Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 10 сарын 01 өдөр

Дугаар 210/МА2018/02093

 

 

 

 

 

2018 оны 10 сарын 01 өдөр

Дугаар 210/МА2018/02093

 

 

Дэвжих нэхий ББСБ-ХХК нэхэмжлэлтэй
Дэвжих нэхий ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 102/ШШ2018/02410 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч Дэвжих нэхий ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч О.Энхтөр, Б.Ганболд холбогдох

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 148 990 151 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагч, хариуцагч Б.Ганболдын итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Энхтөр болон түүний өмгөөлөгч Ж.Энхчулуун, О.Эрдэнэчимэг нарын давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Д.Номин-Эрдэнэ

Хариуцагч, хариуцагч Б.Ганболдын итгэмжлэгдсэн төлөөлөгч:

О.Энхтөр

Хариуцагч нарын өмгөөлөгч: Ж.Энхчулуун, О.Эрдэнэчимэг

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: А.Золзаяа нар оролцов.

Нэхэмжлэгч Дэвжих нэхий ББСБ ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Ган-Очир шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Болдхүү шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

О.Энхтөр, Б.Ганболд нар нь Дэвжих нэхий ББСБ ХХК-тай 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр 148 000 000 төгрөгийн зээлийг сарын 2.6 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай авсан. Зээлийн барьцаанд Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Дүнжингарав гудамж, 25 дугаар байрны 23 тоот хаягт байршилтай, 240 м:кв талбай бүхий 4 өрөө, амрагчийн сууцны зориулалттай, 98 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалж, барьцааны  гэрээ байгуулсан. Барьцааны гэрээг зохих журмын дагуу нотариатаар батлуулж, улсын бүртгэлд бүртгүүлсэн. Зээлийн ашиглалтын хугацаанд хариуцагч О.Энхтөр нь үндсэн зээлийн төлбөрт 37 356 737 төгрөг, зээлийн хүүнд 20 382 363 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 35 770 төгрөг төлсөн. 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр зээлийн гэрээний хугацаа дууссан боловч хариуцагч О.Энхтөр нь зээл, хүүгээ төлж дуусгах үүргээ биелүүлэлгүй өнөөдрийг хүрсэн. Иймд хариуцагч нараас зээлийн гэрээний дагуу төлбөл зохих төлбөр болох үндсэн зээл 110 643 263 төгрөг, зээлийн үндсэн хүү 35 539 802 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2 807 086 төгрөг, нийт 148 990 151 төгрөгийг нэхэмжилж байна. 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн №99160202 дугаартай зээлийн гэрээг байгуулахаас өмнө бид хариуцагч нартай зээлийн гэрээ байгуулж, сунгаж байсан нь үнэн. Гэхдээ хариуцагч нар хүсэлт гаргасан учраас бид өмнөх зээлийг нь хааж, 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрөө №99160202 дугаартай зээлийн болон барьцааны гэрээг байгуулсан. Зээлийн мөнгийг хариуцагч нарт бэлнээр өгсөн. Бэлнээр өгсөн нь талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээ болон хуульд харшлаагүй гэж үзэж байгаа. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

Хариуцагч, хариуцагч Б.Ганболдын итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Энхтөр шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 

Нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч байна. Хариуцагч нар нэхэмжлэлд дурдсан 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн зээлийн гэрээний дагуу ямар ч зээл аваагүй юм. Хамгийн анх О.Энхтөр, Б.Ганболд нар нь тус ББСБ-тай 2015 оны 3 дугаар сарын 16-ны өдөр зээлийн гэрээ байгуулж уг гэрээний дагуу 200 000 000 төгрөг авсан нь үнэн. Гэвч нэхэмжлэгч тал элдэв шимтгэл, суутгал гэсээр 198 995 000 төгрөгийг Голомт банк дахь О.Энхтөрийн 1705103855 тоот дансанд шилжүүлсэн байдаг. Энэ зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийн тулд өнгөрсөн хугацаанд бүхий л боломжоо ашиглан зүтгэж, ажлын байр, өөрийн эд хөрөнгө, газар, автомашин зэргийг хямд үнээр зарж борлуулан гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж байгаа. Одоогийн байдлаар хариуцагч бид 2015 оны 3 дугаар сарын 16-ны өдөр №99150176 дугаартай зээлийн гэрээний дагуу 20-30 орчим сая төгрөгийг л төлж дуусгах дутуу байгаа. 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр О.Энхтөр, Б.Ганболд нар нь №99160202 тоот 148 000 000 төгрөгийн зээлийн гэрээг байгуулж, гарын үсэг зурсан нь үнэн. Гэхдээ уг гэрээг байгуулах болсон гол шалтгаан нь нэхэмжлэгч талын удаа дараа гаргасан хүсэлтээс үүдэлтэй. Нэхэмжлэгч байгууллагын зүгээс ...манай байгууллагад Санхүүгийн зохицуулах хорооноос шалгалт ирэх гэж байгаа, иймд та нар өмнөх гэрээгээ хаагаад үлдсэн мөнгөн дээрээ шинээр гэрээ байгуулаад өгөөч гэж биднээс гуйсан. Бидний хувьд зээлийн гэрээний хугацаа сунгагдах боломжийг энэ байдал олгож байсан тул зөвшөөрсөн. Ийм ч учраас би 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр нэхэмжлэгч талаас өгсөн Кассын орлогын ордер, Кассын зарлагын ордер-ууд дээр зээлээ бэлэн мөнгөөр төлж хаасан, шинээр гэрээний дагуу бэлэн мөнгө авсан мэтээр гарын үсгээ зурсан юм. Түүнээс биш өмнөх зээлээ төлж дуусаагүй атлаа дахин шинээр их хэмжээний зээлийг бид яаж ч бодсон авч чадахгүй, шаардлага ч байхгүй юм. Одоо бид 2015 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн №99150176 дугаартай зээлийн гэрээний дагуу үлдэх мөнгөө төлнө, өөр зүйл төлж чадахгүй. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч тал зээлдэгчийн зээлийн дансанд гүйлгээ хийгээгүй учир зээлийг олгосонд тооцохгүй, хууль зөрчсөн байгааг шүүхээс анхаарч өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан хариуцагч О.Энхтөр, Б.Ганболд нараас 148 990, 151 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Дэвжих нэхий ББСБ ХХК-д олгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч О.Энхтөр, Б.Ганболд нар шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Дүнжингарав гудамж, 25 дугаар байрны 23 тоот хаягт байрлалтай, 240 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2206031141 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг дуудлага худалдаагаар худалдсан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 973 101 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч О.Энхтөр, Б.Ганболд нараас 973 101 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Дэвжих нэхий ББСБ ХХК-д олгож шийдвэрлэсэн байна.

Хариуцагч, хариуцагч Б.Ганболдын итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Энхтөр болон түүний өмгөөлөгч Ж.Энхчулуун, О.Эрдэнэчимэг нар давж заалдах гомдолдоо:

... 2015 оны 3 дугаар сарын 16-нд нэхэмжлэгч байгууллагаас 200 000 000 төгрөгийн зээл авсан. Уг гэрээний дагуу төлбөрөө цаг хугацаанд төлөхийн тулд маш их хичээсэн бөгөөд энэ хугацаанд зээл, зээлийн хүү, шимтгэл, нэмэгдүүлсэн хүү зэрэгт нийт 245 989 621 төгрөг төлсөн. Нэхэмжлэгч байгууллага хяналт шалгалт, дотоод асуудлаа шийдэхийн тулд гэрээг шинэчлэн хүүнээс хүү тооцож, 148 990 151 төгрөг нэхэмжилсэн. Шүүх хуралдаанд нэхэмжлэгч талаас гаргасан бичгийн нотлох баримтад үзлэг хийхдээ шүүгчийн зүгээс талуудыг оролцуулаагүй, хөндлөнгийн ганцхан гэрчийг байлцуулсан атлаа түүнд эрх, үүргийг нь тайлбарлаж өгөөгүй болно. Гэтэл шүүх хуралдаанаас 24 хоногийн дараа бэлэн болгосон шүүхийн шийдвэр, тэмдэглэлд хөндлөнгийн гэрчээр Г.Мөнхбаяр гэх хүн оролцсон мэтээр үзлэгийн тэмдэглэлд нэмж тусгаж, гарын үсэг зуруулсан байна. Үзлэгийг хуульд заасан журмын дагуу явуулаагүй, зохих тооны хөндлөнгийн гэрчийг оролцуулаагүй атлаа оролцсон мэтээр шүүх хуралдааны дараа үзлэгийн "тэмдэглэлд" нэмж бичилт хийсэн явдал нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийг ноцтой зөрчсөн үйлдэл болсон. Шүүгчийн 2018 оны 6 дугаар сарын 4-ний өдрийн 102/Ш32018/08145 дугаартай захирамжаар "2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн санхүүгийн баримтууд /хариуцагчийн өмнөх зээлүүдийг хаасан баримтууд/-ыг нэхэмжлэгчээс гаргуулахаар шийдвэрлэсэн атлаа энэ талаар ямар ч нотлох баримтыг ирүүлээгүй байхад шүүх хуралдааныг үргэлжлүүлэн явуулж шүүгчийн захирамжийг биелүүлэхгүй байх боломжийг нэхэмжлэгчид олгосон. Нэхэмжлэгчийн зүгээс гэрээг бодитой хэрэгжүүлж, 148 000 000 төгрөгийг хариуцагчид бэлнээр олгосон тухайгаа тодорхой нотолж чадаагүй. Нэхэмжпэгчийн ирүүлсэн "Кассын зарлагын ордер" гэх баримтад 2016 оны 11 дүгээр сарын 24-ний 13 цаг 03 гэсэн огноотой "Иргэн Оюунцэрэн Энхтөрд 99160202 тоот зээлийн гэрээний дагуу 12 сар хугацаатай 2.60 хувийн хүүтэй зээл олгов. Undefined 148 000 000 төгрөг гэсэн баримт байдаг. Гэтэл энэхүү нэхэмжлэлийн шаардлагаа нотолж буй бичгийн баримтуудад дараах зөрчлүүд байна. Мөнгийг бэлнээр олгосон гэх боловч гарт олгосон мөнгөний дэвсгэртүүдийн жагсаалт товьёог гарган нотлох баримтаар ирүүлээгүй, зарлагын ордер гэх баримтад нэхэмжлэгч байгууллагын Ерөнхий нягтлан бодогч болон мөнгөний нярав гарын үсэг зураагүй, зээл олгов гэх бичвэрийн ар талд залгаад бичигдсэн Undefined гэх англи үгийг орчуулж харахад "тэмдэглэгдээгүй, тодорхойлогдоогүй" гэх утгыг илэрхийлж байсан. Хариуцагч О.Энхтөр нь "2016 оны 3 дугаар сарын 16-ны өдөр, 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрүүдэд зээлийн төлбөрүүд төлөгдсөн, 99160015, 99160202 дугаарын зээлийн гэрээнүүдийг байгуулан 173 000 000 төгрөг, 148 000 000 төгрөгийн зээлүүдийг олгосон гэх үйл баримтуудыг "хугацаа дууссан 2015 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 200 000 000 төгрөгийн 99150176 дугаарын зээлийн гэрээг шинэчилэх гэсэн" ББСБ-ын санаачилгаар хийгдсэн "хуурамч" үйл баримтууд гэж маргаж байгаа нь үндэслэлтэй бөгөөд дараах баримтуудаар тогтоогдож байна. Цаг хугацааны тухайд 99150176 дугаарын 200 000 000 төгрөгийн зээлийн гэрээний хугацаа нь 2016 оны 3 дугаар сарын 16-ны өдөр дууссан, энэ өдөр 173 000 000 төгрөгийн зээлийн 99160015 дугаарын гэрээг байгуулсан. Зээлийн хэмжээний түхайд 99150176 дугаарын 200 000 000 төгрөгийн зээлийн гэрээний хугацаа дууссан өдөр буюу 2016 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн тооцооллоор зээлдэгч О.Энхтөр үндсэн зээлээс 46 185 225, зээлийн хүүд 65 781 887, нэмэгдүүлсэн хүүд 1 104 085, зээлийн шимтгэлд 2 743 150 нийт 115 814 347 төгрөг төлж, үндсэн зээлийн 153 814 775 зээлийн хүүгийн 18 653 228 нийт 172 468 003 төгрөгийн үлдэгдэлийн дүн нь 99160015 дугаарын гэрээгээрх зээлийн хэмжээ болох 173 000 000 төгрөийн дүнтэй тохирч байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагч О.Энхтөрөөс 2016 оны 11 дүгээр сарын 23-ны 99160202 тоот 148 000 000 төгрөгийн зээлийн гэрээгээр үүрэг шаардсан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэн хуулийн шаардлагыг хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч Дэвжих нэхий ББСБ ХХК нь хариуцагч О.Энхтөр, Б.Ганболд нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 148 990 151 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрсөн байна.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Дэвжих нэхий ББСБ ХХК нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...2016 оны 3 дугаар сарын 16-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний үүрэг гэж, хариуцагч О.Энхтөр, Б.Ганболд нар ...дээрх гэрээгээр мөнгө аваагүй, өмнө буюу 2015 оны 3 дугаар сарын 16-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний дагуу мөнгө төлөх үүрэгтэй гэж тус тус зөрүүтэй тайлбар, тооцоог гарган маргажээ.

 

Зохигчид зөрүүтэй тайлбар гарган хоёр өөр гэрээний талаар маргаж байхад анхан шатны шүүх уг асуудлыг тодруулаагүй, аль гэрээний дагуу хэдэн төгрөгийг хэзээ, хэнд шилжүүлсэн, түүнтэй холбоотой ямар үүрэг үүссэн зэрэг нь ойлгомжгүй байх төдийгүй уг асуудлаар талуудыг мэтгэлцүүлээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх заалтыг зөрчжээ.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг нарийвчлан тодруулснаар 2015 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн зээлийн гэрээний үүрэг нь 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгтэй холбоотой эсэх, аль гэрээний дагуу ямар үүрэг үүссэн, уг үүргийг хэрхэн тооцох талаар хуулийг зөв тайлбарлан хэрэглэх боломж бүрдэх юм.

 

Хариуцагч болон түүний өмгөөлөгч нар давж заалдах гомдлын нэг үндэслэлээ шүүхээс хийсэн үзлэг нь хуулийн шаардлага хангаагүй гэжээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт Хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тодруулахын тулд шүүх үзлэг, туршилт, таньж олуулах ажиллагааг хөндлөнгийн 2-оос доошгүй гэрчийг байлцуулан хэргийн оролцогчдыг оролцуулан хийх бөгөөд энэ тухай тэмдэглэл үйлдэж, түүнд уг ажиллагаанд оролцогчдоор гарын үсэг зуруулна гэж заасан бөгөөд хэргийн 99-100 дугаар талд анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн үзлэгийн тэмдэглэл авагдсан байх ба уг тэмдэглэлд үзлэгээр юу илэрсэн байгааг тодорхой заагаагүйгээс гадна үзлэг хийхэд хөндлөнгийн гэрчийг байлцуулсан эсэх нь тодорхойгүй байна.

 

Мөн Үзлэг хийсэн кассын дэвтрийг хэрэгт хуулбарлан хавсаргасан байх боловч үзлэгийн тэмдэглэлд хэрэгт өмнө нь авагдсан байсан баримтыг иш татсан байгааг үзлэгээр илэрсэн зүйл гэж үзэх боломжгүй юм.

 

Анхан шатны шүүх зохигчдын хооронд үүссэн маргааныг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, нэхэмжлэлийн шаардлагыг тодруулаагүйгээс хэргийн үйл баримт бүрэн тогтоогдоогүй, дээрх ажиллагааг давж заалдах шатны шүүхээс нөхөж гүйцээх боломжгүй байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хянан шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Энэ талаар давж заалдсан хариуцагч, түүний өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангах үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 102/ШШ2018/02410 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч О.Энхтөрийн төлсөн 902 901 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурьдсугай.

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                        Ж.ОЮУНТУНГАЛАГ

  ШҮҮГЧИД                           Д.ЦОГТСАЙХАН

                                                   Ц.ИЧИНХОРЛОО