Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 10 сарын 02 өдөр

Дугаар 210/ма2020/02075

 

 

 

 

 

2020 оны 10 сарын 02 өдөр

Дугаар 210/МА2020/02075

 

 

 

 

Б.Б- нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа, шүүгч Д.Байгалмаа, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 101/ШШ2020/02352 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Б.Б-, Г.Г-, Х.Б-, Б.А-, Б.О-, Д.Б-, Ч.У-, Э.Б-, Д.Б-, В.М-, Г.А-, Б.М-, Т.Э-, С- ХХК-ийн нэхэмжлэлтэй Н- гүйцэтгэх газарт холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч С- ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ц, , нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Д.Д, Г.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.А, В.Д, гуравдагч этгээд хөгжил ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г, түүний өмгөөлөгч Б.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Эрхэмбаяр нар оролцов.

 

Нэхэмжлэгч Б.Б-, Г.Г-, Х.Б-, Б.А-, Б.О-, Д.Б-, Г.А-, Э.Б-, Ч.У-, Б.М-, В.М-, Си Пи Би ХХК нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тайлбартаа: Бид И- ХХК-тай захиалгын гэрээ байгуулан Баянзүрх дүүргийн 22 дугаар хороонд байрлах Алтан сан цогцолбор хорооллын орон сууцнаас худалдан авч өнөөдрийг хүртэл тухайн орон сууцандаа амьдарч, сар бүр ашиглалтын зардлаа зохих ёсоор төлсөөр ирсэн. Гэрээ хийх үед орон сууцаа бид 1 мк.в 1 450 000-1 700 000 төгрөгөөр тооцон, төлбөрөө төлсөн.

Гэтэл шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар И- ХХК-ийн төлбөрт бидний эзэмшиж байгаа орон сууцыг 2 удаа албадан дуудлага худалдаагаар оруулж 1 метр квадратыг нь 400 000 төгрөгөөр үнэ хямдруулж бусдад борлуулсан тухай 2019 оны 4 сарын 25-ны өдөр мэдсэн. Баянзүрх дүүрэг, 22 дугаар хороо, Алтан сан хорооллын 1 дүгээр блокод 288 айл оршин суухаас одоо 208 айл өрх амьдарч байна. С- ХХК И- ХХК-тай уг хорооллын ус, халаалт, уурын зуухны угсралтын ажлыг гэрээний дагуу хийж гүйцэтгэсэн бөгөөд 3 дугаар блок барилгын 1 дүгээр давхрын А, В, С, загварын 255.3 метр квадрат талбай бүхий орон сууцуудыг ажлын хөлсөндөө авахаар 2017 оны 6 дугаар сарын 26-ны өдөр гэрээ байгуулсан. Өнөөдрийг хүртэл байраа хүлээсээр байна.Тухайн орон сууцыг 1 м.кв 1 650 000 төгрөгөөр тооцон гэрээ хийж хууль ёсны дагуу эзэмших эрхээ нээлгэн зарим орон сууцны төлбөрийг төлж дуусгасан. Дээрх үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой явагдсан анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгож өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгч Д.Б-, Т.Э- нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:Бид И- ХХК-тай орон сууцны захиалгын гэрээ байгуулан Алтан сан хорооллолд амьдарч, сар бүр ашиглалтын зардлаа зохих төлсөөр ирсэн.Гэтэл Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас И- ХХК-ийн төлбөрт бидний өмчлөх эрх үүссэн, эзэмшиж байгаа орон сууцыг 2 удаа албадан дуудлага худалдаагаар оруулж бусдад борлуулсан тухай 2019 оны 4 сарын 25-ны өдөр мэдсэн. Гэрээ хийх үед орон сууцаа бид 1 метр квадратыг нь 1 450 000-1 700 000 төгрөгөөр тооцож төлбөрөө төлсөн. Бидний хууль ёсны дагуу эзэмшиж, ашиглаж орон сууцны үнийг бүрэн төлж дуусгасан. Иймд анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б-Барилгын хөгжил ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г шүүхэд гаргасан тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 сарын 25-ны өдрийн 101/ШШ2018/00003 дугаар шийдвэрээр И- ХХК-иас 16 876 268 000 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн 84 539 290 төгрөгийн хамт гаргуулж Б-Барилгын хөгжил" ХХК-д олгохоор шийдвэрлэснээр 101/ГХ2018/00291 дугаар бүхий шүүхийн гүйцэтгэх хуудсанд заасан шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа. Н- газрын 2019 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн анхны албадан дуудлага худалдаанд төлбөрт хураагдсан Баянзүрх дүүргийн 22 дугаар хороонд байрлах Алтан сан хорооллын 1, 3, 4 дүгээр блок барилгуудад үнийн санал ирээгүй. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.4-т заасны дагуу үнэлгээг 50 хувиар бууруулж 2019 оны 4 сарын 12-ны өдөр 2 дахь албадан дуудлага худалдааг Н- гүйцэтгэх газраас зохион явуулахад 1 блок барилга 11 772 000 000 төгрөг, 3 блок барилга 3 100 000 000 төгрөг, 4 блок барилга 3 120 000 000 төгрөгөөр тус тус худалдан борлогдсон. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад Алтан сан хорооллын 1, 3, 4 блок барилгыг битүүмжлэхэд тухайн орон сууцны өмчлөх эрхтэй холбоотой улсын бүртгэлд бүртгэгдсэн гуравдагч этгээдийн өмчлөх эрхтэй орон сууц байгаагүй бөгөөд тус шүүхийн шүүгчийн 2017 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн 101/ШЗ2017/01091 дугаар захирамжаар И- ХХК-ийн Алтан сан хорооллын 1, 3, 4 дүгээр блок барилгыг битүүмжилж захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн. Гэтэл төлбөр төлөгч И- ХХК-ийн зүгээс дээрх битүүмжилсэн захирамж гарснаас хойш 2018 оны 1 сард орон сууц захиалгын гэрээг нэр бүхий иргэд, хуулийн этгээдтэй байгуулж шүүхийн хүчин төгөлдөр захирамжаар битүүмжилсэн эд хөрөнгийг худалдан борлуулсан нь хууль зөрчсөн үйлдэл.

