| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэнд-Аюушийн Ичинхорлоо |
| Хэргийн индекс | 181/2018/00779/И |
| Дугаар | 210/МА2018/02127 |
| Огноо | 2018-10-12 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 10 сарын 12 өдөр
Дугаар 210/МА2018/02127
| 2018 оны 10 сарын 12 өдөр | Дугаар 210/МА2018/02127 |
Улаанбаатар капитал ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Т.Туяа, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2018 оны 6 дугаар сарын 8-ны өдрийн 181/ШШ2018/01296 дугаар шийдвэртэй
Нэхэмжлэгч Улаанбаатар капитал ХХК-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч Эй Жи Пи Эм ХХК болон Блюскай эйжиа ХХК-иудад холбогдох
2017 оны 8 дугаар сарын 31-ний өдөр Эй жи пи эм ХХК-тай байгуулсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээгээр авсан Нийслэлийн Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Соёл амралтын хүрээлэн, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 17 дугаартай барилгын 7,8 давхрын гэрээнд заасан талбайн зөрүүд ногдох төлбөр болох 423 935 711,97 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Нэхэмжлэгч Улаанбаатар капитал ХХК-ийн гүйцэтгэх захирал М.Мөнхбаатарын давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Батбаяр
Хариуцагч Эй Жи Пи Эм ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч:
О.Батхүү
Хариуцагч Блюскай эйжиа ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч:
Г.Батболд
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: А.Золзаяа нар оролцов.
Нэхэмжлэгч Улаанбаатар капитал ХХК-ийн гүйцэтгэх захирал М.Мөнхбаатар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Наранцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Улаанбаатар капитал ХХК нь Эй Жи Пи Эм ХХК-тай 2017 оны 8 дугаар сарын 31-ний өдөр үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Тухайн гэрээгээр Блюскайгийн 7, 8 дугаар давхрыг худалдаж авсан. Худалдаж авсан зүйлийн биет байдлын доголдолтой холбоотойгоор 923 935 711, 97 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон. Нэхэмжлэгч нь Эй Жи Пи Эм ХХК-тай гэрээ байгуулахдаа тухайн үед 7, 8 дугаар давхарт тавигдсан хэмжээг үндэслэл болгосон бөгөөд 7 давхар 1453.6, 8 давхар 1455.75 мкв-уудыг худалдаж авсан. Улмаар 2017 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр манай компанийн нэр дээр үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ гарсан. Гэрээний 1.1 дэх хэсэгт гэрчилгээнд тавигдсан хэмжээг талууд үндэслэсэн байдаг. Үл хөдлөх эд хөрөнгийн доголдлыг илрүүлэх боломж бүрдсэний дараа манай компани тусгай зөвшөөрөлтэй компаниар хэмжилт хийлгэхэд нийт 283.93 мкв дутуу байна гэдэг нь тодорхой болсон. Талбайн хэмжээ м.