Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 05 сарын 04 өдөр

Дугаар 214

 

Г.О-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Д.Дамдинсүрэн, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 102 дугаар шийтгэх тогтоол, Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 12-ний өдрийн 08 дугаар магадлалтай, Г.О-т холбогдох 1931000000204 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Энхцэцэгийн гаргасан гомдлыг үндэслэн 2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч Ч.Хосбаярын танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1997 онд төрсөн, 22 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд ял шийтгэлгүй, Б овогт Г.О нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан “үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтэрч хулгайлах” гэмт хэрэгт холбогджээ.

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Г.О-г мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтэрч хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр” шийдвэрлэсэн байна.

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Г.О-г мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан “...үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтэрч хулгайлах” гэмт хэрэг үйлдэхээр завдсан гэм буруутайд тооцсугай” гэж,

2 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1, 2, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Г.О-г 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй” гэж тус тус өөрчлөн найруулж, шийтгэх тогтоолын бусад заалтуудыг хэвээр үлдээж,

Гэр бүлийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-т заасны дагуу О.Б-д хууль ёсны асран хамгаалагч томилж, асран хамгаалах үйл ажиллагаатай холбоотой асуудлыг хэрэгжүүлэхийг Алтанбулаг сумын засаг даргад даалгаж” шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Г.О-н өмгөөлөгч Г.Энхцэцэг гаргасан гомдолдоо “Шийтгэх тогтоол, магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна. Анхан шатны шүүхээс шүүгдэгч Г.О-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т заасан “...үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад...” нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн. Давж заалдах шатны шүүх “...Г.О нь өөрийн эзэмшилд оруулж, захиран зарцуулж амжилгүйгээр түүний хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдлын улмаас гэмт хэргийг төгсгөж чадаагүй түүнийг хулгайлах гэмт хэргийг үйлдэхээр завдсан” гэж үзэн Эрүүгийн хуулийн 2.8 дугаар зүйлийн 2-т заасныг журамлан ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй гэж үзэн анхан шатны шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах байдлаар зөвтгөн шийдвэрлэх боломжтой гэж үзсэн. Г.О нь эрхэлсэн тодорхой ажилгүй, эзэмшсэн мэргэжилгүй, мэдлэг боловсрол өөрийгөө илэрхийлэх чадвар сул хэдий ч зан чанарын хувьд болсон явдлыг үнэн зөвөөр мэдүүлж асуудалд шударгаар ханддаг төлөв даруу хүн юм. Мөн хүний асрамжинд байдаг ээж, өөрийн төрсөн 5 настай охиндоо маш ихээр санаа зовж байгаагаас гадна 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрөөс хойш хоригдох хугацаандаа өөрийн 3 cap хүрч байсан ураг нь зулбасанд маш ихээр харамсаж, шаналж сууна. Эрүүгийн хуулийн зорилго болох үндсэн хуулиар баталгаажсан хүний эрх эрх чөлөөг хамгаалах нь чухал зүйлийн нэг. Өмгөөлөгчийн зүгээс Г.О-н үйлдсэн гэмт хэргийн нийгэм аюулын шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн санаа зорилго эргэлзээтэй гэж үзсэн. Учир нь шүүгдэгч урьд өмнө тэнд ажиллаж байхдаа өөрийн хувцсаа үлдээсэн түүнийгээ авах гэж очсон. Ингээд менежерийн өрөөнд байгаа гэхээр нь дээшээ гарсан талаараа тогтвортой мэдүүлдэг. Үүнээс харахад шүүгдэгч анх хулгай хийх санаа зорилгогүй явсан нь тодорхой байна. Шүүгдэгч Г.О-н гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруу, сэдэл санаа зорилгын хандлага, шалтгаан, гэм буруугаа зөвшөөрч байгаа, бусдад төлөх төлбөргүй, гэмт хэрэг үйлдэхээр завдсан үйлдлийн шинж, гэмт хэргийг төгсгөж чадаагүй нөхцөл байдал, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайн гэмт хэргийн үндсэн шинж болох 300,000 төгрөгийн хэмжээнд хүрэхгүй хохирол бусдад учруулсан зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 4-т зааснаар хэргийг шийдвэрлэж өгнө үү ” гэжээ.

