Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 221/МА2018/0382

 

2018 оны 07 сарын 04 өдөр                             Дугаар 221/МА2018/0382                                    Улаанбаатар хот

“О-А” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

          Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Билгүүн даргалж, шүүгч С.Мөнхжаргал, Ерөнхий шүүгч Д.Батбаатар нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Н.Өнө-Эрдэнэ, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Энхжаргал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.А, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.О нарыг оролцуулан, Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 110/ШШ2018/0038 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын дагуу “О-А” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд холбогдох захиргааны хэргийг Ерөнхий шүүгч Д.Батбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

           Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 110/ШШ2018/0038 дугаар шийдвэрээр: ”Амьтны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2.4, 7 дугаар зүйлийн 7.6, 22 дугаар зүйлийн 22.3, 22.4, 22.5, 22.6, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1-ийн “ж”, 20 дугаар зүйлийн 20.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “О-А” ХХК-ийн тус шүүхэд гаргасан “Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 26 дугаар тогтоолын тогтоох хэсгийн 1-д заасан Дэлүүн сумын Засаг даргын Тамгын газрын захиалгаар агнуур зүйн мэргэжлийн байгууллага “А-Э” ХХК-ийн хийж боловсруулсан “Ахуунт” агнуурын бүс нутгийн ангийн менежментийн төлөвлөгөө болон зохион байгуулалтын тайланг баталсан хэсэг, 2-т заасан “Ахуунт” бүс нутгийн менежментийн хэрэгжүүлэгчээр Н.Э захиралтай “М А Т” ХХК-тай Амьтны тухай хуулийн 22.3, 22.4, 22.5 дахь заалтууд, Засгийн газрын 2013 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 93 дугаар тогтоолын 1, 2 дугаар хавсралтад заасны дагуу гэрээ байгуулан ажиллахыг сумын Засаг дарга А.А-т зөвшөөрсөн хэсэг, 4-т заасан Дэлүүн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 28 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсон хэсгийг тус тус хүчингүй болгох”-ыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

           Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.1, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж” шийдвэрлэжээ.

           Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Э давж заалдах гомдолдоо: “... Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрч анх олгосон 2014 оны 09 сарын 24-ний өдрийн Дэлүүн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 28 дугаар тогтоолыг хууль бусд тооцож нэхэмжлэгч “О-А” ХХК-ийг хууль ёсны менежмент хариуцагч мөн эсэхэд ... дүгнэлт бичсэн атлаа маргаан бүхий захиргааны актын талаар дүгнэлт хийгээгүйд гомдолтой байна. Хариуцагч Маргаан бүхий актыг гаргахдаа шийдвэр гаргах ажиллагаанд нэхэмжлэгчийг татан оролцуулаагүй, бодит нөхцөл байдлыг тогтоогоогүй, шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар нэхэмжлэгчид тайлбар, санал гаргах боломж олгоогүй, сонсох ажиллагааг явуулаагүй, маш нууц байдлаар гаргасан. ... Шүүх дээрх хууль зөрчсөн эдгээр байдлыг огт анхаараагүй, ямар ч дүгнэлт хийсэнгүй. Шүүх хэргийг шийдвэрлэхээр нотлох баримт цуглуулахдаа зөвхөн гэрчийн мэдүүлэг авах ажиллагааг голчилж ”... гэрчүүд бүгд Дэлүүн сумын иргэдийн төлөөлөгчид буюу энэ хэргийн хариуцагчид байсан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.10-т “Дараах хүнийг гэрчээр дуудах болон мэдүүлэг авч болохгүй”, 37.10.1-т “Үүргээ гүйцэтгэх замаар хэргийн нөхцөл байдлыг мэдэх болсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч” гэж заасныг ноцтой зөрчсөн. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны туршид анхан шатны шүүх нь хариуцагч болох Дэлүүн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Захиргааны хууль болон холбогдох хууль тогтоомжоор хүлээсэн, захиргааны байгууллагын үүргээ зохих ёсоор биелүүлээгүй байдал болон эс үйлдэхгүйг нэхэмжлэгчийн буруу мэтээр дүгнэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд гомдолтой байна. Тухайлбал, гарсан тогтоол шийдвэрийг хадгалаагүй байдал, хурлын харийн бичгийн дарга 2014-2016 онд гарсан тогтоол, шийдвэрүүдийг авч зугтаасан байдал, гэрээг дүгнээгүй байдал, анх гэрээ байгуулахдаа 1 жил байх ёстой 5 жилээр байгуулсан гэх зэрэг байдлууд нь захиргааны байгууллагын хуулиар хүлээсэн үүрэг юм. Ямар үндэслэлээр нэхэмжлэгчийн эрхийг цуцалсан нь тодорхойгүй, шүүх үүн дээр ямар ч дүгнэлт хийгээгүй. Харин ч тус тогтоолын 1 дүгээр хэсгээр тайланг нь баталсан “А Э” ХХК-ийн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн хугацаа тухайн үед дуусчихсан байсан анхааран үзээгүй. Мөн 2 дугаар хэсгээр эрх олгосон “М А Т” ХХК нь ямар үндэслэл, шалгуураар тус эрхийг авч байгаа талаар одоогийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын хувийн дансанд урьдчилж 38.340.000 төгрөг хийснээс өөр нэг ч баримт, шалгуур үзүүлэлт, тайлан шүүхэд гарган өгөөгүй юм. Шүүх эрх зүйн харилцаа байгааг тогтоосон атлаа ... дэндүү хийсвэр дүгнэсэн, маргаан бүхий актын үндэслэлд огт байхгүй, зөвхөн хариуцагчийн өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт үндэслэн хэргийг шийдвэрлэсэн нь шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэн хуулийг буруу тайлбарласан гэж үзэж байна. Иймд Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 110/ШШ2018/0038 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

           Нэхэмжлэгч “О-А” ХХК-аас гаргасан “Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 26 дугаар тогтоолын тогтоох хэсгийн 1, 2, 4 дэх хэсгийг тус тус хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ. Нэг. “Маргаан бүхий тогтоолын 4-д заасан Дэлүүн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 28 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсон хэсгийг хүчингүй болгуулах” шаардлагын тухайд:

           Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын Засаг даргын Тамгын газрын санхүүжилтээр “Х А” ХХК-аар хийлгэсэн “Ахуунт” агнуурын бүс нутгийн ангийн менежментийн төлөвлөгөөг тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдааны 2014 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 22 дугаар тогтоолоор баталж, уг төлөвлөгөөний хариуцагчаар “Х” нөхөрлөлтэй гэрээ байгуулан ажиллахыг Дэлүүн сумын Засаг даргад даалгасан нь, харин нэхэмжлэгч “О-А” ХХК-ийн “Ахуунт” ангийн бүсийн менежментийн төлөвлөгөөг “У А” ХХК-аар хийлгэсэн, 2015-2019 оны Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын “Ахуунт” агнуурын бүсийн менежментийн төлөвлөгөө бүхий баримтыг нотлох баримтаар хүргүүлсэн гэх боловч төлөвлөгөөг хариуцагч сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид хэлэлцээгүй, төрийн захиргааны төв байгууллага Амьтны тухай хуулийн 5.3.2-т зааснаар уг төлөвлөгөөг батлаагүй болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогджээ.

           Тодруулбал, хэрэгт авагдсан Дэлүүн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдааны 2014 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн тэмдэглэл, Шүүхийн үзлэг хийсэн тэмдэглэл , тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргаар ажиллаж байсан гэрч А.Б-ын мэдүүлэг , М.Ж-ын мэдүүлэг , тус сумын Засаг дарга А.А-ийн мэдүүлэг зэргээр Агнуурын бүсийн менежментийг “О-А” ХХК-д хариуцуулах асуудлаар Дэлүүн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид хуралдаагүй болох нь тогтоогдсон бөгөөд энэ талаар анхан шатны шүүх үндэслэлтэй дүгнэлт хийжээ.

           Хэдийгээр хэрэгт иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тамга дарагдсан тогтоол авагдсан, Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын “Ахунт” агнуурын бүс нутгийн хамгааллын менежментийг хариуцах гурвалсан гэрээ байгуулж Байгаль орчны яаманд хүргүүлсэн зэрэг нөхцөл байдал тогтоогдсон нь дээрх нотлох баримтуудыг үгүйсгэх, улмаар тухайн тогтоолыг хүчин төгөлдөр гэх үндэслэл болохгүй.

           Үүнээс гадна Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 22 дугаар тогтоолоор “Х” нөхөрлөлийн ан агнуур зохион байгуулалтын мэргэжлийн байгууллагаар “Х А” ХХК-аар хийлгэсэн ан агнуурын бүс нутгийн менежментийн төлөвлөгөөг баталсны дагуу “Ахуунт” ан агнуурын бүсийн менежментийн хариуцагчаар “Х” нөхөрлөл болсон бөгөөд тус нөхөрлөлтэй нэхэмжлэгч “О-А” ХХК нь тус бүсийн менежментийн төлөвлөгөөний дагуу агнуурын нөөцийг тогтвортой ашиглах арга хэмжээний хүрээнд хамтран ажиллаж тус бүсээс ан амьтан агнах, барих асуудлаар гадаадын анчдад зуучлах, агнуурын нөөцийг ашиглах арга хэмжээг хариуцан хэрэгжүүлж байсан нь тухайн компанид эрх олгосон 28 дугаар тогтоолыг хуулийн дагуу батлан гаргасан гэх үндэслэл болохгүй.

