Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 03 сарын 01 өдөр

Дугаар 210/МА2019/00403

 

 

2019 оны 03 сарын 01 өдөр

Дугаар 210/МА2019/00403

 

 

Б-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Наранцэцэг даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 181/ШШ2018/02647 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Б-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Э-эд холбогдох,

 

Эд хөрөнгөнд учирсан гэм хорын хохиролд 6 242 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

 

Хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б- нь 2012 оноос эхлэн Сүхбаатар дүүргийн 20 дугаар хорооны 12 тоот хаягт орших найман нэрийн Мөнххишиг нэртэй хүнсний дэлгүүрийг ажиллуулж эхэлсэн байдаг. 2015 оны 03 дугаар сарын 12-ны өдөр хариуцагч Э- нь өөрийн эзэмшлийн 62-77 УНТ Соната 6 маркийн автомашинаар хурд хэтрүүлэн хөдөлгөөнд оролцож байх үедээ Мөнххишиг дэлгүүрийг мөргөж, нэхэмжлэгчид хохирол учруулсан байдаг.

Тухайн үед хохирлын үнэлгээг хийлгэхэд 11 031 137 төгрөг болохыг тогтоосон. Тухайн үед Э- нь даатгалаас 5 000 000 төгрөг гаргаж өгье, нэмж 2 000 000 төгрөг өгье, та хохиролгүй гэж хэлээд өгөөч гэхэд нь Б- тухайн үед харж үзээд харилцан тохиролцож, хохирол барагдуулах тухай хэлцлийг 2015 оны 03 дугаар сарын 23-ны өдөр байгуулсан байдаг. Тус хэлцлээр 5 000 000 төгрөгийг Номин даатгалаас авч, нэмж 2 000 000 төгрөг өгнө гэж тохирч, гомдолгүй гэх бичиг хийлгэсэн боловч хариуцагч тухайн үед мөнгөө төлөөгүй.

Хариуцагчийн гэм буруутай үйл ажиллагааны улмаас хохирогчид нийт 11 031 137 төгрөгийн хохирол учирсан ба хохирлын үнэлгээний үлдэгдэл төлбөр 6 000 000 төгрөг, хохирлын үнэлгээ хийлгэсэн 158 000 төгрөг, нотариат болон бусад эх сурвалжийг гаргаж авахад зарцуулсан 14 400 төгрөг, хариуцагчийг эрэн сурвалжлуулахад 70 200 төгрөг төлсөн тул нийт 6 242 600 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Э- нь Б-ийн хүнсний дэлгүүрийг 2015 оны 03 дугаар сарын 12-ны өдөр автомашинаар мөргөсөн. Тухайн үед үнэлгээ хийлгэж, 10 000 000 төгрөгийн хохирол гарсан. Үүнээс 5 000 000 төгрөгийг өгч барагдуулсан. Үнэлгээ хийж байх үед нэхэмжлэгч үнэлгээний компаниар өндөр үнэтэй үнэлгээ хийлгэнэ, чи даатгалаас 10 000 000 төгрөг авах юм байна, түүний дагуу 10 000 000 төгрөгийг чинь авъя гэж харилцан тохиролцож, үнэлгээг өндөр болгож гаргасан байдаг. Гэвч даатгалаас 5 000 000 төгрөг орж ирсэн учраас 5 000 000 төгрөгийг өгсөн.

Б- хариуцагчтай уулзаж, хэлцэл хийе гэж хуурч мэхлэх зорилгоор хэлцэлд гарын үсэг зуруулсан. Хариуцагч төлбөрөө барагдуулсан. Хохиролтой холбоотойгоор Эрүүгийн хэрэг үүсэхээс татгалзах тухай тогтоол гарсан. Шууд хохирлыг 3 715 000 төгрөг гэж тогтоосон байдаг. Шууд бус хохиролд 11 000 000 төгрөг гарсан.

Хохирлыг үнэлгээнд хэд хэдэн удаа шинжээч томилсон. Шууд хохирол 5 000 000 төгрөг гэдэг нь шинжээчийн дүгнэлтүүдээр тогтоогдож байгаа. Сүүлд гаргасан үнэлгээний байгууллага шууд хохирлыг 7 574 000 гэж гаргасан. Өмнөх үнэлгээний компани 5 700 000 төгрөг гэж шинжээчийн дүгнэлтүүд зөрүүтэй гарсан.