кв дутуу байгаа талаар Блюскай Эйжиа ХХК-д мэдэгдэхэд Эй Жи Пи Эм ХХК-д ханд гэж хэлсэн. Үүний дагуу Блюскай Эйжиа ХХК, Эй Жи Пи Эм ХХК-ний төлөөлөгч нар байлцаж тухайн дүгнэлтийг тайлбарлуулсан. Гэтэл тухайн хэмжилтийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэж хариу ирүүлсэн. Нэхэмжлэлийн үндэслэлийн хувьд манай Улаанбаатар капитал ХХК нь үл хөдлөх эд хөрөнгийн доголдолтой холбоотой шаардлага гаргах эрхтэй, энэхүү эрхээ алдаагүй байгаа. Бид хүчин төгөлдөр худалдах, худалдан авах гэрээний дагуу үл хөдлөх эд хөрөнгө эзэмшиж, олж авсан. Нэхэмжлэгч компанийн Эй Жи Пи Эм ХХК-тай байгуулсан 2018 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн худалдах, худалдан авах гэрээ нь Блюскай эйжиа ХХК, Т.Энхболдсодном нарын 2017 оны 8 дугаар сарын 25-ны өдөр нартай байгуулсан баталгааны гэрээнд үндэслэсэн. Баталгааны гэрээний заалтаар Блюскай эйжиа ХХК нь Эй Жи Пи Эм ХХК-тай нэгдмэл сонирхолтой этгээд гэж баталгаажуулсан. 2017 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн байдлаар өөрийнх балансад 4 343 948 732,48 төгрөгөөр бүртгэгдсэн 7, 8 давхрыг 100 хувь өөрийн хөрөнгө оруулалттай Эй Жи Пи Эм ХХК руу хөрөнгө оруулалт байдлаар хувьцаанд хөрвүүлэн шилжүүлж, Эй Жи Пи Эм ХХК-д бүртгэгдсэний дараа тухайн компанийн хувьцааг Т.Энхболдсодномд худалдаж, Т.Энхболдсодномын эзэмшилтэй, 7, 8 давхар гэх өмчтэй, Эй Жи Пи Эм компани болсны дараа тухайн компанитай Улаанбаатар капитал ХХК 4 343 948 732,48 гэж заасан мөнгөн дүнгээр тухайн 2 үл хөдлөх эд хөрөнгөд худалдах худалдан авах гэрээ байгуулна гэж тохиролцоод баталгааны гэрээг хийсэн юм. Хариуцагч талууд нь баталгааны гэрээнд нэгдмэл сонирхолтой нэг тал болоод орж ирсэн байдаг. Тухайн баталгааны гэрээгээр тохирсон тохиролцоо нь үл хөдлөх эд хөрөнгө худалдан авах гол үндэслэл болсон. Тиймээс Улаанбаатар капитал ХХК нь хуульд нийцсэн үл хөдлөх хөрөнгө худалдаж авсан тул Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт заасны дагуу гэрээгээр хүлээж авсан зүйлийн доголдолтой холбоотой нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлж, нэхэмжлэл гаргасан. Биет байдлын доголдолтой холбоотой маргаан үүсэх болсон шалтгаан нь 7 давхраас 22.82 мкв, 8 давхраас 261.11 мкв, нийт 283.93 мкв дутсан. Тухайн хэмжилт хийсэн компани нь олон нийт, иргэний барилгын БНБД310303 гэх норм дүрмийн дагуу дүгнэлтээ гаргасан байдаг. Мөн хоёр компанийн төлөөлөх хүмүүстэй уулзаж, хэрхэн хэмжилт хийж, зөрүү гарсан талаар тайлбарласан. Энэхүү норм дүрмийн заавал мөрдөх 4 дүгээр хавсралт Олон нийт иргэний барилгын ашигтай талбай, барилгын эзлэхүүн, барилгажих талбай, барилгын давхрыг тооцох журам гэж байдаг. Энэхүү журмын 1-т барилгын давхрын талбай гадна хананы дотор талын гадаргууны хэмжээгээр тодорхойлогдоно ... налуу ханатай барилгын давхрын талбайг шалны түвшингийн хүрээгээр тогтооно гэж заасан байдаг. Барилгын гадаргуу налуу, тэгш биш тул энэхүү онцлогийг харгалзаж хэмжилт хийсэн гэж тайлбарлаж байсан. Заавал мөрдөх дүрмийн 4 дүгээр хавсралтын 2-т барилгын ашигтай талбай нь тухайн барилгын өрөө тасалгаа, танхим, тагт, хөлийн өрөөний талбайн нийлбэр байна. Ашигтай талбай, шатны хонгил орохгүй, цахилгаан шат, дотор задгай шат, хонгил, пандусын талбай орохгүй гэж заасан. Өөрөөр хэлбэл хэрэгт авагдсан 7, 8 давхрын байгуулалтын зураг нь шатны хонгил орохгүй, цахилгаан шатны нүх орохгүй, дотор задгай шат орохгүй, хонгил орохгүй гэснийг оруулж тооцсон зураг байсан. Хариуцагчид доголдолтой хөрөнгө авсан талаар мэдэгдсэн удаа дараагийн хүсэлтэд Блюскай эйжиа ХХК-иас 2018 оны 2 дугаар сарын 28-ны өдөр 76 дугаар албан бичгээр хариу ирүүлсэн. Тус албан бичигт 7 давхрын терасыг анхнаасаа зараагүй гэсэн байдаг бөгөөд уг тайлбар нь ямар ч үндэслэлгүй. Тухайлбал орон сууцны барилгын дотор талбайг тооцох аргачлал гэж MNS 6058:2009 гэх аргачлал байдаг. Энэхүү аргачлалыг орон сууцны зориулалтыг үл харгалзан итгэлцүүрийг хэрэглэдэг бөгөөд стандартын 3.7, 3.4-т тус тус заасан байдаг. Тиймээс барилгын салшгүй нэг хэсэг болох терасыг барилгын ашигтай талбайд оруулж тооцохдоо 30 хувийн итгэлцүүрээр тооцож оруулдаг итгэлцүүр байгаа. Үүний дагуу 30 хувиар тооцож оруулсан гэж тухайн хэмжилт хийсэн компани тайлбарладаг. Ингэж тодорхойлоод байхад манайх зараагүй гэж байгаа нь үндэслэлгүй. Үл хөдлөх эд хөрөнгийг хүлээж авах үед доголдлыг мэдэх боломжгүй байсан, өмчлөх эрхтэй болохдоо хөрөнгөө эзэмшиж, ашиглаад явах боломж байгаагүй. Манай байгууллага үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч болох үед 7 давхарт 7 аж ахуй нэгж үйл ажиллагаа явуулж байсан бөгөөд түрээслэгч нарт өмчлөгч өөрчлөгдсөн талаар мэдэгдээгүй тул манай компани үл хөдлөх эд хөрөнгөө актаар хүлээн авч бодитоор эзэмших, чөлөөтэй нэвтрэх боломж байгаагүй, түрээсийн гэрээг шилжүүлэх ажиллагаа явагдаагүй. 2017 оны 9 дүгээр 19-ний өдөр гэрээ байгуулсан, 9 дүгээр сарын 23-ны өдөр хэмжилт хийлгэсэн, 09 дүгээр сарын 25-ны өдөр тайланг хүлээж авсан. Хэмжилт хийлгэхээс өмнө эд хөрөнгийн доголдлыг мэдэх боломжгүй байсан. Үл хөдлөх эд хөрөнгийн доголдол нь худалдан авагчийн ашиглалтаас үүсээгүй тул манай байгууллагад хамааралгүй. Үл хөдлөх эд хөрөнгийн биет байдлын доголдолтой холбоотой шаардлага гаргах эрхээ Иргэний хуулийн 261 дүгээр зүйлийн 261.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасан гэрээний үүргээ зөрчсөнөөс учирсан гэм хорыг арилгах нийтлэг журмын хүрээнд тодорхойлж байна. Иймд худалдаж авсан талбайн зөрүү 283,93 м.кв-ын үнэ 423 935 711, 97 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Эй Жи Пи Эм ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Батхүү шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:
Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэгдүгээрт хавтаст хэрэгт авагдсан материал болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан тайлбарт манай компани зөвхөн тухайн 7, 8 давхрыг шилжүүлэхэд татварын болон балансын зөрүүг шийдвэрлэхээр хэлцлийн дундуур орж ирээд гарсан. Энэ нь хавтаст хэрэгт авагдсан Блюскай эйжиа ХХК-ийн хувь нийлүүлэгчдийн хурлын тогтоолоор манай компани уг маргаан бүхий 7, 8 давхрыг хөрөнгө оруулалтын зорилгоор шилжүүлсэн. Энэ үйл ажиллагаатай холбоотойгоор манай компани ямар нэгэн орлого олж, алдагдал хүлээсэн зүйл байхгүй. Шүүхээс гарах шийдвэр заавал биелэгдэх шинжтэй байдаг. Манай компанийн хувьд дансандаа ямар ч мөнгө байхгүй, цаасан дээрх компани. Зөвхөн шилжүүлэг хийх зорилгоор байгуулагдсан. Тиймээс уг маргаан нь Улаанбаатар капитал ХХК болон Блюскай эйжиа ХХК-иудын хоорондын маргаан гэж үзэж байна. Тиймээс нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч Блюскай эйжиа ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Батболд шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:
Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байгаа. Блюскай эйжиа ХХК-ийн цамхагийн барилгыг 2006 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр барилгын ажил гүйцэтгэх гэрээгээр авсан. Тухайн компанийн барьсан барилгыг ашиглалтад орох зөвшөөрлийг үндэслэн төлбөрийг бүрэн төлж, хүлээж авсан. Үүнтэй холбоотой баримт хавтаст хэрэгт байгаа. 2017 оны 8 дугаар сарын 25-ны өдөр нэхэмжлэгч болон н.Энхболдсодномтой баталгааны гэрээ байгуулсан. Тухайн гэрээний 2.3, .2.3.1, 2.3.2-т зааснаар Блюскай эйжиа ХХК нь өөрийн өмчлөлийг 100 хувь Эй Жи Пи Эм ХХК-ний нэр дээр 4 343 948 732,48 төгрөгийн хөрөнгө оруулах үүрэг хүлээсэн. Уг үүргийн дагуу Эй Жи Пи Эм ХХК-ийн нэр дээр хөрөнгийг шилжүүлж, эрэлтэд гаргасан. Бүх хувьцааны өмчлөлийн нийт хувьцааны нэрлэсэн үнээр үүрэг гүйцэтгэгчээр орж ирсэн н.Энхболдсодномд шилжүүлэхээр тохиролцсон байсан энэхүү үүргээ бүрэн биелүүлсэн. Энэ талаар баталгааны гэрээний 2.5-д тодорхой заасан байдаг. Баталгааны гэрээнд зөвхөн 7, 8 дугаар давхар бус 4 дүгээр давхрын тодорхой хэсгийг мөн худалдахаар тохиролцсон байдаг. Ингэхдээ тухайн гэрээнд байгаа тодорхой хэмжээний мөнгийг Блюскай эйжиа ХХК-ийн дансанд хийсэн тохиолдолд 4 давхрыг шилжүүлж өгнө гэж заасны дагуу тухайн үүргийг биелүүлсэн байдаг. 2017 оны 8 дугаар сарын 31-ний өдөр байгуулсан гэрээгээр эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх үүргээ бүрэн биелүүлж, хуулийн этгээдийн бүртгэлийн тухай хуулинд заасны дагуу баримт бичгийг бүрдүүлэн улсын бүртгэлийн газарт бүртгүүлсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хариуцах боломжгүй байна. Блюскай эйжиа ХХК-нь 2017 оны 8 дугаар сарын 25-ны өдөр байгуулсан баталгааны гэрээний дагуу хувьцааг худалдаж, биет