Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 102/ШШ2023/02325

 

 

 

 

 

2023 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 102/ШШ2023/02325

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Хангал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч:  Б ХХК 

 

Хариуцагч:О ХХК /РД:5904986/

 

Нэхэмжлэлийн шаардлага: 54,434,675.5 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогч:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Э.Г

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Э

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.А

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Мөнгөнсаран

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. ХариуцагчО ХХК-д холбогдох нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа нэхэмжлэгчийн зүгээс дараах байдлаар тайлбарлав. Үүнд:

2017 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Б ХХК нь хариуцагч О ХХК-тай Тээврийн зуучийн үйлчилгээний 2017/016 тоот гэрээ байгуулан тээврээ хийлгэж байсан. 2017 оны 5 дугаар сарын 25-ны өдөр БНХАУ-ын Хэбэй муж, Чинхандао хотын Q ХХК-иас 20 тонн чингэлэг ачааг /барилгын шавардлагын тор/ 2,060 ам доллараар тээвэрлүүлэх захиалга өгсөн. Дээрх захиалга өгсөн ачааны төлбөр болох 16,525.5 ам долларыг 2017 оны 5 дугаар сарын 05-ны өдөр нийлүүлэгч тал руу шилжүүлсэн байсан. Ачаа 2017 оны 5 дугаар сарын 30-ны өдөр чингэлэгт ачигдаж бэлэн болсон.О ХХК-иас бидэнд өгсөн мэдээллээр бол 2017 оны 6 дугаар сарын 02-ны өдөр Хятадын тээвэр зуучийн компани руу 2,100 ам доллар шилжүүлсэн, Хятадын тээвэр зуучийн компани ачааг Эрээн хотод ирэх үед нэмж 6,000 ам доллар шаардсанаар ачаа саатсан гэж тайлбарласан. Ингээд үндсэндээ хариуцагч О ХХК нь Б ХХК-ийн худалдан авсан барааг Монгол улс руу тээвэрлэн оруулж ирэх үүргээ биелүүлээгүйн улмаас нэхэмжлэгч компани нь бараа ч үгүй, мөнгө ч үгүй болсон. Ийм учраас бид анх хариуцагч О ХХК-иас манай компанийн ачааны үнэ болох 16,562.5 ам доллар буюу 40,694,062 төгрөгийг хариуцагчО ХХК-иас гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Гэвч одоо нөхцөл өөрчлөгдөж ам долларын ханш 6 жилийн өмнөх үе буюу 2017 оноос хойш өссөн учир авах ёстой төлбөрийн тооцоог ам долларын өнөөдрийн ханшинд нийцүүлэн Монгол банкны 2023 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн ханшаар бодож 16,157,969.5 төгрөг нэмэгдүүлэн нэхэмжилсэн ба нийт 54,434,675.5 төгрөгийг гаргуулна гэжээ.

 

2. Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа:О ХХК нь 2014 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд тээвэр зуучийн үйлчилгээг олон харилцагч, үйлчлүүлэгч нарт хүргэж байна. Бид Б ХХК-д 2015 оноос хойш тээвэр зуучийн үйлчилгээг үзүүлж байгаа. Б ХХК-иас 2017 оны 5 дугаар сарын 10-ны өдөр Чинхуандо хотоос 20 фүүтийн чингэлэг барилгын тор тээвэрлэх, тээвэрлэх үнийн асуулга хүлээн авсан. Үүний дагуу үнийн саналыг Хятадын олон тээвэр зуучийн компаниас судлан, хамгийн боломжит үнийг Ц зуучаас хүлээн авч 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдөр Б ХХК-д санал болгосон. Б ХХК-иас тээвэр хийлгэх захиалга 2017 оны 5 дугаар сарын 25-ны өдөр ирсэн. Бид тээврийг шуурхай зохион байгуулахаар Ц зуучид 2017 оны 5 дугаар сарын 25-ны өдөр захиалга өгч тээврийг эхлүүлсэн байдаг. Уг зуучтай хамтран ажиллах гэрээ байгаагүй тул 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдөр хамтран ажиллах гэрээ байгуулсан. Ц зуучийн мэдээллийн дагуу 2017 оны 5 дугаар сарын 30-ны өдөр ачаа чингэлэгт ачигдан төмөр замын өртөөнд хослох 20 фүүтийн чингэлэг хүлээж байгааг мэдэгдсэн. Ц зуучаас 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдөр төлбөрийн нэхэмжлэх ирсний дагуу бид тохиролцсон тээврийн хөлс болох 2,100 ам долларыг Ц компани руу 2017 оны 6 дугаар сарын 02-ны өдөр шилжүүлсэн. Ингээд 2016 оны 6 дугаар сарын 05-ны өдөр Ц компаниас хослох 20 фүүтийн чингэлэг олдсон тул чингэлэг Тианжин хотоос нааш хөдлөх болсон талаар мэдэгдсэн. Гэвч 2017 оны 6 дугаар сарын 07-ны өдрөөс эхлэн Циандао лианг стар агент биднээс учир шалтгаангүйгээр 8,500 ам долларыг нэхэмжилж, энэ төлбөрийг төлсний дараа ачааг Замын-Үүд рүү илгээх болно гэж чингэлгийг барьцаалсан. Үйл явдлыг судалсны дараа тээврийг Циандао лианг стар биш Шензен Нептүүнэ гэх гуравдагч агент зохион байгуулсныг мэдсэн. Энэ байдлаас үзэхэд Ц агент манай компаниас захиалга авах, Хятадын Зенгзоу хот дахь өөр зуучийн компанид захиалга өгч, тухайн зуучийн компани нь Шензен Нептүүнэ гэх өөр хятад тээвэр зуучаар тээврийг Чинхуандо хотоос Эрээн хүртэл хийлгэсэн болох нь тодорхой болсон. Бид Шензен Нептүүнэ зуучид тээврийн хөлсийг шууд төлөхийг санал болгоход тэд татгалзсан бөгөөд тэдэнд захиалга өгсөн, Хятадын Зенгзоу хотын компаниас заавал төлбөрөө авах шаардлагатай гэсэн. Харин Зенгзоу дахь зууч Ц компаниас мөнгө хүлээн аваагүй тул Шензен Нептүүнэ зуучид төлбөр төлж чадахгүй, хэрвээ манайхыг төлөхгүй бол ачааг зарна гэж сүрдүүлсэн. Үүнээс харахад ачааг чингэлэгт ачсан эсэх нь мөн эргэлзээ төрүүлэхээр байгаа. Учир нь нэгэнт экспортын гааль хийгдсэн ачааг буцаан цуцлах бараг боломжгүй байдаг. Ц нь Зенгзоу дахь компанид мөнгөө төлөөгүй, Зенгзоу дахь компани Шензен Нептүүнэ агентад тээврийн хөлсийг төлөөгүйн улмаас Б ХХК-ийн ачааг ачсан гэх чингэлэг 2017 оны 6 дугаар сарын 09-ний өдрөөс хойш Эрээн хотод гацсан байдалтай байна. Дээрх шалтгаануудын улмаас манай компани нь залилан хийдэг компанийн хохирогч бөгөөд ачаа Монгол улсад орж ирээгүй явдалд бид буруугүй. Иймд нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.

 

3. Нэхэмжлэгчээс дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /1 хавтас 4/, 2017 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн №2017/016 тоот Тээврийн зуучийн үйлчилгээний гэрээ /1 хавтас 5-6/, Худалдаа хөгжлийн банкны гадаад шилжүүлгийн даалгаварын хуулбар /1 хавтас 7/, Хаан банкны 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн арилжааны ханш /1 хавтас 66/, компанийн дүрмийн хуулбар /1 хавтас 67-69/, Монгол банкнаас зарласан 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн ханшийн лавлагаа /1 хавтас 138/, цахим зурвас, орчуулга /1 хавтас 170-172/, Монгол банкнаас зарласан 2023 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн ханшийн лавлагаа /2 хавтас /.

 