Иймд Б.Б- нарын нэхэмжлэлтэй Н- гүйцэтгэх газарт холбогдох үл хөдлөх эд хөрөнгийн анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгох тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Н- гүйцэтгэх газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Алтанзул, В.Дэлгэрцэцэг нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 101/ШШ2018/00003 дугаар шийдвэрээр И- ХХК-иас 16 876 268 000 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн 84 539 290 төгрөгийн хамт гаргуулж Б-Барилгын хөгжил ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2018 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн 18260412 тоот тогтоолоор үүсгэж, төлбөр төлөгч хуулийн этгээд шүүхийн шийдвэрт заасан төлбөрийг барагдуулах мэдэгдлийг биелүүлээгүй тул банк дахь харилцах данснаас хасалт хийх тухай тогтоолыг арилжааны банкуудад хүргүүлсэн боловч төлбөр бүрэн барагдаагүй тул төлбөр төлөгчийн өмчлөлийн И- ХХК-ийн Баянзүрх дүүрэг, 22 дугаар хороо, Алтан сан хорооллын орон сууцны зориулалттай, 1, 3, 4 дүгээр блок барилгыг 2018 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 188/11 дугаар тогтоолоор битүүмжилж, 2018 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 188/29 дугаар тогтоолоор хураасан.

Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т заасны дагуу хөндлөнгийн шинжээчийн тогтоосон үнэлгээ 1 дүгээр блок барилгыг 23 489 400 000төгрөг, 3 дугаар блок барилгыг 5 586 100 000 төгрөг, 4 дүгээр блок барилгыг 5 586 100.000 төгрөгөөр тус тус үнэлсэн. 2019 оны 3 дугаар 15-ны өдөр болох анхны албадан дуудлага худалдааг зохион байгуулж, 2019 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр 2 дахь албадан дуудлага худалдаанд оруулахад 1 дүгээр блок барилга нь 11 772 000 000 төгрөгөөр, 3 дугаар блок барилга нь 3 100 000 000 төгрөгөөр, 4 дүгээр блок барилга нь 3 120 000 000 төгрөгөөр тус тус үнэлэгдэж иргэн Д.Энхзаяа хөрөнгийг худалдан авах эрхтэй болсон. Д.Энхзаяа 16 231 920 000 төгрөгийг 2019 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр тус газрын дансанд байршуулсан. 3, 4 дүгээр блокын газар эзэмших эрхийг Гант Анд ХХК-д Нийслэлийн засаг даргын 2020 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн захирамжаар шилжүүлсэн. 1 дүгээр блок барилгад айлууд орсноос гадна шүүхэд маргаантай байгаа учраас ялагчид мөнгийг нь буцаан өгсөн. Нэхэмжлэл гаргасан иргэд шийдвэр гүйцэтгэх ажиллагааны оролцогч биш бөгөөд албадан дуудлага худалдаагаар худалдан борлогдсон хөрөнгийн өмчлөгч биш байх тул тэдгээрт шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаар мэдэгдээгүй. Нэхэмжлэл гаргасан дээрхи иргэд өөрсдөдөө учирсан хохирлоо тэдэнтэй гэрээ байгуулсан И- ХХК-иас гаргуулахаар нэхэмжлэл гаргах эрхтэй.Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг биелүүлэхээр хуульд заасны дагуу явуулж байгаа шийдвэр гүйцэтгэх ажиллагааг гуравдагч этгээдийн нэхэмжлэлээр хүчингүй болгох үндэслэлгүй тул дээрх нэр бүхий иргэдийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай 83 дугаар зүйлийн 83.1, 122 дугаар зүйлийн 122.5-д заасныг баримтлан Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Алтан сан хорооллын 1, 3, 4 дүгээр блок барилгуудтай холбоотой Н- гүйцэтгэх газраас 2019 оны 3 дугаар сарын 15-ны өдөр явуулсан анхны албадан дуудлага худалдааны, мөн 2019 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр явуулсан 2 дах албадан дуудлага худалдааг бүхэлд нь бус нэхэмжлэгч Б.А-ын захиалсан Баянзүрх дүүрэг, 22 дугаар хороо, Алтан сан хороолол, 1 дүгээр блок, 1 дүгээр орц, 15 давхар, С тоотын 45.54 м.кв талбайтай орон сууц, Х.Б- 1 дүгээр блок, 1 дүгээр орц, 14 давхар, С тоотын 45.54 м.кв талбайтай орон сууц, Б.О- 1 дүгээр блок, 2 дугаар орц, 8 давхар, F тоотын 46.14 м.кв талбайтай орон сууц, Б.Б- 1 дүгээр блок, 1 дүгээр орц, 10 давхар, D тоотын 54.74 м.кв талбайтай орон сууц, Г.Г- 1 дүгээр блок, 1 дүгээр орц, 14 давхар, F тоотын 46.14 м.кв талбайтай орон сууц, В.М- 1 дүгээр блок, 1 дүгээр орц, 15 давхар, G тоотын 42.47 м.кв талбайтай орон сууц, Э.Б- 1 дүгээр блок, 1 дүгээр орц, 9 давхар, Е тоотын 54.74 м.кв талбайтай орон сууц, Ч.У- 1 дүгээр блок, 1 дүгээр орц, 9 давхар, D тоотын 54.74 м.кв талбайтай орон сууц, Д. Б- 1 дүгээр орц, 4 давхар, D тоотын 54.74 м.кв талбайтай орон сууц, Д.Б- 1 дүгээр блок, 1 дүгээр орц, 5 давхар, Н тоотын 46.42 м.кв талбайтай орон сууц, Г.А-ын захиалсан 4 дүгээр блок, 1 дүгээр орц, 13 давхар, В тоотын 55.07 м.кв талбайтай орон сууц, Б.М- 4 дүгээр блок, 1 дүгээр орц, 8 давхар, В тоотын 55.07 м.кв талбайтай орон сууц, Т.Э- 4 дүгээр блок, 1 дүгээр орц, 14 давхар, А тоотын 72.27 м.кв талбайтай орон сууц, С- ХХК-ийн ажлын хөлсөнд авсан гэх Баянзүрх дүүрэг, 22 дугаар хороо, Алтан сан хорооллын 3 дугаар байрны 1 давхрын А/В/С/F блокын нийт 255.3 метр квадрат талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгүүдтэй холбоотой хэсгүүдийг тус тус хүчингүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 7.1.4-т зааснаар нэхэмжлэгч Б.О- нарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140 400 төгрөгийг улсын орлогод үлдээж, тус шүүхийн шүүгчийн 2019 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 6847 дугаартай захирамжаар Б.Б-, Х.Б-, Г.Гэрлээ, Б.А-, Б.О- нарын нэхэмжлэлтэй Н- гүйцэтгэх газарт холбогдох үл хөдлөх эд хөрөнгийн анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгох тухай хэргийг шийдвэрлэж, шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацаанд Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 101/ШШ2018/00003 дугаар шийдвэрийн дагуу явагдаж буй шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлснийг мөн шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 254 тоот тогтоолоор 1 дүгээр байрны 1002, 1404, 1401, 1601, 1501, 807 тоот орон сууцанд холбогдох иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэн өөрчилсөн, мөн шүүхийн шүүгчийн 2019 оны 6 дугаар сарын 6-ны өдрийн 9272 дугаартай захирамжаар Д.Б-, Ч.У-, Э.Б-, Д.Б-, В.М-, БНХАУ-ын иргэн Тан Чун Жиан, Лью Фанг нарын худалдан авсан буюу тэдгээрийн оршин суудаг орон сууцтай холбоотой шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хэсэгчлэн түдгэлзүүлж, мөн шүүхийн шүүгчийн 2019 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 9612 дугаартай захирамжаар нэхэмжлэгч Г.А-ын Баянзүрх дүүрэг, 22 дугаар хороо, Алтан сан хороолол, 4 дүгээр блок, 1 дүгээр орц, 13 дугаар давхар, В тоот, 55.07 м.кв талбайтай, Б.М-н Баянзүрх дүүрэг, 22 дугаар хороо, Алтан сан хороолол, 4 дүгээр блок, 1 дүгээр орц, 8 дугаар давхар, В тоот, 55.07 м.кв талбайтай, Х.Билгүүний Баянзүрх дүүрэг, 22 дугаар хороо, Алтан сан хороолол, 4 дүгээр блок, 1 дүгээр орц, 9 дүгээр давхар, А тоот, 72.27 м.кв талбайтай, Т.Э-ын Баянзүрх дүүрэг, 22 дугаар хороо, Алтан сан хороолол, 4 дүгээр блок, 1 дүгээр орц, 14 дүгээр давхар, А тоот, 72.27 м.кв талбайтай, С- ХХК-ийн Баянзүрх дүүрэг, 22 дугаар хороо, Алтан сан хороолол, 3 дугаар блок, 1 дүгээр давхар, А/В/С/F тоотууд, нийт 255.3 м.кв талбайтай, 4 орон сууцтай холбоотой хэсэгт шийдвэр гүйцэтгэх ажиллагааг Н- гүйцэтгэх газарт холбогдох анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг шийдвэрлэж дуустал хугацаагаар түдгэлзүүлсэн байна.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Алтанзул давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 101/ШШ2018/03467 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 4-ний өдрийн 6 дүгээр магадлалаар нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Дээрх үл хөдлөх хөрөнгө нь улсын бүртгэлийн байгууллагад бүхэлдээ 1 үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээтэй бүртгэгдсэн бөгөөд одоогоор улсын комисс хүлээж аваагүй, бүрэн ашиглалтанд ороогүй барилга тул нэг бүрчлэн битүүмжилж хураах боломжгүй юм. Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Алтан сан хороолол, 1,3,4 дүгээр блок барилгыг 2018 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 188/11 дүгээр тогтоолоор битүүмжилж, 2018 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 188/29 дүгээр тогтоолоор хураах ажиллагаанд оршин суугч гэх нэхэмжпэгч Г.Гэрлээ, Б.О-, Х.Б- нар нь байлцаж тухайн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг мэдсэн, тогтоолд байлцсанаар гарын үсэг зурсан. Албадан дуудлага худалдааг зохион байгуулахад тухайн үг хөдгөх хөрөнгийг худалдан борлуулах талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд нээлттэй мэдээлж, зарлуулсан байхад орон сууцыг захиалсан иргэд уг ажилагааны талаар мэдсэн гэж үзэх үндэслэлгүй хэмээн дүгнэсэн нь бодит байдалд нийцээгүй байна. Нэхэмжлэгч 13 иргэнийг зөвхөн орон сууц захиалгын гэрээг нотлох баримтаар үнэлэн эзэмшигчээр тогтоож, улмаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.5-д заасны дагуу бие даасан шаардлага гаргах эрхтэй гуравдагч этгээд шийдвэр гүйцэтгэх ажиллагааны тал мэт нөхцөл байдлыг дүгнэсэн үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй. Иймд Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 101/ШШ2020/02352 дугаар шийдвэрийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1 дэх хэсэгт заасан хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байна.

