| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэнд-Аюушийн Ичинхорлоо |
| Хэргийн индекс | 102/2018/01827/И |
| Дугаар | 210/МА2018/02115 |
| Огноо | 2018-10-05 |
| Маргааны төрөл | Бэлэглэл, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 10 сарын 05 өдөр
Дугаар 210/МА2018/02115
| 2018 оны 10 сарын 05 өдөр | Дугаар 210/МА2018/02115 |
Э.Батсайханы нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2018 оны 8 дугаар сарын 3-ны өдрийн 102/ШШ2018/02447 дугаар шийдвэртэй
Нэхэмжлэгч Э.Батсайханы нэхэмжлэлтэй
Хариуцагч Ц.Энхболдод холбогдох
Бэлэглэлийн гэрээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Хариуцагч: Ц.Энхболд
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ө.Ган-Өнөр нар оролцов.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Түвшин шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэгч Э.Батсайхан нь өөрийн эмээ Ц.Галягаас Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, 19 дүгээр хороолол, 21 дүгээр байрны 87 тоотод байрлах 2 өрөө 26 м.кв талбай бүхий орон сууцны өмчлөх эрхийг 2017 оны 1 дүгээр сарын 8-ны өдөр бэлэглэлийн гэрээгээр шилжүүлэн авсан. 2007 оны сүүлээр нэхэмжлэгч Э.Батсайханы ээж Ц.Энхжаргалын төрсөн дүү Ц.Энхболдын банкнаас зээл авахад төлбөрийн чадвартай гэдгээ нотлох хэрэгтэй байгаа тул байрны өмчлөх эрхийн гэрчилгээгээ түр шилжүүлээч гэсэн хүсэлтийн дагуу өмчлөх эрхийн гэрчилгээнд өөрчлөлт орсон. Тухайн байрны өмчлөх эрхийн гэрчилгээн дэх нэрийг өөрчилсөн боловч нэхэмжлэгч Э.Батсайхан нь 2001 оноос өнөөдрийг хүртэл уг байранд амьдарч байна. Талуудын хооронд үүссэн нөхцөл байдал болон бэлэглэлийн гэрээнд хууль зүйн хувьд үнэлэлт, дүгнэлт хийвэл талууд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т зааснаар дүр үзүүлэн хийсэн хэлцэл гэж үзэхээр байна. Иймд Ц.Энхболд, Э.Батсайхан нарын хооронд байгуулсан 2007 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож өгнө үү гэжээ.
Хариуцагч Ц.Энхболд шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Ц.Энхболд миний бие Д.Цэрэндагвын отгон хүү бөгөөд Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, 19 дүгээр хороолол, 21 дүгээр байрны 87 тоотод байрлах 2 өрөө 26 м.кв талбай бүхий орон сууцны хууль ёсны өмчлөгч юм. Миний аав Д.Цэрэндагва, ээж Ц.Галя нар нь өөрийн өмчлөлийн дээрх байрыг айлын отгон хүү тул намайг шилжүүлж ав гэсэн бөгөөд тухайн үед манай эгч Ц.Энхжаргал хүү н.Батсайхан нь хамт Япон явах боллоо, виз гарах хүртэл байраа нэр дээр шилжүүлээч гэсний дагуу өмчлөх эрхийн гэрчилгээг шилжүүлэн авсан. Улмаар Э.Батсайхан виз гарч Япон яваад ирсний дараа байрны өмчлөх эрхийн гэрчилгээг шилжүүлэн авсан. Манай ээж Ц.Галя болон Э.Батсайхан нарын хооронд хийгдсэн гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан дүр үзүүлэн хийсэн хэлцэл бөгөөд Э.Батсайханы зорилго биелж буцааж надад шилжүүлэн өгсөн. Э.Батсайхан уг байранд огт амьдардаггүй байсан. Мөн би зээл авах зорилгоор байрны өмчлөх эрхийн гэрчилгээг шилжүүлэн авсан зүйл байхгүй, надад зээл авах ямар ч шаардлага байгаагүй. Миний гэр бүлийн хүн орон сууцны нөхцлөө сайжруулах зорилгоор 2008 оны 10 дугаар сарын 8-нд Хаан банкнаас зээл авч, зээлийн барьцаанд өөрийн өмчлөлийн орон сууцаа барьцаалсан. Одоо ч уг зээлээ төлөөд явж байна. Миний аав, ээж олон ач, зээтэй, тэд нарыг бүгдийг нь өсгөлцөж өгсөн боловч Э.