байдлын доголдолгүй эд хөрөнгийг худалдах үүргийг нэхэмжлэгчийн өмнө хүлээгээгүй бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг хариуцах үндэслэлгүй байна. Хэрэгт хэмжилт хийсэн компанийн 7, 8 дугаар давхарт хийсэн дүгнэлт авагдсан байсан. Тухайн барилгын онцлог өөр, аль талаас нь хэмжилт хийсэн нь тодорхой бус, тухайн барилгын онцлог нь гүдгэр хэлбэртэй, тэгш бишээс гадна барилгыг бэлэн болгож, хүлээлгэж өгөхөөс өмнө тухайн барилгад янз бүрийн зүйл байрлуулаагүй байсан учир ажил гүйцэтгэгчийн хийсэн хэмжилт өөр гарах боломжтой. Терасын хувьд манай компанийн хувьцаа эзэмшигч нь Т.Энхболдсодномтой Эй Жи Пи Эм ХХК хувьцааг шилжүүлэхэд амаар болон бичгээр терасын хэсгийг тусад нь шилжүүлэхээр тохироогүй. Энэ талаар тохиролцоогүй учир хүлээж авах боломжгүй. Үл хөдлөх эд хөрөнгийн доголдлын хувьд Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.6 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлснээс хойш 6 сарын дотор доголдлыг илрүүлсэн худалдан авагч нь Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.4 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй. Шаардах эрхийн хугацаа өнгөрсөн байна. Мөн нэхэмжлэгч нь Эй Жи Пи Эм ХХК-иас шилжүүлэн авсан эд хөрөнгийг бодитоор эзэмших боломж олгоогүй гэх гомдол гаргасан бөгөөд уг асуудалд манай компани ямар ч холбоогүй. Учир нь тус компанийн барилга анх баригдаж, ашиглалтад орсноос эхлэн Блюскай эйжиа ХХК-ийн өмнөх хувьцаа эзэмшигч Т.Энхболдсодном, түүнтэй харилцан хамаарал бүхий компани нь тус барилгын 8 дугаар давхрыг бүхэлд нь ашиглаж байсан. 7 дугаар давхрын түрээслэгч нь нарын төлбөрийг Эй Жи Пи Эм ХХК-д цаг тухайд нь шилжүүлж байсан. Нэхэмжлэгч нь 8 дугаар давхрыг 2017 оны 8 дугаар сарын 8-ны өдөр н.Энхцэцэгт үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн байна. 2017 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр н.Энхцэцэг нь хувьцааны хөрөнгө оруулалт болгож шилжүүлсэн байдаг. 2018 оны 3 дугаар сарын 13-ны өдөр нэхэмжлэх, төлөөлөх эрхгүй этгээд нэхэмжлэл гаргаж байгаа нь ойлгомжгүй байна. Улаанбаатар капитал ХХК-ийн хувьцаа эзэмшигч нь н.Мөнхбаатар гэж хүн байх бөгөөд нэхэмжлэл гаргах эрх бүхий этгээд нь 2017 оны 9 сард шилжсэн хөрөнгийн хойноос 2018 оны 3 дугаар сарын 13-нд нэхэмжлэл гаргаж байгаа нь ойлгомжгүй байна. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 255 дугаар зүйлийн 255.1.1-т зааснаар хариуцагч хариуцагч Эй Жи Пи Эм ХХК-иас 423 935 711,97 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Улаанбаатар капитал ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч Улаанбаатар капитал ХХК нь хариуцагч Блюскай Эйжиа ХХК-иас татгалзсаныг баталж, түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2 277 628 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.