 

Нэхэмжлэгч Б.Б-, Г.Г-, Х.Б-, Б.А-, Б.О-, Д.Б-, Г.А-, Э.Б-, Ч.У-, Б.М-, В.М-, Т.Э-, Си Пи Би ХХК нар нь Н- гүйцэтгэх газарт холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 101/ШШ2018/00003 дугаар шийдвэрээр И- ХХК-иас 16 876 268 000 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн 84 539 290 төгрөгийн хамт гаргуулж Б-Барилгын хөгжил ХХК-д олгохоор шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болжээ. /1-р хх 62-72/

 

Уг шүүхийн шийдвэрийг биелүүлэхээр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2018 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн 18260412 тоот тогтоолоор үүсгэж, ажиллагаа явагдсан, Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Алтан сан хорооллын орон сууцны зориулалттай, 1, 3, 4 дүгээр блок барилгыг 2018 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 188/11 дугаар тогтоолоор битүүмжилж, 2018 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 188/29 дугаар тогтоолоор хураан, шинжээчээр үнэлгээ тогтоолгон, дуудлага худалдаанд оруулсан үйл баримт тогтоогдсон. /1-р хх 56,57/

 

Нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг тодруулан талуудыг гүйцэт мэтгэлцүүлж, хэргийн үйл баримтыг бүрэн тогтоож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1 дэх хэсэгт заасан төлбөр гаргуулахаар хураагдсан хөрөнгийн өмчлөх эрхтэй холбогдсон маргаан эсэхийг анхаарах нь зүйтэй юм.

