Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 02 сарын 28 өдөр

Дугаар 001/ХТ2019/00278

 

Р К Жгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч П.Золзаяа, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 101/ШШ2018/02420 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 2047 дугаар магадлалтай,

Р К Жгийн нэхэмжлэлтэй

Т.Бод холбогдох

Үл хөдлөх эд хөрөнгийг бусдын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай үндсэн нэхэмжлэлтэй, Орон сууц захиалан бариулах гэрээний үүрэгт 21 600 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Зохигчдын гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ууганбаяр, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Бадрал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Чимэдцэрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Сувд-Эрдэнэ нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Р К Ж нь Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хороолол, Улаанхуаран гудамж, 18 дугаар байрны 109 тоотод байрлах 67.6 м.кв 3 өрөө орон сууцны хууль ёсны өмчлөгч юм. Энэхүү орон сууцыг 2016 оны 6 дугаар сарын 23-ны өдөр иргэн Т.Б худалдан авахаар гэрээ байгуулан нүүж орсон. Гэтэл гэрээнд заасан төлбөрийн үлдэгдлийг одоо хүртэл өгөөгүй болно. Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.1 дэх хэсэгт зааснаар үнийг бүрэн төлснөөр өмчлөх эрх шилжих ёстой тул өмчлөх эрхийг шилжүүлээгүй. Гэрээ байгуулах үед 8 хувийн зээлд хамрагдахын тулд үл хөдлөх эд хөрөнгийн үнийн 30 хувийг төлсөн байх шаардлагатай гэсэн тул Вишн экспресс ХХК-ийн ажилтан Г.Ганбилэгтэй мөнгө төлсөн мэтээр гэрээ байгуулж, гарын үсэг зуруулсан. Нэхэмжлэгчийн зүгээс 2017 оны 4 сарас эхлэн тус байрыг чөлөөлөхийг шаардаж байна. 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдөр орон сууцны өмчлөгчөөр Сингапур улсын иргэн Р К Ж бүртгэгдэж энэ орон сууцны хууль өмчлөгч болсон. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг үндэслэн Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хороолол, Улаанхуаран гудамж, 18 дугаар байрны 109 тоотод байрлах 67.6 м.кв 3 өрөө орон сууцыг хариуцагч Т.Бын хууль бус эзэмшлээс чөлөөлж өгнө үү гэжээ.

Хариуцагч Т.Бын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Чимэдцэрэн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч Т.Б нь Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хороолол, Улаанхуаран гудамжид Хуур магнай ХХК-ийн захиалгаар Цахим гал ХХК-ийн барьж байсан Баяжих цогцолбор хорооллын анхны захиалагч болж, 2016 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр уг барилгыг байнгын ашиглалтад хүлээн авах ёслол дээр орон сууцны түлхүүрээ гардан авч байсан. Улмаар 2016 оны 6 дугаар сарын 23-ны өдөр Вишн экспресс ХХК-тай 11 дугаартай орон сууц захиалан бариулах гэрээг байгуулсан. Уг гэрээний дагуу гүйцэтгэгч Вишн экспресс ХХК нь 3 өрөө орон сууцыг захиалгаар бариулахаар харилцан тохиролцсон бөгөөд урьдчилгаа төлбөрт 18 000 000 төгрөгийг төлж, үлдэх хэсгийг ипотекийн зээлээр төлье гэсэн тохиролцоо хийсэн ба Вишн экспресс ХХК нь банкуудтай ипотекийн гэрээ хийх ёстой байтал хийгээгүй тул зээлэнд хамрагдаж чадаагүй. Хариуцагч талаас тухайн төлбөрийг төлөх график гарган төлөх талаар Вишн экспресс ХХК-д хүсэлт гаргаж байсан боловч хүлээж аваагүй, гэрээг дуусгавар болгосон. Вишн экспресс ХХК-ийн төлөөлөгч гэх Тэгш хийдэл ХХК-иас 2017 оны 4 дүгээр сарын 7-ны өдөр 16/06 гэсэн албан тоотоор гэрээг цуцалж дуусгавар болгох тухай мэдэгдлийг хүргүүлсэн. Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсэгт заасны дагуу гэрээний үүргээ биелүүлээгүй тохиолдолд тухайн үүргийг гүйцэтгэх талаар нэмэлт хугацаа тогтоож өгөх ба тухайн тогтоож өгсөн нэмэлт хугацаанд үүргээ биелүүлээгүй тохиолдолд нэг талын санаачилгаар гэрээг цуцлах эрхтэй байдаг. Талуудын хооронд байгуулсан гэрээний 3.3-т гэрээний нийт гэрээний үнийн дүнгийн 70 хувь буюу 98 898 800 төгрөгийг Ипотекийн 8 хувийн зээлээр төлж барагдуулна гэж заасан байдаг. Хариуцагч нь дээрх орон сууцны үлдэгдэл төлбөрийг ипотекийн зээлээр төлөхөөр хөөцөлдөж байсан ба банкнаас тавьсан холбогдох бүхий л шаардлагуудыг хангаж, зээлийн гэрээ байгуулахаар болоход гүйцэтгэгч байгууллага болох Вишн экспресс ХХК нь банкны ипотекийн зээлд хамрагдах боломжоор хангаагүй. Хариуцагчийн зүгээс тухайн орон сууцны төлбөрийг төлөх, төлбөрийн нөхцөлийн талаар гүйцэтгэгч байгууллагатай харилцан тохиролцохоор хэд хэдэн удаа хандсан боловч ямар нэг үр дүнд хүрэлгүй өнөөдрийн байдалд хүрээд байна. Т.Б болон Вишн экспресс ХХК-ийн хооронд байгуулсан гэрээний дагуу орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг Т.Бын нэр дээр гаргуулах ёстой байсан бөгөөд хууль бусаар өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулан авсан Р К Ж гэх хүний шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Иймд хууль бусаар өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулан авсан Р К Жгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Т.Бын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Чимэдцэрэн шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч Рави Крашнадас Жагасиагийн нэр дээр бүртгүүлсэн орон сууц болох Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 16 дугаар хороо, 18 дугаар байрны 109 тоот 67,6 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг захиалан бариулах гэрээг хариуцагч Т.Б нь Vision express компанитай байгуулан, урьдчилгаанд 18 000 000 төгрөг төлсөн. Вишн экспресс ХХК-тай 2016 оны 6дугаар сарын 23-ны өдөр байгуулсан 011 тоот Орон сууц захиалан бариулах гэрээ-ний дагуу захиалгаар барьсан, маргаан бүхий орон сууцны өмчлөх эрхийг захиалагч талд буюу Т.Бын өмчлөлд шилжүүлэх үүрэгтэй байсан бөгөөд энэхүү үүргээ зөрчиж, орон сууцны өмчлөх эрхийг Сингапур улсын иргэнд Рави Крашнадас Жагасиад шилжүүлэн өгсөн байна.  Хэдийгээр талуудын хооронд байгуулагдсан орон сууц захиалан бариулах гэрээг талууд дуусгавар болгоогүй байгаа боловч нэхэмжлэгчийн шүүхэд гаргаж буй нэхэмжлэлээс харвал орон сууц захиалан бариулах гэрээг цуцалж дуусгавар болгосон гэж ойлгож болохоор байна. Талуудын байгуулсан гэрээний 7.4-т талууд аль нэг талын санаачилгаар хүчин төгөлдөр энэхүү гэрээнээс татгалзсан эсхүл энэхүү гэрээг цуцлахыг хүсч санал гаргасан бол нөгөө талдаа Захиалагчийн төлсөн нийт төлбөрийн 20 (хорь)-н хувьтай тэнцэх хэмжээний торгуулийг нэг удаа төлнө” гэж заасан бөгөөд нэхэмжлэгч буюу гүйцэтгэгч тал нь гэрээг цуцлахаар санал гаргаж гэрээг дуусгавар болгосон тул захиалагч Т.