Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Бямбаагийн Мөнхтуяа |
Хэргийн индекс | 128/2019/0035/З |
Дугаар | 134 |
Огноо | 2020-04-22 |
Маргааны төрөл | Ашигт малтмал, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2020 оны 04 сарын 22 өдөр
Дугаар 134
“Г” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын
Кадастрын хэлтсийн даргад холбогдох захиргааны хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Даргалагч: Танхимын тэргүүн М.Батсуурь,
Шүүгчид: Д.Мөнхтуяа,
П.Соёл-Эрдэнэ,
Ч.Тунгалаг,
Илтгэгч шүүгч: Б.Мөнхтуяа,
Нарийн бичгийн дарга: Т.Даваажаргал
Нэхэмжлэлийн шаардлага: “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2014 оны 3 дугаар сарын 6-ны өдрийн Тусгай зөвшөөрөл цуцлах тухай 81 дүгээр шийдвэрийн “Г” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, 413.9 гектар талбайд хайгуулын тусгай зөвшөөрлийг сэргээсэн шийдвэр гаргахыг хариуцагчид даалгах”
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 128/ШШ2019/0863 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 70 дугаар магадлалтай, Шүүх хуралдаанд оролцогч: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Дг оролцуулж,
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Өмнөх шүүхийн шийдвэр:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 128/ШШ2019/0863 дугаар шийдвэрээр: 1. Ашигт малтмалын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 32 дугаар зүйлийн 32.1, 34 дүгээр зүйлийн 34.2, 56 дугаар зүйлийн 56.1.2 зааснаар нэхэмжлэгч “Г” ХХК-ийн гаргасан Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2014 оны 3 дугаар сарын 6-ны өдрийн Тусгай зөвшөөрөл цуцлах тухай 81 дүгээр шийдвэрийн “Г” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, 413.9 гектар талбайд хайгуулын тусгай зөвшөөрлийг сэргээсэн шийдвэр гаргахыг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 631 дүгээр магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 863 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч “Г” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Дийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн.
Хяналтын журмаар гаргасан гомдол:
3. Анхан болон давж заалдах шатны шүүхүүд Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1.1-д зааснаар “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй” болно. “Г” ХХК-ийн хувьцаа эзэмшигч “М” ХХК нь тухайн үед “Г” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Ж.Т болон манай компанид холбогдуулан “Г” ХХК-ийн үүсгэн байгуулах баримт бичигт аливаа өөрчлөлт хийхгүй байхыг даалгах, эзэмшиж буй ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг бусад этгээдэд шилжүүлэхгүй байх” зэрэг шаардлага бүхий нэхэмжлэлийг 2013 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Баянгол, Сонгино хайрхан, Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан байдаг. Улмаар уг маргаан нь 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 17953 дугаартай тус шүүхийн шүүгчийн захирамжаар эцэслэн шийдвэрлэгдсэн билээ.
4. Энэхүү хэргийг эцэслэн шийдвэрлэгдэх хугацаанд буюу Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 5452 дугаартай “шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай” шүүгчийн захирамжийн 2 дахь заалтаар Г ХХК-ийн Худалдаа хөгжлийн банкин дахь 410021366 дугаартай төгрөгийн, 410021367 дугаар валютын дансны зарлагын хөдөлгөөнийг тус тус зогсоосон. Үүний дагуу Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2013 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 1/7935 дугаартай албан бичгээр дээрх шүүгчийн захирамжийг биелүүлж данснуудын зарлагын хөдөлгөөнийг зогсоож, хариу мэдэгдэхийг Худалдаа хөгжлийн банкинд даалгасан байна. Улмаар Худалдаа хөгжлийн банкнаас данснуудын зарлагын хөдөлгөөнд хаалт тавьсан болох тус банкны 2019 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 6/2980 дугаар албан бичгээр нотлогдож байна.
