Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 09 сарын 21 өдөр

Дугаар 210/МА2018/02048

 

******* ХХК-ийн

yэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч С.Энхтөр, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 102/ШШ2018/02317 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Ш.*******д холбогдох

Ашиглалтын зардал, цахилгааны болон сууц өмчлөгчдийн холбооны төлбөрт 4 478 921 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Э.*******

Хариуцагч: Ш.*******

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: З.Цэрэнханд нар оролцов.

Нэхэмжлэгч 3*******3 ХХК-ийн гүйцэтгэх захирал Л.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

*******" ХХК нь 2016 оны 10 дугаар сарын 4-ний өдөр хариуцагч Ш.*******той ******* дүүргийн 1 дүгээр хороо, *******ийн гудамжны 11 дүгээр байрны ******* тоотод байрлах 192.44 м.кв талбай бүхий рестораны зориулалттай орон сууцыг 1 жилийн хугацаатай түрээслүүлэхээр түрээсийн гэрээ байгуулсан. 2016 оны 10 дугаар сарын 7-ны өдөр байгуулсан түрээсийн гэрээгээр нэхэмжлэгч тал нь хариуцагч Ш.*******д хэвийн үйл ажиллагааг явуулахад зайлшгүй шаардлагатай эд зүйлийн хамт ресторан, паб /pub/-ын зориулалттай аж ахуйн нэгжийн обьектийг хүлээлгэж өгсөн. Түрээсийн гэрээний дагуу үйл ажиллагаа явагдсан бөгөөд түрээсийн хугацаанд ашиглалтын зардлыг Ш.******* хариуцахаар гэрээнд заасан. Хариуцагч нь түрээсийн төлбөрөө зарим тохиолдолд хугацаа хэтрүүлэн төлж байсан бөгөөд өөр бусдаар ашиглалтын зардлыг төлөөд, үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа гэж нэхэмжлэгч тал ойлгож байсан. 2017 оны 6 дугаар сард байгууллагын архины тусгай зөвшөөрлийн хугацаа дуусч байгаа тул холбогдох засвар үйлчилгээг хийж гүйцэтгэвэл тусгай зөвшөөрлийг сунгахад татгалзах зүйлгүй гэх хариуг төрийн байгууллагаас өгсөн. Манай зүгээс засвар үйлчилгээ хийх тул Ш.*******г 3 хоног үйл ажиллагаагаа зогсоож өгөөч, гадна шат, дотор камер, 00-ийн засварыг хийж гүйцэтгээд, 3 хоногийн түрээсийн төлбөрийг хасч тооцох санал тавьсан. Гэтэл Ш.******* нь түлхүүрээ өгөхгүй, та нар засвар хийх бол хийж болно гэж хэлж байсан. Засвар, үйлчилгээг хийж явцад хариуцагч ашиглалтын зардлыг анх орсноос хойш өгөөгүй, цахилгааны төлбөрийг дутуу төлсөн, сууц өмчлөгчдийн холбооны зардлыг төлдөггүй байсныг олж мэдсэн. Иймээс Ш.*******д ашиглалтын зардлыг хэвийн төлсөн тохиолдолд гэрээг цуцлахгүйгээр үргэлжүүлэх санал тавьсан. Гэтэл Ш.******* ресторанд байсан сандал, ширээг зөөж эхэлсэн. Манай талаас гэрээг цуцалж, байрыг суллаж өгөхийг удаа дараа шаардсан боловч тэрээр объектийг суллаж өгөөгүй. Бид арга буюу цоожны голыг сольж, түрээсийн гэрээг цуцласан талаар мэдэгдсэн. Хариуцагч Ш.*******гоос 4 200 000 төгрөг, цахилгааны төлбөр 200 000, сууц өмчлөгчдийн холбооны төлбөр зэргийг нэхэмжилж байна. Хариуцагчаас барьцаанд өгсөн гэх 2 500 000 төгрөгийг түрээсийн төлбөр, алданги, эд хогшилийн тооцоонд тооцож хассан. Иймд ашиглалтын зардалд 3 670 836 төгрөг, цахилгааны төлбөрт 200 000 төгрөг, ******* СӨХ-ны төлбөр 608 085 төгрөг, нийт 4 478 921 төгрөгийг хариуцагч Ш.*******гоос гаргуулж өгнө үү гэжээ. 

Хариуцагч Ш.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие ******* ХХК-ийн захирал Л.*******тай гэрээ байгуулж, нотариатаар батлуулсан. Миний шүүхэд гаргаж өгсөн хувийн бүртгэлийн дэвтэрт эд хогшил, ширээ сандал, шилэн эдлэл зэргийг хүлээлцсэн талаар бүртгэсэн байгаа. Би ширээ, сандал авч яваагүй, өөрийн эд зүйлийг авч явсан. Обьектийн тусгай зөвшөөрөл нь 2015 оны 7 сарын 15-нд дууссан бөгөөд 2017 оны 7 сарын 15-ны өдөр хүртэл сунгагдах байсан. Тусгай зөвшөөрлийн сунгалтыг хийхээр цагдаа, гааль, мэргэжлийн хяналт, захирагчийн алба зэрэг байгууллагаас нэгдсэн шалгалт ирсэн бөгөөд тусгай зөвшөөрлийг хувь хүнд түрээсэлж болдоггүй гэдгийг надад тайлбарласан. Би энэ талаар Л.*******д хэлэхэд тэрээр байрыг суллаж өг гэж хэлсэн. Өнөөдөр хоорондоо зөвшилцөөд асуудлыг шийдвэрлэх боломжтой байх гэж бодоод нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй. Гэрчээр сууц өмчлөгчдийн холбооны дарга н.*******ыг оролцуулмаар байна. Ашиглалтын зардал гэж ямар зардал болох талаар гэрээнд тусгайлан заагаагүй. Амаар тохиролцохдоо 2 500 000 төгрөгт бүх зардал багтсан гэж хэлсэн. Гэтэл Л.******* нь цаг хугацаа өнгөрөх тусам юмны үнэ нэмэгдэж байгаа тул чи ашиглалтын зардал төлөөрэй гэсэн. Би ашиглалтын зардал гэдэгт ямар зардал багтаж байгааг мэдэхгүй байна. СӨХ-ны дарга надаас сууц өмчлөгчдийн холбооны төлбөр авахгүй тухай баримт байгаа. Цахилгааны төлбөрийн хувьд лавлагаа авах гэхэд Л.*******д гаргаж өгнө гэсэн. Гэтэл тухайн өдөр нь Д.******* нь хүсэлт гаргаж, манай цахилгааныг таслуулсан тухай тэмдэглэл байсан. Энэ талаарх нотлох баримтыг гаргуулах хүсэлтэй байна гэжээ.

Шүүх:  Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д заасныг баримтлан хариуцагч Ш.*******гоос түрээсийн гэрээний үүрэгт цахилгааны төлбөр, ашиглалтын зардал, СӨХ-ны төлбөрт нийт 4 478 921 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч ******* ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 86 613 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.******* давж заалдах гомдолдоо:

... *******" ХХК нь 2016 оны 10 дугаар сарын 4-ний өдөр хариуцагч Ш.*******той ******* дүүргийн 1 дүгээр хороо, *******ийн гудамжны 11 дүгээр байрны ******* тоотод байрлах 192.44 м.кв талбай бүхий рестораны зориулалттай орон сууцыг 1 жилийн хугацаатай түрээслүүлэхээр түрээсийн гэрээ байгуулсан. Гэтэл Ш.******* нь түрээсийн төлбөрөө төлөөгүй, ажлын байранд байсан эд хөрөнгийг өөр газар руу зөөсөн, түрээслүүлсэн эд хөрөнгийг хүлээлгэн өгөөгүй, ашиглалтын зардал төлөлгүй зугтаасан. Ингээд арга буюу барьцаа хөрөнгө болгож авсан 2 500 000 төгрөгийг эд хөрөнгө дутаасан, үрэгдүүлсэн төлбөрт тооцож, түрээсийн дутуу төлбөрийг нэхээгүй. Түрээсийн гэрээний 2.1-т заасны дагуу ашиглалтын зардлыг нөхөн төлүүлэхээр нэхэмжлэл гаргасан. Гэтэл шүүх Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт заасныг баримтлан СӨХ нь өмчлөгчөөс төлбөрийг нэхэмжлэх эрхтэй гэж дүгнэсэн байна. Түрээслэгч Ш.******* түрээсийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс нэхэмжлэгч байгууллагад хохирол учирсан болохыг шүүх анхааран үзсэнгүй. Түүнчлэн ******* ХХК болон Ш.******* нарын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлд заасан эрхзүйн харилцаа үүссэн гэж дүгнэсэн атлаа Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.1.7-д заасан түрээслэгчийн үүргийг дүгнээгүй орхигдуулсан. Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.5 дахь хэсэгт заасны дагуу Ш.*******гийн ашиглалтын зардал төлөх үүргийг өмчлөгчид хариуцуулсан байх тул түүнээс 4 478 921 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэн хуулийн шаардлагыг хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч Ш.*******д холбогдуулан ашиглалтын зардал, цахилгааны болон сууц өмчлөгчдийн холбооны төлбөрт 4 478 921 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрөн маргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч талаас нэхэмжлэлийн шаардлагаа нотлохоор ******* дүүргийн 1 дүгээр хороо, ХР11.1 дүгээр байрны ******* хаягт байрлах үл хөдлөх эд хөрөнгийн ******* СӨХ-ийн төлбөрийг Төрийн банкинд төлөх тухай бичгийн баримтыг ирүүлсэн байх бөгөөд уг баримтад хэрэглэгчийн нэр ******* /*******/ гэсэн байна. /хх-ийн 13-15 тал/

 

Зохигчид 2016 оны 10 дугаар сарын 4-ний өдөр түрээсийн гэрээ байгуулсан байх бөгөөд уг гэрээгээр ******* ХХК-ийн өмчлөлийн ******* дүүргийн 1 дүгээр хороо, 2 дугаар хороолол, ******* гудамж 11 дүгээр байр, ******* тоот хаягт байрлах 192,44 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг түрээслэхээр тохирсон байхад н.*******гийн өмчлөлийн ******* дүүргийн 1 дүгээр хороо, ХР11 дүгээр байрны ******* хаягт байрлах орон сууцны СӨХ-ны төлбөрийг нэхэмжилсэн өөр өөр баримтууд хэрэгт авагдсан, анхан шатны шүүх уг баримтыг үндэслэн хэргийг шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болжээ. /хх-ийн 5-6, 13-15 тал/

 

Учир нь хэрэгт авагдсан улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбараар ******* дүүргийн 1 дүгээр хороо, 2 дугаар хороолол, ******* гудамж 11 дүгээр байр, ******* тоот хаягт байрлах 192,44 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч нь ******* ХХК гэж үзэхээр тогтоогдож байна. /хх-ийн 8, 69 тал/

 

Хариуцагч Ш.*******гийн түрээслэж байсан үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч буюу тухайн эд хөрөнгөтэй холбоотой шаардлага гаргах эрх бүхий этгээд нь ******* ХХК болон Л.******* нарын аль болох нь хэргийн баримт болон талуудын мэтгэлцээнээс тодорхой бус байна.

 

Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд маргааны зүйл болж буй үл хөдлөх эд хөрөнгийн ашиглалтын зардал, цахилгааны болон СӨХ-ны төлбөрийг нэхэмжлэх эрхтэй этгээд нь ******* ХХК мөн эсэх, уг төлбөрийг хариуцагч Ш.******* төлөх эсхүл өөр этгээд төлөх эсэх нь тодорхойгүй байхад нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь ойлгомжгүй болжээ.

Дээрх ажиллагааг давж заалдах шатны шүүхээс нөхөн гүйцээх боломжгүй, хэргийн үйл баримт бүрэн тогтоогдоогүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хянан шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 102/ШШ2018/02317 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч ******* ХХК-ийн төлсөн 86 700 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурьдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                        Ж.ОЮУНТУНГАЛАГ

  ШҮҮГЧИД                           С.ЭНХТӨР

                                                   Ц.ИЧИНХОРЛОО