Бод 20 хувийн торгуулийг төлөхөөр байна. Иймд хэргийн нөхцөл байдлыг харгалзан үзэж талуудын байгуулсан гэрээний дагуу нэхэмжлэгч талд төлсөн 18 000 000 төгрөг, гэрээ дуусгавар болгосонтой холбоотой нөгөө талд төлөх 20 хувийн торгууль буюу 3 600 000 төгрөг, нийт 21 600 000 төгрөг гаргуулан хариуцагч талд олгож, хариуцагчийг хохиролгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Р К Жгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Даваасүрэн сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Т.Б орон сууц захиалгаар бариулах гэрээг Вишн экспресс ХХК-ийн төлөөлөгч н.Ганбилэг гэж хүнтэй байгуулсан. Тэгэхээр энэ гэрээтэй холбоотой хариуцлагыг Р К Ж хариуцахгүй. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тодруулбал Хуур магнай ХХК-ийн зуун хувийн хувьцаа эзэмшигч учраас орон сууцыг худалдан авах гэрээ байгуулсан хүн нь Р К Ж өөрөө гэж яриад байна. Тэгэхээр компанитай нь гэрээ байгуулчихаад гэрээний үүргийн гүйцэтгэлийг хувьцаа эзэмшигчээс нь шаардаад байгаа юм болов уу гэсэн ойлголт төрөхөөр байна. Хэн хэнтэй гэрээ байгуулсан тэр гэрээний талаас шаардлагаа хариуцагч Т.Б гаргах нь зөв. Үнэхээр хувьцаа эзэмшигч бол түүнийг нотлох баримт хэрэгт байхгүй тул нэхэмжлэгч нь хариуцахгүй юм. Сөрөг нэхэмжлэлийн тухайд хариуцах ёстой этгээд нь Р К Ж биш. Үнэхээр хариуцах ёстой бол хуулийн үндэслэл нь тодорхойгүй байна. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Вишн экспресс ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Цолмонсүрэн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Вишн экспресс ХХК нь Монгол Улсын Барилгын салбарт хөрөнгө оруулалт хийж, Хуур магнай ХХК-ийн захиалгатай Цахим гал ХХК-ийн барьж гүйцэтгэсэн барилгыг буюу Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хороолол, Улаанхуаран гудамжид Баяжих цогцолбор хэмээх 166 айлын орон сууцны төслийг бусад компанитай хамтран хэрэгжүүлж байгаа юм. Тус байрны 18 дугаар байр 109 тоотод байрлах 67,6 мкв 3 өрөө орон сууцыг иргэн Т.Бод худалдахаар тохиролцон 2016 оны 6 дугаар сарын 23-ны өдөр гэрээ байгуулсан боловч Т.Б нь гэрээний 8.2.2-т заасан үүргээ биелүүлэлгүй төлбөрөө тохиролцсон хугацаандаа төлөөгүй учраас гэрээний 8.2-т заасны дагуу гэрээг цуцалсан болно. Ингээд төлбөрөө төлөөгүй тул дараагийн худалдан авагч болох Рави Кришинадас Жагасиад уг байрыг худалдан борлуулсан юм. Иймд иргэн К.Равигийн гаргасан нэхэмжлэл нь хууль ёсны үндэслэл бүхий болно. Т.Б нь манай компанитай байгуулсан гэрээний дагуу 18 000 000 төгрөгийг төлсөн байдаг. Энэ нь Вишн экспресс ХХК-ийн хохиролд суутгагдсан. Т.Б нь Вишн экспресс ХХК-тай 2016 оны 6 дугаар сард гэрээ байгуулаад 2017 он 4 дүгээр сард мэдэгдэл авсан байдаг. Энэ мэдэгдэлд ...өнөөдрийг хүртэл 10 сар энэ байранд байлаа, энэ хугацаанд 18 000 000 төгрөгөөс өөр ямар нэгэн төлбөр хийгдсэнгүй. Тийм учраас 18 000 000 төгрөг нь суутгагдаад 17 000 000 төгрөг болж байгаа. Энэ нь манай компанийн хохирол юм... гэсэн байдаг. 10 сарын хугацаанд 18 000 000 төгрөгөөс өөр ямар ч төлбөр төлөөгүй байж хууль ёсны өмчлөгчийн эрх ашиг гэсэн тайлбар гаргаж байгаа нь үндэслэлгүй. Хариуцагч нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагаар 18 000 000 төгрөг болон торгуулийг нэхэмжилж байгаа нь ямар ч үндэслэлгүй байна гэжээ.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 101/ШШ2018/02420 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасныг баримтлан Баянзүрх дүүрэг, 16 дугаар хороо, 16 дугаар хороолол /13321/, Улаанхуаран гудамж, 18 дугаар байрны 109 тоот, 67,6 мкв талбайтай, 3 өрөө, улсын бүртгэлийн Ү-2204089235 дугаарт бүртгэгдсэн орон сууцыг Т.Б /түүний гэр бүлийн гишүүд/-ын хууль бус эзэмшлээс гаргуулж, нэхэмжлэгч Р К Жд олгож, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хариуцагч Т.