4. Хариуцагчаас дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /1 хавтас 10/, шүүхэд төлөөлөх итгэмжлэл /1 хавтас 25, 52, 57/ Циндао ли энд стар ХХК-иас ирсэн нэхэмжлэх, орчуулга /1 хавтас 31/, Худалдаа хөгжлийн банкны гадаад гуйвуулгын баримтын хуулбар /1 хавтас 32-33/, Циндао ли энд стар ХХК-ийн нэхэмжлэл, орчуулга /1 хавтас 34-36/ Хятад улсын иргэн гэх Майкл шу-тай харилцсан цахим зурвас, орчуулга /1 хавтас 34-41, 44-47/, Хятад улсын Шензен Нептүүнэ компанитай харилцсан Скайп /Skype/-н цахимт зурвас /1 хавтас 42-43/,О ХХК-ийн 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 2017/161 тоот албан бичиг /1 хавтас 48/ компанийн дүрмийн хуулбар /1 хавтас 55-56/, эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /1 хавтас 57/,О ХХК-ийн 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 2018/033 тоот Баянгол дүүргийн Цагдаагийн Нэгдүгээр хэлсийн Эрүүгийн цагдаагийн тасаг-т гаргасан өргөдөл /1 хавтас 75-76/, Баянгол дүүрэг дэх Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн 2018 оны 02 дугаар сарын 21-ний албан бичиг /1 хавтас 97/, Онцгой эрхт төлөөлөгчийн гэрээний хуулбар, орчуулга /1 хавтас 107-111/, 1989 оны 8 дугаар сарын 31-ний өдөр БНМАУ, БНХАУ-ын хооронд Иргэний болон Эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай гэрээ /1 хавтас 116-122/, Монгол банкнаас зарласан 2018 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн ханшийн лавлагаа /2-р хавтас 98/, нэхэмжлэх, санхүүгийн баримтууд, тэдгээрийн орчуулга /2 хавтас 99-118/.

 

5. Хариуцагчийн хүсэлтээр шүүхээс шүүхээс дараах нотлох баримтыг бүрдүүлсэн. Үүнд: Улаанбаатар төмөр замын Хууль зүйн албаны 2018 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 10/85 тоот албан бичиг, Улаанбаатар статистик бүртгэл, мэдээллийн технологийн албаны 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 15/32 тоот албан бичиг хавсралт /1 хавтас 85-87/, Qinhuangdao Guangyu Fiberlass компанитай байгуулсан бараа худалдах, худалдан авах гэрээ, өөрийн ачааг Циндао Ли энд стар компанид ачуулахаар зөвшөөрснийг батлах нотлох баримтыг, Qinhuangdao Guangyu Fiberlass компаниас Б ХХК-д худалдсан хэдэн тоо ширхэгтэй, хэдэн төгрөгийн ачааг хэнд буюу ямар байгууллагад тээвэрлэлтэд хүлээлгэн өгсөн тухай баримтууд /1 хавтас 88-96/, үзлэгийн тэмдэглэл, хавсралт /1 хавтас 101, 185-247, 2 хавтас 3-60/, Улаанбаатар төмөр замын тээвэр зохион байгуулалтын албаны 2018 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн 3/509 тоот албан бичиг /1 хавтас 248-250, 2 хавтас 1-2/, үзлэгийн хавсралтын орчуулга /2 хавтас 61-93/, Монгол-Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам нийгэмлэгийн 2019 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 15/1268 тоот албан бичиг, хавсралт /хх 193-198/.

 

Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтуудыг судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Б ХХК нь хариуцагч О ХХК-д холбогдуулж 40,694,062 төгрөг гаргуулахаар шүүхэд хандсан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч өөрийн шаардлагыг ихэсгэж нийт 54,434,675.5 төгрөг болгожээ.

 

2. Нэхэмжлэгч Б ХХК-ийн зүгээс өөрийн шаардлагын үндэслэлээ ...хариуцагчийн буруугаас нэхэмжлэгч компанийн худалдан авсан бараа Монгол улсад орж ирээгүй. Иймд барааны үнийг хохиролд тооцож хариуцагчаас гаргуулна гэж тайлбарласан.

 

ХариуцагчО ХХК дээрх нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрсөн татгалзлаа ...захиалсан бараа Монгол улсад орж ирээгүй явдалд бид буруугүй гэсэн агуулгаар тайлбарлаж байна.

 

3. ХэрэгтО ХХК болон Б ХХК-иудын хооронд 2017 оны 02 дугаар сарын 26-ны өдөр байгуулагдсан №2017/016 тоот Тээврийн зуучийн үйлчилгээний гэрээ авагджээ. Уг гэрээнд Омни шипинг ХХК нь зуучаар, Б ХХК нь үйлчлүүлэгчээр оролцсон ба гэрээний зорилгыг талууд ...зууч нь үйлчлүүлэгчийн захиалгаар Монгол улсын нутаг дэвсгэрт орж гарах импортын тээвэрт зуучийн үйлчилгээ үзүүлэхтэй холбогдон гарах талуудын харилцааг зохицуулах гэж тодорхойлсон байна.

