Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 10 сарын 01 өдөр

Дугаар 210/МА2018/02094

 

 

 

 

 

2018 оны 10 сарын 01 өдөр

Дугаар 210/МА2018/02094

 

 

Баясах атлас ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 8 дугаар сарын 9-ний өдрийн 102/ШШ2018/02527 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч Баясах атлас ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Омни шиппинг ХХК-д холбогдох

38 276 706 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Э.Гэрэлт-Од, О.Мандахзул

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Г.Уранцэцэг

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: А.Золзаяа нар оролцов.

Нэхэмжлэгч Баясах атлас ХХК-ийн төлөөлөгч Г.Бат-Эрдэнэ шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Гэрэлт-Од, О.Мандахзул нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

2017 оны 2 дугаар сарын 26-ны өдөр манай компани нь хариуцагч Омни шипинг ХХК-тай тээврийн зуучийн үйлчилгээний 2017/016 тоот гэрээ байгуулан тээвэрлэлт хийлгэж байсан. 2017 оны 5 дугаар сарын 25-ны өдөр БНХАУ-ын Хэбэй муж, Чинхандао хотын Qinhuangdao Guangyu Fiberglass ХХК-иас 20 тонн чингэлэг ачааг /барилгын шавардлагын тор/ 2 060 ам.доллароор тээвэрлүүлэх захиалга өгсөн. Дээрх захиалга өгсөн ачааны төлбөр болох 16 525.5 ам.долларыг 2017 оны 5 дугаар сарын 5-ны өдөр нийлүүлэгч тал руу шилжүүлсэн. Ачаа 2017 оны 5 дугаар сарын 30-ны өдөр чингэлэгт ачигдаж бэлэн болсон. Омни шипинг ХХК-иас бидэнд өгсөн мэдээллээр бол 2017 оны 6 дугаар сарын 2-ны өдөр Хятадын тээвэр зуучийн компани руу 2 100 ам.доллар шилжүүлсэн, Хятадын тээвэр зуучийн компани ачааг Эрээнд ирэх үед нэмж 6 000 ам.доллар шаардснаар ачаа саатсан гэж тайлбарласан. Бид 2017/016 тоот тээврийн зуучийн үйлчилгээний гэрээнд заасны дагуу манай компанийн ачааны үнэ болох 16 562.5 ам.доллар буюу 40 694 062 төгрөгийг хариуцагч Омни шипинг ХХК-иас гаргуулахаар нэхэмжилж байна. Нэхэмжлэлээ шүүхэд гаргах үеийн ханш буюу 2017 оны 12 дугаар сарын 6-ны өдрийн ханшаар буюу 1 ам.долларыг 2 440 төгрөгөөр тооцсон. Иймд хариуцагч Омни шипинг ХХК-иас 15 661.5 ам.доллар буюу 38 276 706 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 Хариуцагч Омни шипинг ХХК-ийн захирал Б.Нямбаяр шүүхэд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч Баясах атлас ХХК-д тээвэр зуучийн үйлчилгээг 2015 оноос хойш хийж ирсэн бөгөөд тус компанийн Чинхуандо хотоос авах 20 тонн барилгын шавардлагын тор тээвэрлэх саналыг 2017 оны 5 дугаар сарын 10-ны өдөр авч, Хятадын олон тээвэр зуучийн компанийг судлан хамгийн боломжит үнийн саналыг Циндао Лианг стар компаниас авч нэхэмжлэгч Баясах атлас ХХК-д санал болгосон. Баясах атлас ХХК-иас 2017 оны 5 дугаар сарын 25-ны өдөр тээвэр хийлгэх санал ирсэн, мөн өдрөө Циндао Лианг Стар компанитай хамтран ажиллах гэрээ байгуулж, тээвэрлэлтийн ажлыг эхлүүлсэн. Циндао Лианг Стар компани нь Зенгзоу дахь компанид мөнгөө төлөөгүй, Зенгзоу дахь конпани Шензен Нептүүнэ агентад тээврийн хөлсийг төлөөгүйн улмаас Баясах атлас ХХК-ийн ачааг ачсан гэх чингэлэг 2017 оны 6 дугаар сарын 9-ний өдрөөс хойш Эрээн хотод гацсан байдалтай байна. Дээрх шалтгаануудын улмаас манай компани нь Циндао Лианг стар болон Зенгзоу дахь залилан хийдэг компанийн хохирогч болсон тул уг асуудалд буруутай гэж үзэхгүй байна гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д заасныг баримтлан хариуцагч Омни шипинг ХХК-иас 38 276 706 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Баясах атлас ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 361 420 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 349 334 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн байна.

 

Хариуцагчийн өмгөөлөгч Г.Баяржаргал давж заалдах гомдолдоо:

... Энэ хэргийн талаар өмнө нь давж заалдах шатны шүүхээс хянаад нотлох баримт бүрдүүлэх үүргээ шүүхээс биелүүлээгүй гэж үзэж шийдвэрийг хүчингүй болгосон байдаг. Мөн маргааны зүйл болох ачаа БНХАУ-ын Эрээн хотод ирсэн эсэхийг тодруулах зорилгооор Улаанбаатар төмөр зам ХНН-ээс лавлагаа гаргуулах тухай хариуцагчийн хүсэлтийг шүүх хангасан боловч Улаанбаатар төмөр замаас "...улсын хилийн цаана байгаа ачааны лавлагааг өгөх боломжгүй гэсэн хариу ирүүлсэнээр уг нөхцөл байдал тодорхойгүй үлдсэн. Хариуцагчийн өмгөөлөгч 2018 оны 3 дугаар сарын 21-ний өдөр ачаа хаана байгааг тодруулах талаар дахин хүсэлт гаргасан байхад шүүх мөн хуулийн 39 дүгээр зүйлд заасан ажиллагааг явуулаагүй нь буруу. Хариуцагчийн хувьд Монгол улсын хилийн цаана буюу Хятад улсын хил дотор зуучууд яагаад солигдсон, Баясах Атлас ХХК-ийн бэлтгэн нийлүүлэгч нь тухайн ачааг дугаар бүхий чингэлэгт ачуулсан эсэхийг мэдэх боломжгүй байгаа тул дээрх хүсэлтийг гаргасан. Чингэлэгийг ачиж явсан машины дугаараар ачааг хаана, хэнд хүргэж өгснийг тогтоогоод цаашид хаанаас, хэнд, хэрхэн шилжсэнг тогтоох боломжтой болох байсан. Өмгөөлөгчийн зүгээс шүүгчээс татгалзаж байгаа хүсэлтийг шийдвэрлэхгүйгээр шүүх хуралдааныг хийж, хэргийн оролцогчийн эрхийг зөрчиж байна гэсэн гомдлыг Ерөнхий шүүгчид нь гаргасан боловч хэргийг шийдвэрлэсэн шүүгч нь Ерөнхий шүүгч өөрөө тул уг асуудлыг шийдвэрлэхгүй гэсэн утгатай хариуг надад өгсөн. Хариуцагч нь гэмт хэргийн золиос болж Хятадын тээвэр зуучийн компаниуд тээвэрлэлтийн зуучийн үйлчилгээг үзүүлэхдээ Омни шиппинг ХХК-д мэдэгдэлгүйгээр ачаатай чингэлэгийг дамжуулан тээвэрлэсэн төдийгүй 3 дахь зууч нь ачааны тээвэрлэлтийн үнийг 3 дахин нэмэгдүүлж дахин 6500 ам.доллар нэхэмжилж, ачааг барьцаалсан гэсэн мэдээ авсан. "Баясах атлас" ХХК-ийн худалдан авч байгаа барааг нийлүүлсэн үйлдвэр нь Хятад улсын эх газар дээр оршдог бөгөөд далайн тээвэрлэлт орох ямар ч үндэслэлгүй байхад далайн замаар тээвэрлэсэн гэсэн. Мөн Баясах атлас ХХК-ийн барааг ачуулсан компани мөнгийг банкиар хүлээн авсаны дараа барааг тээвэрлэлтэнд хүлээлгэн өгсөн эсэх нь тодорхой бус үүнийг нотлосон баримт хэрэгт байхгүй байна. Хэрэв тээвэрлэлтэнд өгсөн бол анх хүлээлгэн өгсөн компанитай холбоо барьж, манай ачуулсан бараа эзэндээ очоогүй байна, хүлээн авсан чингэлэг барааг хэнд өгсөн талаар асуугаад дараагийн компаниас тодруулга авч энэ тухай худалдан авагчдаа мэдэгдэж болох байсан. Илгээгч нь барааг хэзээ хэрхэн хэнд ачуулсан, тээвэрлэгч нар хэнд, хэзээ дамжуулан шилжүүлснийг тодруулж, худалдан авагчид энэ тухайгаа нотолсон бичиг хүргүүлж, улмаар ямар нэг үүрэг хүлээх үндэслэлгүй гэдгээ нотлосон баримтыг худалдан авагч талд өгөөгүй байгаа болно. Худалдан авагч, бараа илгээгч хоёр тал 2017 ны 5 дугаар сард мөнгө шилжүүлсэн, бараа илгээсэн гэх боловч энэ мөнгөний дагуу барааг ачуулсан, бараагаа тээвэрлэлтэнд өгсөн гэдгээ бүрэн нотлож чадаагүй ба энэ талаарх баримт хэрэг байхгүй. Өмгөөлөгчийн зүгээс Бүгд Найрамдах Монгол Ард Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын хооронд Иргэний болон Эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай Монгол улсын олон улсын гэрээний дагуу Хятад улсад тодорхой ажиллагааг хийлгэх тухай хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан боловч үндэслэлгүйгээр хүлээж аваагүй. Шүүхээс ...нэхэмжлэгчийн бараа Монголд ирээгүй болох Улаанбаатар төмөр замын албан бичгээр нотлогдож байна. Түүнчдэн хариуцагч уг үйл баримтыг баримтаар үгүйсгээгүй болно гэж дүгнэсэн нь өрөөсгөл болсон. Хариуцагч тал ямар ч гэм буруугүй бөгөөд тээвэр зуучийн үйлчилгээг үзүүлж байгаа гэх талуудтай харилцсан цахим шуудангийн захидал бүрэн нотолж байна. Гэрээ байгуулсан тал болон бараа илгээгч тээвэрлэлтэд барааг хүлээлгэн өгсөн эсэхээ нотлосон баримт хэрэгт авагдаагүй байхад хэргийг шйидвэрлэсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6, Бүгд Найрамдах Монгол Ард Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын хооронд Иргэний болон Эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай Монгол улсын олон улсын гэрээний дагуу Хятад улсад тодорхой ажиллагааг хийлгэх тухай өмгөөлөгч Г.Баяржаргал миний хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй талаар дүгнэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчжээ.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Уранцэцэг, өмгөөлөгч Г.Баяржаргал нар шүүхэд 2018 оны 3 дугаар сарын 21, 7 дугаар сарын 20-ны өдрүүдэд БНХАУ-аас нотлох баримт бүрдүүлэх тухай хүсэлтийг удаа дараа гаргаж байсан байна. /1хх 124-126, 175-180 тал/

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай нотлох баримт нь төр, байгууллага, хувь хүний нууцтай холбоотой, өөр улс, орон нутагт байгаа учраас зохигч тэдгээрийг өөрөө олж авах боломжгүй, түүнчлэн туршилт, үзлэг, таньж олуулах, шинжилгээ хийлгэх, гэрчийн мэдүүлэг авах тохиолдолд нотлох баримтыг хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх бүрдүүлэх үүрэгтэй байдаг.