Бын нэхэмжлэгч Р К Жд холбогдуулан гаргасан талуудын байгуулсан гэрээний дагуу нэхэмжлэгч талд төлсөн 18 000 000 төгрөг, гэрээ дуусгавар болгосонтой холбоотой нөгөө талд төлөх 20 хувийн торгууль буюу 3 600 000 төгрөг, нийт 21 600 000 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөг, хариуцагч сөрөг нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 864 370 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.Боос улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Р К Жд олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 2047 дугаар магадлалаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 101/ШШ2018/02420 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтыг Иргэний хуулий 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Р К Жгаас 10 000 000 төгрөгийг гаргуулан хариуцагч Т.Бод олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 11 600 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж, 3 дахь заалтын ...олгосугай гэснийг ... олгож, нэхэмжлэгч Р К Жгаас улсын тэмдэгтийн хураамжид 174 950 төгрөг гаргуулан хариуцагч Т.Бод олгосугай гэж нэмж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Чимэдцэрэнгийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Чимэдцэрэн хяналтын гомдолдоо: Шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч энэхүү давж заалдах гомдлыг гаргаж байна. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэргийн бодит нөхцөл байдал гэрээ байгуулсан талууд, орон сууцыг худалдсан этгээд, төлбөрийг хүлээн авч байсан этгээдийг зөв тодорхойлж чадаагүй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шүүхийн шийдвэр хууль ёсны ба үндэслэл бүхий байна гэсэн шаардлагыг хангаж чадаагүй шийдвэр болсон байна. Нэхэмжлэл гаргаж буй Р К Ж гэх этгээд нь маргаан бүхий орон сууц буюу “Баяжих цогцолбор”-г захиалан бариулсан “Хуурмагнай” ХХК-н хөрөнгө оруулагч, 100 хувийн хувьцаа эзэмшигч бөгөөд орон сууцыг хариуцагчид худалдсан этгээд юм. Энэ талаарх нөхцөл байдал нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлээс тодорхой харагдах бөгөөд шүүхэд нэхэмжлэл гаргахдаа “Нэхэмжлэгч нь маргаан бүхий орон сууцны өмчлөгч юм. Энэхүү ооон сууцыг 2016 оны 06 сарын 23-ны өдөр иргэн Т.Б нь худалдан авна хэмээн гэрээ байгуулан орсон. Гэтэл гэрээнд заасан төлбөрийн үлдэгдлийг одоог хүртэл төлөөгүй юм. Иргэний хуулийн 112.1-д зааснаар үнийг бүрэн төлснөөр өмчлөх эрх шилжих байсан боловч үнийг төлөөгүй өмчлөх эрх шилжээгүй. Гэрээ байгуулж байх үөд 8%-н зээлд хамрагдах гэж байгаа учраас үнийн дүнгийн 30 хувийг төлсөн гэж бичүүлмээр байна гэсний дагуу тухайн үед тухайн үед “vision express” компанид ажиллаж байсан Ганбаатар овогтой Ганбилэгээр мөнгө төлсөн мэтээр гэрээ байгуулж гарын үсэг зуруулсан, мэдэгдэл хүргүүлж байсан боловч одоог хүртэл шаардлагыг биелүүлээгүй болно” гэсэн байх бөгөөд анх нэхэмжлэл гаргах үедээ орон сууцыг хариуцагчид худалдсан, гэрээний дагуу төлбөрөө төлөөгүй учраас орон сууцны өмчлөх эрхийг өөрийн нэр дээр гаргуулан авч нэхэмжлэл гаргаж байгаа гэсэн нөхцөл байдлаа тодорхойлсон байдаг. Мөн хариуцагчийн зүгээс энэ талаарх нөхцөл байдлыг нотлуулахаар хэрэгт нотлох баримтаар сиди бичлэг өгч, уг бичлэгт үзлэг хийлгүүлэн, тодорхой нөхцөл байдлыг мэдэж байсан гэрчүүдийг асуулгасан ба нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч өмгөөлөгч нар нь нэхэмжлэгч бол орон сууцыг захиалан бариулсан “Хуурмагнай” ХХК-н ерөнхий захирал, 100 хувийн хувьцаа эзэмшигч мөн гэдгийг хүлээн зөвшөөрсөн байдаг. Орон сууцны цогцолборт хөрөнгө оруулж бариулсан компанийн 100 хувийн хувьцаа эзэмшигчийн хувьд тухайн орон сууцны цогцолбор нэхэмжлэгч Р К Ж-н мэдлийн хөрөнгө болох бөгөөд нэхэмжлэгч нь тухайн орон сууцны цогцолбортой холбоотой бүхий л асуудлыг /худалдах, барьцаалах, бэлэглэх, захиран зарцуулах зэрэг/ шийдвэрлэх, захиран зарцуулснаас олсон орлого, ашгийг хүртэх эрхтэй этгээд болох юм. Маргаан бүхий орон сууцны цогцолборыг ашиглалтад оруулсны дараа Монгол Улсад төлөх татвараас зайлсхийх зорилгоор орон сууцны эзэмшлийг оффшор бүсэд байрлах “vision express” Ltd, “Zenith Intelligence” гэх 2 компанид шилжүүлсэн байдаг ямар учраас шилжүүлсэн талаарх нөхцөл байдлыг гэрчээр асуугдсан Б.