Хяналтын шатны шүүх хуралдаанд хяналтын прокурор Д.Дамдинсүрэн гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “Шүүгдэгч Г.О нь 2019 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын 1 дүгээр багт байрлах “Алтан плаза” төвийн 2 давхарт байрлах менежерийн өрөөг хутгаар онгойлгон хууль бусаар нэвтрэн орж шургуулганаас нь 3,900 рубль буюу 164,000 төгрөгийг хулгайлсан гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг журамлаж, 1 жил хорих ял оногдуулсан нь хэргийн бодит байдалд нийцсэн. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил гаргаагүй байна. Шүүгдэгчийн өмгөөлөгч хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолтой ижил агуулга бүхий гомдлыг гаргаж давж заалдах шатны шүүхэд гаргасан бөгөөд шүүх “төгсөөгүй гэмт хэрэг” гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй. Хохирогчийн мөнгийг авч хувцас солих өрөөнд тоолж байхад нь гэрч харсан үйл баримт тогтоогдсон. Иймд давж заалдах шатны магадлалын шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулсан хэсгийг хүчингүй болгож, гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Энхцэцэгийн гаргасан гомдлыг үндэслэн Г.О-т холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Анхан шатны шүүх прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Г.О-т холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлд заасан хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны ба үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

Шүүгдэгч Г.Отгонцэцэг нь 2019 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын 1 дүгээр багт байрлах “Алтан плаза” төвийн 2 дугаар давхарт байрлах менежерийн өрөөг хутгаар онгойлгон хууль бусаар нэвтрэн орж шургуулганаас нь 3,900 рубль /164,000 төгрөгтэй тэнцэх/ хулгайлсан болох нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдсон талаар анхан шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

Анхан шатны шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн шүүгдэгч Г.О-н үйлдсэн хэргийг Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар зүйлчилж шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн, шүүгдэгч Г.О-т оногдуулсан ял гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн гэм буруу, хувийн байдалд тохирсон, шийтгэх тогтоол нь хуульд заасан шаардлагыг хангасан байна.

Харин давж заалдах шатны шүүхээс Г.О-н үйлдлийг “өөрийн эзэмшилд оруулж, захиран зарцуулж амжилгүйгээр түүний хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдлын улмаас гэмт хэргийг төгсгөж чадаагүй” гэх үндэслэлээр хулгайлах гэмт хэргийг үйлдэхээр завдсан хэмээн дүгнэсэн нь хууль зүйн үндэслэл муутай болжээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хулгайлах гэмт хэрэг нь хууль ёсны өмчлөгчийн эзэмшлээс түүний эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар өөрийн эзэмшилд шилжүүлэн авснаар төгсдөг бөгөөд уг эд хөрөнгийг захиран зарцуулах, хувиргах, хууль ёсны эргэлтэд оруулах нь өөр гэмт хэргийн шинжид хамаарах боломжтой юм.   

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс Г.О-н үйлдлийг гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан болох талаар дүгнэж  Эрүүгийн хуулиар хамгаалагдсан эрх ашигт бодит хохирол учруулаагүй тул хэрэгсэхгүй болгож өгөхийг хүссэн байна.

Гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан, бодит хохирол, хор уршиг учруулаагүй үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй байх зохицуулалт Эрүүгийн хуульд тусгалаа олсон боловч түүнийг хэрэглэхэд тодорхой шалгуурыг хангасан байхыг чухалчилдаг. Тухайлбал, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан эрх ашигт бодит хохирол, хор уршиг учруулаагүй байх явдал атал тухайн хэргийн тухайд Г.О нь албаны үйл ажиллагаа явуулах зориулалттай байранд хаалгыг хутгаар хөшиж онгойлгон хууль бусаар нэвтэрч шүүгээнд байсан цүнхнээс байсан мөнгийг бүгдийг буюу 168,000 төгрөгтэй тэнцэх ОХУ-ын мөнгөн дэвсгэрт рубль авсан байх бөгөөд хохирлын хэмжээ бага дүнтэй байгаа нь шүүгдэгчийн хүсэл зоригтой хамааралгүй, тохиолдлын шинжтэй холбоотой байна.

Үүнээс дүгнэхэд бусдад хор хохирол учруулаагүй гэж үзэх үндэслэлгүй байхаас гадна Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2, 3 дахь хэсэгт хохирлын хэмжээ харгалзахгүй байхаар хууль тогтоогч ямар нэгэн эргэлзээгүй, ойлгомжтой байдлаар хууль тайлбарлах байдлаар санаагаа илэрхийлсэн нь шүүхээс өөр агуулгаар тайлбарлахыг хязгаарласан зохицуулалт гэж үзнэ.  

Иймд шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Энхцэцэгийн гаргасан “... Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлийн 4-т зааснаар хэргийг шийдвэрлэж өгнө үү” гэх гомдлыг хүлээн авахаас татгалзаж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 102 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 12-ний өдрийн 08 дугаар магадлалыг хүчингүй болгосугай.

2. Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Энхцэцэгийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

                                              ДАРГАЛАГЧ                                         Б.ЦОГТ

                                               ШҮҮГЧ                                                 Б.АМАРБАЯСГАЛАН

                                                                                                           Д.ГАНЗОРИГ

                                                                                                           Ч.ХОСБАЯР

                                                                                                           Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН