Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 03 сарын 07 өдөр

Дугаар 001/ХТ2019/00308

 

Ч Э Т ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 101/ШШ2018/02710 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 2129 дугаар магадлалтай,

Ч Э Т ХХК-ийн нэхэмжлэлтэй

М Э В ХХК-д холбогдох, 

 Орон сууц хөлслөх гэрээний үүрэгт 14.636.250 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.М, нарийн бичгийн дарга Б.Уранзаяа нар оролцов.

Нэхэмжлэгч Ч Э Т ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд: ...М Э В ХХК-тай 2016 оны 5 дугаар сарын 27-ны өдөр орон сууц хөлслөх гэрээ байгуулсан бөгөөд хариуцагчийн хүсэлтийн дагуу гэрээнд 4 удаа нэмэлт өөрчлөлт оруулж, гэрээний хугацааг сунгасан. Талуудын хооронд байгуулсан дээрх гэрээ нь 2017 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр дуусгавар болсон бөгөөд хариуцагч тал нь гэрээ дуусгавар болоход нийт 15.537.500 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй байсан. Гэрээ дуусгавар болсноос хойш хариуцагч талыг үлдэгдэл төлбөрөө төлөхийг удаа дараа шаардаж, хэд хэдэн удаа төлбөр төлөх хугацааг харилцан тохиролцож байсан ч хариуцагч нь гэрээний үүргээ өнөөг хүртэл зохих ёсоор биелүүлээгүй байна. Иймд дээр дурдсан гэрээний үлдэгдэл төлбөр болон тус гэрээний тусгай нөхцөлийн 14 дэх хэсэгт заасны дагуу үлдэгдэл төлбөрт тооцох алдангийг хариуцагч талаар төлүүлэх шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан. Анх хариуцагчаас гэрээний дагуу үлдэгдэл төлбөр 15.537.500 төгрөг, алданги 7.768.750 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Хариуцагчийн гэрээний дагуу төлсөн барьцаа төлбөр 5.780.000 төгрөгийг хасч нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж байна. Үүнд гэрээний дагуу үлдэгдэл төлбөр 9.757.500 төгрөг, алданги 4.878.750 төгрөг, нийт 14.636.250 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч М Э В ХХК-ний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан тайлбарт: ...Ч Э Т ХХК-тай 2016 оны 5 дугаар сарын 27-ны өдөр орон сууц хөлслөх гэрээ байгуулж, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо 4 дүгээр хэсэг Зайсангийн ам, Бэлла Виста таун, 400 дүгээр байрны 1072 тоот орон сууцыг түрээсэлсэн. Манай компани нь нийт 79.030.000 төгрөгийг түрээсийн төлбөрт төлсөн бөгөөд нэхэмжлэгч компани нь нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан олголт болох 10 хувь буюу 7.903.000 төгрөгийг манай кампанид буцааж олгоогүй. Түүнчлэн орон сууц хөлслөх гэрээний 3 дугаар зүйлийн 3.3-д хөлслөгч нь гэрээний тусгай нөхцөлд заасан барьцаа төлбөрийг талууд энэхүү гэрээнд гарын үсэг зурж баталгаажуулсан өдрөөс хойш ажлын 3 хоногийн дотор хөлслүүлэгчийн нэхэмжлэлд заасан дансанд байршуулна гэж заасны дагуу манай компани барьцаа төлбөр 5.780.000 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн. Талуудын хооронд байгуулсан дээрх гэрээ нь 2017 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр дуусгавар болсон бөгөөд орон сууц хөлслөх гэрээний 4 дүгээр зүйлийн 4.2-д "Хөлслүүлэгч нь барьцаа төлбөрийг гэрээ дуусгавар болсноос хойш хуанлийн 30 хоногийн дотор, хөлслөгч орон сууцыг чөлөөлсний дараагаар аливаа суутгалыг хасч буцаан өгнө гэж заасан. Гэтэл нэхэмжлэгч нь барьцаа төлбөр 5.780.000 төгрөгийг өнөөдрийн байдлаар манай компанид буцааж олгоогүй юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 101/ШШ2018/02710 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1, 232 дугаар зүйлийн 232.4-т зааснаар хариуцагч М Э В ХХК-аас орон сууц хөлслөх гэрээний үүрэгт нийт 14.636.250 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ч Э Т ХХК-д олгож,  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 59 дүгээр зүйлийн 59.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 274.481.25 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 231.131.20 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 2129 дугаар магадлалаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 101/ШШ2018/02710 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагч М Э В ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 93.010 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.М хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...Давж заалдах шатны шүүх гэрээний 3.4-т "хөлслөгч нь энэхүү гэрээнд заасан төлбөрүүдийг гэрээгээр тогтоосон хугацаанд төлөөгүй тохиолдолд гэрээний тусгай нөхцөлд заасан хувиар хугацаа хэтрүүлсэн хоног тутамд алданги төлнө. Алдангийи нийт хэмжээ нь гүйцэтгээгүй үүргийн 50 хувиас хэтрэхгүй байна” гэж заасан бөгөөд анхан шатны шүүх талуудын тохиролцоог үндэслэн хариуцагч байгууллагаас гэрээний үүргээ биелүүлээгүй хариуцлага болох алдангид 4.878.750 тогрөг гаргуулах үндэслэлтэй гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт нийцсэн байна гэж дүгнэсэнд гомдолтой байна. Учир нь талууд 2016 оны 5 сарын 27-ны өдөр орон сууц хөлслөх гэрээ байгуулсан бөгөөд тус гэрээний 3 дугаар зүйлийн 3.4-т “...гэрээний тусгай нөхцөлд заасан хувиар хугацаа хэтрүүлсэн хоног тутамд алданги төлнө” гэж тохиролцсон бөгөөд гэрээний 14-р хуудсанд “Орон сууц хөлслөх гэрээний тусгай нөхцөл”-ийн 4-д “орон сууц хөлслөх хугацаа 2016.05.28-2016.08.27-ны өдрийг дуустал” 14-т “төлбөрийг хугацаа хоцорсон тохиолдолд төлөх алданги гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5%-тай тэнцүү хэмжээтэй алдангийг хугацаа хэтэрсэн хоног тутамд төлнө” гэж тохиролцсон. Түүнчлэн 2017.02.28-ны өдрөөс 2017.05.27-ны өдрийн орон сууц хөлслөх гэрээний тусгай нөхцөлд алдангийн талаар тохиролцсон. Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүх нь талуудын тохиролцсоноос өөрөөр алдангийн асуудлыг шийдсэн нь үндэслэлгүй байна. Манай компани нь 2016.05.28-2016.08.27 өдөр, 2017.02.28-2017.05.27 өдрийг хүртэлх түрээсийн төлбөрийг нэхэмжлэгчид бүрэн төлсөн. Талуудын хооронд дээрх байдлаар хоёр удаа гэрээний тусгай нөхцөл буюу алдангийн талаар тохиролцсон байхад анхан болон давж заалдах шатны шүүх нь гэрээний тусгай нөхцөлийг гэрээ байгуулагдсан өдрөөс гэрээ дуусах хүртэлх хугацаанд байгуулагдсан гэж дүгнэж алданги 4.878.750 төгрөгийг хариуцагчаас гаргуулж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Мөн гэрээний 3 дугаар зүйлийн 3.1.1-д “Хөлслүүлэгчээс нэхэмжлэл хүлээн авсан өдрөөс хойш ажлын 3 хоногийн дотор нэхэмжлэлд заасан дансанд шилжүүлнэ. Хэрвээ хөлс төлөх өдөр нь долоо хоногийн амралт нийтээр амрах баярын өдөр таарсан тохиолдол тэдгээрийн дараах ажлын өдөрт багтаан шилжүүлсэн байна" гэж заасан. Гэтэл хэрэгт төлбөрийн нэхэмжлэл авагдаагүй байдаг. Өөрөөр хэлбэл үндсэн төлбөрийг хэзээ төлөх нь тогтоогдохгүй байхад алдангийг гэрээ дууссанаас хойш бодож, дүгнэж, шийдвэрлэх боломжгүй юм. Гэрээгээр тохиролцсон алдангийг тооцоход хугацаа хэтэрсэн хоног тутамд алданги тооцох боломжгүй буюу хоног тодорхойгүй юм. Түүнчлэн нэхэмжлэгчийн гаргаж өгсөн алдангийн тооцоолол нь үндсэн төлбөрийг төлөх хугацаа тодорхойгүй байхад алдангийг тус бүрээр нь тооцож байгаа нь буруу юм. Анхан шатны шүүх “Уг орон сууц нь нэхэмжлэгчийн өмчлөлийн эд хөрөнгө байх тул өөрийн өмчлөлийн эд хөрөнгийг бусдад хөлслүүлсэн нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.9-д хамаарахгүй гэж дүгнэснийг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Тухайн орон сууцыг иргэн иргэндээ хөлслүүлээгүй хуулийн этгээд, хуулийн этгээддээ хөлслүүлсэн байдаг. Хэдийгээр тухайн орон сууц нь нэхэмжлэгчийн өмч боловч нэхэмжлэгч компанийн үндсэн үйл ажиллагааны чиглэл нь аялал жуучлал, гадаад худалдаа болон худалдааны зуучлал юм. Дээрх үйл ажиллагааны үндсэн чиглэлд орон сууц хөлсөлж ашиг олох үйл ажиллагаа нь аль ч чиглэлд нь хамаарахгүй байхад анхан болон давж заалдах шатны шүүх дээрх байдлаар дүгнэсэнд гомдолтой байна. Нэхэмжлэгч компани нь өөрийн өмчлөлийн эд хөрөнгөтэй байх нь зөв. Гэхдээ хуулийн этгээд гэдэг хувиараа өөрийн өмчлөлийн эд хөрөнгийг бусдад түрээслүүлж ашиг олж байгаа бол энэ талаарх үндсэн чиглэлтэй байх хэрэгтэй гэж үзэж байна. Энэ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.9-д заасны дагуу хуулийн этгээд үйл ажиллагааныхаа үндсэн зорилгыг зөрчиж хийсэн хэлцэл нь хүчин төгөлдөр бус хэлцэл алданги 4.878.750 төгрөгийг тооцох хууль зүйн үндэслэлгүй. Иймд магадлалыг хүчингүй болгож, шийдвэрт алданги 4.878.750 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлын үндэслэлээр шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, алданги гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлгүй байна.