5. Маргааны зүйл болох 11329Х дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийн 8 дахь жилийн төлбөрийг төлснөөр тусгай зөвшөөрлийн хугацаа 2013 оны 02 дугаар сарын 09-ний өдрөөс 2014 оны 02 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл сунгагдсан бөгөөд “Г” ХХК нь АМтХуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараа жилийн төлбөрийг тухайн тусгай зөвшөөрлийг олгосон өдрөөс эхлэн тооцож жил бүр урьдчилан төлнө” гэж заасны дагуу тусгай зөвшөөрлийн 9 дэх жилийн төлбөрийг төлөх эцсийн хугацаа нь 2014 оны 02 дугаар сарын 09-ний өдөр байсан. Гэтэл Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2013 оны 5452 захирамж, түүнд үндэслэсэн Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2013 оны 1/7935 дугаартай албан бичгийн дагуу 2013 оны 12 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн “Г” ХХК-ийн Худалдаа хөгжлийн банкин дахь дансны зарлагын хөдөлгөөнийг хориглосон учир тусгай зөвшөөрлийн төлбөрийг хугацаанд нь төлөх боломжгүй болсон. Энэхүү нөхцөл байдлыг хүндэтгэн үзэх шалтгаан буюу “Г” ХХК-ийг тусгай зөвшөөрлийн төлбөрийг хугацаанд нь бүрэн төлөх боломжгүй болгосон бодит нөхцөл гэж үзэх боломжтой юм.
6. Татварын ерөнхий хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.7-д “ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн төлбөр” нь албан татварт хамаарах бөгөөд дээрх нөхцөл байдлыг мөн хуулийн 6.1.41-т заасан “хүндэтгэн үзэх шалтгаан” хамруулж үзэхээр байна. Тодруулбал, анхан болон давж заалдах шатны шүүхүүд нь Татварын ерөнхий хуулийн 7.2.7, 6.1.41 дэх заалтуудыг хэрэглэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах хууль зүйн үндэслэлтэй болно.
7. Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 128/ШШ2019/0863 дугаартай шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 70 дугаартай магадлалыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү.
ХЯНАВАЛ:
8. Анхан болон давж заалдах шатны шүүх тухайн маргаанд хэрэглэвэл зохих Ашигт малтмалын тухай хуулийн холбогдох заалтуудыг зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй байна.
9. Маргаан бүхий Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2014 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 81 дүгээр шийдвэрээр, Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасныг баримтлан “тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг урьдчилан төлөөгүй” гэсэн үндэслэлээр нэхэмжлэгч “Г” ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын ХҮ-011329 дүгээр тусгай зөвшөөрлийг цуцалсан нь хуульд нийцжээ.
10. Учир нь, Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараа жилийн төлбөрийг тухайн тусгай зөвшөөрлийг олгосон өдрөөс эхлэн тооцож жил бүр урьдчилан төлнө”, 34.7-д Энэ хуулийн 34.6-д заасан хугацаа хэтэрсэн хоног 30 хүртэл байх бөгөөд энэ хугацаанаас хэтэрвэл мөн хуулийн 56 дугаар зүйлд заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцална” гэж заасан.
11. Нэхэмжлэгч “Г” ХХК-д Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2006 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн шийдвэрээр Төв аймгийн Борнуур сумын “Харгана” нэртэй газарт орших 1242 га талбайд ашигт малтмалын хайгуулын ХҮ-011329 дугаартай тусгай зөвшөөрлийг олгосон байх бөгөөд нэхэмжлэгч нь хуульд зааснаар тусгай зөвшөөрлийн /9 дэх жилийн/ төлбөрийг 2014 оны 02 дугаар сарын 09-ний өдөр төлөх үүрэг хүлээсэн боловч энэ хугацаанд төлөөгүй нь тогтоогджээ.
12. Нэхэмжлэгчээс тусгай зөвшөөрлийн төлбөрийг хугацаандаа төлөөгүй шалтгааныг “...төлбөрийг төлөх тухайн үед “Г” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хооронд өмчлөлийн маргаан үүсч, шүүхээр маргасан. Энэ явцад хариуцагчаас компанийн үйл ажиллагааг зогсоох, битүүмжлэх хүсэлт гаргасны дагуу Хан-Уул дүүргийн шүүхийн шүүгчийн 2013 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 5452 дугаар захирамжаар компанийн банкны дансны гүйлгээг зогсоосон, өөрөөр хэлбэл 2014 оны 02 дугаар сард төлбөр төлөх эцсийн хугацаа дуусах үед гүйлгээ хаагдаж үйл ажиллагаа зогссон, энэ талаарх нотлох баримт хэрэгт авагдсан. Энэхүү нөхцөл байдлыг хүндэтгэн үзэх шалтгаантай гэж үзнэ...” гэж тайлбарлан маргаж байна.
