Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 12 сарын 18 өдөр

Дугаар 2647

 

 

 

 

 

 

 

                         

 

 

 

 

 

 

                                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Энхбаяр даргалж, шүүгч Д.Нямбазар, Ө.Уянга нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Ч.Б - ийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Х.Э -д  холбогдох

 

Гэм хорын хохиролд 6.242.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Намуун, хариуцагчийн өмгөөлөгч Б.Адалбек, иргэдийн төлөөлөгч Б.Дэлгэрмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Н.Алтантуяа нар оролцов.   

 

Тодорхойлох нь:

  

   Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ Нэхэмжлэгч Ч.Б  нь 2012 оноос эхлэн Сүхбаатар дүүргийн 20 дугаар хорооны 12 тоот хаягт орших найман нэрийн Мөнххишиг нэртэй хүнсний дэлгүүрийг ажиллуулж эхэлсэн байдаг. Уг хугацаанд буюу 2015 оны 03 дугаар сарын 12-ны өдөр хариуцагч Х.Э  нь өөрийн эзэмшлийн 62-77 УНТ соната 6 маркын автомашинаар хурд хэтрүүлэн хөдөлгөөнд оролцож байх үедээ Мөнххишиг дэлгүүрийг мөргөж, нэхэмжлэгчид хохирол учруулсан байдаг. Энэ байдлыг тухайн үед буюу 2015 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 985 тоот прокурорын тогтоолоор Х.Э ийг тухайн Мөнххишиг дэлгүүрийг мөргөж хөдөлгөөний аюулгүй байдлын 9.3-т заасан журмыг зөрчиж хохирол учруулсан гэдгийг тогтоосон. Мөн шинжээчийн дүгнэлтээр Замын хөдөлгөөний дүрмийн 9.3-т заасан дэг зөрчсөн гэдгийг тогтоосон байдаг.

Хариуцагч хариу тайлбартаа хохирол учруулсан гэдгийг хүлээн зөвшөөрсөн байдаг. Ингээд хариуцагчтай тухайн үед хохирлын үнэлгээг хийлгэхэд 11.031.137 төгрөгийг хохирол учирсан болохыг тогтоосон. Тухайн үед хариуцагч Х.Э  нь Ч.Б өөс гуйж танд даатгалаас 5 сая төгрөг гаргаж өгье, нэмж 2 сая төгрөг өгье, та хохиролгүй гэж хэлээд өгөөч гэхэд нь нэхэмжлэгч тухайн үед харж үзээд харилцан тохиролцож, хохирол барагдуулах тухай хэлцлийг 2015 оны 03 дугаар сарын 23-ны өдөр байгуулсан байдаг. Тус хэлцлээр 5 сая төгрөгийг Номин даатгалаас авч, нэмж 2 сая төгрөг өгнө гэж тохирч, гомдолгүй гэх бичиг хийлгэсэн боловч хариуцагч тухайн үед мөнгөө төлөөгүй. Хохирол барагдуулах гэрээнд хэрэв мөнгөө төлөхгүй бол хохирлын үнэлгээний дагуу шаардлага гаргана гэдгийг тусгасан байдаг. Ингээд 2015 оны 05 дугаар сарын 13-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч тус өдөр шүүгчийн захирамж гарч, хаяг тодорхойгүй гэх үндэслэлээр хэрэг хэрэгсэхгүй болсон байдаг.

Иймд нэхэмжлэгчийн зүгээс хариуцагчийг эрэн сурвалжлуулах шаардлага гарч, 2015 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 4667 тоот шийдвэр гарч, хариуцагчийг эрэн сурвалжилсан. Хариуцагчийг эрэн сурвалжлуулахын тулд 70.200 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжид тушаасан. Ингээд хариуцагчийн гэм буруутай үйл ажиллагааны улмаас хохирогчид нийт 11.031.137 төгрөгийн хохирол, хохирлын үнэлгээ хийлгэсний 158.000 төгрөг, нотариат болон бусад эх сурвалжийг гаргаж авахад зарцуулсан 14.400 төгрөг, эрэн сурвалжлуулахад 70.200 төгрөг төлсөн. Эдгээрийг хохирол гэж үзэн нийт 6.242.600 төгрөгийг нэхэмжилсэн. Тус мөнгийг гаргуулж өгнө үү” гэв.

 

Хариуцагч нь шүүхэд гаргасан тайлбар болон хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ч.Б ийн хүнсний дэлгүүрийг 2015 оны 03 дугаар сарын 12-ны өдөр мөргөсөн нь үнэн. Тухайн үед үнэлгээ хийлгэж, 10 сая төгрөгийн хохирол гарсан. Үүнээс 5 сая төгрөгийг өгч барагдуулсан. Үнэлгээ хийж байх үед нэхэмжлэгч үнэлгээний компаниар өндөр үнэтэй үнэлгээ хийлгэе, чи даатгалаас 10 сая төгрөг авах юм байна, түүний дагуу 10 сая төгрөгийг чинь авъя гэж харилцан тохиролцож, үнэлгээг өндөр болгож гаргасан байдаг. Гэвч даатгалаас 5 сая төгрөг орж ирсэн учраас 5 сая төгрөгийг өгсөн. Ч.Б  хариуцагчтай уулзаж, хэлцэл хийе гэж хуурч мэхлэх зорилгоор хэлцэлд гарын үсэг зуруулсан. Хариуцагч төлбөрөө барагдуулсан гэж бодож байгаа гэх хариу тайлбар өгсөн байгаа. Хохиролтой холбоотойгоор Эрүүгийн хэрэг үүсэхээс татгалзах тухай тогтоол гарсан. Шууд хохирлыг 3,715,000 гэж тогтоосон байдаг. Шууд бус хохиролд 11 сая төгрөг гарсан.

Хэд хэдэн удаа шинжээч томилсон. Шууд хохирол 5 сая төгрөг гэдэг нь шинжээчийн дүгнэлтүүдээр тогтоогдож байгаа. Сүүлд гаргасан үнэлгээний байгууллага шууд хохирлыг 7,574,000 гэж гаргасан. Өмнөх үнэлгээний компани 5,700,000 төгрөг гэж гаргасан. 2 сая төгрөгийн зөрүү байгаа. Гэхдээ хариуцагч энэ хэргээс болъё 1 сая төгрөгийг өгье гэж хүлээн зөвшөөрсөн байгаа. Нэгэнт шууд хохирол 5,700,000 төгрөг гэж гарсан учир 1 сая төгрөгөөр эвлэрч, салъя гэх хүсэлтийг өмгөөлөгч надаар дамжуулан хэлж байгаа юм ” гэв. 

 

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад

Үндэслэх нь:

 

Нэхэмжлэгч Ч.Б  нь хариуцагч Х.Э эд холбогдуулан гэм хорын хохиролд 6.242.000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

            Хариуцагч Х.Э  нь нэхэмжлэлийн шаардлагаас 1.000.000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч маргаагүй, харин үлдэх мөнгөн шаардлагын тухайд үндэслэлгүй их хэмжээний мөнгө нэхэмжилсэн, мөргөсөн байшинг засварлаагүй удсан, цэвдэгтэй газарт байрладаг тул ан цав үүсч муудсан гэж нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг эс зөвшөөрч маргасан.

 

            Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

 

            Хариуцагч Х.Э  нь 2015 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 10 цаг 35 минутын орчимд Сүхбаатар дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр, Бэлхийн замд “Хюьндай Сонота 6” маркийн 62-77 УНГ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 9.3-д заасныг зөрчиж, Ч.Б ийн өмчлөлийн Мөнх Хишиг хүнсний дэлгүүрийн байшинг мөргөсөн осол гаргасан болох нь талуудын тайлбар, Тээврийн прокурорын газрын 2015 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 985 дугаар “Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах тухай” тогтоолоор нотлогдож байна.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...дэлгүүрийн байшинг мөргөж, гэм хор учруулсан бөгөөд хөрөнгө үнэлгээний “Ухаа шүрт консалтинг” ХХК-ийн 2015 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 15/12 дугаартай “Үнэлгээний тайлан”-д Мөнх Хишиг хүнсний дэлгүүрийн байшинд учирсан шууд хохирол 3.715.137 төгрөг, шууд бус зардал 7.316.000 төгрөг, нийт 11.301.137 төгрөг гэж үнэлсэн. Даатгалаас 5.000.000 төгрөг өгсөн, харин бид хохирол барагдуулах тухай гэрээ байгуулж, 2.000.000 төгрөгийг 2015 оны 5 дугаар сарын 16-ны өдөр багтааж төлөхөөр тохиролцсон боловч өгөөгүй. Иймд даатгалаас авсан 5.000.000 төгрөгийг хасаж, үлдэх 6.000.000 төгрөг, нотариатын зардал 14.400 төгрөг, үнэлгээний хөлс 158.000 төгрөг, Ч.Энхмэндийг эрэн сурвалжлахад гарсан зардал 70.200 төгрөг, нийт 6.242.600 төгрөг шаардаж нэхэмжлэл гаргасан” гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг тайлбарласан бол, хариуцагч тал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...Ухаа шүрт консалтинг ХХК-ийн үнэлгээ 5.000.000 төгрөг гэж гарсан байхад нэхэмжлэгч Ч.Б  нь хэл ам хийж 11.000.000 болгож гаргуулсан. Ч.Б  чи даатгалаас 10.000.000 төгрөг авах юм гэж надад худлаа хэлсэн. Мөн уг газар цэвдэгтэй газар, даатгалаас авсан мөнгөөрөө засвар хийгээгүй удсан тул үнэлгээ нэмэгдсэн байх магадлалтай. 1.000.000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна. Харин үлдэх хэсгийг зөвшөөрөхгүй” гэж татгалзлын үндэслэлийг тайлбарласан.

 

Дээрх тайлбаруудаас дүгнэвэл талууд гэм бурууд маргаагүй, харин учирсан гэм хорын хохирлын хэмжээнд маргаантай гэж үзэхээр байна.

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 “...Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.”, 510 дугаар зүйлийн 510.1-д “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө.” гэж заасан бөгөөд нэхэмжлэгч Ч.Б  нь хариуцагч Х.Э ийн хууль бус үйлдлийн улмаас өөрийн эд хөрөнгөд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй.

 

Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1-д “Үүрэг бүхий этгээд нь гэм хорыг арилгахдаа эд хөрөнгөд учруулсан бодит хохирол болон олох ёстой байсан орлогыг нөхөн төлөх үүрэгтэй.” гэж заажээ.

 

            Мөнх Хишиг хүнсний дэлгүүрийн байшинд учирсан хохирлын хэмжээг хөрөнгө үнэлгээний “Ухаа шүрт консалтинг” ХХК-ийн 2015 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 15/12 дугаартай “Үнэлгээний тайлан”-д шууд хохирол 3.715.137 төгрөг, шууд бус зардал 7.316.000 төгрөг гэж, шүүгчийн 2018 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 5630 дугаар захирамжаар томилогдсон шинжээч “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийн 224 дугаартай дүгнэлтэд 5.205.767 төгрөг гэж, шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 290 дугаар тогтоолоор томилогдсон шинжээч “Барилгын төсөвчдийн холбоо” ТББ-ын дүгнэлтэд шууд зардлыг 7.574.110 төгрөг, шууд бус зардлыг 3.780.107 төгрөг гэж тус тус тогтоожээ.

 

            Хөрөнгө үнэлгээний “Ухаа шүрт консалтинг” ХХК болон “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийн дүгнэлтэд зарим нэр төрлийн барилгын материал нь давхардаж орсон, барилгын ажлын аль хэсэгт хэрэглэгдэх материалыг хэрхэн тооцож гаргасан нь тодорхойгүй тусгагдсан байх тул шүүх эдгээр үнэлээг бодитой тогтоогдсон гэж үзэхэд эргэлзээтэй байна.

 

Харин шинжээч “Барилгын төсөвчдийн холбоо” ТББ нь шууд зардал буюу 7.574.110 төгрөгийн зардлыг барилгын эвдэрсэн аль хэсэгт хэрэглэдэхийг тодорхой зааж, түүнийг засахад шаардагдах барилгын материал, гүйцэтгэх ажлын хэмжээ, хөлсийг дэлгэрэнгүй тооцож гаргасан байх тул шүүх уг дүгнэлтээр тогтоогдсон шууд зардлын хэмжээгээр хохирлыг тооцох нь хуульд нийцнэ гэж үзлээ.

 

Иймд дүгнэлтээр тогтоогдсон шууд зардал буюу бодит хохирол 7.574.110 төгрөгөөс хариуцагчийн төлсөн 5.000.000 төгрөгийг хасаж, үлдэх 2.574.110 төгрөгийн гэм хорыг хариуцагч Ч.Энхмэндээс гаргуулах нь зүйтэй гэж дүгнэв.

 

“Барилгын төсөвчдийн холбоо” ТББ-ийн шууд бус зардал болох нэмэгдэл зардал, ашиг, нормчлолын сан, захиалагчийн албаны зардал, инженер хайгуул, зураг төслийн зардал, зураг төсөл зохиогчийн зардал, магадлашгүй ажлын зардал зэрэг бусад нэмэлт зардал нь Мөнх Хишиг хүнсний дэлгүүрийн байшинд учирсан шууд хохиролд хамаарахгүй тул эдгээртэй холбоотой зардлыг хариуцагчийн төлөх үүрэг бүхий гэм хорын хохиролд тооцох үндэсгүй гэж үзнэ.

 

Нэхэмжлэгчээс хөрөнгө үнэлгээний “Ухаа шүрт консалтинг” ХХК-д үнэлгээний ажлын хөлсөнд 150.000 төгрөг, нотариатын зардалд 14.400 төгрөг, хариуцагч Х.Э ийг эрэн сурвалжлуулахад улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөгийг тус тус төлсөн болох нь баримтаар нотлогдож байх бөгөөд уг зардлыг хариуцагчийн төлөх үүрэг бүхий хохиролд тооцох үндэслэлтэй байна.

 

Иймд дээрх үндэслэлүүдээр хариуцагч Х.Э ээс Мөнх Хишиг хүнсний дэлгүүрийн байшинд учирсан хохиролд 2.574.110 төгрөг, Ухаа шүрт консалтинг ХХК-д үнэлгээний ажлын хөлс 150.000 төгрөг, нотариатын зардал 14.400 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг, нийт 2.808.710 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ч.Б өд олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 3.433.290 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-д “Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан бол шүүхийн зардлыг тэр хэмжээгээр хариуцагч буюу нэхэмжлэгчид хуваарилан хариуцуулна.” гэж заажээ.

 

Шинжээч “Барилгын төсөвчдийн холбоо” ТББ-ын шинжээчээр ажилласан ажлын хөлс 500.000 төгрөгийг нэхэмжлэлийн шаардлага хангагдсан хэмжээгээр хариуцагч Х.Э ээс 275.000 төгрөг, үлдэх хэсгийг нэхэмжлэгч Ч.Б өөс 225.000 төгрөгийн тус тус гаргуулж Барилгын төсөвчдийн холбоо ТББ-д олгох нь хуулийн дээрх зохицуулалтад нийцнэ.

 

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар Х.Э ээс 2.808.710 төгрөг гаргуулан Ч.Б өд олгож, Ч.Б ийн нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 3.433.290 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-д зааснаар хариуцагч Х.Э ээс 275.000 төгрөг, нэхэмжлэгч Ч.Б өөс 225.000 төгрөгийг тус тус гаргуулж Барилгын төсөвчдийн холбоо ТББ-д олгосугай.

 

 3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар хариуцагч Х.Э ээс  улсын тэмдэгтийн хураамжид 59.889 төгрөгийг гаргуулж Ч.Б өд олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 114.250 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

            4 . Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй, энэ үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг заасан хугацаанд гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДаргалагЧ шҮҮГЧ                                  С.ЭНХБАЯР

     

 

                                                        Шүүгч                                   д.нямбазар

                                                         

 

                                             шүүгч                                      ө.уянга