Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 04 сарын 15 өдөр

Дугаар 122

 

 “Х” ХХК-ийн гомдолтой, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө

газрын улсын ахлах байцаагч С.Лхамд холбогдох

зөрчлийн хэргийн тухай

 

            Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

            Даргалагч:                     Танхимын тэргүүн М.Батсуурь,

            Шүүгчид:                       Г.Банзрагч,

                                                  П.Соёл-Эрдэнэ,

                                                  Ч.Тунгалаг,

            Илтгэгч шүүгч:             Б.Мөнхтуяа,

Гомдлын шаардлага: “Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагчийн 2018 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 0005525 дугаартай “Х” ХХК-д 5000 нэгжтэй тэнцэх хэмжээний торгууль ногдуулсан шийтгэлийн хуудсыг хууль бус захиргааны акт болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах”

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 128/ШШ2019/0610 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 54 дүгээр магадлалтай,

Гомдол гаргагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Өмнөх шүүхийн шийдвэр:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 128/ШШ2019/0610 дугаар шийдвэрээр: 1. Зөрчлийн тухай хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2.3 Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “Х” ХХК-иас гаргасан “Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагчийн 2018 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 0005525 дугаартай “Х” ХХК-д 5000 нэгжтэй тэнцэх хэмжээний торгууль ногдуулсан шийтгэлийн хуудсыг хууль бус захиргааны акт болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 54 дүгээр магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 128/ШШ2019/0610 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгч Т.Эын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн.

Хяналтын журмаар гаргасан гомдол:

3. “... Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын байцаагчийн 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 0005525 дугаартай шийтгэлийн хуудас нь Зөрчлийн тухай хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2.3-д “нийтэд танил, нэр хүнд бүхий хуулийн этгээдийн нэр, бэлгэдэл, бүтээгдэхүүн, барааны тэмдэг, нэрийн товчлолыг зар сурталчилгаанд ашиглахад тухайн хуулийн этгээдийн зөвшөөрлийг урьдчилан аваагүй бол хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасанд үндэслэгдэж, гомдол гаргагч “Х” ХХК-ийг “Т” ХХК гэх нийтэд танил, нэр хүнд бүхий хуулийн этгээдийн ресторан зохион байгуулалтын зураг, үнэ, тариф, заалны түрээсийн талаарх мэдээллийг нийтэд байршуулсан гэх зөрчлийг гаргасан гэж дээрх шийтгэлийн хуудсыг хуулийн үндэслэлгүйгээр, нотлох баримтыг дутуу бүрдүүлж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны зөрчил гаргаж оногдуулсныг эс зөвшөөрч шүүхэд гомдол гаргасан. “Т” ХХК-ийн нийтэд ил болгон, өөрийн bestwesternmongolia.mn, https://www.facebook.com/bwptuushin сайтуудаар хэрэглэгчдэд түгээж байгаа мэдээллийг Х сайтад байршуулж, уг сайтын хэрэглэгчид “Т” ХХК руу харилцах, уг зочид буудлын үйлчилгээг авах боломж олгосон үйлдлийг Зөрчлийн тухай хуулийн 10.2 дугаар зүйлийн 2.3 дахь заалтыг зөрчсөн гэж үзсэн нь үндэслэлгүй байна. “Х” ХХК нь зар сурталчилгаа явуулсан зүйл огт байхгүй, зар сурталчилгаа явуулсан гэж үзэх үндэслэлгүй, уг зөрчил гэж үзсэн үйл ажиллагаа нь Зар сурталчилгааны тухай хуулийн зорилт, холбогдох заалтуудтай нийцэхгүй байхад тус хуулийг баримтлан зөрчил үйлдсэн гэж үзэж байгаа хариуцагчийн үйлдэл хууль бус бөгөөд шүүх уг зөрчилд холбогдож буй үйлдлийн талаар ялган салгаж, хуулийн зорилт, үйлчлэх хүрээ, хуулийн зохицуулалтын агуулгын талаар үнэн зөвөөр дүгнээгүй.

4. “Зар сурталчилгаанд ашиглах” гэдэг үйлдлийг мэдээлэл цуглуулах, түгээх, мэдээлэл хайх үйлдлээс ялгаатай авч үздэг. Өөрийн бараа бүтээгдэхүүнийг таниулах, борлуулалтыг идэвхжүүлэх зорилготой зар сурталчилгааг Зар сурталчилгааны тухай хуулийн 3.1.1-д тодорхойлсон байдаг. “Х” ХХК ийм зар сурталчилгаа захиалаагүй, бүтээгээгүй, түгээгээгүй, ийм зар сурталчилгаанд Тг ашиглаагүй юм. Зар сурталчилгааны тухай хуулийн 3.1.1-д дурдсаны дагуу зар сурталчилгаа мөн гэж үзэхдээ ямар бараа бүтээгдэхүүний сурталчилгаа вэ гэдгийг шүүх тодорхойлоогүй байгаа нь зар сурталчилгаа мөн гэж үзэх үндэслэлгүй гэдгийг харуулж байна. “Х” ХХК нь өөрийн зар сурталчилгаанд “Т” ХХК-ийн нэр, бэлэгдэл зэргийг ашиглаж, өөртөө давуу байдал бий болгох, үндэслэлгүйгээр хөрөнгөжих тохиолдолд дээрх заалтыг хэрэглэх ёстой. Хуулийн зорилго ийм. Т зочид буудлын нийтэд ил мэдээллийг өөр сайтад байршуулсны улмаас уг зочид буудлын ямар эрх ашиг хөндөгдөж, ямар хохирол учирсан, эсхүл Х ХХК үүнээс ямар ашиг орлого олсон, хэрэглэгч яаж хохирсон эсэхийг тогтоож байж дээрх заалтыг хэрэглэх ёстой. Өөрийн зочид буудлын мэдээллийг нийтэд түгээхийг Аялал жуулчлалын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.2 ба 10.1.3-д заасны дагуу зочид буудлуудад үүрэг болгосон бөгөөд ийм мэдээллийг Х түгээх нь Тд ашигтай, уг зочид буудалд учирсан ямар ч хохирол байхгүй. “Х” ХХК мэдээллийг түгээснээр хэрэглэгчээс төлбөр, хураамж авдаггүй, иргэдийг төөрөгдүүлэх үйл ажиллагаа явуулаагүй. Мөн иргэдийг төөрөгдүүлсэн гэх гомдлыг нотлоогүй, тус компанийн гомдолтой холбоотойгоор иргэдээс мэдээллийн төөрөгдөлд орлоо гэсэн гомдол мэдээлэл гарч байгаагүй, энэ талаар ч шүүх дүгнээгүй.

5. Түүнчлэн уг “Т” ХХК-ийг нийтэд танил, нэр хүндтэй хуулийн этгээд гэж тогтоосон баримт бичиг, албан ёсны зөвшөөрөл, нийтэд түгээсэн зүйл байхгүй байхад хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн нөхцөл байдлыг харгалзан дүгнээгүй нь шийдвэр үндэслэл бүхий байх зарчимд нийцээгүй.

6. Давж заалдах шатны шүүхийн магадлалд “Т” ХХК-ийг нийтэд танил, нэр хүнд бүхий компани биш гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй” гэж дүгнэсэн байна. Энэ нь гэм буруугүй нотлох биш гэм буруутай гэдгийг нотлох ёстой гэдэг Үндсэн хуулийн баримтлалыг үгүйсгэсэн шийдвэр байна. Иргэд ямар мэдээллийг ямар аргаар олж авахаа өөрсдөө сонгодог үе ирсэн бөгөөд тухайн, “Т” ХХК-ийн үйл ажиллагааг байгаа байдлаас нь дордуулж, илтээр бусдад түгээж, мэдээллийн шинж байдлаар ашигласан зүйл байхгүй.