            Нэхэмжлэгч Ч Э Т ХХК нь М Э В ХХК-д холбогдуулж орон сууцны хөлс, алданги нийт 14.636.250 төгрөг гаргуулах шаардлага гаргасныг хариуцагч  эс зөвшөөрч гэрээ хүчин төгөлдөр бус, гэрээний зүйлийг сүүлийн 2 сар ашиглаагүй гэж маргасан байна.

            Зохигчийн хооронд 2016 оны 5 дугаар сарын 27-ны өдөр орон сууц хөлслөх гэрээ байгуулагдсан, уг гэрээний хүчин төгөлдөр байдалд шүүх Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1-д нийцсэн дүгнэлт хийжээ.

            Гэрээний дагуу хөлслөгч М Э В ХХК нь 2016 оны 5 дугаар сарын 27-ны өдрөөс Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн ам, Белла виста таун 400 дугаар байрны 1072 тоотод байрлах 157 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууцыг 3 сарын хугацаатай, сар 5.780.000 төгрөгөөр хөлслөхөөр тохирсон, нэхэмжлэгч орон сууцыг хариуцагчийн эзэмшил ашиглалтад шилжүүлсэн, гэрээний хугацааг талууд 4 удаа сунгаснаар 2017 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр дуусгавар болсон үйл баримтад зохигч маргаагүй байна.

        Шүүх гэрээний дагуу хариуцагчийн гүйцэтгэвэл зохих үүргийг хэргийн баримтад тулгуурлан тодорхойлж, нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд 9.757.500 төгрөг гаргуулсан нь үндэслэл бүхий байна.

            Гэрээний тусгай нөхцлийн 14-т үүрэг гүйцэтгэгч төлбөрийн хугацаа хэтрүүлсэн тохиолдолд хоног тутам 0.5 хувийн алданги төлөхөөр талууд тохиролцсон тул төлбөрийн дүнгээс хугацаа хэтрүүлсэн 184 хоногоор алданги тооцож гаргуулсан нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг зөрчөөгүй байна.  

       Дурдсан үндэслэлээр алданги гаргуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгуулах  хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж, шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 -д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 101/ШШ2018/02710 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 2129 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагч нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 93.010 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                            Г.АЛТАНЧИМЭГ