13. Гэвч хэрэгт авагдсан гэх нотлох баримтуудаас үзэхэд, Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд “Г” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Ж.Тд холбогдох иргэний хэрэг хянан шийдвэрлэгдэх явцад, нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн, тус шүүхийн шүүгчийн 2013 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 5452 дугаар захирамжаар “Г” ХХК-ийн Худалдаа хөгжлийн банк дахь төгрөгийн болон валютын данснуудын зарлагын хөдөлгөөнийг зогсоож шийдвэрлэсэн байх боловч тус шүүхийн 2014 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 168 дугаар тогтоолоор нэхэмжлэгч хуулийн этгээдийн банк дахь данснуудын зарлагын хөдөлгөөнийг зогсоосон дээрх, 5452 дугаар захирамжийг хүчингүй болгожээ. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн “хүндэтгэн үзэх шалтгаантай байсан” гэж үзэх үндэслэл болсон нэхэмжлэгч компанийн банкны зарлагын хөдөлгөөнийг шүүгчийн захирамжаар зогсоосон нөхцөл шалтгаан арилсан буюу тус компани Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2, 34.7-д заасан хугацаанд тусгай зөвшөөрлийн төлбөрийг төлөх боломжтой байжээ.
14. Иймд, маргаан бүхий Кадастрын хэлтсийн даргын 2014 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 81 дүгээр шийдвэрээр нэхэмжлэгч “Г” ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын ХҮ-011329 дүгээр тусгай зөвшөөрлийг цуцалсан нь Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т “тусгай зөвшөөрөл эзэмшигч тусгай зөвшөөрлийн төлбөрийг энэ хуулийн 34.7-д заасан хугацаанд нь бүрэн төлөөгүй бол төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг цуцлах эрхтэй” гэж заасантай нийцсэн, энэ талаар 2 шатны шүүхийн хийсэн дүгнэлт зөв байна.
15. Түүнчлэн, Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т “Төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл тогтоогдсоноос хойш ажлын 10 өдөрт багтаан тусгай зөвшөөрөл эзэмшигчид энэ тухай мэдэгдэл өгөх бөгөөд түүнд тусгай зөвшөөрлийг цуцлах болсон үндэслэлийг тодорхой заана” гэжээ. Хариуцагчаас нэхэмжлэгч компанид 2014 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 6-623 тоот албан бичгээр тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл бүрдсэн талаарх мэдэгдлийг, 2014 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 6-950 тоот албан бичгээр тусгай зөвшөөрлийг цуцалсан тухай мэдэгдлийг тус компанийн албан ёсны бүртгэлтэй хаягаар хүргүүлж мэдэгдсэн нь тогтоогджээ.
16. Иймээс нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...Анхан болон давж заалдах шатны шүүхүүд Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1.1-д зааснаар “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй” болно. ...Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2013 оны 5452 дугаар захирамж, түүнд үндэслэсэн Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2013 оны 1/7935 тоот албан бичгийн дагуу 2013 оны 12 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн “Г” ХХК-ийн Худалдаа хөгжлийн банкин дахь дансны зарлагын хөдөлгөөнийг хориглосон учир тусгай зөвшөөрлийн төлбөрийг хугацаанд нь төлөх боломжгүй болсон, ... шүүхүүд Татварын ерөнхий хуулийн 7.2.7, 6.1.41 дэх заалтуудыг хэрэглэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах хууль зүйн үндэслэлтэй болно” гэсэн хяналтын гомдол үндэслэлгүй.
17. Дээрх үндэслэлүүдээр шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 128/ШШ2019/0863 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 70 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН М.БАТСУУРЬ
ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА