Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 09 сарын 21 өдөр

Дугаар 210/МА2018/02047

 

 

 

 

 

2018 оны 09 сарын 21 өдөр

Дугаар 210/МА2018/02047

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Рави Кришнадас Жагасиагийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч С.Энхтөр, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 101/ШШ2018/02420 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч Рави Кришнадас Жагасиагийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Т.Баатарцогтод холбогдох

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Вишн экспресс ХХК

-               Үл хөдлөх эд хөрөнгийг бусдын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай үндсэн,

-               Орон сууц захиалан бариулах гэрээний үүрэгт 21 600 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Чимэдцэрэнгийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ж.Чимэдцэрэн

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: З.Цэрэнханд нар оролцов.

Нэхэмжлэгч  Рави Кришнадас Жагасиагийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Дашравдан шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Даваасүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч Рави Кришнадас Жагасиа нь Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хороолол, Улаанхуаран гудамж, 18 дугаар байрны 109 тоотод байрлах 67.6 м.кв 3 өрөө орон сууцны хууль ёсны өмчлөгч юм. Энэхүү орон сууцыг 2016 оны 6 дугаар сарын 23-ны өдөр иргэн Т.Баатарцогт худалдан авахаар гэрээ байгуулан нүүж орсон. Гэтэл гэрээнд заасан төлбөрийн үлдэгдлийг одоо хүртэл өгөөгүй болно. Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.1 дэх хэсэгт зааснаар үнийг бүрэн төлснөөр өмчлөх эрх шилжих ёстой тул өмчлөх эрхийг шилжүүлээгүй. Гэрээ байгуулах үед 8 хувийн зээлд хамрагдахын тулд үл хөдлөх эд хөрөнгийн үнийн 30 хувийг төлсөн байх шаардлагатай гэсэн тул Вишн экспресс ХХК-ийн ажилтан Г.Ганбилэгтэй мөнгө төлсөн мэтээр гэрээ байгуулж, гарын үсэг зуруулсан. Нэхэмжлэгчийн зүгээс 2017 оны 4 сарас эхлэн тус байрыг чөлөөлөхийг шаардаж байна. 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдөр орон сууцны өмчлөгчөөр Сингапур улсын иргэн Рави кришнадас Жагасиа бүртгэгдэж энэ орон сууцны хууль өмчлөгч болсон. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг үндэслэн Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хороолол, Улаанхуаран гудамж, 18 дугаар байрны 109 тоотод байрлах 67.6 м.кв 3 өрөө орон сууцыг хариуцагч Т.Баатарцогтын хууль бус эзэмшлээс чөлөөлж өгнө үү гэжээ.

Хариуцагч Т.Баатарцогтын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Чимэдцэрэн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Хариуцагч Т.Баатарцогт нь Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хороолол, Улаанхуаран гудамжид Хуур магнай ХХК-ийн захиалгаар Цахим гал ХХК-ийн барьж байсан Баяжих цогцолбор хорооллын анхны захиалагч болж, 2016 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр уг барилгыг байнгын ашиглалтад хүлээн авах ёслол дээр орон сууцны түлхүүрээ гардан авч байсан. Улмаар 2016 оны 6 дугаар сарын 23-ны өдөр Вишн экспресс ХХК-тай 11 дугаартай орон сууц захиалан бариулах гэрээг байгуулсан. Уг гэрээний дагуу гүйцэтгэгч Вишн экспресс ХХК нь 3 өрөө орон сууцыг захиалгаар бариулахаар харилцан тохиролцсон бөгөөд урьдчилгаа төлбөрт 18 000 000 төгрөгийг төлж, үлдэх хэсгийг ипотекийн зээлээр төлье гэсэн тохиролцоо хийсэн ба Вишн экспресс ХХК нь банкуудтай ипотекийн гэрээ хийх ёстой байтал хийгээгүй тул зээлэнд хамрагдаж чадаагүй. Хариуцагч талаас тухайн төлбөрийг төлөх график гарган төлөх талаар Вишн экспресс ХХК-д хүсэлт гаргаж байсан боловч хүлээж аваагүй, гэрээг дуусгавар болгосон. Вишн экспресс ХХК-ийн төлөөлөгч гэх Тэгш хийдэл ХХК-иас 2017 оны 4 дүгээр сарын 7-ны өдөр 16/06 гэсэн албан тоотоор гэрээг цуцалж дуусгавар болгох тухай мэдэгдлийг хүргүүлсэн. Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсэгт заасны дагуу гэрээний үүргээ биелүүлээгүй тохиолдолд тухайн үүргийг гүйцэтгэх талаар нэмэлт хугацаа тогтоож өгөх ба тухайн тогтоож өгсөн нэмэлт хугацаанд үүргээ биелүүлээгүй тохиолдолд нэг талын санаачилгаар гэрээг цуцлах эрхтэй байдаг. Талуудын хооронд байгуулсан гэрээний 3.3-т гэрээний нийт гэрээний үнийн дүнгийн 70 хувь буюу 98 898 800 төгрөгийг Ипотекийн 8 хувийн зээлээр төлж барагдуулна гэж заасан байдаг. Хариуцагч нь дээрх орон сууцны үлдэгдэл төлбөрийг ипотекийн зээлээр төлөхөөр хөөцөлдөж байсан ба банкнаас тавьсан холбогдох бүхий л шаардлагуудыг хангаж, зээлийн гэрээ байгуулахаар болоход гүйцэтгэгч байгууллага болох Вишн экспресс ХХК нь банкны ипотекийн зээлд хамрагдах боломжоор хангаагүй. Хариуцагчийн зүгээс тухайн орон сууцны төлбөрийг төлөх, төлбөрийн нөхцөлийн талаар гүйцэтгэгч байгууллагатай харилцан тохиролцохоор хэд хэдэн удаа хандсан боловч ямар нэг үр дүнд хүрэлгүй өнөөдрийн байдалд хүрээд байна. Т.Баатарцогт болон Вишн экспресс ХХК-ийн хооронд байгуулсан гэрээний дагуу орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг Т.Баатарцогтын нэр дээр гаргуулах ёстой байсан бөгөөд хууль бусаар өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулан авсан Рави Кришнадас Жагасиа гэх хүний шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Иймд хууль бусаар өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулан авсан Рави Кришнадас Жагасиагийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.  

Хариуцагч Т.Баатарцогтын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Чимэдцэрэн шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:

Нэхэмжлэгч Рави Крашнадас Жагасиагийн нэр дээр бүртгүүлсэн орон сууц болох Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 16 дугаар хороо, 18 дугаар байрны 109 тоот 67,6 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг захиалан бариулах гэрээг хариуцагч Т.Баатарцогт нь Vision express компанитай байгуулан, урьдчилгаанд 18 000 000 төгрөг төлсөн. Вишн экспресс ХХК-тай 2016 оны 6 дугаар сарын 23-ны өдөр байгуулсан 011 тоот Орон сууц захиалан бариулах гэрээ-ний дагуу захиалгаар барьсан, маргаан бүхий орон сууцны өмчлөх эрхийг захиалагч талд буюу Т.Баатарцогтын өмчлөлд шилжүүлэх үүрэгтэй байсан бөгөөд энэхүү үүргээ зөрчиж, орон сууцны өмчлөх эрхийг Сингапур улсын иргэнд Рави Крашнадас Жагасиад шилжүүлэн өгсөн байна.  Хэдийгээр талуудын хооронд байгуулагдсан орон сууц захиалан бариулах гэрээг талууд дуусгавар болгоогүй байгаа боловч нэхэмжлэгчийн шүүхэд гаргаж буй нэхэмжлэлээс харвал орон сууц захиалан бариулах гэрээг цуцалж дуусгавар болгосон гэж ойлгож болохоор байна. Талуудын байгуулсан гэрээний 7.4-т талууд аль нэг талын санаачилгаар хүчин төгөлдөр энэхүү гэрээнээс татгалзсан эсхүл энэхүү гэрээг цуцлахыг хүсч санал гаргасан бол нөгөө талдаа Захиалагчийн төлсөн нийт төлбөрийн 20 (хорь)-н хувьтай тэнцэх хэмжээний торгуулийг нэг удаа төлнө"  гэж заасан бөгөөд нэхэмжлэгч буюу гүйцэтгэгч тал нь гэрээг цуцлахаар санал гаргаж гэрээг дуусгавар болгосон тул захиалагч Т.Баатарцогтод 20 хувийн торгуулийг төлөхөөр байна. Иймд хэргийн нөхцөл байдлыг харгалзан үзэж талуудын байгуулсан гэрээний дагуу нэхэмжлэгч талд төлсөн 18 000 000 төгрөг, гэрээ дуусгавар болгосонтой холбоотой нөгөө талд төлөх 20 хувийн торгууль буюу 3 600 000 төгрөг, нийт 21 600 000 төгрөг гаргуулан хариуцагч талд олгож, хариуцагчийг хохиролгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Рави Кришнадас Жагасиагийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Даваасүрэн сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа:

Т.Баатарцогт орон сууц захиалгаар бариулах гэрээг Вишн экспресс ХХК-ийн төлөөлөгч н.Ганбилэг гэж хүнтэй байгуулсан. Тэгэхээр энэ гэрээтэй холбоотой хариуцлагыг Рави Кришнадас Жагасиа хариуцахгүй. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тодруулбал Хуур магнай ХХК-ийн зуун хувийн хувьцаа эзэмшигч учраас орон сууцыг худалдан авах гэрээ байгуулсан хүн нь Рави Кришнадас Жагасиа өөрөө гэж яриад байна. Тэгэхээр компанитай нь гэрээ байгуулчихаад гэрээний үүргийн гүйцэтгэлийг хувьцаа эзэмшигчээс нь шаардаад байгаа юм болов уу гэсэн ойлголт төрөхөөр байна. Хэн хэнтэй гэрээ байгуулсан тэр гэрээний талаас шаардлагаа хариуцагч Т.Баатарцогт гаргах нь зөв. Үнэхээр хувьцаа эзэмшигч бол түүнийг нотлох баримт хэрэгт байхгүй тул нэхэмжлэгч нь хариуцахгүй юм. Сөрөг нэхэмжлэлийн тухайд хариуцах ёстой этгээд нь Рави Кришнадас Жагасиа биш. Үнэхээр хариуцах ёстой бол хуулийн үндэслэл нь тодорхойгүй байна. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Вишн экспресс ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Цолмонсүрэн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Вишн экспресс ХХК нь Монгол Улсын Барилгын салбарт хөрөнгө оруулалт хийж, Хуур магнай ХХК-ийн захиалгатай Цахим гал ХХК-ийн барьж гүйцэтгэсэн барилгыг буюу Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хороолол, Улаанхуаран гудамжид Баяжих цогцолбор хэмээх 166 айлын орон сууцны төслийг бусад компанитай хамтран хэрэгжүүлж байгаа юм. Тус байрны 18 дугаар байр 109 тоотод байрлах 67,6 мкв 3 өрөө орон сууцыг иргэн Т.Баатарцогтод худалдахаар тохиролцон 2016 оны 6 дугаар сарын 23-ны өдөр гэрээ байгуулсан боловч Т.Баатарцогт нь гэрээний 8.2.2-т заасан үүргээ биелүүлэлгүй төлбөрөө тохиролцсон хугацаандаа төлөөгүй учраас гэрээний 8.2-т заасны дагуу гэрээг цуцалсан болно. Ингээд төлбөрөө төлөөгүй тул дараагийн худалдан авагч болох Рави Кришинадас Жагасиад уг байрыг худалдан борлуулсан юм. Иймд иргэн К.Равигийн гаргасан нэхэмжлэл нь хууль ёсны үндэслэл бүхий болно. Т.Баатарцогт нь манай компанитай байгуулсан гэрээний дагуу 18 000 000 төгрөгийг төлсөн байдаг. Энэ нь Вишн экспресс ХХК-ийн хохиролд суутгагдсан. Т.Баатарцогт нь Вишн экспресс ХХК-тай 2016 оны 6 дугаар сард гэрээ байгуулаад  2017 он 4 дүгээр сард мэдэгдэл авсан байдаг. Энэ мэдэгдэлд ...өнөөдрийг хүртэл 10 сар энэ байранд байлаа, энэ хугацаанд 18 000 000 төгрөгөөс өөр ямар нэгэн төлбөр хийгдсэнгүй. Тийм учраас 18 000 000 төгрөг нь суутгагдаад 17 000 000 төгрөг болж байгаа. Энэ нь  манай компанийн хохирол юм... гэсэн байдаг. 10 сарын хугацаанд 18 000 000 төгрөгөөс өөр ямар ч төлбөр төлөөгүй байж хууль ёсны өмчлөгчийн эрх ашиг гэсэн тайлбар гаргаж байгаа нь үндэслэлгүй. Хариуцагч нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагаар 18 000 000 төгрөг болон торгуулийг нэхэмжилж байгаа нь ямар ч үндэслэлгүй байна гэжээ.

