Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 03 сарын 04 өдөр

Дугаар 210/МА2019/00414

 

2019 оны 03 сарын 04 өдөр

Дугаар 210/МА2019/00414

 

 

М-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Д.Байгалмаа, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 102/ШШ2019/00186 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: М-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замд холбогдох,

 

Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын даргын 2018 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн Б-1-275 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай иргэний хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: М-

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Б.Цэнгэл

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: З.Оюунтунгалаг, Н.Болороо

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Р.Янжинлхам нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: М- нь Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замд 1993 оноос ажиллаж эхэлсэн. 2012 оны 09 дүгээр сарын 22-ны өдрөөс Сайншанд дахь замын 4 дүгээр ангийн даргаар томилогдон ажиллаж байгаад 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр ажлаас халагдсан.

М- ажлаас халсан тушаалаа хууль зөрчсөн хэмээн үзэж Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2016 оны 02 дугаар сарын 20-ны өдөр нэхэмжлэл гаргасан бөгөөд гурван шатны шүүхээр УБТЗ ХНН-ын хууль зөрчсөн тушаалыг хүчингүй болгон шийдвэрлэсэн. М-ыг ажилд нь нэг жилийн дараа буюу 2018 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын даргын Б-1-273 дугаартай тушаалаар томилсон боловч 2018 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр мөн даргын Б-1-275 дугаартай тушаалаар дахин ажлаас халсан.

М-ыг ажилд авсан тушаал анхнаасаа дүр эсгэн шүүхийн шийдвэрийг биелүүлж буй мэтээр харагдуулах зорилготой байсан бөгөөд Сайншанд дахь замын 4 дүгээр ангийн даргаар 2018 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр А.Оргодол гэх хүн ажиллаж байсан бөгөөд тухайн хүнийг ээлжийн амралттай байх үеэр М-ыг ажилд томилсон тушаалыг гаргаад дахин ажлаас нь халжээ.

Ажлаас халсан тушаалд Замын 4 дүгээр ангийн дарга М- албан тушаалын байдлаа урвуулан буюу бусдад давуу байдал бий болгох, ашиг олох зорилгоор шингэн түлш шилжүүлэн ачих байгууламж, ТӨҮГ-ын эхнэр С.Эрдэнэнэмэхийн Дорнын харгуй ХХК-ийн хооронд байгуулсан гэрээний дагуу төмөр замын 110 бетонон дэр солих ажлыг Замын 4 дүгээр ангийн 13 замчнаар гүйцэтгүүлэн, тэдгээрийн цалин хөлс болон томилолтын зардал болох 2 850 233 төгрөгийн хохирол учруулсан, замын 4 дүгээр ангийн орлогдон авсан 40 ширхэг бетонон дэрийг эхнэр С.Эрдэнэнэмэхийн Дорнын харгуй ХХК-д шилжүүлэн өгч, чанар байдлыг дордуулж улмаар 2 000 000 төгрөгийн хохирол учруулсан, Зүүн говь ложистик ХХК-ийн эзэмшлийн замыг Замын 4 дүгээр ангийн замчдаар засварлуулж, засварын төлбөр 2 000 000 төгрөгийг хувьдаа завшсан нь хууль хяналтын байгууллагаар тогтоогдож, өөрөө хүлээн зөвшөөрсөн гэжээ.

Дээрх тушаалын үндэслэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Улаанбаатар төмөр зам ХНН-ээс М-ыг холбогдуулан шалгуулахаар Цагдаагийн байгууллагад хэд хэдэн зүйл бүхий гомдол гаргасан бөгөөд Төмөр зам дахь Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгаас хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж, улмаар 2018 оны 08 дугаар сарын 15-ны өдөр Тээврийн Прокурорын газрын ахлах прокурорын 440 дугаартай тогтоолоор хэрэг бүртгэлтийн хэргийг хааж шийдвэрлэсэн. М- байгууллагад хохирол учруулсан зүйл байхгүй. Прокурорын тогтоолыг ч хүлээн зөвшөөрөх боломжгүй хэмээн үзэж гомдол гаргасан боловч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, прокурорын тогтоолд зөвхөн хохирогч гомдол гаргах эрхтэй гэж заасан тул гомдлыг нь хүлээж аваагүй буцаасан.

Иймд дээрх тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй. Замын 4 дүгээр ангийн даргаар ажиллаж байсан М- албаны эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан, бусдад давуу байдал бий болгох, ашиг олох зорилгоор өөрийн эхнэр С.Эрдэнэнэмэхийн Дорнын харгуй ХХК-ийн ажлыг УБТЗ-ын 13 ажилтнуудаар гүйцэтгүүлэн, тэдгээрийн цалин хөлс болон томилолтын зардал болох 2.850.233 төгрөгийн хохирол мөн 2016 оны 10 дугаар сард Замын 4 дүгээр ангийн орлогод авагдсан 40 ширхэг бетонон дэрийг машинаар зөөвөрлөн, өөрийн эхнэрийн компанид шилжүүлэн өгч, чанар байдлыг дордуулан ашиглах боломжгүй бетонон дэрээр сольж, УБТЗ ХНН болон УБТЗ ХНН-ийн ажилтнуудад хохирол учруулсан болох нь Тээврийн Прокурорын газрын 2018 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 440 дугаартай Прокурорын тогтоолоор тогтоогдсон.

Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д зааснаар М-ын хөдөлмөрийн гэрээг УБТЗ-ын даргын 2018 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн Б-1-275 дугаартай тушаалаар цуцласан нь хууль зүйн үндэслэлтэй учраас нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан Хар хиргэс овогт Жамбалын Мөнхбатыг Замын 4 дүгээр ангийн даргын ажилд эгүүлэн тогтоож,

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар ажилгүй байсан хугацааны 86 хоногийн цалин 4 879 836 төгрөгийг Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замаас гаргуулж, нэхэмжлэгч М-ад олгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар энэ гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 93 027 төгрөгийг гаргуулж, улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг бүх талаас нь хэрэгт хамааралтай, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй учраас шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэж үзэж байна.

Хариуцагч нь нэхэмжлэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэдэг үндэслэлээр биш, харин Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасан тодорхой үндэслэлээр, тухайлбал ...ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэл гаргасан гэх үндэслэлээр ажлаас халсан бөгөөд хариуцагчийн 2018 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн Б-1-275 дугаартай тушаалд заасан үндэслэл тогтоогдсон үзэх үндэслэлтэй.

М- нь албан тушаалын байдлаа урвуулах буюу бусдад давуу байдал бий болгох, ашиг олох зорилгоор "Шингэн түлш шилжүүлэн ачих байгууламж" ТӨҮГ болон өөрийн эхнэр С.Эрдэнэнэмэхийн "Дорнын харгуй" ХХК-ийн хооронд байгуулсан гэрээний дагуу 110 ширхэг бетонон дэр мод солих ажлыг УБТЗ-ын, өөрийн харъяа 13 ажилчнаар хийж гүйцэтгүүлсэн нь гэрчүүдийн мэдүүлэг, болон Ж Мөнхбатын өөрийнх нь мэдүүлгээр тогтоогдсон.

Түүнчлэн Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасан үндэслэл тогтоогдсон нөхцөлд хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах үндэслэлтэй бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1 дэх хэсэгт заасан арга хэмжээг шат дараалуулж авах шаардлагагүй. Иймд өөрийн эхнэрийн өмчлөлийн компанийн бусдын өмнө хүлээсэн гэрээт ажлыг өөрийн хариуцсан Замын 4-р ангийн ажилтнуудаар гүйцэтгүүлсэн, мөн тус ангийн 40 ширхэг бетонон дэрийг өөрийн эхнэрийн компанийн гологдол дэрээр сольж ажил олгогчийн итгэлийг алдсан ажилтанд сануулах, цалинг бууруулах шат дараалсан арга хэмжээ аваагүй байна гэж шүүхээс дүгнэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч М- нь хариуцагч Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замд холбогдуулан тус байгууллагын даргын 2018 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн Б-1-275 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхий 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 102/ШЗ2016/00561 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 966 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 001/ХТ2017/00979 дүгээр тогтоолоор М-ыг ажилд эгүүлэн томилж, тус байгууллагаас ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгаж шийдвэрлэсэн ба улмаар Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын даргын 2018 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн Б-I-273 тоот тушаалаар түүнийг Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын Замын 4 дүгээр ангийн даргын ажилд эгүүлэн томилжээ.

