Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 07 сарын 31 өдөр

Дугаар 02410

 

2018 оны 07 сарын 31 өдөр

Дугаар 102/ШШ2018/02410

Улаанбаатар хот

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Хангал даргалж тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,  

 

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум,  дугаар баг, дугаар давхарт байрлах, “Д.н ББСБ” ХХК /РД:/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг,  дүгээр хороо,  дугаар хороолол,  дугаар байр,  тоотод оршин суух, Ш овогт О.Э /РД:/,

 

Хариуцагч: Хан-Уул дүүрэг,  дүгээр хороо,  дугаар хэсэг, богино ам гудамж, аос байр, тоотод оршин суух, Д овогт Б.Г /РД:/ нарт холбогдох,

 

зээлийн гэрээний үүрэгт 148,990,151 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Номин-Эрдэнэ /2073/,  хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Э, хариуцагчийн өмгөөлөгч Ж.Энхчулуун /0974/ шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Мөнх-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: О.Э, Б.Г нар нь “Д.н ББСБ” ХХК-тай 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр № тоот “Зээлийн гэрээ” байгуулж 148,000,000 төгрөгийн зээлийг сарын 2.6 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай авсан. Зээлийн барьцаанд эрхийн улсын бүртгэлийн Ү-0000000000 дугаарт бүртгэлтэй, №000000000 тоот гэрчилгээтэй, Хан-Уул дүүрэг,  дүгээр хороо, Дүнжингарав гудамж,  дугаар байрны  тоот хаягт байршилтай, 240 м2 талбайтай, 4 өрөө, амрагчийн сууцны зориулалттай, 98 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалж, № тоот барьцааны гэрээ байгуулсан. Барьцааны гэрээг зохих журмын дагуу нотариатаар батлуулж, улсын бүртгэлд бүртгүүлсэн. Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний зээл ашиглалтын хугацаанд хариуцагч О.Э нь үндсэн зээлийн төлбөрт 37,356,737 төгрөг, зээлийн хүүнд 20,382,363 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 35,770 төгрөг төлсөн. 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр зээлийн гэрээний хугацаа дууссан боловч хариуцагч О.Э нь зээл, хүүгээ төлж дуусгах үүргээ биелүүлэлгүй өнөөдрийг хүрсэн. Иймд хариуцагч нараас зээлийн гэрээний дагуу төлбөл зохих төлбөр болох үндсэн зээл 110,643,263 төгрөг, зээлийн үндсэн хүү 35,539,802 төгрөг, 2,807,086 төгрөг, нийт 148,990,151 төгрөгийг нэхэмжилж байна. Иймд хариуцагч О.Э, Б.Г нараас нийт 148,990,151 төгрөгийг гаргуулж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б, өмгөөлөгч Д.Номин-Эрдэнэ нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Нэхэмжлэгч тал хариуцагч О.Э, Б.Г  нараас талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 148,991,151 төгрөгийг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагуудаа бүрэн дэмжиж байгаа. Шүүхэд зохигчид үнэн зөв мэдүүлэг, тайлбар өгөх үүрэгтэй. Гэтэл хариуцагч нар илт худлаа зүйлийг ярьж байгаад харамсаж байна. Хариуцагч талын тайлбарлаж байгаачлан 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн №00000000 дугаартай зээлийн гэрээг байгуулахаас өмнө бид хариуцагч нартай зээлийн гэрээ байгуулж, сунгаж байсан нь үнэн. Гэхдээ хариуцагч нар хүсэлт гаргасан учраас бид өмнөх зээлийг нь хааж, 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрөө №000000 дугаартай зээлийн болон барьцааны гэрээг байгуулсан. Зээлийн мөнгийг хариуцагч нарт бэлнээр өгсөн. Бэлнээр өгсөн нь талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээ болон хуульд харшлаагүй гэж үзэж байгаа. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Э, хариуцагчийн өмгөөлөгч Ж.Энхчулуун нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч “Д.н” ББСБ нь хариуцагч О.Э, Б.Г нараас зээлийн гэрээний үүрэгт 148,990,151 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шүүхэд хандсан байна. Бидний зүгээс нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч байна. Учир нь хариуцагч нар нэхэмжлэлд дурдсан 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн №0000000 дугаартай зээлийн гэрээний дагуу ямар ч зээл аваагүй юм.