Лхагвасүрэн нь тодорхой хэлсэн байдаг. Хэдийгээр орон сууцны эзэмшил нь гадаадад байрлах оффшор компанид байдаг боловч орон сууцыг худалдах, бэлэглэх, захиран зарцуулах талаарх бүхий л шийдвэрийг нэхэмжлэгч гаргахыг зэрэгцээ тухайн үйл ажиллагаанаас олсон орлого, ашиг, орон сууцыг худалдсан төлбөр зэргийг нэхэмжлэгч Р К Ж авч байсан нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогддог. Давж заалдах шатны шүүх дээрх нөхцөл байдлыг зөв дүгнэж, маргаан бүхий орон сууцны урьдчилгаанд төлсөн 10 000 000 төгрөгийг нэхэмжлэгч Р К Ж авсан байна гэсэн үндэслэл бүхий дүгнэлт хийсэн боловч маргааны цаад мөн чанарыг бүрэн ойлголгүй сөрөг нэхэмжлэлийн зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. Хариуцагчийн зүгээс гэрчээр нэхэмжлэгчийн удирдлага доор ажиллаж байсан ажилтан болох С.Батзаяаг асуулгасан бөгөөд гэрч С.Батзаяа нь тухайн компанид ажиллаж байх хугацаанд компанийн үйл ажиллагааг хэн удирдаж явуулдаг, үйл ажиллагаа явуулсны үр дүнд олсон орлого буюу “Баяжих” цогцолборын барилгыг бусдад худалдаж, түүнээс олсон орлогыг хэн авдаг байсан талаар нөхцөл байдлыг тодорхой гэрчилсэн бөгөөд гэрчийн мэдүүлгээс нэхэмжлэгч буюу Р К Ж нь маргаан бүхий орон сууц буюу Баяжих цогцолборын орон сууцыг бусдад худалдах, бэлэглэх захиран зарцуулах эрх бүхий этгээд мөн бөгөөд тухайн үйл ажиллагаанаас олсон орлогыг авдаг, захиран зарцуулдаг этгээд мөн талаар тодорхой гэрчилсэн байдаг. Гэтэл давж заалдах шатны шүүх хэргийн дээрх хэсэгт үндэслэл бүхий тайлбар хийлгүй 10 000 000 төгрөгийг бэлнээр авсан нөхцөл байдал тогтоогдож байх тул тухайн хэсгийг шаардах эрхтэй гэсэн дүгнэлт хийж шийдвэрлэсэн нь маргааныг бүхэлд нь хянаж үзээгүй байна. Энэхүү хэргийн шийдвэрлэхдээ нэхэмжлэгч буюу Р К Ж нь хариуцагчаас ямар учраас 10 000 000 төгрөгийг бэлнээр авсан нөхцөл байдлыг зайлшгүй тодруулах шаардлагатай юм. Хариуцагчийн зүгээс нэхэмжлэгч буюу Р К Жд ямар учраас 10 000 000 төгрөг бэлнээр төлсөн нөхцөл байдлыг зайшгүй тодруулах шаардлагатай бөгөөд хэн нэгэн хүнд ямар нэг тодорхой зорилгогүйгээр мөнгө шилжүүлэхгүй нь тодорхой юм. Хариуцагчийн хариу тайлбарт дурдсан, хэрэг авагдсан баримт, гэрчүүдийг мэдүүлэг зэргээс дээрх 10 000 000 төгрөгийг орон сууц худалдан авахаар шилжүүлсэн болох нь тодорхой харагдах бөгөөд харин дээрх 10 000 000 төгрөгийг ямар учраас нэхэмжлэгч авч байгаа вэ гэдэг асуудлыг тодруулалгүй хэргийг шийдвэрлэсэн нь анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийн үндэслэл бүхий байх нөхцөлийг үгүйсгэж байгаа юм. Гэрээг хэдийгээр Самао улсад бүртгэлтэй “vision express” Ltd-тэй байгуулсан боловч орон сууцыг хариуцагчид худалдсан этгээд нь нэхэмжлэгч юм. Мөн хэрэгт авагдсан баримтаар тухайн орон сууцанд хөрөнгө оруулсан бөгөөд үр шимийг хүртэх эрхтэй, хариуцагчаас орон сууцны урьдчилгаанд төлсөн төлбөрийг хүлээн авсан этгээд нь нэхэмжлэгч байхад тухайн нөхцөл байдлыг харгалзан үзэлгүй Р К Ж нь дээрх маргаанд хамааралгүй мэтээр дүгнэлт хийж шийдвэрлэсэн нь хариуцагчийн хууль ёсны эрх ашиг сонирхлыг зөрчсөн шийдвэр болсон байна. Хэргийн нөхцөл байдлаас харвал гадаадын нэг иргэн Монгол Улсын иргэнд орон сууц худалдсан бөгөөд орон сууцыг худалдахдаа оффшор бүсэд байрлах гадаадын компаниар гэрээг байгуулан дараа нь үндэслэлтэй үндэслэлгүй шалтаг шалтгаан хэлж гэрээг цуцлан, /бодит байдал дээр гэрээг зохих журмын дагуу цуцлаагүй./ орон сууцны өмчлөх эрхийг өөрийн нэр дээр гаргуулан орон сууцыг албадан чөлөөлүүлж байгаа хэрэг юм. Хариуцагч нь урьдчилгаанд төлсөн төлбөрийн асуудлыг нэхэмжлэгчийн гаргаж буй энэхүү нэхэмжлэлтэй хамт шийдүүлэхгүй тохиолдолд энэхүү маргаан шийдвэрлэгдэж дууссаны дараа нэхэмжлэл гаргаж гэрээ байгуулсан “vision express” Ltd-иас шаардах боломжгүй бөгөөд тус компани нь Монгол Улсад албан ёсны салбар, төлөөлөгчийн газаргүй ба тодорхой итгэмжлэлд үндэслэж үйл ажиллагаа явуулдаг компани юм. Орон сууц захиалан бариулах гэрээ байгуулсан компаниас төлбөр гаргуулахын хүсвэл тус компанийн байрлаж үйл ажиллагаа явуулдаг Сингапур улсын шүүхэд хандах