Нэхэмжлэгчид 1 000 000 төгрөгийг өгөөд эвлэрэх боломжтой гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Э-ээс 2 808 710 төгрөг гаргуулан Б-өд олгож, Б-ийн нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 3 433 290 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Э-ээс 275 000 төгрөг, нэхэмжлэгч Б-өөс 225 000 төгрөгийг тус тус гаргуулж Барилгын төсөвчдийн холбоо ТББ-д олгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Э-ээс улсын тэмдэгтийн хураамжид 59 889 төгрөгийг гаргуулж Б-өд олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 114 250 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн өмгөөлөгч давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна.

Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 40.1, 40.2, 40.3 дахь хэсэгт зааснаар нотлох баримтыг үнэлээгүй гэж үзэж байна. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт Мөнххишиг хүнсний дэлгүүрийн байшинд учирсан хохирлын хэмжээг хөрөнгө үнэлгээний "Ухаа шүрт косалтинг" ХХК-ийн 2015 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 15/12 дугаартай "Үнэлгээний тайлан"-д шууд хохирол 3 715 137 төгрөг, шууд бус зардал 7 316 000 төгрөг гэж, шинжээч "Хөрөнгийн үнэлгээний төв" ХХК-ийн 224 дугаартай дүгнэлтэд 5 205 767 төгрөг гэж, шинжээч "Барилгын төсөвчдийн холбоо" ТББ-ын дүгнэлтэд шууд зардлыг 7 574 110 төгрөг, шууд бус зардлыг 3 780 110 төгрөг гэж тогтоосон байхад 2 үнэлгээний байгууллагын гаргасан үнэлгээний дүгнэлт эргэлзээтэй байна гээд "Барилгын төсөвчдийн холбоо" ТББ-ын дүгнэлтэд шууд зардлыг 7 574 110 төгрөгийн үнэлгээтэй гэж гаргасан дүгнэлтийг шийдвэр гаргахад сонгож авч үнэлсэн нь хууль зөрчсөн юм.

Анхан шатны шүүхийн эргэлзээтэй дүгнэлт гаргасан гэж үзсэн 2 байгууллагын үнэлгээ хийсэн дүгнэлт нь зах зээлийн үнэлгээнд нийцсэн бодит дүгнэлтүүд байсан. Нэхэмжлэгч 5 000 000 төгрөг авсан ч дэлгүүрээ засварлах ажлаа хийгээгүй, дэлгүүрийн газар цэвдэгтэй газарт баригдсан зэргийг харгалзан үзээгүй шийдвэр гаргасанд маш их гомдолтой байна.

Хариуцагч Э- шууд хохирол 3 715 137 төгрөг анх үнэлгээ хийхэд гарсан байсныг төлж барагдуулсан болохоор 2 808 710 төгрөгийг төлөх ёсгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх зохигчдын хооронд үүссэн маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан байна.

 

Нэхэмжлэгч Б- нь хариуцагч Э-эд холбогдуулан эд хөрөнгөд учирсан гэм хорын хохиролд 6 242 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Хариуцагч Э- нь 2015 оны 03 дугаар сарын 12-ны өдөр Сүхбаатар дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр, Бэлхийн замд Хюьндай Соната 6 маркийн 62-77 УНГ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа замын хөдөлгөөний дүрэм зөрчиж, Б-ийн өмчлөлийн, Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо Цолмонгийн 2 тоот хагят байршилтай Мөнххишиг хүнсний дэлгүүрээр ашиглаж буй үл хөдлөх эд хөрөнгийг мөргөж, өмчлөгчийн эд хөрөнгөд хохирол учруулсан үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоосон, энэ талаар талууд маргаагүй.

Хариуцагч Э- нэхэмжлэгч Б-ийн өмчлөлийн зүйлд хохирол учруулсан гэм буруугийн талаар маргаагүй, харин хохирлын хэмжээнд маргажээ.

 

Нэхэмжлэгч өөрт учирсан эд хөрөнгийн хохирлын хэмжээг тогтоолгохоор Ухаа шүрт консалтинг ХХК-иар 2015 оны 03 дугаар сарын 16-ны өдөр дүгнэлт гаргуулсан ба уг дүгнэлтэд эд хөрөнгөд учирсан шууд хохирлыг 3 715 137 төгрөг, шууд бус хохирлыг 7 316 000 төгрөг, нийт 11 031 137 төгрөгөөр тодорхойлсон. Хариуцагч дээрх хохирлын үнэлгээг эс зөвшөөрч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шинжээч томилуулах хүсэлт гаргасныг анхан шатны шүүх хүлээн авч шинжээч томилсон ба Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн шинжээчийн 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 224 тоот дүгнэлтээр хохирлыг 5 205 800 төгрөгөөр тодорхойлжээ. /хх 15, 43-62 дахь тал/

 

Нэхэмжлэгч талаас дээрх 2 шинжээчийн дүгнэлт зөрүүтэй тул дахин шинжээч томилуулах хүсэлт гаргасныг анхан шатны шүүх хүлээн авч, Барилгын хөгжлийн төв ТТБ ХХК-ийг шинжээчээр томилсон бөгөөд уг байгууллагын 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн дүгнэлтэд хохирлын хэмжээ шууд зардлаар 7 574 110 төгрөг, шууд бус зардлаар 3 780 107 төгрөг гэж тодорхойлсон байна.