Хамгийн анх О.Э, Б.Г нар нь тус ББСБ-тай 2015 оны 3 дугаар сарын 16-ны өдөр №00000000 дугаартай зээлийн гэрээ байгуулж уг гэрээний дагуу 200,000,000 төгрөг авсан нь үнэн. Гэвч нэхэмжлэгч тал элдэв шимтгэл, суутгал гэсээр 198,995,000 төгрөгийг “Голомт” банк дахь О.Эийн 0000000000 тоот дансанд шилжүүлсэн байдаг. Энэ зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийн тулд өнгөрсөн хугацаанд бүхий л боломжоо ашиглан зүтгэж, ажлын байр, өөрийн эд хөрөнгө, газар, автомашин зэргийг хямд үнээр зарж борлуулан гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж байгаа. Одоогийн байдлаар хариуцагч бид 2015 оны 3 дугаар сарын 16-ны өдөр №00000000 дугаартай зээлийн гэрээний дагуу 20-30 орчим сая төгрөгийг л төлж дуусгах дутуу байгаа.

2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр О.Э, Б.Г нар нь №00000000 тоот 148,000,000 төгрөгийн зээлийн гэрээг байгуулж, гарын үсэг зурсан нь үнэн. Гэхдээ уг гэрээг байгуулах болсон гол шалтгаан нь нэхэмжлэгч талын удаа дараа гаргасан хүсэлтээс үүдэлтэй. Нэхэмжлэгч байгууллагын зүгээс “...манай байгууллагад Санхүүгийн зохицуулах хорооноос шалгалт ирэх гэж байгаа, иймд та нар өмнөх гэрээгээ хаагаад үлдсэн мөнгөн дээрээ шинээр гэрээ байгуулаад өгөөч” гэж биднээс гуйсан. Бидний хувьд зээлийн гэрээний хугацаа сунгагдах боломжийг энэ байдал олгож байсан тул зөвшөөрсөн. Ийм ч учраас би 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр нэхэмжлэгч талаас өгсөн “Кассын орлогын ордер”, “Кассын зарлагын ордер”-ууд дээр зээлээ бэлэн мөнгөөр төлж хаасан, шинээр гэрээний дагуу бэлэн мөнгө авсан мэтээр гарын үсгээ зурсан юм. Түүнээс биш өмнөх зээлээ төлж дуусаагүй атлаа дахин шинээр их хэмжээний зээлийг бид яаж ч бодсон авч чадахгүй, шаардлага ч байхгүй юм. Одоо бид 2015 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн №00000000 дугаартай зээлийн гэрээний дагуу үлдэх мөнгөө төлнө, өөр зүйл төлж чадахгүй. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч тал зээлдэгчийн зээлийн дансанд гүйлгээ хийгээгүй учир зээлийг олгосонд тооцохгүй, хууль зөрчсөн байгааг шүүхээс анхаарч өгнө үү гэжээ.

  

Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтуудыг судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр нэхэмжлэгч “Д.н” ББСБ болон хариуцагч О.Э, Б.Г нар №99160202 тоот зээлийн гэрээ байгуулсан байна. Уг гэрээгээр Д.н ББСБ нь О.Э, Б.Г нарт 148,000,000 төгрөгийг 1 сарын 2.60 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлдүүлэхээр талууд харилцан тохирчээ.

 

Дээрх зээлийн гэрээний үүргийн биелэлтийг хангах арга болгож зээлдэгч Б.Г өөрийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-0000000000 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүрэг,  дүгээр хороо, Дүнжингарав гудамж,  дугаар байрны  тоот хаягт байршилтай, 240 м2 талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан байна.

 

Шүүхээс талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заагдсан гэрээний үүргийн харилцаа үүссэн бөгөөд зээлийн болон барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.2-т “...зээлийн гэрээг бичгээр хийнэ”, мөн хуулийн 156 дугаар зүйлийн 156.1 дэх хэсэгт заасан “Барьцааны гэрээг бичгээр байгуулна”, 156.2 дахь хэсэгт “Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэх бөгөөд гэрээнд талуудын нэр, оршин суугаа газар, барьцаагаар хангагдах шаардлага, түүний хэмжээ, үүргийг хангах хугацаа, барьцааны зүйл, түүний байгаа газар, үнийг заана” гэсэн хуулийн шаардлагуудад нийцсэн, хүчин төгөлдөр байна гэж дүгнэлээ. 

 

Нэхэмжлэгч Д.нББСБ нь хариуцагч О.Э болон Б.Г нарт холбогдуулж №00000000 тоот зээлийн гэрээний үүрэг буюу үндсэн зээл 110,643,263 төгрөг, үндсэн хүү 35,539,802 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,807,086 төгрөг, нийт 148,990,151 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай шаардлагуудыг гаргаж шүүхэд ханджээ.

 

Хариуцагч нар дээрх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрсөн. “...манай байгууллагад санхүүгийн шалгалт орох гэж байгаа тул өмнөх зээлийн гэрээний үлдэгдэл дээрээ шинээр гэрээ байгуулчих” гэж нэхэмжлэгчийн зүгээс хүсэлт тавьсан тул 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр шинээр зээлийн гэрээ байгуулж, гарын үсгээ зурсан. Гэхдээ уг зээлийн гэрээний дагуу бодит байдал дээр 148,000,000 төгрөгийг хүлээж аваагүй гэж хариуцагч тал өөрсдийн татгалзлаа тайлбарлав. 

 

Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүү, хугацаа хэтрүүлсний хариуцлага нэмэгдүүлсэн хүүг  төлөх үүргийг тус тус хүлээдэг.

 

Хэрэгт цугларсан баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1.-д заасан “Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг...зээлдэгчид шилжүүлэх... үүргийг хүлээнэ” гэж заасны дагуу зээл болох 148,000,000 төгрөгийг хариуцагчид 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр бэлнээр шилжүүлэн өгсөн гэж үзэхээр байна. Ийнхүү шилжүүлсэн нь Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 3, талуудын хооронд 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр байгуулагдсан №00000000 тоот зээлийн гэрээний 3.1.7 дахь хэсгүүдтэй харшлаагүй /хх 7, 53 хуудас/. 

 

Нөгөөтэйгүүр, талууд 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр №00000000 тоот зээлийн гэрээг байгуулсан өдрөө барьцааны гэрээг байгуулсан, уг барьцааг эрх бүхий байгууллага 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр бүртгэсэн үйл баримт, хариуцагч О.Эийн “Эколайтинг” ХХК-иас зээлийн гэрээ байгуулагдсан өдрөөс хойш буюу 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдөр 3,977,000 төгрөг, 2017 оны 6 дугаар сарын 28-ны өдөр 25,000,000 төгрөг, 2017 оны 8 дугаар сарын 08-ны өдөр 14,000,000 төгрөгийг төлж байсан үйл баримтуудыг харьцуулан дүгнэхэд хариуцагчийн “...2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн №00000000 тоот зээлийн гэрээний дагуу мөнгө хүлээж аваагүй” гэх тайлбар үгүйсгэгдэж байна /хх 55-57 хуудас/.

 

Хариуцагч нарын зүгээс гэрээгээр мөнгө хүлээж аваагүй гэснээс бус нэхэмжлэгчээс шүүхэд гаргаж өгсөн зээлийн тооцоолол дээр маргаагүй, зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш зээл төлөгдөж байсан баримт хэрэгт авагдаагүй байна. Нэгэнт Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1.-д заасан үүргээ гүйцэтгэсэн тул нэхэмжлэгч тал хариуцагчаас гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй, хариуцагч нар гэрээний үүргээ биелүүлэх үүрэгтэй болно.  

 

Түүнчлэн, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлага нь Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1.-д заасантай нийцэж байх тул барьцааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаагаар худалдаж, үнээс нь үүргийг гүйцэтгүүлэх үндэслэлтэй.

 

Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээнд хариуцагч нар үүрэг хуваарилах талаар тохиролцоогүй, нэхэмжлэгчийн зүгээс гэрээний үүргийг хариуцагч бүрээр тодорхойлж, нэхэмжлээгүй байх тул Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.11 дэх хэсэгт зааснаар хариуцагч нарын хүлээх үүрэг нь тэнцүү байна гэж үзсэн болно. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1., 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

                                                                                                                     ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан хариуцагч О.Э, Б.Г нараас 148,990,151 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Д.н ББСБ” ХХК-д олгосугай. 

 

2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч О.Э, Б.Г нар шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Хан-Уул дүүрэг,  дүгээр хороо, Дүнжингарав гудамж,  дугаар байрны  тоот хаягт байрлалтай, 240 м2 талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-0000000000 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг дуудлага худалдаагаар худалдсан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 973,101 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч О.Э, Б.Г нараас 973,101 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Д.н ББСБ” ХХК-д олгосугай. 

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар шүүхийн шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй. 

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь  гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                                    Н.ХАНГАЛ