шаардлагатай болох бөгөөд ийнхүү маргаан үүсгэж шийдвэрлүүлэх зардал нь урьдчилгаанд төлсөн төлбөрөөсөө илүү гарах юм. Хэрэв анхан шатны шүүхийн шийдвэр хэвээр үлдэж шийдвэрлэсэн тохиолдолд Монгол Улсын нэг иргэн орон сууцны урьдчилгаанд төлсөн төлбөрөөрөө хохирч, орон сууцыг худалдаж, дараа нь өөрөө өмчлөгч болсон Сингапур Улсын иргэн Р К Ж нь хожоод дуусах юм. Мөн шүүгчийн маргааныг шийдвэрлэхдээ Монгол Улсын Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1-т зааснаар “Улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэл үнэн зөв байна” гэснийг үндэслэж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болсон байдаг. Учир нь маргаан бүхий орон сууцны эзэмшил нь гадаад улсын хуулийн этгээд буюу “vision express” Ltd бөгөөд дээрх компанийг төлөөлж нэхэмжлэгч Р К Ж-тай гэрээ байгуулж, Баянзүрх дүүргийн бүртгэлийн хэлтэст албан бичиг хүргүүлсэн Г.Номинцэцэг нь тухайн компанийг төлөөлөх бүрэн эрхтэй эсэх нь тодорхойгүй байдаг. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Баянзүрх дүүргийн бүртгэлийн хэлтсээс маргаан бүхий орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг авахад бүрдүүлж өгсөн баримтуудыг нотлох баримтын шаардлага хангуулан гаргуулсан бөгөөд дээрх баримт дунд орон сууцыг худалдах гэрээ байгуулсан Г.Номинцэцэг нь “vision express” Ltd-г төлөөлж гэрээ байгуулах, хүсэлт гаргах эрх олгосон итгэмжлэл байгаагүй. Дээрх нөхцөл байдлаас харвал шүүгчийн үндэслээд байгаа иргэний хуулийн 183.1-т заасан улсын бүртгэл нь хууль бус байх боломжтой байхад тухайн нөхцөл байдлыг харгалзан үзэлгүй нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болсон байна. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Даваасүрэн хяналтын гомдолдоо: Магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтад “10 000 000 төгрөгийг гаргуулан хариуцагч Т.Бод олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 11 600 000 төгрөг холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэсэн хэсгийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр гомдол гаргаж байна. Т.Б нь 2016 оны 06 сарын 23-ны өдрийн 011 дугаартай “Орон сууц захиалгаар бариулах гэрээ”-г “Вишн экспресс” ХХК-ийн төлөөлөгч Г.Ганбилэг гэж хүнтэй байгуулсан. Тэгэхээр энэ гэрээтэй холбоотой хариуцлагыг нэхэмжлэгч Р К Ж хариуцахгүй, нэхэмжлэгч нь уг орон сууцны өмчлөх эрхийг “Вишн экспресс” ХХК- тай байгуулсан 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 023 дугаартай “Орон сууц захиалан бариулах гэрээ”-ний үндсэн дээр шилжүүлж авсан. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Чимэдцэрэн нь “Вишн экспресс " ХХК-ийн хувьцаа эзэмшигч нь Р К Ж учраас туүнд холбогдуулан сөрөг нэхэмжлэл гаргасан, “Вишн экспресс” ХХК нь Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаггүй, бүртгэлгүй учраас нэгэнт байрнаас гарчихвал төлсөн 18 000 000 төгрөгийг буцаан олж авч чадахгүй. Тиймээс Кришнадас Жагасиа нь 18 000 000 төгрөгийг төлөх ёстой хэмээн тайлбар гаргадаг. Компанийн бусдын өмнө хүлээсэн үүргийг хувьцаа эзэмшигч хүлээхгүй, мөн хувьцаа эзэмшигч мөн биш тухай баримт хэрэгт байхгүй. тиймээс хариуцагч Т.Б нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа “Вишн экспресс” ХХК-д холбогдуулан гаргах нь зүйгэй юм. Гэтэл энэхүү нөхцөл байдлыг давж заалдах шатны шүүх харгалзан үзэлгүй, Р К Ж нь тухайн үүргийг хариуцах этгээд биш байхад түүнд холбогдуулан сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь буруу юм. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож. анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулах хуулийн үндэслэлтэй байна. Хоёр шатны шүүх орон сууц чөлөөлүүлэх нэхэмжлэлийг хангаж, сөрөг нэхэмжлэлийг хангах эсэх талаар өөр өөр эрх зүйн дүгнэлтийг хийжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “...магадлалыг хүчингүй болгуулж шийдвэрийг хэвээр үлдээх...”-ийг хүсч гомдол гаргасныг хангах боломжгүй байна. Харин сөрөг нэхэмжлэлийг хангуулахыг хүссэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлын зарим хэсгийг хангаж, магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх үзэв.

Нэхэмжлэгч Сингапур улсын иргэн Р К Ж нь хариуцагч Т.Бод холбогдуулан Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хороолол, Улаанхуаран гудамж, 18 дугаар байрны 109 тоот 3 өрөө орон сууцыг түүний хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх нэхэмжлэлийг, хариуцагч нь орон сууц захиалан бариулах гэрээний дагуу төлсөн 18 000 000 төгрөг, торгууль 3 600 000 төгрөг, нийт 21 600 000 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулах сөрөг нэхэмжлэлийг тус тус гаргажээ.

Хоёр шатны шүүх орон сууц чөлөөлүүлэх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсгийг зөрчөөгүй байна. Нэхэмжлэгч гэрээнээс татгалзснаар гэрээ дуусгавар болж, хариуцагчийн эзэмшил хууль бус болсон тул өмчлөгчийн шаардах эрхийн дагуу орон сууцыг чөлөөлүүлсэн байна. Шаардах эрхийг зохицуулсан хуулийн хэд хэдэн зохицуулалтаас шүүх Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсгийг сонгож хэрэглэсэн нь зөв болжээ.

Хэрэгт байгаа баримтаас үзвэл нэхэмжлэгч Р К Ж нь маргааны зүйл болох үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч байх ба хариуцагч Т.Б нь уг орон сууцыг 2016 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн худалдах-худалдан авах гэрээний үндсэн дээр эзэмшиж байсан, гэрээний нэг тал нь гадаадын хуулийн этгээд болох Вишн экспресс  компани боловч Р К Ж нь тухайн компанитай хамааралтай болохоос гадна орон сууцыг барьсан Хуур магнай ХХК-ийн хөрөнгө оруулагч, орон сууцыг захиран зарцуулах эрхтэй байсан тул нэхэмжлэгчийг худалдах-худалдан авах гэрээний нэг тал гэж үзэх үндэслэл хэрэгт байгаа баримтын хүрээнд хангалттай тогтоогдсон, давж заалдах шатны шүүх үндэслэл бүхий эрх зүйн дүгнэлтийг хийжээ.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлохдоо “..Т.Б нь орон сууцыг худалдаж авахаар гэрээ байгуулан нүүж орсон. Гэрээнд заасан төлбөрийн үлдэгдлийг одоо хүртэл өгөөгүй... орон сууцыг чөлөөлүүлэхийг шаардаж байна...” гэснээс үзэхэд худалдах-худалдан авах гэрээг үгүйсгээгүй, уг гэрээнээс татгалзсан үйл баримтыг  нэхэмжлэлийн үндэслэлээ болгосон байх ба орон сууцаа буцаан авах нөхцөлд хариуцагчаас авсан урьдчилгаа мөнгийг буцааж өгөх үүрэгтэй байна.