 

Ухаа шүрт консалтинг ХХК-ийн үнэлгээнээс үзвэл шууд зардал 3 715 137 төгрөг, шууд бус зардал 7 316 000 төгрөг гэж тодорхойлсон боловч шууд зардалд материалын үнэ, шууд бус зардалд ажлын хөлсийг хамааруулжээ.

 

Барилгын хөгжлийн төв ТББ нь материалын зардалд 3 599 441 төгрөг, ажиллах хүчний зардал буюу ажлын хөлс 3 181 836 төгрөг, тээвэр 296 815 төгрөг, машин ашиглалт 496 017 төгрөг гэж нийт 7 574 110 төгрөгийн зардлыг шууд зардал гэж тодорхойлсон байна.

 

Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн гаргасан дүгнэлтэд материалын зардлыг 1 791 088 төгрөгөөр тодорхойлсон нь дээрх 2 дүгнэлтээс илт зөрүүтэй буюу 2 дахин бага үнэлгээтэй байна. Түүнчлэн ажиллах хүчний зардлыг 1 592 585 төгрөгөөр үнэлсэн нь Ухаа шүрт консалтинг ХХК-ийн тодорхойлсон ажлын хөлс /7 316 000 төгрөг/-тэй харьцуулбал 5 дахин бага, Барилгын хөгжлийн төв ТББ-ын тодорхойлсон ажиллах хүчний зардалтай харьцуулбал 2 дахин багаар тодорхойлжээ. Түүнчлэн зах зээлийн үнийн судалгааг 2015 оны байдлаар хийсэн нь материалын үнийг бодитоор тогтоогоогүй гэж дүгнэхээр байна.

 

Харин Ухаа шүрт консалтинг ХХК-ийн гаргасан үнэлгээ 1 хуудас байх бөгөөд тооцоолол хэрхэн гаргасан нь тодорхойгүй болжээ.

 

Иймд Ухаа шүрт консалтинг ХХК болон Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн шинжээчийн дүгнэлтэд зарим нэр төрлийн барилгын материалын давхардаж орсон, барилгын материалыг хэрхэн тооцож гаргасан нь тодорхой тусгагдаагүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх боломжгүй гэж анхан шатны шүүх дүгнэснийг буруутгах үндэслэлгүй.

 

Харин Барилгын хөгжлийн төв ТББ-ын шинжээчийн дүгнэлтэд барилгыг буулгах болон шинээр хийх ажлыг нарийвчлан тусгаж, барилгын материалын үнэ, ажиллах хүчний зардал, тээвэр ашиглалт зэрэг бусад зардлыг тодорхой тусгасан байдлыг харгалзан анхан шатны шүүх уг дүгнэлтээр тогтоогдсон шууд зардлын хэмжээгээр хохирлын хэмжээг тогтоосон нь үндэслэлтэй болжээ.

 

Иймд анхан шатны шүүх шууд зардал 7 574 110 төгрөгөөс хариуцагчийн төлсөн 5 000 000 төгрөгийг хасч, үлдэх 2 574 110 төгрөгийг байшинд учирсан хохиролд тооцож, нэхэмжлэгчээс Ухаа шүрт консалтинг ХХК-д үнэлгээний ажлын хөлсөнд 150 000 төгрөг, нотариатын зардалд 14 400 төгрөг, Э-ийг эрэн сурвалжлуулахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөг нийт 2 808 710 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, 229 дүгээр зүйлийн 229.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.

 

Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн шинжээчийн дүгнэлтэд барилгыг цэвдэгтэй газар баригдсан талаарх дүгнэлт гаргасан боловч хариуцагч талаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад энэ талаар тайлбар, баримт гаргаагүй тул уг нөхцөл байдлыг харгалзан үзээгүй гэх хариуцагчийн гомдол үндэслэлгүй байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 181/ШШ2018/02647 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 60 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.НАРАНЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД А.ОТГОНЦЭЦЭГ

 

Э.ЗОЛЗАЯА