Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 02 сарын 15 өдөр

Дугаар 210/МА2019/00308

 

 

 

 

 

2019 оны 02 сарын 15 өдөр

Дугаар 210/МА2019/00308

 

 

Ч-, М- нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч М.Наранцэцэг, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 183/ШШ2018/02515 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Ч-, М- нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: С -, Ж- нарт холбогдох,

 

Ажил гүйцэтгэх гэрээний доголдлыг арилгахад гарсан зардалд 73 006 945 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй,

Хохиролд 28 046 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагч С -ын давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: М-

Нэхэмжлэгч Ч-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.Ууганбаяр

Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч: Ж.Базарсад

Хариуцагч: С -

Хариуцагч: Ж-

Хариуцагч С -ын өмгөөлөгч: Г.Батбаяр

Хариуцагч Ж-ы өмгөөлөгч: Ц.Бат-Эрдэнэ

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Р.Янжинлхам нар оролцов.

 

Нэхэмжлэгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэл, сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: М-, Ч- нарын өмчлөлийн Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Сэлбийн 2 дугаар гудамжны 39 тоот хаягт байрлах газар дээр 2 давхар барилгын гадна, дотно угсралт, цахилгаан сантехникийн ажлыг нийт 108 000 000 төгрөгөөр хийлгэхээр С -, Ж- нартай 2014 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр барилга угсралтын ажил гүйцэтгэх 01 тоот гэрээг байгуулсан.

Гэрээний 5.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нар нь барилгыг 2014 оны 6 дугаар сарын 17-ны өдөр барьж дуусган нэхэмжлэгч талд хүлээлгэж өгөх үүрэг хүлээсэн. Хариуцагч нар гэрээнд заасан хугацаанд ажлыг гүйцэтгэж дуусаагүй. Хариуцагч нарын барьсан барилга угсралтын ажил барилгын норм, дүрмийг баримтлаагүй, чанаргүй материалаар чанрын шаардлага хангаагүй барилга угсралтын ажил хийсэн

Хариуцагч таг тухайн барилгын ажлыг норм дүрмийн дагуу хийж гүйцэтгээгүй, чанаргүй дутуу хийж барилгын ажлыг хаяж явснаас тус барилгыг ашиглалтад оруулалгүй 1 жил 4 сарын хугацаа өнгөрсөн тул Япон улсын олон улсын хамтын ажиллагааны агентлаг Жайка болон банкнаас яаралтай төсөлд заасан барилгыг ашиглалтад оруулах, үйл ажиллагаагаа эхлэхгүй удааширч байгааг сануулж, төсөвт ажлыг яаралтай эхлүүлэхийг мэдэгдэж, төсөвт ажлыг эхлүүлээгүй тохиолдолд зээлийг цуцлах болох талаар мэдэгдсэн. Иймд арга буюу хөнгөлөлттэй зээлтэй байсан тул хариуцагч нарын чанаргүй барьсан барилгыг нурааж, өөрсдийн хөрөнгөөр дахин шинээр барьж ашиглалтад оруулсан.

Хариуцагч талын чанаргүй хийж гүйцэтгэсэн, дутуу ажлын нурааж дахин гүйцээн барихад нэхэмжлэгч талд бодитойгоор нийт 78 501 750 төгрөгийн зардал гарсан. Мөн тухайн барилга хугацаандаа ашиглалтад ороогүйгээс болж үйл ажиллагаа явуулж чадахгүй, банкинд өнөөдрийг хүртэл хүү төлсөн.

Иймд хариуцагч талын чанаргүй, доголдолтой, дутуу хийсэн ажлыг нэхэмжлэгч талаас доголдлыг арилгаж, гүйцээн барьж, ашиглалтад оруулахад гарсан зардал 75 501 750 төгрөг, хариуцагч тал 01 тоот гэрээний 3 дугаар зүйлийн 3.2.9 дэх хэсэгт заасан үүргээ биелүүлээгүйгээс бусдаар хог хаягдлыг тээвэрлүүлж, хаяулахад гарсан зардал 2 000 000 төгрөг, барилгын мэргэшсэн дүгнэлт гаргах эрх бүхий хүмүүсээр дүгнэлт гаргуулахад гарсан зардал 1 000 000 төгрөг, нийт 78 501 750 төгрөг болж байгаа. Үүнээс 5 494 805 төгрөгт улсын тэмдэгтийн хураамж нэхэмжлэгч тал төлөх боломжгүй байх тул энэ 5 494 805 төгрөгийг хасаад, үлдэгдэл 73 006 945 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж өгнө үү.

Сөрөг нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй. Хариуцагч нар өөрсдийн материалаар гэрээнд заасан 280 м.кв талбайтай барилгыг нийт 108 000 000 төгрөгөөр гэрээний 3.2.1 дэх хэсэг, 3.2.10 дахь хэсэгт заасан стандартаар чанарын өндөр түвшиний материалаар барьж нэхэмжлэгч талд хүлээлгэн өгөхөөр тохирсон болохоос биш та Дрийм таун ХХК-ийн холбоотой зүйлийг нэхэмжлэгч талаас нэхэмжлэх эрхгүй. Иймд сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч нар шүүхэд гаргасан тайлбар, сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Барилгыг нэхэмжлэгч нар 100 000 000 төгрөгөөр бариулна гэж байгаад сүүлдээ 108 000 000 төгрөг болсон юм. Бид нар барилгыг  хурдан барьж дуусгах бололцоотой байсан. 108 000 000 төгрөгийн төсөвт өртөгтэй барилгыг 2014 оны 4 дүгээр сарын 17-ны өдрөөс 2014 оны 6 дугаар сарын 17-ны өдөр хүртэл барьж дуусгах байсан.

Гэтэл нэхэмжлэгч тал хугацаандаа санхүүжилтээ хийгээгүй байж хугацаандаа барилгыг хүлээлгэж өгөөгүй гэж байгаа нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна. Гэрээний хугацаанд нэхэмжлэгч нийт 56 800 000 төгрөг хариуцагч талд өгсөн. 56 800 000 төгрөгийг гэрээнд заасан 1 м.кв-ийн үнэ 385 715 төгрөгт хуваахаар 147 м.кв-ын үнэ гэрээний хугацаанд шилжүүлсэн байна. Гэрээний хугацаа дуусгавар болсноос хойш 29 000 000 төгрөг нэхэмжлэгч тал өгсөн. Тэгэхээр гэрээний хугацаанд үүрэг гүйцэтгээгүй гэдэг нь захиалагч нарын буруугаас болсон. Өөрөөр хэлбэл барилга угсралтын гэрээний 3.1.5 дахь хэсэгт ажлын төлбөрийг гүйцэтгэгч талд хугацаа алдалгүйгээр хүлээлгэж өгнө гэсэн заалтыг нэхэмжлэгч тал зөрчсөн. Дээрээс нь энэ ажлыг зураг төсөлгүйгээр өөрсдөө гүйцэтгүүлсэн нь гэрээний 3.1.6 дахь хэсгийг зөрчсөн.

Бидний барьсан барилгыг нэхэмжлэгч нар бүхэлд нь нураагаагүй. Цонхны ялуу болон гадна пассадны засвар хийгдсэн болохоос биш, үндсэн барилгын 70-80 хувь баригдсан байсан. Барилгыг талууд холбогдох гэрээнийхээ дагуу өөрсдөөсөө зардал мөнгөө гаргаад, материалыг аваад харилцан тохиролцож, дээрх хугацаанд барьж гүйцэтгэсэн. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар барилгыг буулгах хэмжээнд хүрсэн, энэ талаар мэдэгдэл өгөөд, барилгыг бүхэлд нь буулгасан асуудал байхгүй. Барилгыг буулгасан биш өөрчилсөн байгаа. Мөн хогны зардлын он сар зөрүүтэй байна.

Мөн захиалагч нь гэрээний 3.1 дэх хэсэгт зааснаар захиалагч хяналтыг тогтмол тавьж ажиллах үүрэгтэй. Үнэхээр энэ барилга ашиглалтын шаардлага хангахгүй, хог дээрээс материал аваад барилга барьсан бол хяналтаа тавихгүй яасан юм бэ, энэ үүргийг бас захиалагч зөрчиж үүргээ биелүүлээгүй.

Барилгыг барихад авсан бараа материал болох хэв хашмалын үнэ 5 886 000 төгрөг, нийт 13 046 000 төгрөгийг төгрөг, 4 тонн арматурын үнэ 5 000 000 төгрөг, нийт 13 046 000 төгрөгийг бараа материал, мөн ажлын хөлс 15 000 000 төгрөг, нийт 28 046 000 төгрөгийг нэхэмжлэгч нараас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсгийг баримтлан хариуцагч С -, Ж- нараас 72 006 945 төгрөг гаргуулж нэхэмжлэгч М-, Ч- нарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1 000 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, 28 046 000 төгрөг гаргуулахыг хүссэн хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 523 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 517 985 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч С - давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд гаргасан тайлбарт дурдсан үндэслэлээр эс зөвшөөрч байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар шүүх нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзээгүй, нотлох баримтыг үнэн зөв эргэлзээгүй талаас үнэлээгүй.

Анхан шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгч тал барилгыг нурааж өөрсдийн хөрөнгөөр шинээр барихад гарсан зардлаа нотлож чадаагүй. Нэхэмжлэлийн шаардлагаа нотолсон хавтаст хэргийн 219-249, 2-р хавтаст хэргийн 1-33 талд авагдсан нотлох баримт болох тооцооны хуудас, бараа материалын зарлагын падаан, зарлагын баримтууд нь нотлох баримтын шаардлага хангахгүй гэж үзэж шүүхээс үнэлээгүй болно. Иймд 70 006 945 төгрөгийг шаардлагыг тодорхойлох нотлох баримт байхгүй.

Ийм байтал анхан шатны шүүх шинжээч Д.Амгалангийн 2018 оны 04 дүгээр сарын 27-ний өдрийн дүгнэлтийг үндэслэн хариуцагч нараас 72 006 945 төгрөгийг гаргуулсан нь үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь нэхэмжлэгч нар дахин нурааж шинээр барьж засварлахад гарсан зардал гээд 72 006 945 төгрөгийг нэхэмжилдэг бол шүүх нэхэмжлэлийн агуулгаас хальж нэхэмжлэгч нараас шаардаагүй үндэслэлээр буюу дутуу хийсэн ажлыг гүйцээхэд гарсан зардал гэж 72 006 945 төгрөгийг гаргуулж шийдвэрлэсэн нь шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй.

Монгол Улсын Дээд шүүхийн тогтоолоор Барилга хөгжлийн төв ХХК-ийн 2015 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн шинжээчийн дүгнэлтийг хууль зөрчсөн гэж дүгнэсэн. Гэтэл Д.Амгалан шинжээч 2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр шинжээчийн дүгнэлт гаргахдаа Барилга хөгжлийн төв ХХК-аас гаргасан шинжээчийн дүгнэлтийг үндэслэсэн. Уг Д.Амгалан шинжээчийн дүгнэлтэд "...Түүнчлэн уг барилгыг чанаргүй гүйцэтгэсэн тухай хавтаст хэрэгт баримтжуулсан байна. Тухайлбал Барилга хөгжлийн төвөөс томилогдсон хоёр шинжээч ажилласан..." гэж дүгнэсэн шинжээчийн дүгнэлтийг үнэлж шийдвэр гаргасан хууль зүйн үндэслэлгүй.

Нөгөөтэйгүүр захиалагч тал болох Ч- М- нар нь уг 280 м.кв талбай бүхий барилгыг бариулах талаарх зураг төслийг гаргуулаагүй, барилгын ажлын зөвшөөрлийг аваагүй, шинжээчид энэ талаар дүгнээгүй нь учир дутагдалтай байна.

Нэхэмжлэгчийн шилжүүлэн өгсөн 85 800 000 төгрөгөөс ажиллах хүчний зардал, цалин хөлс, бараа материалын зардал гээд хасахаар 58 000 000 төгрөгт ийм хэмжээний барилга баригдах боломжгүй.

Анхан шатны шүүх гэрээг цуцласан болох нь 2014 оны 06 дугаар сарын 05, 2014 оны 7 дугаар сарын 18-ны өдрүүдэд хариуцагч нарт мэдэгдэл хүргүүлсэн, 2014 оны 08 дугаар сарын 20-ны өдөр хариуцагч нарт шуудангаар хүргүүлсэн мэдэгдэл зэргээс тогтоогдож байна гэж үзсэн. Гэтэл шуудангаар надад ийм мэдэгдэл хэзээ ч огт ирээгүй, мөн хэрэгт байгаа шуудангийн баримт нь огноо байхгүй байдлыг шүүх анхаарч үзээгүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцэхгүй байна.

 

Нэхэмжлэгч М-, Ч- нар нь хариуцагч С -, Ж- нарт холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний доголдлыг арилгахад гарсан зардалд 73 006 945 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч нар эс зөвшөөрч, ажлын хөлсний материалын зардалд 28 046 000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргажээ.

 

Талууд гүйцэтгэсэн ажлын хэмжээ болон ажлын чанар, гэрээний үүргийн зөрчлийн талаар маргажээ.

 

Хариуцагч талаас барилгыг бүрэн нурааж, шинэ барилга баригдсан эсэхэд маргаж, шинжээч томилуулах хүсэлт гаргасныг анхан шатны шүүх хүлээн авч, 2014 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 18413 дугаар захирамжаар Барилгын төсөвчин үнэлгээчдийн холбоо ХХК, Барилгын хөгжлийн төв ХХК-ийг бүрэлдэхүүнтэй шинжээчээр томилж, шинжээчийн дүгнэлт 2015 оны 03 дугаар сарын 26-ны өдөр гарчээ. Уг шинжээчийн дүгнэлтийг шүүх шийдвэрийнхээ үндэслэл болгож хэргийг шийдвэрлэснийг Улсын Дээд шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 001/ХТ2017/00331 дүгээр тогтоолоор дээрх шинжээчийн дүгнэлт хуульд заасан шаардлага хангаагүй үндэслэлээр шийдвэрийн үндэслэл болгох боломжгүй гэж дүгнэж, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр буцаасан байна.

 

Улмаар нэхэмжлэгч талаас дахин шинжээч томилуулах хүсэлт гаргасныг анхан шатны шүүх хүлээн авч, 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 183/ШЗ2018/01688 дугаар захирамжаар Барилгын төсөвчин үнэлгээчдийн холбоог шинжээчээр томилсон, Барилгын төсөвчдийн холбооны шинжээч Д.Амгалан 2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр дүгнэлт гаргажээ. Гэтэл шинжээч Д.Амгалан 2015 оны 03 дугаар сарын 26-ны өдөр гаргасан Барилгын хөгжлийн төвийн дүгнэлтийг үндэслэсэн нь буруу болжээ. Энэ алдааг анхааралгүй анхан шатны шүүх шинжээчийн дүгнэлтийг үндэслэл болгон хэргийг шийдвэрлэсэн нь буруу болжээ.

 

Түүнчлэн шинжээчийн дүгнэлтэд барилгын гүйцэтгэлийн хувь хэмжээ болон чанарын талаар дүгнэлтийг бүрэн гаргаагүй байхад шүүх ажлын үр дүнгийн доголдлын талаар дүгнэлт өгөх боломжгүй болно.

 

Дээрх алдааг давж заалдах шатны шүүхээс нөхөн гүйцэтгэх боломжгүй учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 183/ШШ2018/02515 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 518 000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй хэргийн оролцогч магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАТЗОРИГ

 

ШҮҮГЧИД М.НАРАНЦЭЦЭГ

 

Э.ЗОЛЗАЯА