           Нэгэнт Дэлүүн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдааны 2014 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 28 дугаар тогтоолоор “О-А” ХХК-тай холбоотой бус Газрын төлбөрийн хэмжээг шинэчилсэн нь тогтоосон тохиолдолд шүүх захиргааны байгууллагын захиргааны актын хадгалалт болон гэрээг дүгнээгүй байдал зэрэгт дүгнэлт өгөх шаардлагагүй тул энэ талаарх нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй.

           Иймд нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй.

           Харин хэргийн оролцогчдод хэрэгт авагдсан Дэлүүн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 28 дугаар тогтоолыг хэн, ямар байдлаар, хэрхэн гаргасан, тэр нь хохирол учруулсан эсэхтэй холбоотой гомдлоо эрх бүхий байгууллагад гарган шийдвэрлүүлэх эрх нээлттэй болохыг дурдах нь зүйтэй.

           Хоёр. “1-д заасан Дэлүүн сумын Засаг даргын Тамгын газрын захиалгаар агнуур зүйн мэргэжлийн байгууллага “Авралын-Эрэлд” ХХК-ийн хийж боловсруулсан “Ахуунт” агнуурын бүс нутгийн ангийн менежментийн төлөвлөгөө болон зохион байгуулалтын тайланг баталсан хэсгийг, 2-т заасан “Ахуунт” бүс нутгийн менежментийн хэрэгжүүлэгчээр Н.Э захиралтай “М А Т” ХХК-тай Амьтны тухай хуулийн 22.3, 22.4, 22.5 дахь заалтууд, Засгийн газрын 2013 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 93 дугаар тогтоолын 1, 2 дугаар хавсралтад заасны дагуу гэрээ байгуулан ажиллахыг сумын Засаг дарга А.Ахылбект зөвшөөрсөн хэсгийг хүчингүй болгуулах” шаардлагын тухайд:

           Амьтны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3.2 /агнуурын нөөц бүхий аймаг болон ангийн аж ахуйн ан агнуурын менежментийн төлөвлөгөөг батлах, хэрэгжилтэд хяналт тавих/, 22 дугаар зүйлийн 22.3 /Сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь агнуурын амьтны тархац нутагт ан амьтныг агнах, барих агнуурын бүс нутгийг энэ хуулийн 5.3.2-т заасан ан агнуурын менежментийн төлөвлөгөөг үндэслэн тогтооно/-д зааснаар сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь ан амьтныг агнах, барих агнуурын бүс нутгийнхаа ан агнуурын менежментийн төлөвлөгөөг төрийн захиргааны төв байгууллагаас гаргасан ан агнуурын менежментийн төлөвлөгөөг үндэслэн тогтоох эрхтэй. Амьтны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.6.1 /харьяалах нутаг дэвсгэртээ амьтан хамгаалах арга хэмжээний төлөвлөгөө баталж, биелэлтэд нь хяналт тавих/-д зааснаар Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь нутаг дэвсгэртээ амьтан хамгаалах арга хэмжээний төлөвлөгөө баталж, биелэлтэд нь хяналт тавих, 22 дугаар зүйлийн 22.3-д зааснаар тухайн ан агнуурын бүсийг менежментийн төлөвлөгөөг үндэслэн тогтоох бүрэн эрхтэй.

           Хариуцагч төрийн захиргааны байгууллага дээрх хуульд заасан энэ бүрэн эрхийн хүрээнд Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2014 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн Байгаль орчны мэргэжлийн байгууллын гэрчилгээ бүхий Агнуур зүйн мэргэжлийн байгууллага болох “А Э” ХХК-ийн хийж боловсруулсан “Ахуунт” агнуурын бүс нутгийн ангийн менежментийн төлөвлөгөө болон агнуурын зохион байгуулалтын тайланг баталсны улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөгдсөн гэж үзэхгүй.

           Тодруулбал, нэхэмжлэгч “О-А” ХХК нь Дэлүүн сумын “Ахуунт” бүс нутгийн менежментийн хариуцагч биш болох нь дээрх байдлаар баримтуудаар тогтоогдсон, хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд хариуцагч шийдвэрээ гаргасан байгаа энэ тохиолдолд хариуцагч байгууллагын шийдвэрийн улмаас нэхмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчсөн, улмаар шийдвэр гаргах ажиллагаанд нэхэмжлэгч компанийг татан оролцуулах, сонсох ажиллагааг явуулаагүй гэж буруутгах боломжгүй тул энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй.

           Эдгээр нөхцөл байдлаас дүгнэвэл анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж үзэв.

           Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

           1. Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 110/ШШ2018/0038 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

           2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70.200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

           Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

                                            ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН

                                            ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ

                                            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР