Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 10 сарын 12 өдөр

Дугаар 210/МА2018/02129

 

 

 

 

 

2018 оны 10 сарын 12 өдөр

Дугаар 210/МА2018/02129

 

 

Чингис-Эко тур ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Т.Туяа, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 101/ШШ2018/02710 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч Чингис-Эко тур ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Металл энд вүүд ХХК-д холбогдох

Орон сууц хөлслөх гэрээний үүргийн гүйцэтгэлд 14 636 250 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Э.Банзрагч

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ч.Мөнх-Ачит

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: А.Золзаяа нар оролцов.

 

Нэхэмжлэгч Чингис-Эко тур ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Банзрагч шүүхэд гаргасан нэхэмжлэл шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 

 

Чингис-Эко Тур ХХК нь Металл Энд Вүүд ХХК-тай 2016 оны 5 дугаар сарын 27-ны өдөр орон сууц хөлслөх гэрээ байгуулсан ба Металл Энд Вүүд ХХК-ийн хүсэлтийн дагуу гэрээнд 4 удаа нэмэлт өөрчлөлт оруулж, гэрээний хугацааг сунгасан байдаг. Талуудын хооронд байгуулсан дээрх гэрээ нь 2017 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр дуусгавар болсон бөгөөд хариуцагч тал нь гэрээ дуусгавар болоход нийт 15 537 500 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй байсан. Гэрээ дуусгавар болсноос хойш нэхэмжлэгч тал нь хариуцагч талыг үлдэгдэл төлбөрөө төлөхийг удаа дараа шаардаж, хэд хэдэн удаа төлбөр төлөх хугацааг харилцан тохиролцож байсан ч хариуцагч тал нь гэрээний үүргээ өнөөг хүртэл зохих ёсоор биелүүлээгүй байгаа юм. Иймд дээрх дурдсан гэрээний үлдэгдэл төлбөр болон тус гэрээний тусгай нөхцөлийн 14 дэх хэсэгт заасны дагуу үлдэгдэл төлбөрт тооцох алдангийг хариуцагч талаар төлүүлэх шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан. Анх хариуцагчаас гэрээний дагуу үлдэгдэл төлбөр 15 537 500 төгрөг, алданги 7 768 750 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Хариуцагчийн гэрээний дагуу төлсөн барьцаа төлбөр 5 780 000 төгрөгийг хасч нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар багасгаж байна. Гэрээний дагуу үлдэгдэл төлбөр 9 757 500 төгрөг, алданги 4 878 750 төгрөг, нийт 14 636 250 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Металл энд вүүд ХХК-ний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Мөнх-Ачит нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Хариуцагч компани нь Чингис-Эко тур ХХК-тай 2016 оны 5 дугаар сарын 27-ны өдөр орон сууц хөлслөх гэрээ байгуулж, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо 4 дүгээр хэсэг Зайсангийн ам, Бэлла Виста таун, 400 дүгээр байрны 1072 тоот орон сууцыг түрээсэлсэн. Манай компани нь нийт 79 030 000 төгрөгийг түрээсийн төлбөрт төлсөн бөгөөд нэхэмжлэгч компани нь нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан олголт болох 10 хувь буюу 7 903 000 төгрөгийг манай кампанид буцааж олгоогүй. Түүнчлэн орон сууц хөлслөх гэрээний 3 дугаар зүйлийн 3.3-д хөлслөгч нь гэрээний тусгай нөхцөлд заасан барьцаа төлбөрийг талууд энэхүү гэрээнд гарын үсэг зурж баталгаажуулсан өдрөөс хойш ажлын 3 хоногийн дотор хөлслүүлэгчийн нэхэмжлэлд заасан дансанд байршуулна гэж заасны дагуу манай компани барьцаа төлбөр 5 780 000 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн. Талуудын хооронд байгуулсан дээрх гэрээ нь 2017 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр дуусгавар болсон бөгөөд орон сууц хөлслөх гэрээний 4 дүгээр зүйлийн 4.2-д "Хөлслүүлэгч нь барьцаа төлбөрийг гэрээ дуусгавар болсноос хойш хуанлийн 30 хоногийн дотор, хөлслөгч орон сууцыг чөлөөлсний дараагаар аливаа суутгалыг хасч буцаан өгнө гэж заасан. Гэтэл нэхэмжлэгч нь барьцаа төлбөр 5 780 000 төгрөгийг өнөөдрийн байдлаар манай компанид буцааж олгоогүй юм. Ийм учраас нэхэмжлэгч компанийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1, 232 дугаар зүйлийн 232.4-т зааснаар хариуцагч Металл энд вүүд ХХК-аас орон сууц хөлслөх гэрээний үүрэгт нийт 14 636 250 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Чингис-Эко тур ХХК-д олгож,  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 59 дүгээр зүйлийн 59.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 274 481.25 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 231 131.20 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Мөнх-Ачит давж заалдах гомдолдоо:

... Анхан шатны шүүх алдангид 4 878 750 төгрөг нэхэмжилсэн нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасантай нийцсэн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй юм. Учир нь гэрээний 3.1.1-д хөлслүүлэгчээс нэхэмжлэл хүлээн авсан өдрөөс хойш ажлын 3 хоногийн дотор нэхэмжлэлд заасан дансанд шилжүүлнэ гэж заасан бөгөөд хэрэгт төлбөрийн нэхэмжлэх ирүүлж байсан талаарх баримт авагдаагүй. Үндсэн төлбөрийг хэзээ төлөх нь тодорхойгүй байхад алдангийг гэрээ дууссанаас хойш бодох боломжгүй, алданги төлөх хугацааг тус бүрээр нь тооцож байгаа нь буруу юм. Анхан шатны шүүх ...өөрийн өмчлөлийн эд хөрөнгийг бусдад хөлслүүлсэн нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.9 хамаарахгүй гэж дүгнэсэн. Гэтэл тухайн орон сууцыг иргэн иргэндээ хөлслүүлээгүй хуулийн этгээд, хуулийн этгээддээ хөлслүүлсэн байна. Хуулийн этгээд өөрийн өмчлөлийн эд хөрөнгийг бусдад түрээслүүлж ашиг олж байгаа бол үйл ажиллагааны чиглэлээ тодорхойлох хэрэгтэй. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.9-д заасны дагуу хуулийн этгээд үйл ажиллагааныхаа үндсэн зорилгыг зөрчиж хийсэн хэлцэл нь хүчин төгөлдөр бус байна гэж заасны дагуу хүчин төгөлдөр бус байх боломжтой. Хүчин төгөлдөр бус хэлцэлд алданги төлөх боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, алданги 4 878 750 төгрөгийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байна.

Нэхэмжлэгч Чингис-Эко тур ХХК нь хариуцагч Металл энд вүүд ХХК-д холбогдуулан орон сууц хөлслөх гэрээний үүрэгт 9 757 500 төгрөг, алданги 4 878 750 төгрөг, нийт 14 636 250 төгрөг нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч ... орон сууц хөлслөх гэрээ хүчин төгөлдөр бус, сүүлийн хоёр сар орон сууцыг ашиглаагүй гэж маргажээ.

Зохигчид 2016 оны 5 дугаар сарын 27-ны өдөр орон сууц хөлслөх гэрээ байгуулж, уг гэрээгээр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, 4 дүгээр хэсэг, Зайсангийн ам, Белла Виста таун, 400 дугаар байрны 1072 тоотод байрлах 157 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууцыг 3 сарын хугацаатай 5 780 000 төгрөгөөр хөлслөхөөр тохиролцсон байна. Гэрээний хугацааг 2016 оны 8 дугаар сарын 28-ны өдрөөс 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдөр, 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрөөс 2017 оны 2 дугаар сарын 27-ны өдөр, 2017 оны 2 дугаар сарын 28-ны өдрөөс 2017 оны 5 дугаар сарын 27-ны өдөр, 2017 оны 5 дугаар сарын 28-ны өдрөөс 2017 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийг тус тус дуустал нийт 4 удаа сунгасан байна. /хх-ийн 6-18 тал/

Талууд Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-т зааснаар хүсэл зоригоо илэрхийлж, бичгийн баримт үйлдэж, гарын үсгээ зурсан тул нэхэмжлэгч Чингис-Эко тур ХХК нь хариуцагч Металл энд вүүд ХХК-ийн хооронд анхан шатны шүүх талуудын хооронд орон сууц хөлслөх гэрээний харилцаа үүссэн гэж үзсэн нь Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.

Иймд талууд Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар гэрээний үүргээ гүйцэтгэхийг харилцан шаардах эрхтэй.

Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1 дэх хэсэгт зааснаар орон сууц хөлслөх гэрээгээр хөлслүүлэгч нь сууцны зориулалттай байшин, сууц, орон сууцны өрөөг хөлслөгчийн эзэмшилд шилжүүлэх, хөлслөгч нь хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээдэг бөгөөд хариуцагч Металл энд вүүд ХХК нь орон сууц хөлсөлсөн төлбөрөө бүрэн төлсөн гэх баримтыг шүүхэд ирүүлээгүй, уг байдал нь хэргийн баримтаар тогтоогдоогүй болно.

Гэрээний 3.4-т Хөлслөгч нь энэхүү гэрээнд заасан төлбөрүүдийг гэрээгээр тогтоосон хугацаанд төлөөгүй тохиолдолд гэрээний тусгай нөхцөлд заасан хувиар хугацаа хэтрүүлсэн хоног тутамд алданги төлнө. Алдангийн нийт хэмжээ нь гүйцэтгээгүй үүргийн дүнгийн 50 хувиас хэтрэхгүй байна гэж заасан бөгөөд анхан шатны шүүх талуудын тохиролцоог үндэслэн хариуцагч байгууллагаас гэрээний үүргээ биелүүлээгүй хариуцлага болох алдангид 4 878 750 төгрөг гаргуулах үндэслэлтэй гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт нийцсэн байна.

Хариуцагч байгууллага талуудын байгуулсан гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.9-т зааснаар хуулийн этгээд үйл ажиллагааныхаа үндсэн зорилгыг зөрчиж хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл гэж тайлбарлаж байгаа боловч уг үндэслэлээр хүчин төгөлдөр бус гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй. Иргэний хуулийн 26 дугаар зүйлийн 26.7 дахь хэсэгт зааснаар ашгийн төлөө хуулийн этгээд нь хуулиар хориглоогүй, нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшлаагүй аливаа үйл ажиллагаа эрхлэх эрхтэй. Иймд тус компанийн улсын бүртгэлийн гэрчилгээнд Чингис-Эко тур ХХК-ийн үндсэн үйл ажиллагааг аялал жуулчлал, гадаад худалдаа, худалдааны зуучлалаар тодорхойлсон байгаа боловч хуулийн этгээдийн хувьд өөр хуулиар хориглоогүй нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшлаагүй аливаа үйл ажиллагаа эрхлэх эрхтэй. Талуудын хоорондын гэрээнд заасан хэлцэл хийхийг хориглосон хуулийн этгээдийн нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээ байхгүй болно.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангалгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 101/ШШ2018/02710 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагч Металл энд вүүд ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 93 010 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

ШҮҮГЧИД Т.ТУЯА

Ц.ИЧИНХОРЛОО