Шүүх:  Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасныг баримтлан Баянзүрх дүүрэг, 16 дугаар хороо, 16 дугаар хороолол /13321/, Улаанхуаран гудамж, 18 дугаар байрны 109 тоот, 67,6 мкв талбайтай, 3 өрөө, улсын бүртгэлийн Ү-2204089235 дугаарт бүртгэгдсэн орон сууцыг Т.Баатарцогт /түүний гэр бүлийн гишүүд/-ын хууль бус эзэмшлээс гаргуулж, нэхэмжлэгч Рави Кришнадас Жагасиад олгож, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хариуцагч Т.Баатарцогтын нэхэмжлэгч Рави Кришнадас Жагасиад холбогдуулан гаргасан талуудын байгуулсан гэрээний дагуу нэхэмжлэгч талд төлсөн 18 000 000 төгрөг, гэрээ дуусгавар болгосонтой холбоотой нөгөө талд төлөх 20 хувийн торгууль буюу 3 600 000 төгрөг, нийт 21 600 000 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөг, хариуцагч сөрөг нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 864 370 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.Баатарцогтоос улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Рави Кришнадас Жагасиад олгож шийдвэрлэсэн байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Чимэдцэрэн давж заалдах гомдолдоо:

... Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэргийн бодит нөхцөл байдал, хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь үнэлж үзэлгүй шийдвэрлэсэн байна. Нэхэмжлэл гаргаж буй этгээд нь маргаан бүхий орон сууц буюу Баяжих цогцолборыг захиалан бариулсан Хуур магнай ХХК-ийн хөрөнгө оруулагч, 100 хувийн хувьцаа эзэмшигч бөгөөд уг байдлыг нотлуулахаар хэрэгт нотлох баримтаар сиди өгч, уг бичлэгт үзлэг хийлгүүлэн, тодорхой нөхцөл байдлыг мэдэж байсан гэрчүүдийг асуулгасан, уг байдлыг нэхэмжлэгч тал хүлээн зөвшөөрсөн байдаг. Маргаан бүхий орон сууцны цогцолборыг ашиглалтад оруулсны дараа Монгол Улсад татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор орон сууцны эзэмшлийг оффшор бүсэд байрлах 2 компанид шилжүүлсэн байдаг. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйл 37.2 дахь хэсэгт гэрчийн мэдүүлэг, дүрс, дууны бичлэг нь нотлох баримт болох талаар заасан. Гэтэл шүүгч гэрчийн мэдүүлсэн нөхцөл байдал нь хэрэгт авагдсан бусад баримтаар давхар нотлогдоогүй гэж үзсэн нь үндэслэлгүй болсон байна. Хэрэв гэрчээс асууж, тодруулж буй нөхцөл байдал нь хэрэгт авагдсан бусад баримтуудаар тогтоогдож байгаа тохиолдолд гэрчийг асуух шаардлага байхгүй. Мөн хэрэгт авагдсан баримтаар тухайн орон сууцанд хөрөнгө оруулсан бөгөөд үр шимийг хүртэх эрхтэй, хариуцагчаас орон сууцны урьдчилгаанд төлсөн төлбөрийг хүлээн авсан этгээд нь нэхэмжлэгч байхад тухайн нөхцөл байдлыг харгалзан үзэлгүй Рави Кришнадас Жагасиа нь дээрх маргаанд хамааралгүй мэтээр дүгнэлт хийж шийдвэрлэсэн нь хариуцагчийн хууль ёсны эрх ашиг сонирхлыг зөрчсөн шийдвэр болсон байна. Хариуцагч нь урьдчилгаанд төлсөн төлбөрийн асуудлыг нэхэмжлэгчийн гаргаж буй энэхүү нэхэмжлэлтэй хамт шийдүүлэхгүй тохиолдолд энэхүү маргаан шийдвэрлэгдэж дууссаны дараа нэхэмжлэл гаргаж гэрээ байгуулсан Вишн экспресс ХХК-иас шаардах боломжгүй бөгөөд тус компани нь Монгол Улсад албан ёсны салбар, төлөөлөгчийн газаргүй ба тодорхой итгэмжлэлд үндэслэж үйл ажиллагаа явуулдаг компани юм. Орон сууц захиалан бариулах гэрээ байгуулсан компаниас төлбөр