 

Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын даргын 2018 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн Б-I-275 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 43 дугаар зүйлийн 43.1, Тээврийн прокурорын газрын 2018 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 440 дүгээр Прокурорын тогтоол, Монгол-Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам нийгэмлэгийн дүрмийн 22 дугаар зүйлийн а, з заалтуудыг тус тус баримтлан М- нь албан тушаалын байдлаа урвуулах буюу бусдад давуу байдал бий болгох, ашиг олох зорилгоор Шингэн түлш шилжүүлэн ачих байгууламж ТӨҮГ, эхнэр С.Эрдэнэнэмэхийн Дорнын харгуй ХХК-ийн хооронд байгуулсан гэрээний дагуу төмөр замын 110 ширхэг бетонон дэр солих ажлыг Замын 4 дүгээр 13 замчнаар гүйцэтгүүлэн тэдгээрийн цалин хөлс болон томилолтын зардал болох 2 850 233 төгрөгийн хохирол учруулсан, Замын 4 дүгээр ангийн орлогодон авсан 40 ширхэг бетонон дэрийг эхнэр С.Эрдэнэнэмэхийн Дорнын харгуй ХХК-д шилжүүлэн өгч, чанар байдлыг доголдуулж улмаар 2 000 000 төгрөгийн хохирол учруулсан, Зүүн говь ложистик ХХК-ийн эзэмшлийн замыг Замын 4 дүгээр ангийн замчдаар засварлуулсан ба засварын төлбөр 2 000 000 төгрөгийг хувьдаа завшсан нь тус тус хууль хяналтын байгууллагаар тогтоогдсон, өөрөө хүлээн зөвшөөрсөн гэх үндэслэлийг зааж, хөдөлмөрийн гэрээг 2018 оны 09 дүгээр сарын 11-ний өдрөөс цуцалж, ажил олгогчийн санаачилгаар түүнийг ажлаас чөлөөлсөн үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоожээ.

 

М- нь албан тушаалаа урвуулан ашиглаж, байгууллагад хохирол учруулсан гэх зөрчлийг ажил олгогч тогтоогоогүй гэх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй. Өөрөөр хэлбэл, ажилтны зөрчлийг ажил олгогч шалгаж тогтоосны үндсэн дээр сахилгын шийтгэл ногдуулах бөгөөд прокурор ажил олгогчийн өмнөөс сахилгын зөрчлийг тогтоохгүй юм. Зөрчил нотлогдоогүй тохиолдолд дээрх тушаал үндэслэлгүй болно.

 

Түүнчлэн М-ын гаргасан гэх зөрчил 2016 онд хамаарч байх бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2 дахь хэсэгт зааснаар ажил олгогч сахилгын зөрчил гаргаснаас хойш 6 сар, илрүүлснээс хойш 1 сарын дотор сахилгын шийтгэл ногдуулахаар заасан тул хуульд заасан хугацаа хэтрүүлж сахилгын шийтгэл ногдуулсан нь үндэслэлгүй юм.

Ажил олгогч сахилгын шийтгэлийг шат дараалан аваагүй гэх анхан шатны шүүхийн дүгнэлтийг залруулах боломжтой. Өөрөөр хэлбэл, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасан үндэслэл тогтоогдсон тохиолдолд мөн хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1 дэх хэсэгт зааснаар ажил олгогч ажилтны гаргасан зөрчилд тохирсон сахилгын шийтгэлийг ногдуулах учиртай.

 

Иймд анхан шатны шүүх ажилтныг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоож, түүнд ажилгүй байсан бүх хугацаанд урьд авч байсан цалин хөлстэй тэнцэх олговрыг 4 879 836 төгрөгөөр тогтоож хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.

 

Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

 

Харин анхан шатны шүүх нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, дэвтэрт нь нөхөн бичилт хийлгэхийг хариуцагчид даалгуулах нэхэмжлэлийг шийдвэрлэлгүй орхигдуулсныг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжтой. Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ж.Батмөнхийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт нь нөхөн бичилт хийлгэхийг хариуцагч Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замд даалгасан өөрчлөлтийг оруулав.

 

Түүнчлэн анхан шатны шүүх шийдвэрийн тогтоох хэсэгт ажилтныг ажилд нь эгүүлэн тогтоохдоо ажил олгогч байгууллагын нэрийг дутуу бичснийг давж заалдах шатны шүүхээс залруулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 102/ШШ2019/00186 дугаар шийдвэрийн

1 дэх заалтын Замын гэсний өмнө Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын гэж нэмж,

2 дахь заалтын олгосугай гэснийг олгож, мөн хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т заасныг баримтлан М-ын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлж, дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагч Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замд даалгасугай гэж өөрчилж шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 93 027 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй хэргийн оролцогч магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.МӨНХЗУЛ

 

ШҮҮГЧИД Д.БАЙГАЛМАА

 

Э.ЗОЛЗАЯА