Нэхэмжлэгч Улаанбаатар капитал ХХК-ийн гүйцэтгэх захирал М.Мөнхбаатар давж заалдах гомдолдоо:
... Нэхэмжлэгч нь Эй Жи Пи Эм ХХК-тай 2017 оны 8 дугаар сарын 31-ний өдөр байгуулсан гэрээгээр худалдан авсан Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Соёл амралтын хүрээлэн, 17 дугаар байрны 7,8 дугаар давхрын дутсан талбайн зөрүүд ногдох төлбөр болох 423 935 711,97 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Уг талбайн хэмжээ гэрээнд заасан хэмжээнээс 283,93 м.кв-аар дутуу байсан. Гэтэл шүүхээс нэхэмжлэлийн шаардлага, хэргийн үйл баримт, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаас гадуур, талууд маргаагүй асуудлаар дүгнэлт хийсэн нь алдаатай болсон. Мөн шүүхээс хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт гаргуулах хүсэлтийг 2 удаа хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Нэхэмжлэгч эд хөрөнгийн доголдлыг шалгаж авах үүргээ хэрэгжүүлээгүй болохыг нотлох баримт хэрэгт байхгүй тул хүсэлтэд дурдсан баримтууд нь хариуцагч эд хөрөнгийг доголдолтой болохыг мэдсээр байж гэрээ байгуулсан, нэхэмжлэгч эд хөрөнгийн хүлээж авах үед доголдлыг шалгах боломж байгаагүй болохыг нотлох ач холбогдолтой байсан. Шүүх хууль хэрэглээний алдаа гаргасан. Шүүхэд нэхэмжлэл гаргах үед үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч нь Нэйшнл ньюс корпорейшн ХХК байх тул нэхэмжлэгч нь гэрээний дагуу доголдол шаардах эрхгүй этгээд гэж үзэх үндэслэлтэй гэж дүгнэхдээ хуулийг буруу хэрэглэсэн. Нэхэмжлэгч нь шилжүүлэн авсан үл хөдлөх эд хөрөнгийн доголдолтой холбоотой шаардлага гаргах Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.6 дахь хэсэгт заасан хугацааг баримталж 2018 оны 2 дугаар сарын 28-ны өдөр нэхэмжлэл гаргасан. Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт зааснаар худалдан авагч шилжүүлэн авсан хөрөнгийн доголдолтой холбоотой шаардлага гаргах эрхээ алдах боловч тогтоосон хугацаанд гэрээний үүргийн зөрчилтэй холбоотой шаардлага гаргах эрх нь хадгалагдана. Стандарчлал, хэмжил зүйн үндэсний зөвлөлийн баталсан аргачлал, Монгол улсын барилгын норм ба дүрмийн заавал дагаж мөрдөх 4 дүгээр хавсралтыг тус тус зөрчиж, ашигтай талбайг анхнаасаа буруу тодорхойлсон ба энэ талаар мэдсээр байж бодит байдалд нийцэхгүй хэмжээгээр гэрээ байгуулсан. Гэрээгээр тодорхойлсон талбайн дутуу хэмжээ бүрт нэхэмжлэгч илүү төлбөр төлж худалдагч тал гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчсөн байгаа нь үүргийн эрхзүйн шаардах эрх нь нээлттэй байгааг илтгэж байна. Гэтэл шүүх нэхэмжлэгч хөрөнгийг гуравдагч этгээдэд шилжүүлж, Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт зааснаар өмчлөх эрх дуусгавар болсон нь өмчлөх эрхийг шилжүүлэн авахдаа байгуулсан гэрээний үүргийн зөрчлийг зөвтгөх, тус гэрээгээр үүссэн үүргийн эрх зүйн шаардах эрхийг дуусгавар болгох үр дагавар үүсгэнэ гэж хуулийг тайлбарласан нь үндэслэлгүй юм. Нэхэмжлэгч нь эд хөрөнгийн доголдолтой холбоотой шүүхэд нэхэмжлэл гаргах эрхээ хэрэгжүүлэх хуулиар тогтоосон хугацааны дотор үүргийн зөрчилтэй холбоотой шаардлага гаргасан ба өмчлөгчийн хувиар өмчийн эрх зүйн шаардлага гаргаагүй. Мөн Блюскай тауэрийг ашиглалтад оруулж, худалдаж, түрээслэх үйл ажиллагааг эрхэлж буй хариуцагч нь холбогдох дүрэм, стандартыг зөрчсөнөө нэхэмжлэгчээс нууж, ашиг олох зорилгоор биет байдлын доголдолтой буюу 283 ,93 м.кв дутуу үл хөдлөх хөрөнгө шилжүүлсэн. Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.3 дахь хэсэгт худалдагч эд хөрөнгийг шилжүүлэх үед түүний доголдлын талаар мэдсээр байж нуун дарагдуулсан бол мөн хуулийн 255.1 дэх хэсэгт зааснаар худалдан авагч шаардлага гаргах эрхээ алдахгүй байхаар хуульчилсныг анхаарах нь зүйтэй юм. Иймд дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний хувьд өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч Улаанбаатар капитал ХХК нь хариуцагч Эй Жи Пи Эм ХХК болон Блюскай эйжиа ХХК-иудад холбогдуулан Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Соёл амралтын хүрээлэн, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 17 дугаар барилгын 7, 8 давхрын талбайн зөрүүд ногдох төлбөрт 423 935 711,97 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч нар эс зөвшөөрөн маргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч байгууллага нь хариуцагч Блюскай эйжиа ХХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан байна.