7. Орчин үед бүх л зүйл цахимжсан, аливаа мэдээллийн хэрэгслийг ашиглан хүн бүр аливаа мэдээллээ хуулбарлан авч, мэдээллийг түгээж, хуулах боломжтой бөгөөд тэр болгон дээр уг хуулийн заалтыг ашиглан зөрчил оногдуулах нь өөрөө тухайн хуулийн зорилгод ч нийцэхгүй, мөн зөрчлийг ялган танихгүй байгаа хариуцагчийн хууль бус үйлдэл байгааг шүүхийн зүгээс анхаарч үзээгүй.

8. Зар сурталчилгааны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2-т “Нийтэд танил, нэр хүнд бүхий хуулийн этгээдийн нэр, бэлгэдэл, бүтээгдэхүүн, барааны тэмдэг, нэрийн товчлолыг зар сурталчилгаанд ашиглахад энэ хуулийн 23.1 дэх хэсгийн заалт нэгэн адил хамаарна” гэж заасан байх бөгөөд уг хуулийн зохицуулалтын урьдчилсан нөхцөл нь нийтэд танил, нэр хүнд бүхий хуулийн этгээд байхыг шаардсан байх бөгөөд хариуцагчаас уг нөхцөл байдлыг шүүх тодруулаагүй.

9. Анхан шатны шүүх Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаас үзвэл Х ХХК нь huree.mn вэб сайтыг эрхлэн явуулдаг байх...сайтынхаа эзэмшлийн 76117899 дугаарыг Т зочид буудлын борлуулалт, маркетингийн ажилтан н.Солонгоогийн 9907.... дугаар луу шилжих үйлчилгээгээр шууд холбогдох автомат тохируулга хийсэн үйлдлүүд нь тус тус тогтоогджээ” гэж үзсэн боловч хэрхэн нотлогдож байгаа тухай дурдаагүй. Ингэж холболт хийгдэж байгаагүй бөгөөд хэргийн материалд энэ тухай нотлох баримт байхгүй. Хэрвээ ингэж холболт хийгдсэн байлаа гэхэд энэ нь холбогдох хуулийг хэрхэн зөрчсөн тухай дүгнээгүй байна.

10. Тодруулбал, бизнесийн салбарт үйл ажиллагаа явуулж байгаа бүх л этгээдүүд нэр хүндтэй, олонд танигдсан гэж өөрийгөө үзэх боломжтой. Гэтэл нийтэд танил, нэр хүнд бүхий гэдгийг ямар агуулгаар, ямар хүрээнд хэрхэн тодорхойлж байгаа талаар тодорхойгүй. Тухайн хууль хэрэгжих хүрээнд буюу Монгол Улсын хүрээнд хүн амын үзүүлэлт, эсхүл бүтээгдэхүүний онцлог зэргээс нь шалтгаалан ямар шалгуур нөхцөлөөр дээрх агуулгад авч үзэх, мөн тус “Т” ХХК-ийг нийтэд танил, нэр хүнд бүхий гэдгийг тодорхойлж, баталгаажуулсан аливаа захиргааны байгууллага, эсхүл холбогдох эрх бүхий этгээдийн зөвшөөрөл бүхий албан бичгүүд байхгүй байхад өөрсдийгөө нэр хүндтэй, олонд танигдсан этгээд гэж тодорхойлж, өрсөлдөөнд давамгай байдал үүсгэж байгааг шүүх дүгнээгүй. Анхан шатны шүүхээс нэн тэргүүнд байцаагчийн шийтгэлийн хуудасны хууль зүйн үндэслэлд дүгнэлт өгөх учиртай боловч, шүүхийн шийдвэрт холбогдох хуулийг тайлбарлаагүй, маргааны үйл баримтуудыг жагсаан бичиж, зөрчлийн хэрэгт авагдсан баримтуудаар гомдлыг хянан шийдвэрлэж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д заасан үүргээ хэрэгжүүлж, нотлох баримт цуглуулах ажиллагаа бүрэн гүйцэт хийгээгүй нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болж чадаагүйг нотолж байна.

11. Түүнчлэн, “Х” ХХК-ийн зүгээс “Т” ХХК-тай хамтран ажиллах буюу тухайн компанийн үйл ажиллагаанд туслалцаа үзүүлж, явуулж буй үйл ажиллагааны цар хүрээг олон нийтэд илүү товч түргэн шуурхай хэрэгсэл ашиглан мэдээлж, түгээх зорилгоор хамтран ажиллах саналыг холбогдох албан тушаалтантай /н.С/ ажил хэргийн хүрээнд уулзалт тохирч, харилцан санал солилцож, туршилтын хугацаанд хамтран ажиллахаар болж, манай зүгээс ямар ч үнэ хөлс, өөр болзолгүйгээр тус компанийн тодорхой төрлийн мэдээллийг ердийн журмаар huree.mn вебсайтад-д 2017 оны 12 сараас хойш байрлуулсан. Гэтэл зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд мэдээлэл гаргагч компаниас манайхаас санал тавьж байсныг мэдүүлэгтээ хүлээн зөвшөөрдөг. Гэтэл шүүхийн зүгээс зөрүүтэй тайлбар мэт дүгнэлт өгч, уг мэдүүлгийг зөвтгөх ажиллагаа буюу С гэх хүнийг гэрчээр асууж тодруулаагүй атлаа зөрчил үйлдсэн гэж дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй.

12. Мөн хариуцагчаас хариу тайлбартай холбоотойгоор зөрчлийн хэргийн баримтуудыг шүүхэд ирүүлэхдээ хуулбар үнэн тэмдэг дарж ирүүлсэн байх боловч, Нийслэлийн Прокурорын газрын 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 72 дугаар тогтоолд хуулбар үнэн дарж баталгаажуулалгүйгээр ирүүлсэн. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.8 дугаар зүйлийн 2-т заасны дагуу эрх бүхий албан тушаалтан 14 хоногоор сунгасны дараа хариуцагчаас бид нартай холбогдож ямар нэгэн шийдвэр, ажиллагаа явуулж байгаа талаар мэдэгдэхгүй байсан бөгөөд манай зүгээс зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны хугацаа дууссан гэж ойлгож байсан. Манай компанийг зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа буюу процессын явцад зөрчлийн хэргийн материалтай танилцуулахгүй, өмгөөлөгчөөр оролцсон этгээдэд ч материал танилцуулахгүй нөхцөл байдлууд удаа дараа гаргаж байсан.

13. Мөн шүүхийн шийдвэрт хэрэгт авагдаагүй, хуулийн шаардлага хангаагүй буюу хуулийн хүчин төгөлдөр бус захиргааны хэм хэмжээний акт болох Харилцаа холбооны зохицуулах хорооны 2011 оны 08 дугаар тогтоолыг үндэслэл болгосон нь Захиргааны ерөнхий хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 65, 66 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй эрх зүйн баримт бичгийг ашигласан нь өөрөө хууль ёсны байх шаардлагыг хангаагүй байна. Мөн маргаан бүхий байцаагчийн 0005525 дугаартай шийтгэлийн хуудасны хуулийн үндэслэлд Харилцаа холбооны зохицуулах хорооны 2011 оны 08 дугаар тогтоолыг огт баримтлаагүй бөгөөд хариуцагч ч уг тогтоолыг тайлбарлаж маргаагүй байхад шүүх огт хамааралгүй харилцаанд хуулийн шаардлага хангаагүй дээрх тогтоолыг үндэслэж дүгнэлт өгсөн нь хууль ёсны байх шаардлагыг мөн хангаагүй гэж үзэж байна.

14. Иймд гомдлын үйл баримтад дүгнэлт өгөөгүй, зөрчлийн хэрэгт авагдсан баримтын хүрээнд нотлох баримт цуглуулах үүргээ хэрэгжүүлэлгүйгээр шийдвэр гаргаж, хэрэглэх ёстой хуулийг буруу хэрэглэсэн, хууль ёсны буюу үндэслэл бүхий шаардлагыг хангаагүй анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

15. Анхан болон давж заалдах шатны шүүхээс, тухайн маргаанд хамаарах хуулийн холбогдох зүйл, заалтыг зөв тайлбарлан хэрэглэж, гомдлыг хэрэгсэхгүй болгосон байх тул шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

16. Т ХХК-иас Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргад “...Х веб сайт нь Т компаниас албан ёсны зөвшөөрөл авалгүй өөрсдийн сайтдаа Т зочид буудлын ресторан, хүлээн авалтын заалны зохион байгуулалтын зураг, үнэ, тариф, заалны түрээс гэх мэт манай дотооддоо хэрэглэдэг хуучирсан мэдээллийг байршуулж, сайтынхаа эзэмшлийн 76117899 дугаарыг тавьж үйлчлүүлэгч нарыг төөрөгдүүлж, үйл ажиллагаандаа ашиглаж байна” гэсэн гомдол гаргасны дагуу, тус газрын улсын байцаагчаас зөрчлийн хэрэг нээн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулсан байх бөгөөд маргаан бүхий 2018 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 0005525 дугаар шийтгэлийн хуудсаар, “Х” ХХК нь Т ХХК-тай хамтран ажиллах гэрээ байхгүй, албан ёсны зөвшөөрөлгүй, зөвшөөрөл авалгүйгээр Т зочид буудлын нэр, танхимын зураг, үнэ тарифыг байршуулж хэрэглэгчдэд түгээсэн буюу “зөвшөөрөлгүйгээр мэдээллийг ашигласан” зөрчил гаргасан гэсэн үндэслэлээр, Зөрчлийн тухай хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2.3-т заасныг үндэслэн тус компанид 5000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ.

17. Гомдол гаргагчийн “...“Х” ХХК нь зар сурталчилгаа явуулсан зүйл огт байхгүй, зар сурталчилгаа явуулсан гэж үзэх үндэслэлгүй. ...Т зочид буудлын нийтэд ил мэдээллийг өөр сайтад байршуулсны улмаас уг зочид буудлын ямар эрх ашиг хөндөгдөж, ямар хохирол учирсан, эсхүл Х ХХК үүнээс ямар ашиг орлого олсон, хэрэглэгч яаж хохирсон эсэхийг тогтоож байж дээрх заалтыг хэрэглэх ёстой. …Түүнчлэн уг “Т” ХХК-ийг нийтэд танил, нэр хүндтэй хуулийн этгээд гэж тогтоосон баримт бичиг, албан ёсны зөвшөөрөл, нийтэд түгээсэн зүйл байхгүй байхад хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, нөхцөл байдлыг харгалзан дүгнээгүй нь шийдвэр үндэслэл бүхий байх зарчимд нийцээгүй” гэсэн хяналтын гомдол үндэслэлгүй байна.

18. Учир нь, Зар сурталчилгааны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д “зар сурталчилгаа гэж иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас бараа, ажил, үйлчилгээ, төсөл, үйл ажиллагаа /цаашид бүтээгдэхүүн гэх/-ны зах зээлийн эрэлтийг нэмэгдүүлэх, боломжит хэрэглэгчийн анхаарлыг татах зорилгоор олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон бусад хэлбэрээр түгээсэн мэдээллийг”, 3.1.4-т “зар сурталчилгаа түгээгч гэдгийг мэдээлэх хэрэгслийг ашиглах, эсхүл бусдад ашиглуулах замаар зар сурталчилгааг байрлуулж, нийтэд сурталчилж байгаа этгээдийг” ойлгохоор, мөн Зөрчлийн тухай хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2.3-т “Нийтэд танил, нэр хүнд бүхий хуулийн этгээдийн нэр, бэлгэдэл, бүтээгдэхүүн, барааны тэмдэг, нэрийн товчлолыг зар сурталчилгаанд ашиглахад тухайн хуулийн этгээдийн зөвшөөрлийг урьдчилан аваагүй бол ...хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж тус тус заасан.

19. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд, “Х” ХХК нь Т ХХК-тай хамтран ажиллах гэрээ байгуулаагүй, тус компаниас албан ёсны зөвшөөрөл аваагүй атлаа өөрийн эзэмшлийн “www.huree.mn” веб сайтад Т зочид буудлын танхимын зураг, үнэ, тариф, заалны түрээсийн мэдээлэл зэргийг байршуулж, холбоо барих утас хэсэгт “Х” ХХК-ийн эзэмшлийн 76117899 дугаарыг байршуулж, түүнчлэн Т зочид буудлын 99076293 дугаарын утасруу дугаар шилжих үйлчилгээгээр шууд холбогдох автомат тохируулга хийсэн зэрэг нь тогтоогджээ. 

20. Иймд Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагчаас, “Х” ХХК-ийг “зөвшөөрөлгүйгээр мэдээлэл ашигласан” зөрчил гаргасан гэж үзэж, маргаан бүхий шийтгэлийн хуудсаар 5,000,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан нь Зөрчлийн тухай хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2.3-т заасантай нийцсэн, энэ талаар 2 шатны шүүхийн хийсэн дүгнэлт зөв байна. 

21. Мөн гомдол гаргагчийн “...Манай компанийг зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа буюу процессийн явцад зөрчлийн хэргийн материалтай танилцуулахгүй, өмгөөлөгчөөр оролцсон этгээдэд ч материал танилцуулахгүй нөхцөл байдлууд удаа дараа гаргаж байсан. ...Мөн шүүхийн шийдвэрт хэрэгт авагдаагүй, хуулийн шаардлага хангаагүй буюу хуулийн хүчин төгөлдөр бус захиргааны хэм хэмжээний акт болох Харилцаа холбооны зохицуулах хорооны 2011 оны 08 дугаар тогтоолыг үндэслэл болгосон нь Захиргааны ерөнхий хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 65, 66 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй эрх зүйн баримт бичгийг ашигласан нь өөрөө хууль ёсны байх шаардлагыг хангаагүй” гэсэн хяналтын гомдлыг хүлээн авах үндэслэлгүй гэж үзэв.

22. Зөрчлийн 1802000230 дугаартай хэрэг бүртгэлтийн материалд авагдсан, холбогдогчоос мэдүүлэг авсан тэмдэглэл, хэргийн материалтай танилцуулсан тэмдэглэл зэрэг баримтуудаас үзвэл “Х” ХХК-ийн гүйцэтгэх захирал Т.Эт Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлд заасан зөрчилд холбогдогчийн эрх, үүргийг танилцуулж мэдүүлэг авсан, түүний зөрчлийн хэргийн материалтай танилцахаас татгалзсанд хариуцагчийг буруутгах үндэслэлгүй, өөрөөр хэлбэл хариуцагчаас гомдол гаргагчийн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрхийг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй, түүнчлэн анхан шатны шүүх тухайн маргаанд шууд хамааралгүй Харилцаа холбооны зохицуулах хорооны 2011 оны 8 дугаар тогтоолыг шүүхийн шийдвэрт заасан нь буруу болсон, гэвч энэ нь шийдвэр, магадлалыг хүчингүй болгох, гомдол гаргагчийн гаргасан зөрчлийг үгүйсгэх үндэслэл болохгүй юм.

23. Дээрх үндэслэлүүдээр шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, гомдол гаргагчийн гаргасан хяналтын гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2, 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 128/ШШ2019/0610 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 54 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, гомдол гаргагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсгийг баримтлан гомдол гаргагчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                                  ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                          М.БАТСУУРЬ

                                  ШҮҮГЧ                                                                  Б.МӨНХТУЯА