 

Мөн 2017 оны 02 дугаар сарын 26-ны өдөр байгуулагдсан №2017/016 тоот Тээврийн зуучийн үйлчилгээний гэрээ-нд зуучийн эрх, үүргийг:

1/ Зууч нь тухайн тээвэрлэлтийн явцад гарах тээвэрлэлттэй холбоотой төлбөр тооцоо, хил боомтын болон сэлгэн ачилтын зардлыг үйлчүүлэгчийн өмнөөс төлнө;

2/ Зууч нь үйлчүүлэгчийн өгсөн зураг тооцооны дагуу ачааны бэхэлгээ болон ачилтын техникийн нөхцлийг боловсруулна;

3/ Монгол даатгал ХХК-тай хийсэн гэрээний дагуу ачаа тээвэрлэгчийн хариуцлагын даатгалын хүрээнд хамраж болох даатгалын тохиолдлыг холбогдох байгууллагуудтай хамтран шийднэ;

4/ Үйлчлүүлэгчийг хилийн өртөө боомтуудаар ачаа дамжсан хөдөлгөөний тухай замын мэдээллээр бүрэн хангана;

5/ Үйлчлүүлэгч хүсэлтээ бичгээр гаргасан тохиолдолд холбогдох дүрэм журмын дагуу ачааны хүрэх өртөөний хаяглалтыг нэмэлт хөлстэйгөөр өөрчилнө;

6/ Үйлчлүүлэгчтэй бичгээр тохиролцсоны дагуу тээврийн хөлсийг уг гэрээний 3.1-д заасны дагуу нэхэмжилж авна;

7/ Давагдашгүй хүчин зүйлийн улмаас үүссэн аливаа нөхцөл (Холбогдох төмөр замууд болон далайн тээврийн компаниудын, мөн дамжин өнгөрөх болон Монгол Улсын Засгийн Газрын холбогдох шийдвэрийг оруулан) байдлаас бусад тохиолдолд тохирсон үнэ тарифыг ачаа гарснаас хойш өөрчлөхгүй;

8/ Тээврийн зардлыг өөрчлөх шаардлагатай болсон тохиолдолд тухайн нөхцөл байдал үүссэнээс хойш ажлын 3 хоногийн дотор бодит шалтгаан нөхцөлийг тодорхойлсон албан ёсны мэдээ, мэдээллийг үйлчлүүлэгчид гаргаж өгнө;

9/ Тээвэрлэлтийн талаар үйлчлүүлэгчид мэргэжлийн зөвлөгөө өгнө;

10/ Төмөр замаар тээвэрлэгдэх ачааны хүргэх хугацааг Олон Улсын Ачаа харилцааны хэлэлцээр болон ЦИМ-т заасны дагуу, харин бусад төрлийн тээвэрт холбогдох олон улсын конвенцид заагдсан заалтуудыг баримтална;

11/ Тээвэрлэлтийн явцад өөрийн буруутай үйл ажиллагаанаас үүдэн гарсан аливаа нэмэлт зардлыг хариуцан барагдуулна;

12/ Тээвэрлэлтийн явцад ачааны аюулгүй байдлыг хангах талаар үйлчлүүлэгчийн өмнөөс холбогдох тээврийн байгууллагуудтай ажиллаж, аливаа эвдрэл гэмтэл, дутагдал гарсан тохиолдолд тээвэрлэгч байгууллагаас акт тодорхойлолт гаргаж өгнө;

13/ Гаалийн бүрдүүлэлтийн үйлчилгээг үнэ төлбөргүй үзүүлнэ.

 

Үйлчлүүлэгчийн эрх, үүргийг:

1/Үйлчлүүлэгч нь тээвэрлэлтийн захиалгыг тээвэрлэлт эхлэхээс ... хоногийн өмнө зуучид өгнө;

2/ Үйлчлүүлэгч тээвэрлэгдэх ачааны талаар зуучаас шаардсан мэдээллүүдийг ачааг тээвэрлэлтэд хүлээлгэн өгөхөөс өмнө гаргаж өгсөн байна. Тээвэрлэлтэд хүлээн авсан барааны талаар шаардлагатай мэдээлэл, зураг, хэмжээ, жин, тоо ширхэг, хүрэх өртөө, хүлээн авагчийн нэр хаяг, тухайн ачааг тээвэрлэхэд шаардлагатай тусгай нөхцөл шаардлагын талаарх мэдээлэл дутагдалтай болон буруу ташаа байснаас үүдэн гарах зардлыг үйлчлүүлэгч хариуцна;