 

Дуудлага худалдаагаар ялагч болж өмчлөх эрх олж авах нь өмчлөх эрх үүсэх үндэслэлүүдийн нэг мөн боловч Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан ерөнхий агуулга нь эрхийн доголдолгүй хөрөнгө өмчлөлд шилжүүлэх явдал юм. Мөн Иргэний хуулийн 83 дугаар зүйлийн 83.1 дэх хэсэгт зааснаар аливаа этгээд нь хуулиар хориглоогүй, нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшлахгүйгээр эдийн баялаг болох эд юмс болон эдийн бус баялаг болох оюуны үнэт зүйлс, эрхийг олж авч болох бөгөөд энэ тохиолдолд дээрх баялаг нь хөрөнгө болно.

 

Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд хууль дээдлэх, хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх, хүний эрх, эрх чөлөөг зөвхөн хуульд зааснаар хязгаарлах, энэрэнгүй, шуурхай байх зарчмыг баримтлах юм.

 

Иргэний хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1 дэх хэсэгт зааснаар аливаа этгээдийн эзэмшилд байгаа эд юмсыг эд хөрөнгө гэх бөгөөд эд хөрөнгө нь үл хөдлөх, хөдлөх эд хөрөнгө байна.Тухайн тохиолдолд уг үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээтэй эсэх, хөрөнгө оруулагч, өмчлөгч, эзэмшигч нь хэн болох, нэхэмжлэгч нарын эрх ашиг сонирхол яаж хөндөгдөж байгаа үйл баримтыг бүрэн тогтоох нь зүйтэй юм.

 

Нэхэмжлэгч нарын зүгээс анхан болон хоёрдахь дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ худалдах-худалдан авах гэрээний дагуу мөнгөн хөрөнгийг төлсөн гэдэг агуулгаар тайлбарласан. Гэрээний талуудыг тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр бүртгэсэн, өмчлөгч болсон талаарх баримт авагдаагүй, гагцхүү гэрээний тал гэдгээрээ тодорхойлж байна.

 

Хэрэв гэрээ байгуулж үнийг төлсөн тул өмчлөгч болох ёстой гэсэн агуулгаар нэхэмжлэл гаргаж байгаа бол материаллаг эрх зүйтэй холбоотой шаардлага гаргах юм. Нэхэмжлэгч нар нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцоогүй, шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд ямар үндэслэлээр гомдол гаргаж байгаа нь тодорхой бус байгааг хууль зүйн хувьд тодруулах шаардлагатай.

 

Тухайн үл хөдлөх эд хөрөнгө шүүгчийн захирамжаар битүүмжлэлд байсан гэх бөгөөд битүүмжлэлд орохоос өмнө нэхэмжлэгч нарт худалдсан эсхүл битүүмжлэхээс хойш худалдсан үйл баримтыг тогтоох нь ач холбогдолтой. Хэрэгт авагдсан баримтаас шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ нь ямар хөрөнгийн хувьд хэрхэн явагдсан нь тодорхойгүй байна. Энэхүү арга хэмжээ нь худалдах-худалдан авах гэрээ байгуулсантай холбоотойгоор эрхийн доголдлын талаар нэхэмжлэгч нар мэдсэн эсэхийг тодруулахад ач холбогдолтой. Хэргийн баримтаас харьцуулан дүгнэх, хэргийн нөхцөл байдлыг давж заалдах шатны шүүхээс тодруулж, эцэслэн шийдвэрлэх боломжгүй байна. Мөн анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдааг бүхэлд нь хүчингүй болгуулахаар шаардсан байхад хэсэгчлэн хүчингүй болгосон, уг дуудлага худалдааны улмаас эрх нь зөрчигдөж болзошгүй гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг тодруулаагүй, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй.

 

Нийслэлийн давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлага үндэслэлийг тодруулах замаар шийдвэрийг зөвтгөх боломжгүй байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хянан хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцааж, хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхив.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1 дах хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 101/ШШ2020/02352 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч Н- гүйцэтгэх газар нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА

 

ШҮҮГЧИД Д.БАЙГАЛМАА

 

Ш.ОЮУНХАНД