргын 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 97 дугаартай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 42.1, 43.1, Хамтын гэрээний 3.14 дэх заалтуудыг удирдлага болгон орон тоог цөөрүүлсэн үндэслэлээр Ц.О-ийнхөдөлмөрийн гэрээг цуцалж, 2 сарын дундаж цалинтай тэнцэх тэтгэмж олгосон. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ц.Онь Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замд холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, Эрүүл мэндийн болон Нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыгг хангах үндэслэлтэй байна гэж үзэв.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ“...шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр ажилд эгүүлсэн тогтоогдсон байхад өмнө нь хөдөлмөрийн гэрээ цуцалсан үндэслэлээр дахин ажлаас халсан нь үндэслэлгүй” гэж, хариуцагч нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй байгаа татгалзалдаа “...Ц.О-ийгорон тоо цөөрүүлсэнтэй холбогдуулан явуулсан техникийн мэдлэгийн түвшин тогтоох шалгалтад 3 удаа хангалтгүй дүн үзүүлсэн тул хөдөлмөрийн гэрээг цуцлахаар болсон. Гэвч орон тоо цөөрүүлж хөдөлмөрийн гэрээ цуцлахдаа ажилтанд 30 хоногийн өмнө мэдэгдэл өгөөгүй байсан учир энэ талаар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн. Үүний дараа нэхэмжлэгчид хуульд заасны дагуу 30 хоногийн өмнө мэдэгдэл өгсөн тул тушаал хуулийн дагуу гарсан” гэж тайлбарлажээ.

 

Улаанбаатар төмөр замын Тасалбар худалдаалах төвийн даргын 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 97 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-т заасан орон тоо цөөрүүлсэн гэх үндэслэлээр тус төвийн явуулын тасалбарын нярав Ц.Отгонцэцэгтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан байна. /хх-ийн 3 дугаар тал/

 

Хэрэгт авагдсан нотлох баримт, зохигчдын тайлбараас үзвэл Улаанбаатар төмөр замын Тасалбар худалдаалах төвийн даргын 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 59 дүгээр тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-т заасан орон тоо цөөрүүлсэнтэй холбогдуулан явуулсан техникийн мэдлэгийн түвшин тогтоох шалгалтад 3 удаа хангалтгүй дүн үзүүлсэн гэх үндэслэлээр тус төвийн явуулын тасалбарын нярав Ц.Отгонцэцэгтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан. /хх-ийн 52 дугаар тал/ Уг тушаалыг нэхэмжлэгч эс зөвшөөрч тус шүүхэд нэхэмжлэл гаргасан байх бөгөөд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн тул Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 102/ШШ2018/01197 дугаар захирамжаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ. /хх-ийн 5-6 дугаар тал/

 

Дээрхээс дүгнэвэл хариуцагч нь хөдөлмөрийн гэрээ цуцалсныг эс зөвшөөрч шүүхэд ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, Эрүүл мэндийн болон Нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч зөвшөөрч, шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүхийн шийдвэртэй байна.

 

Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т заасны дагуу тогтоогдсон үйл баримтыг дахин нотлохгүй. Өөрөөр хэлбэл орон тоо цөөрүүлсэнтэй холбоотой зохигч талуудын маргааны үйл баримтын талаар нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож  шийдвэрлэсэн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэртэй байх тул энэ үйл баримттай холбоотой маргааны гэм буруугийн талаар шүүх дахин дүгнэлт хийхгүй. 

 

Иймд маргааны үндэслэл болсон үйл баримтын талаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэртэй байхад хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь үндэслэлгүй байх тул нэхэмжлэгч Ц.О-ийгМонгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын Тасалбар худалдаалах төвийн явуулын тасалбарын нярвын ажилд эгүүлэн тогтоохоор шийдвэрлэв.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг ажил олгогч олгох үүрэгтэй.

 

Нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалинг 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэл /Цалингийн карт дээрх сүүлийн 6 сарын цалингийн бичилтээс нэг сарын дундаж цалинг тооцож 918,975 төгрөг, үүнээс нэг хоногт ногдох цалин цалинг тооцож 42,743 төгрөг, ажилгүй байсан 61 хоног = 2,607,324 төгрөг/ 2,607,324 төгрөгийг хариуцагчаас гаргуулах нь зүйтэй.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д “ажил олгогч болон хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа ажилтан нь хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд заавал даатгуулж, хуульд заасан хувь хэмжээгээр сар бүр нийгмийн даатгалын шимтгэл төлөх үүрэгтэй”, 46.2-т “ ажил олгогч нь хөдөлмөрийн гэрээ байгуулсан өдрөөс эхлэн ажилтанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр нээж, түүнд зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэгтэй” гэж тус тус заасан байх тул нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгав.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасны дагуу нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн, хариуцагч нь  нэхэмжлэлийн шаардлага хангагдсан хэмжээгээр улсын тэмдэгтийн хураамж төлнө. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ц.О-ийгМонгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын Тасалбар худалдаалах төвийн явуулын тасалбарын нярвын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 2,607,324 төгрөгийг хариуцагч УБТЗ-аас гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

2.Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч Ц.О-ийнажилгүй байсан хугацаанд Нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч УБТЗ-д даалгасугай.

 

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ц.Онь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч УБТЗ-аас улсын тэмдэгтийн хураамжид 55,360 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Б.АЗБАЯР