3/ Үйлчлүүлэгч ачааг тээвэрлэлтийн шаардлага хангах сав баглаа боодолтой хүлээлгэж өгөх ба сав баглаа боодлын чанараас шалтгаалсан аливаа хохирлыг зууч хариуцахгүй;

4/ Үйлчлүүлэгч нь зуучийн гаргасан нэхэмжлэлийн дагуу тээврийн хөлс, нэмэлт зардлууд болон тээвэр үйлчилгээний төлбөр тооцоог үнийн саналд заасан хугацаанд төлнө;

5/ Зуучийн өгсөн зааврын дагуу тээврийн холбогдох бичиг баримтыг зохих журмын дагуу зөв бөглөнө;

6/ Тээвэрлэлт болон тээвэрлэгдэж байгаа бараа бүтээгдэхүүнийг тээвэрлэх болон хил гаалиар нэвтрүүлэхтэй холбоотой шаардагдах бичиг баримтуудыг цаг хугацаанд нь гаргаж өгнө;

7/ Үйлчлүүлэгч ачааны гаалийн бүрдүүлэлтийг түргэн шуурхай хийж гаалийн бүрдүүлэлт хийх хугацаанд гарсан хадгаламж, тээврийн хэрэгслийн түрээс болон бусад холбогдох зардлыг хариуцан төлнө;

8/ Зуучид ачаа бараа болон тээвэрлэлттэй холбоотой шаардлагатай бичиг баримтыг цаг тухайд нь бүрэн гаргаж өгөөгүйгээс үүдэн гарсан аливаа нэмэлт зардал тооцоог зуучид ачааг хүлээн авагчид олгохоос өмнө төлж барагдуулна;

9/ Үйлчүүлэгч нь зуучид урьдчилан бичгээр мэдэгдэлгүйгээр дур мэдэн зуучийн нэр дээр ачаа хаяглан гаргахгүй;

10/ Үйлчлүүлэгч нь ачаа эцсийн өртөөнд ирмэгц 3 хоногийн дотор ачааг хүлээн авч чингэлгийг суллах үүрэгтэй;

11/ Үйлчлүүлэгчийн зүгээс шалтгаалан ачаа гаалийн хяналтын талбайд 3-аас дээш хоног хадгалагдсан бол хоног тутмын хадгаламжийн хөлсийг зуучийн санхүүгийн албанд төлнө гэж тус тус заажээ.

4. Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1-д зааснаар тээвэрлэлтийн гэрээгээр тээвэрлэгч нь зорчигч буюу ачаа, тээшийг тогтоосон газар хүргэх, тээвэрлүүлэгч нь хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээдэг бол хуулийн 410 дугаар зүйлийн 410.1-д заасан зуучлалын гэрээгээр зуучлагч нь зуучлуулагчаас олгосон бүрэн эрхийн дагуу, түүний ашиг сонирхлын төлөө, хэлцэл хийх этгээдтэй холбож өгөх, зуучлуулагч нь гэрээнд өөрөөр заагаагүй бол хөлс, шагнал төлөх үүргийг тус тус хүлээнэ.

 

Харин Иргэний хуулийн 413 дугаар зүйлийн 413.1-д зааснаар аж ахуйн үндсэн үйл ажиллагааны хүрээнд худалдах-худалдан авах, даатгал, тээвэр, эд хөрөнгө хөлслөх, эсхүл худалдааны бусад үйл ажиллагаанд зуучлал явуулж байгаа этгээд худалдааны зуучлагчийн эрх эдэлж, үүрэг хүлээдэг.