Нэхэмжлэгч Улаанбаатар капитал ХХК нь хариуцагч Эй Жи Пи Эм ХХК-тай 2017 оны 8 дугаар сарын 31-ний өдөр үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулж, уг гэрээгээр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Соёл амралтын хүрээлэн /14240/, Энх тайваны өргөн чөлөө гудамж, 17 дугаар Блюскай тауэр барилгын 7 давхрын 1453,60 м.кв талбай бүхий, 8 давхрын 1455,75 м.кв талбай бүхий оффиссын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг нийт 4 343 948 732,48 төгрөгөөр худалджээ. /1хх-ийн 11-12 тал/ Иймд анхан шатны шүүх талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзсэн нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.
Нэхэмжлэгч Улаанбаатар капитал ХХК нь 8 давхарт байрлах 1455,75 м.кв талбай бүхий оффиссын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 2017 оны 9 дүгээр сарын 8-ны өдөр Э.Энхцэцэгт бэлэглэлийн гэрээний дагуу шилжүүлсэн, Э.Энхцэцэг нь 2017 оны 10 дугаар сарын 2-ны өдөр Нэйшнл ньюс корпорэйшн ХХК-д арилжааны гэрээний дагуу шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна. /1хх-ийн 155-166 тал/
Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.1 дэх хэсэгт зааснаар худалдах-худалдан авах гэрээгээр тогтоосон тоо, хэмжээ, чанар бүхий эд хөрөнгийг биет байдлын хувьд доголдолгүй гэж үзнэ.
Гэрээний 1.1-д ... Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Соёл амралтын хүрээлэн, Энхтайваны өргөн чөлөө 17 тоот, Блюскай тауэр барилгын гэрчилгээний дугаар 000613057, улсын бүртгэлийн дугаар Ү-2203036592, 7 давхрын 1453,60 м.кв талбай, гэрчилгээний дугаар 000613056, улсын бүртгэлийн дугаар Ү-2203024860, 8 давхрын 1455,75 м.кв талбай гэж, 2.1-д Үл хөдлөх эд хөрөнгийн нийт үнэ нийт төлбөр 4 343 948 732,48 төгрөг байна гэж тус тус тохиролцсон байх бөгөөд талуудын хоорондын гэрээнд үнийг тодорхойлохдоо талбайн метр квадратад ногдох хэмжээгээр тодорхойлсон зүйл байхгүй, уг үл хөдлөх эд хөрөнгийн байрлал хэдэн давхарт байрлах, нийт талбайн хэмжээ зэрэг эд хөрөнгийн шинж байдлыг тодорхойлжээ. Өөрөөр хэлбэл, хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд тухайн үл хөдлөх эд хөрөнгийн талбайн хэмжээ дутуу тул үнийг бууруулах нөхцөл байдал, хохирол учирсан гэх байдал тогтоогдоогүй байх бөгөөд анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй болно.
Гэрээний нийт үнэ нь талбайн хэмжээтэй шууд уялдаатай тогтоогдсон гэж үзэх боломжгүй байна. Түүнчлэн, анхан шатны шүүх худалдах, худалдан авах гэрээний доголдол шаардаж байгаа тохиолдолд тухай маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгө нь бодитоор тухайн этгээдийн өмчлөлд нь байх шаардлагатай бөгөөд өөрт байхгүй эд хөрөнгийн доголдлыг өмчлөгч бус этгээд шаардлага гаргаж байгаа нь үндэслэлгүй, үл хөдлөх эд хөрөнгийн шаардах эрх эцсийн өмчлөгчид хөрөнгийн хамт шилжсэн гэж дүгнэсэн нь зөв болжээ.