Давж заалдах шатны шүүх сөрөг нэхэмжлэлийн шаардлагад Иргэний хуулийн 205 дугаар зүйлийг хэрэглэсэн нь оновчтой болсон боловч нэхэмжлэгчээс шилжүүлсэн мөнгийг бүрэн буцааж гаргуулаагүй нь үндэслэл муутай болжээ. Хариуцагчаас 18 000 000 төгрөгийг Вишн экспресс компанид хүлээлгэн өгсөн баримт байх боловч Вишн экспресс  компани болон нэхэмжлэгч Р К Ж нь хоорондоо хамааралтай ашиг сонирхол нэг этгээд тул орон сууцыг чөлөөлүүлсэн тохиолдолд нэхэмжлэгч гэрээний дагуу авсан мөнгийг буцааж төлөх үүрэгтэй юм.

Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт “Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй” гэж заасан.

Т.Б нь орон сууцны үнийг бүрэн төлөөгүй, үүргээ зөрчсөн гэх үндэслэлээр Вишн экспресс ХХК гэрээнээс татгалзсан, энэ үйл баримтыг нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ болгосон тул нэхэмжлэгч нь үр дагаварыг хариуцах ёстой байна.

Давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн холбогдох зүйл, заалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн боловч сөрөг нэхэмжлэлийн зарим хэсгийг хангасан нь Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д нийцээгүй тул магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ: 

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 2047 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтад “...10 000 000..гэснийг 18 000 000 гэж, ...11 600 000..гэснийг ...3 600 000..гэж, ...174 950..гэснийг 247 950...” гэж тус тус өөрчилж, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4, 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 175 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас төлсөн 200 550 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

       ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                             Х.СОНИНБАЯР

  ШҮҮГЧ                                                                        П.ЗОЛЗАЯА