 

5. Иргэний хэргийн оролцогчдоос хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан тайлбар нотлох баримтаар үнэлэгдэхийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 25.2.2, 37 дугаар зүйлийн 37.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсгүүдэд заасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчО ХХК нь дараах баримтуудыг болон тайлбарыг шүүхэд өгчээ. Үүнд:

 

1/О ХХК-ийн 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн бичгийн тайлбарт ...Бид Б ХХК-д 2015 оноос хойш тээвэр зуучийн үйлчилгээг үзүүлж байгаа. Б ХХК-иас 2017 оны 5 дугаар сарын 10-ны өдөр Чинхуандо хотоос 20 фүүтийн чингэлэг барилгын тор тээвэрлэх үнийн асуулга хүлээн авсан. Үүний дагуу үнийн саналыг Хятадын олон тээвэр зуучийн компаниас судлан, хамгийн боломжит үнийг Ц зуучаас хүлээн авч 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдөр Б ХХК-д санал болгосон. Б ХХК-иас тээвэр хийлгэх захиалга 2017 оны 5 дугаар сарын 25-ны өдөр ирсэн. Бид тээврийг шуурхай зохион байгуулахаар Ц зуучид 2017 оны 5 дугаар сарын 25-ны өдөр захиалга өгч тээврийг эхлүүлсэн гэжээ /1 хавтас, 18 хуудас/.

 

2/О ХХК-ийн 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн МТЗНХ-д хандсан МТЗНХ-аар дамжуулан Хятадын тээвэр зуучийн холбоонд хүсэлт хүргүүлэх нь гэсэн 2017/161 тоот албан бичигт ...Бид Б ХХК-иас 2017 оны 5 дугаар сарын 10-ны өдөр Чинхуандо хотоос 20 фүүтийн чингэлэг барилгын тор тээвэрлэх үнийн асуулга хүлээн авсны дагуу үнийн саналыг Хятадын олон тээвэр зуучийн компаниас судлан, хамгийн боломжит үнийг Ц зуучаас хүлээн авч 2017 оны 5 дугаар сарын 25-ны өдөр ачаа тээвэрлүүлэх захиалга өгсөн. Уг зуучтай хамтран ажиллах гэрээ байгаагүй тул 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдөр хамтран ажиллах гэрээ байгуулсан, ...Ц нь Зензоу дахь компанид мөнгөө төлөөгүй, Зенгзоу дахь компани Шензен Нептүүнэ агентад тээврийн хөлсийг төлөөгүйн улмаас манай үйлчлүүлэгчийн ачааг ачсан гэх чингэлэг 2017 оны 6 дугаар сарын 09-ний өдрөөс хойш Эрээн хотод гацсан байдалтай байна, ...манай үйлчлүүлэгч болон манай компани хохирч байгаа тул ...залилан хийдэг компанийг хууль хяналтын байгууллагад шалгуулах талаарх асуудлыг Хятадын тээвэр зуучийн холбоонд уламжлан өгч ...туслалцаа үзүүлнэ үү гэсэн байна /1 хавтас, 48 хуудас/.

 

3/О ХХК-иас тус шүүхэд гаргасан хүсэлтэд ...манай компани Б ХХК-ийн ачааг тээвэрлэхийн тулд хятадын: Циндао ли эд стар компанитай эхэлж харилцсан бөгөөд дараа нь Хятад улсын иргэн гэх Майкл Шу, мөн Шензен Нептүүнэ компаниудтай цахим шуудангаар харилцсан болно гэжээ /1 хавтас, 50 хуудас/.

 

4/О ХХК-ийн 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн бичгийн хүсэлтэд ...Манай компани нь Б ХХК-ийн ачааг тээвэрлүүлэхийн тулд Хятадын Циндао Ли энд стар компанитай эхэлж харьцсан, ...тээвэр зуучийн компани нь өөрөө тээвэрлэгч биш бөгөөд аливаа этгээдийн барааг хаанаас ямар үнээр, ямар тээврийн хэрэгслээр, хаана хүртэл, ямар үнээр тээвэрлүүлэх үйлчилгээг зуучилж өгөхийн тулд хамгийн богино хугацаанд бага зардлаар тээвэрлүүлж болох судалгаа хийж үйлчилгээ үзүүлдэг гэж дурдагдсан байна /1 хавтас, 74 хуудас/.

 

5/О ХХК-ийн 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн Баянгол дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн эрүүгийн Цагдаагийн тасаг-т хандсан Өргөдөл гаргах тухай гэсэн 2018/033 тоот албан бичигт ...2017 онд Б ХХК-ийн ачааг тээвэрлүүлэхийн тулд Хятадын Циндао Ли энд стар компанитай эхэлж харилцсан бөгөөд дараа нь манай компаниас үл шалтгаалах нөхцлөөр дараагийн тээвэр зууч гэх Хятад улсын иргэн гэх Майкл Шу, Шензен Нептүүнэ компаниуд шууд дундаас орж ирсэн учир тэдгээртэй цахим шуудангаар харилцсан болно гэсэн байна /1 хавтас, 75 хуудас/.

 

6. Б ХХК болонО ХХК-иудын хооронд 2017 оны 02 дугаар сарын 26-ны өдөр байгуулагдсан №2017/016 тоот Тээврийн зуучийн үйлчилгээний гэрээ-ний агуулгыг дээр дурдсан баримтууд, хариуцагчийн тайлбаруудтай харьцуулан судлахад хариуцагчО ХХК нь аж ахуйн үндсэн үйл ажиллагааны хүрээнд тээвэр зуучлал явуулдаг байх бөгөөд тус компани нь гэрээний харилцаанд худалдааны зуучлагчаар оролцжээ. Тодруулбал, хариуцагчО ХХК нь Б ХХК-ийн захиалсан буюу худалдан авсан барааг Монгол улс руу тээвэрлэн оруулж ирэх ажиллагааг зохион байгуулах үүргийг хүлээсэн гэж үзэхээр байна.

 

Нэхэмжлэгч Б ХХК нь БНХАУ-ын Хэбэй мужийн Чинхандао хотын Q компаниас 20 тоннын чингэлэгтэй барилгын шавардлагын торыг худалдан авч, төлбөрт нь 15,661.5 ам долларыг шилжүүлсэн болох нь Худалдаа хөгжлийн банкны 2017 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн гадаад шилжүүлгийн даалгавраар, нэхэмжлэгчийн захиалсан бараа Монгол улсад ирээгүй болох нь Улаанбаатар төмөр замын Тээвэр зохион байгуулалтын албаны 2018 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн 3/509 дугаар албан бичгээр тус тус нотлогдож байна.

 

Дээрх байдлаарО ХХК нь Б ХХК-ийн захиалсан барааг Монгол улс руу тээвэрлэн оруулж ирэх ажиллагааг зохион байгуулах үүргээ биелүүлээгүй байх тул хариуцагчО ХХК-иас нэхэмжлэгч Б ХХК-ийн барааны үнэд төлсөн 15,661.5 ам долларыг гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохиролд тооцон гаргуулах нь Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д Үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй гэж заасантай нийцнэ.

 

7. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд зохигчид өөрийн шаардлага болон татгалзлаа нотлох, нотлох баримтаа шүүхэд цуглуулж өгөх үүрэгтэй ба энэхүү үүргийнхээ хүрээнд гэрч асуулгах, шинжээч томилуулах, үзлэг болон туршилт хийлгэх, шүүхийн журмаар нотлох баримт гаргуулах зэрэг эрхүүдийг эдэлдэг. Хариуцагч нэхэмжлэгчийн захиалсан буюу худалдан авсан бараа Монгол улсад ирээгүй явдал нь тус компанийн буруутай үйл ажиллагаанаас шалтгаалаагүй гэдгээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасны дагуу нотолж чадаагүй ба хариуцагч нь нэхэмжлэгчийн захиалсан барааг тээвэрлэсэн компанийг эрүүгийн журмаар шалгуулж байгаа явдал нь хариуцагчийг гэрээний үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй.

 

8. Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1-д Төлбөр гүйцэтгэх хугацаа болохоос өмнө мөнгөний ханш өссөн, буурсан бол үүрэг үүсэх үеийн ханшаар тооцож төлбөрийг төлнө, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.2-т Гадаад валютын ханшийг тухайн үеийн Монгол банкнаас зарласан албан ёсны ханшаар, эд хөрөнгийн үнийг нотлогдсон хэмжээгээр тус тус тооцно гэж заасны дагуу нэхэмжлэлийн шаардлага болох 15,661.5 ам долларыг нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлагыг ихэсгэсэн үеийн ханшаар тооцон гаргуулав.

 

9. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдааны шатанд шүүх хуралдааны танхимыг орхин гарсан, хариуцагчийн өмгөөлөгч нь шүүх хуралдааны товыг мэдсээр атал хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т заасан журмын дагуу хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 413 дугаар зүйлийн 413.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан хариуцагчО ХХК-иас 54,434,675.5 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б ХХК-д олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 599,370 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчО ХХК-иас 599,370 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар шүүхийн шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ХАНГАЛ