Батсайхан тэднийг амьд сэрүүн байхад нь ирж уулзаагүй. Ээж, аавыг минь нас барсны дараа та байрандаа амьдруулаач гэхэд нь эхнэр, хүүхдүүдийнх нь хамт 2 жил гаруй амьдруулсан. Тухайн байр нь миний өмчлөлд шилжээд бүтэн 11 жил болж байна. Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.3 дахь хэсэгт бэлэглэлийг хүчингүй болгох шаардах эрх үүссэнээс хойш 1 жил өнгөрсөн бол бэлэглэлийг хүчингүй болгож болохгүй гэж заасан. Э.Батсайхан нь надтай бэлэглэлийн гэрээ хйиж байх үедээ 28 насанд хүрсэн , өөрийнхөө хийж байгаа үйлдлийг мэдэх, хариуцах бүрэн чадвартай байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Шүүх: Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1, 276 дугаар зүйлийн 276.1, 280 дугаар зүйлийн 280.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Э.Батсайханы 2007 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн бэлэглэлийн гэрээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 509 000 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Түвшин давж заалдах гомдолдоо:
... Иргэн Э.Батсайхан нь Ц.Галятай 2007 оны 1 дүгээр сарын 8-ны өдөр бэлэглэлийн гэрээг байгуулан Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 2 дугаар хороо, 19 дүгээр хороолол, 21 дүгээр байрны 87 тоот хаягт байрлах 2 өрөө 26 м.кв талбай бүхий орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлж авсан. Гэтэл Э.Батсайханы ээжийнх нь ах Ц.Энхболд банкнаас зээл авахад барьцаа хөрөнгөтэй байх хэрэгтэй гээд байна, байрныхаа өмчлөх эрхийн өмчлөгчийн нэрийг нь солиод өгөөч, банк болон зээл авахад хэрэгтэй бусад этгээдэд үзүүлэх хэрэгтэй байна гэх гуйлтыг удаа дараа тавьж байсны дагуу банк болон эрх бүхий этгээдэд үзүүлэх зорилгоор 2007 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр бэлэглэлийн гэрээг байгуулсан. Талууд эд хөрөнгө бэлэглэх талаар тохиролцоогүй тухайн хэлцлийн үр дагаварыг бий болгох зорилгоор бус бусдад үзүүлэх зорилгоор хийж байгаа тохиолдолд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-д заасан дүр үзүүлэн хийсэн хэлцэлд хамаарна. Хэрэгт авагдсан баримтаас үзвэл Нийслэлийн Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолтоор Э.Батсайхан нь 2007 оноос маргаан бүхий орон сууцанд өнөөдрийг хүртэл амьдарч байгаа болох нь нотлогдож байна. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх нь хэсэгт дээрх орон сууцыг Ц.Энхболд иргэн аж ахуйн нэгжид барьцаалсан гэх баримт хэрэгт авагдаагүй гэснийг хүлээн зөшөөрөхгүй байна. 2008 оны 10 дугаар сарын 8-ны өдөр Ц.Энхболд нь өөрийн эхнэрийн нэр дээр зээл авч өөрөө хамтран зээлдэгчээр орж байсан хэрэгт авагдсан зээлийн гэрээгээр нотлогдож байгаа. Иргэний хуулийн 276 дугаар зүйлийн 276.1 дэх хэсэгт "Бэлэглэлийн гэрээгээр бэлэглэгч нь бэлэг хүлээн авагчийн зөвшөөрснөөр түүний өмчлөлд тодорхой хөрөнгө хариу төлбөргүй шилжүүлнэ" 276.2 дахь хэсэгт "Эд хөрөнгө шилжүүлснээр бэлэглэлийн гэрээг байгуулсанд тооцно" гэж тус тус заасан. Иймээс эд хөрөнгө бэлэглэсэн тохиолдолд эд хөрөнгийг өмчлөгчийн нэрийг солихоос гадна эд хөрөнгийн эзэмшлийг шилжүүлэн өгсөн байхыг шаарддаг. Гэтэл хариуцагч нь өмчлөгчийн нэршлийг сольсноос хойш өнөөдрийг хүртэл эд хөрөнгийн эзэмшлийг аваагүй байгаа нь талууд тохиролцоо нь бэлэглэлийн гэрээний үр дагаврыг үүсгэх хүсэл зориггүй байсан нь харагдаж байгаа. Анхан шатны шүүх нотлох баримтууд гаргуулах захирамж гаргасан боловч захирамжийн биелэлтээ хангахгүйгээр хэргийг шийдвэрлэснийг буруу гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэн шаардлагыг хангасан байна.