 

Анхан шатны шүүх 2018 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 102/ШЗ2018/04132 дугаар захирамжаар хариуцагчийн өмгөөлөгч Г.Баяржаргалын маргаан бүхий асуудлыг тодруулахаар Бүгд Найрамдах Хятад Ард улсын шүүх, прокурорын байгууллагад даалгавар хүргүүлэх тухай хүсэлтийг Баянгол дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэс шалгаж байгаа гэсэн үндэслэлээр, мөн 2018 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 102/ШЗ2018/10212 дугаар шүүгчийн захирамжаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Уранцэцэгийн нотлох баримтыг хилийн чанадад бүрдүүлэх тухай хүсэлтийг Бүгд Найрамдах Хятад Ард улсад нотлох баримт бүрдүүлэх шаардлагатай гэх үндэслэл тогтоогдоогүй гэж үзэж тус тус хангахаас татгалзаж шийдвэрлэсэн байна. /1хх-ийн 130,180-182 тал/

 

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд зохигчид тээвэр зуучийн үйлчилгээний гэрээ-ний үүргийн талаар маргаж, Баясах атлас ХХК-тай худалдах, худалдан авах гэрээ байгуулсан гэх Хятадын Qinhuangdao Guangyu Fiberglass компани нь далайн тээврээр ачааг хаанаас хаана хүртэл тээвэрлэсэн болохыг тогтоолгох, уг ачаа Хятад улсын Эрээн хотод ирсэн эсэх, одоо хаана байгааг шалгуулах, тухайн ачааг хэнд хаягласан, Монгол Улс руу ямар шалтгааны улмаас тээвэрлэгдэхгүй байгааг тодруулаагүй байна. Энэ үйл баримт уг маргааныг шийдвэрлэхэд ач холбогдолтой.

 

Анхан анхан шатны шүүх хэргийн оролцогчоос нотлох баримт бүрдүүлэхээр гаргасан хүсэлтийг олон улсын гэрээгээр тогтоосон журамд нийцүүлэн зохих ёсоор бүрдүүлэх боломжтой байхад хүлээн авахаас татгалзсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь заалтыг зөрчсөн байна.

 

Дээрх ажиллагааг давж заалдах шатны шүүхээс нөхөж гүйцээх боломжгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасан үндэслэлээр хүчингүй болгож, дахин хянан шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Хариуцагчийн өмгөөлөгч давж заалдах гомдлын нэг үндэслэлээ ...шүүгчийг татгалзан гаргах хүсэлтийг хүлээн аваагүй гэсэн байх боловч шүүх хуралдааны тэмдэглэлээс үзэхэд шүүх хуралдаан эхлэхийн өмнө хариуцагч тал хуульд заасан журмын дагуу шүүгчийг татгалзах гаргах хүсэлтээ илэрхийлээгүй бөгөөд шүүхээс энэ талаар тодруулахад хүсэлтгүй болохоо тайлбарласан байх тул анхан шатны шүүх шүүгчийн татгалзан гарах хүсэлтийг хүлээн аваагүй нь хууль зүйн үндэслэлтэй болсон гэж үзлээ. /хх119-121/ Харин хариуцагчийн өмгөөлөгчийн хэргийн оролцогчийн нотлох баримт бүрдүүлэх талаар гаргасан гомдлыг хангах боломжтой юм.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 9-ний өдрийн 102/ШШ2018/02527 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч Омни шиппинг ХХК-ийн өмгөөлөгч Г.Баяржаргалын төлсөн 349 340 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурьдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                        Ж.ОЮУНТУНГАЛАГ

  ШҮҮГЧИД                           Д.ЦОГТСАЙХАН

                                                   Ц.ИЧИНХОРЛОО