Нэхэмжлэгч Улаанбаатар капитал ХХК нь 1455,75 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг бэлэглэлийн гэрээний дагуу Э.Энхцэцэгт шилжүүлсэн, шүүхэд нэхэмжлэл гаргах үед үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч нь Нэйшнл ньюс корпорэйшн ХХК болсон байх тул нэхэмжлэгч байгууллага нь гэрээний дагуу доголдол шаардах эрхгүй болно.
Иймд Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.4 дэх хэсэгт зааснаар гэрээнд заасан тоо, хэмжээнээс дутуу эд хөрөнгийг хүлээн авсан бол гэрээний үнэд хувь тэнцүүлэн дутуу эд хөрөнгийн үнийг буцааж төлөх үүрэг хариуцагчид үүсэхгүй.
Нэхэмжлэгчийн доголдлын талаар шаардлага гаргах эрхтэй гэж үзэх буюу эд хөрөнгийг доголдолтой гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй, нэхэмжлэгчийг шалгаж авах үүргээ биелүүлээгүйтэй холбоотой хуулийн зүйл, заалтыг баримталсан нь буруу байх тул уг үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдлын нэг үндэслэлээ ... хэргийг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт гаргуулах хүсэлтийг хангаагүй гэж тайлбарлажээ. Анхан шатны шүүх нэхэмжлэгч итгэмжлэгдсэн төлөөлөгчийн 2018 оны 6 дугаар сарын 8-ны өдрийн шүүх хуралдаан дээр гаргасан Эм энд жи констракшн ХХК-тай байгуулсан гэрээ, ажил хүлээлцсэн акт, барилгын байгуулалтын зураг, Блюскай эйжиа ХХК-ийн 2017 оны санхүүгийн аудитын тайлан зэрэг баримтыг гаргуулах тухай хүсэлтийг эрх хэмжээнийхээ хүрээнд хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах боломжгүй юм.
Иймд шүүхийн шийдвэрийг шийдлийн хувьд хэвээр үлдээж, хууль хэрэглээний хувьд өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах боломжгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 8-ны өдрийн шийдвэрээр Улаанбаатар капитал ХХК-ийн нэхэмжлэлтэй Эй Жи Пи Эм ХХК болон Блюскай эйжиа ХХК-иудад холбогдох иргэний хэргийг шийдвэрлэж, шүүх хуралдааны тэмдэглэлтэй нэг ижил дугаар авсан байгаа боловч тэмдэглэлийн огноог 2018 оны 6 дугаар сарын 11-ний өдрөөр огноолон бичжээ. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд нэхэмжлэгч байгууллага 2018 оны 6 дугаар сарын 8-ны өдрийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, уг гомдлыг хугацааг сэргээсэн хүчин төгөлдөр шүүгчийн захирамж хэрэгт авагдсан, шүүх хуралдааны тэмдэглэлийн огнооны талаар зохигчид гомдол гаргаагүй, уг тэмдэглэлд 2018 оны 6 дугаар сарын 8-ны өдрийн 181/ШШ2018/01296 дугаар шийдвэрээр шийдвэрлэгдсэн үйл баримт бичигдсэн байх тул анхан шатны шүүх шүүх хуралдааны тэмдэглэлийн огноог бичихдээ техникийн алдаа гаргасан байна гэж үзэв. Цаашид техникийн алдааг гаргахгүй байхыг анхаарах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 8-ны өдрийн 181/ШШ2018/01296 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн
1 дэх заалтын ...Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1 гэснийг ...Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.4 гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгч Улаанбаатар капитал ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2 277 628,56 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ
ШҮҮГЧИД Т.ТУЯА
Ц.ИЧИНХОРЛОО