гаргуулахын тулд тус компанийн байрлаж үйл ажиллагаа явуулдаг Сингапур улсын шүүхэд хандах шаардлагатай болох бөгөөд ийнхүү маргаан үүсгэж шийдвэрлүүлэх зардал нь урьдчилгаанд төлсөн төлбөрөөсөө илүү гарах юм. Ийм нөхцөл байдлын улмаас Монгол Улсын нэг иргэн орон сууцны урьдчилгаанд төлсөн төлбөрөөрөө хохирч, орон сууцаа худалдаж дараа нь өөрөө өмчлөгч болсон Сингапур Улсын иргэн Рави Кришнадас Жагасиа нь хожиж дуусах боломжтой нөхцөл байдал үүсч байна. Мөн шүүгч маргааныг шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1 дэх хэсэгт "Улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэл үнэн зөв байна" гэснийг үндэслэж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болсон. Учир нь маргаан бүхий орон сууцны эзэмшил нь гадаад улсын хуулийн этгээд буюу "Вишн экспресс ХХК бөгөөд дээрх компанийг төлөөлж нэхэмжлэгч Рави Кришнадас Жагасиатай гэрээ байгуулж, Баянзүрх дүүргийн бүртгэлийн хэлтэст албан бичиг хүргүүлсэн Г.Номинцэцэг нь тухайн компанийг төлөөлөх бүрэн эрхтэй эсэх нь тодорхойгүй байдаг. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Баянзүрх дүүргийн бүртгэлийн хэлтсээс маргаан бүхий орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг авахад бүрдүүлж өгсөн баримтуудыг нотлох баримтын шаардлага хангуулан гаргуулсан бөгөөд дээрх баримт дунд орон сууцыг худалдах гэрээ байгуулсан Г.Номинцэцэг нь Вишн экспресс ХХК-ийг төлөөлж гэрээ байгуулах, хүсэлт гаргах эрх олгосон итгэмжлэл байгаагүй. Дээрх нөхцөл байдлаас харвал шүүгчийн үндэслээд байгаа Иргэний хуулийн 183.1 дэх хэсэгт заасан улсын бүртгэл нь хууль бус байх боломжтой байхад тухайн нөхцөл байдлыг харгалзан үзэлгүй нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болсон байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулах нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч Рави Кришнадас Жагасиа нь хариуцагч Т.Баатарцогтод холбогдуулан Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хороолол, Улаанхуаран гудамж, 18 дугаар байрны 109 тоотод байрлах 67,6 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг түүний хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, орон сууц захиалан бариулах гэрээний дагуу төлсөн 18 000 000 төгрөг, торгууль 3 600 000 төгрөг, нийт 21 600 000 төгрөг гаргуулахаар сөрөг шаардлага гаргажээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд Вишн экспресс ХХК болон Т.Баатарцогт нар 2016 оны 6 дугаар сарын 23-ны өдөр орон сууц захиалан бариулах гэрээг байгуулж, уг гэрээгээр Вишн экспресс ХХК-ийн барьж буй барилгын В блокын 2 дугаар орцны 7 давхрын 109 тоотод байрлах 67,6 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцны 1 м.кв-ийн үнийг 2 090 000 төгрөг, нийт 141 284 000 төгрөгөөр захиалан бариулж, урьдчилгаа төлбөр буюу гэрээний үнийн дүнгийн 30 хувь болох 42 385 200 төгрөгийг 2016 оны 6 дугаар сарын 23-ны өдөр, үлдэгдэл 70 хувь болох 98 898 800 төгрөгийг ипотекийн 8 хувийн зээлээр төлөхөөр харилцан тохиролцсон байна. /1хх-ийн 40-45 тал/

Хариуцагч Т.Баатарцогт нь орон сууцны урьдчилгаа төлбөрт бэлнээр 12 000 000 төгрөг, дансаар 6 000 000 төгрөг, нийт 18 000 000 төгрөгийг төлсөн үнийн дүнгийн асуудлаар зохигчид маргаагүй болно. /1хх-ийн 37-38 тал/

Хариуцагч Т.Баатарцогт гэрээний дагуу төлбөр төлөх үүргээ биелүүлээгүйгээс Вишн экспресс ХХК-ийг төлөөлж Тэгш шийдэл ХХК-иас 2017 оны 4 дүгээр сарын 7-ны өдөр гэрээ цуцлах тухай мэдэгдлийг хүргүүлж байсан үйл баримтаас үзэхэд талуудын хооронд байгуулагдсан орон сууц захиалан бариулах гэрээг цуцлагдсан гэж үзэхээр байна. /1хх-ийн 39 тал/

Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй гэж заасан бөгөөд Вишн экспресс ХХК хариуцагч Т.Баатарцогт гэрээний бүрэн биелүүлж, эд хөрөнгийн үнийг бүрэн төлөөгүй гэх үндэслэлээр гэрээнээс татгалзсаныг хууль зөрчсөн гэж үзэхгүй.

Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар аль нэг тал гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар, түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэг хүлээдэг бөгөөд Вишн экспресс ХХК гэрээнээс татгалзсан тул хариуцагч Т.Баатарцогт гэрээний дагуу урьдчилгаанд төлсөн мөнгөө буцаан шаардах эрхтэй.

Анхан шатны шүүх Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй гэж заасан бөгөөд анхан шатны шүүх маргааны зүйл болж буй орон сууцыг хариуцагч Т.Баатарцогтын хууль бус эзэмшлээс гаргуулж, нэхэмжлэгч Рави Кришнадас Жагасиад олгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болно.

Хариуцагч Т.Баатарцогт нь нэхэмжлэгч Рави Кришнадас Жагасиаг орон сууцны төлбөр авсан болохыг нотлуулахаар С.Батзаяа, Б.Лхагвасүрэн нарыг гэрчээр асуулгасан байх бөгөөд гэрчүүд Т.Баатарцогтын төлсөн орон сууцны урьдчилгаа төлбөрт төлсөн 10 000 000 төгрөгийг нэхэмжлэгч Рави Кришнадас Жагасиа хүлээн авсан талаар мэдүүлсэн байна. /2хх-ийн 8-15 тал/

Дээрх байдлыг үгүйсгэсэн баримтыг нэхэмжлэгч талаас гаргаагүй байхад анхан шатны шүүх хуульд заасан журмын дагуу хууль сануулан авсан гэрчийн мэдүүлгийг нотлох баримтын хэмжээнд үнэлэхгүйгээр сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангахгүй орхисон нь буруу байх тул хариуцагч Т.Баатарцогтын 2016 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр бэлнээр төлсөн 10 000 000 төгрөгийг нэхэмжлэгч Рави Кришнадас Жагасиагаас гаргуулах нь зүйтэй байна.

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.5 дахь хэсэгт Үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал нь төлөхөөр хууль болон гэрээнд урьдчилан тодорхой хэмжээгээр заасан, эсхүл гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн тодорхой хувиар тогтоосон анзыг торгууль гэнэ гэж заасан бөгөөд талууд гэрээний 7.4-т торгууль төлөхөөр тохиролцжээ. /1хх-ийн 15 тал/

Харин талуудын хооронд байгуулсан гэрээ цуцлагдсан буюу гэрээнээс татгалзсан тул гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах арга болох торгуулийг гаргуулах хууль зүйн үндэслэлгүй юм.

Иймд дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Чимэдцэрэнгийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй байна гэж давж заалдах шатны шүүхээс үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 101/ШШ2018/02420 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

2 дахь заалтыг Иргэний хуулий 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Рави Кришнадас Жагасиагаас 10 000 000 төгрөгийг гаргуулан хариуцагч Т.Баатарцогтод олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 11 600 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж,

3 дахь заалтын ...олгосугай гэснийг ... олгож, нэхэмжлэгч Рави Кришнадас Жагасиагаас улсын тэмдэгтийн хураамжид 174 950 төгрөг гаргуулан хариуцагч Т.Баатарцогтод олгосугай гэж нэмж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Чимэдцэрэнгийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Т.Баатарцогтын заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 264 750 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурьдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                        Ж.ОЮУНТУНГАЛАГ

  ШҮҮГЧИД                           С.ЭНХТӨР

                                                   Ц.ИЧИНХОРЛОО