Нэхэмжлэгч Э.Батсайхан нь хариуцагч Ц.Энхболдод холбогдуулан 2007 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн бэлэглэлийн гэрээг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ... хариуцагч зээл авахад тус болооч гэсний дагуу бэлэглэлийн гэрээгээр орон сууцыг түүнд шилжүүлсэн гэж тайлбарлажээ.
Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд 2007 оны 1 дүгээр сарын 8-ны өдөр Ц.Галя нь Э.Батсайханд бэлэглэлийн гэрээгээр өөрийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, 21 дүгээр байрны 87 тоотод оршин байрлах 26 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг, 2007 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Э.Батсайхан нь Ц.Энхболдод мөн бэлэглэлийн гэрээгээр дээрх орон сууцыг түүний өмчлөлд шилжүүлсэн үйл баримт тогтоогдсон байна. /хх-ийн 71-73, 75-77 тал/
Нэхэмжлэгч Э.Батсайхан ...бэлэглэлийн гэрээг хариуцагч Ц.Энхболдыг зээлийн барьцаатай болгон банкинд үзүүлэх зорилгоор дүр үзүүлэн хийсэн хэлцэл гэж тайлбарлаж байгаа боловч энэхүү нөхцөл байдлыг нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй, хариуцагч Ц.Энхболд маргаан бүхий орон сууцыг тухайн үед зээл авахад зориулан ашигласан талаарх баримт хэрэгт авагдаагүй байна. Иймд зохигчдын хооронд байгуулагдсан бэлэглэлийн гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан дүр үзүүлэн хийсэн хэлцэл гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй талаар анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй юм.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч Э.Батсайхан нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нотолсон, хариуцагчийн тайлбарыг үгүйсгэсэн баримтыг шүүхэд ирүүлэх үүрэгтэй.
Хуульд бэлэг хүлээн авагч нь бэлэглэгчийг гомдоосон ноцтой үйлдэл хийсэн, бэлэглэгчийн эсхүл түүний төрөл төрөгсөдийн эрүүл мэнд, амь насыг санаатай хохироосон буюу хохироохыг завдсан тохиолдолд бэлэглэгч нь бэлэглэлийг хүчингүй болгохоор шаардах эрхтэй бөгөөд Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.3 дахь хэсэгт бэлэглэлийг хүчингүй болгох шаардах эрх үүссэнээс хойш 1 жил өнгөрсөн бол бэлэглэлийг хүчингүй болгож болохгүй гэж заажээ.
Нэхэмжлэгч Э.Батсайхан нь бэлэглэлийн гэрээг байгуулснаас хойш 11 жилийн дараа шүүхэд хандан бэлэглэлийн гэрээг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргаж байгаа нь хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэхээр байна. Анхан шатны шүүх хөөн хэлэлцэх хугацааны талаар үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Түвшингийн бэлэглэлийн гэрээг хүчингүй болгуулах үндэслэлээр гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 3-ны өдрийн 102/ШШ2018/02447 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Түвшингийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 509 000 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ
ШҮҮГЧИД А.ОТГОНЦЭЦЭГ
Ц.ИЧИНХОРЛОО