Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 01 сарын 11 өдөр

Дугаар 00186

 

 

 

 

 

 

 

 

 

 

2019 оны 01 сарын 11 өдөр                    Дугаар 102/ШШ2019/00186                            Улаанбаатар хот

 

 

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ариунаа би,

Нэхэмжлэгч Дорноговь аймаг, Сайншанд сумын 4 дүгээр баг, 139-9 тоотод оршин суух Хар хиргэс овогт Жамбалын Мөнхбатын нэхэмжлэлтэй

Хариуцагч Баянгол дүүрэг, 3 дугаар хороо, Сөүлийн гудамж-42, өөрийн байранд байрлах Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замд холбогдох Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын даргын 2018 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн Б-1-275 дугаар тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлийг 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

         Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ж.Мөнхбат, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Цэнгэл, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Болороо, А.Оргодол, З.Оюунтунгалаг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Баяржавхлан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цэнгэл шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Б.Цэнгэл миний итгэмжлэгч Ж.Мөнхбат Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замд 1993 оноос ажиллаж эхэлсэн.

2012 оны 9 дүгээр сарын 22-ны өдрөөс Сайншанд дахь замын 4 дүгээр ангийн даргаар томилогдон ажиллаж байгаад 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр ажлаас халагдсан.

Ж.Мөнхбат ажлаас халсан тушаалаа хууль зөрчсөн хэмээн үзэж Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2016 оны 02 дугаар сарын 20-ны өдөр нэхэмжлэл гаргасан бөгөөд гурван шатны шүүхээр УБТЗ ХНН-ын хууль зөрчсөн тушаалыг хүчингүй болгон шийдвэрлэж, Монгол Улсын Дээд шүүхийн Тогтоол 2017 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр гарсан.

Тухайн тогтоолын дагуу Ж.Мөнхбатыг ажилд бүтэн нэг жилийн дараа буюу 2018 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын даргын Б-1-273 дугаартай тушаалаар томилогдсон боловч 2018 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын даргын Б-1-275 дугаартай тушаалаар дахин ажлаас халсан билээ.

Ж.Мөнхбатыг ажилд авсан тушаал анхнаасаа дүр эсгэн шүүхийн шийдвэрийг биелүүлж буй мэтээр харагдуулах зорилготой байсан бөгөөд Сайншанд дахь замын 4 дүгээр ангийн даргаар 2018 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр А.Оргодол гэх хүн ажиллаж байсан бөгөөд тухайн хүнийг ээлжийн амралттай байх үеэр Ж.Мөнхбатыг ажилд томилсон тушаалыг гаргаад дахин ажлаас нь халжээ.

Ажлаас халсан тушаалд “Замын 4 дүгээр ангийн дарга Ж.Мөнхбат албан тушаалын байдлаа урвуулан буюу бусдад давуу байдал бий болгох, ашиг олох зорилгоор шингэн түлш шилжүүлэн ачих байгууламж, ТӨҮГ-ын эхнэр С.Эрдэнэнэмэхийн “Дорнын харгуй” ХХК-ийн хооронд байгуулсан гэрээний дагуу төмөр замын 110 бетонон дэр солих ажлыг Замын 4 дүгээр ангийн 13 замчнаар гүйцэтгүүлэн, тэдгээрийн цалин хөлс болон томилолтын зардал болох 2.850.233 төгрөгийн хохирол учруулсан, замын 4 дүгээр ангийн орлогдон авсан 40 ширхэг бетонон дэрийг эхнэр С.Эрдэнэнэмэхийн “Дорнын харгуй” ХХК-д шилжүүлэн өгч, чанар байдлыг дордуулж улмаар 2.000.000 төгрөгийн хохирол учруулсан.

“Зүүн говь ложистик” ХХК-ийн эзэмшлийн замыг Замын 4 дүгээр ангийн замчдаар засварлуулж, засварын төлбөр 2.000.000 төгрөгийг хувьдаа завшсан нь хууль хяналтын байгууллагаар тогтоогдож, өөрөө хүлээн зөвшөөрсөн тул “Хөдөлмөрийг гэрээ”-г цуцлаж ажлаас халсугай” гэжээ.

Дээрх тушаалын үндэслэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Улаанбаатар төмөр зам ХНН-с миний итгэмжлэгч Ж.Мөнхбатыг холбогдуулан шалгуулахаар Цагдаагийн байгууллагад хэд хэдэн зүйл бүхий гомдол гаргасан бөгөөд Төмөр зам дахь Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Ш.Цолмонбаатар хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж, улмаар 2018 оны 8 дугаар сарын 15-ны өдөр Тээврийн Прокурорын газрын ахлах прокурор, Хууль цаазын зөвлөх Т.Серикжан 440 дугаартай Тогтоолоор хэрэг бүртгэлтийн хэргийг хааж шийдвэрлэсэн.

Гэтэл Ж.Мөнхбатыг албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон гэж үзэж Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын дарга тушаал гарган ажлаас халж байгаа нь хууль бус үйлдэл юм.

Иргэн Ж.Мөнхбат байгууллагад хохирол учруулсан зүйл байхгүй. Прокурорын тогтоолыг ч хүлээн зөвшөөрөх боломжгүй хэмээн үзэж гомдол гаргасан боловч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Прокурорын тогтоолд зөвхөн хохирогч гомдол гаргах эрхтэй гэж заасан тул гомдлыг нь хүлээж аваагүй буцаасан.

Хэрэв Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр зам иргэн Ж.Мөнхбатыг байгууллагад хохирол учруулсан гэж үзэж байгаа бол Прокурорын тогтоолд дурдсанчлан иргэний журмаар шүүхэд хандаж шийдвэрлүүлсний дараа ажлаас халах асуудлыг шийдвэрлэх ёстой байсан ч тухайн байгууллага шүүхэд хандаагүй.

Иймд Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замд холбогдох Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын даргын 2018 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн Б-1-275 дугаартай тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгаж өгнө үү, гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Болороо шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй. Замын 4 дүгээр ангийн даргаар ажиллаж байсан Ж.Мөнхбат албаны эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан, бусдад давуу байдал бий болгох, ашиг олох зорилгоор өөрийн эхнэр С.Эрдэнэнэмэхийн “Дорнын харгуй” ХХК-ийн ажлыг УБТЗ-ын 13 ажилтнуудаар гүйцэтгүүлэн, тэдгээрийн цалин хөлс болон томилолтын зардал болох 2.850.233 төгрөгийн хохирол мөн 2016 оны 10 дугаар сард Замын 4 дүгээр ангийн орлогод авагдсан 40 ширхэг бетонон дэрийг машинаар зөөвөрлөн, өөрийн эхнэрийн компанид шилжүүлэн өгч, чанар байдлыг дордуулан ашиглах боломжгүй бетонон дэрээр сольж, УБТЗ ХНН болон УБТЗ ХНН-ийн ажилтнуудад хохирол учруулсан болох нь Тээврийн Прокурорын газрын 2018 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 440 дугаартай Прокурорын тогтоолоор тогтоогдсон.

Улсын Дээд шүүхийн “Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай” 33 дугаар тогтоолын 15.5 дахь “Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5 дахь хэсэгт заасан ажил олгогчийн итгэлийг алдсан ажилтны гаргасан буруутай үйлдэл, эс үйлдэхүй нь хууль, санхүүгийн болон хяналтын зэрэг эрх бүхий байгууллагын шалгалт мөн ажил олгогчийн дотоодын хяналт шалгалтаар тогтоогдсон байвал зохино”, 15.5.2 дэхь хэсэгт “Мөн хэсгийн мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан гэдэгт тодорхой зориулалт, чиглэлээр эд хөрөнгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрх мэдлийг өмчлөгчөөс шилжүүлэн авсан удирдах албан тушаалтан, мөн удирдах албан тушаалтантай зохих хэмжээгээр эд хөрөнгийг хамтран захиран зарцуулах эрхийг хэрэгжүүлж, эд хөрөнгийн хадгалалт, хамгаалалтанд бүртгэлээр хяналт тавих эрх бүхий санхүүгийн албан тушаалтан зэргийг хамруулан ойлгоно” гэж зааснаар хариуцагч Ж.Мөнхбат албан үүргээ гүйцэтгэж байх үедээ эдгээр заалтыг зөрчиж, байгууллагад хохирол учруулсан болох нь Прокурорын тогтоолоор тогтоогдсон тул Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5 дахь хэсэг “мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдсон” гэсэн үндэслэлээр Ж.Мөнхбатын хөдөлмөрийн гэрээг УБТЗ-ын даргын 2018 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн Б-1-275 дугаартай тушаалаар цуцласан нь хууль зүйн үндэслэлтэй учраас нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Мөн нэхэмжлэгчийн учруулсан хохирлын талаар шүүхэд нэхэмжлэл гаргаагүй, гэжээ.

 

        Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Оргодол шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ж.Мөнхбат Замын 4 дүгээр ангийн даргаар ажиллаж байхдаа зөрчил гаргасан нь 440 дугаартай Прокурорын тогтоолоор тогтоогдсон тул тушаалыг үндэслэлтэй гаргасан гэж үзэж байна.

        Намайг 2018 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр ажлаас чөлөөлж, 2018 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр ажилд томилсон шийдвэр гарсан үнэн. Байгууллагад хохирол учирсан тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй, гэжээ.

       

       Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Оюунтунгалаг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тушаал үндэслэлтэй гарсан. Ж.Мөнхбат байгууллагад хохирол учруулсан нь Прокурорын тогтоолд дурдагдсан. Хоорондоо сонирхлын зөрчилтэй, эхнэр, нөхөр хоёр зөвшөөрөлгүйгээр худалдан авалт хийж, ажил гүйцэтгэсэн. Энэ талаар санхүүгийн тайланд тусгагдсан. Эхнэрийнхээ “Дорны харгуй” ХХК-иар ажил хийлгэсэн нь тогтоогдож, энэ ажилдаа төмөр замын ажилчдыг оролцуулсан. Надад өгсөн бичгүүд байдаг. Үүн дээр тодорхой тусгагдан, зөрчил гаргаснаа өөрөө хүлээн зөвшөөрсөн учраас нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү, гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

       Нэхэмжлэгч Ж.Мөнхбат, хариуцагч Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замд холбогдуулан Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын даргын 2018 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн Б-1-275 дугаартай тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах нэхэмжлэлийн шаардлагуудыг шүүхэд гаргажээ.

 

        Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар Прокурорын тогтоолоор нэхэмжлэгч зөрчил гаргасан нь тогтоогдсон тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

             

          Нэхэмжлэгч Ж.Мөнхбат, ажил олгогч нарын хооронд тодорхой нөхцөл зааж, 2012 оны 9 дүгээр сарын 21-ний өдрөөс Замын 4 дүгээр ангийн даргаар Ж.Мөнхбатыг ажиллуулахаар “Хөдөлмөрийн гэрээ” байгууллагдсан нь тогтоогдож байна.

 

          Хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлагаар цуцлахад, Хөдөлмөрийн тухай хуульд заасан үндэслэлүүдийн аль нэгийг заавал баримталсан байх шаардлагатай бөгөөд хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгох тушаалд баримталсан хуулийн зохицуулалт нь ажилтныг ажлаас чөлөөлөгдөх болсон үндэслэлтэй тохирсноор хуулийн дагуу ажлаас чөлөөлсөн гэж үзэх үндэслэл болдог. 

 

Ажил олгогч гэрээг цуцлахдаа, “Хөдөлмөрийн гэрээ”, Хөдөлмөрийн дотоод журам”, “Хөдөлмөрийн хууль”-д заасан үндэслэл бүхий тушаал гаргах ёстой.

        

          Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт,талуудын тайлбараас үзэхэд хариуцагч, нэхэмжлэгчийг албан тушаалын байдлаа урвуулах буюу бусдад давуу байдал бий болгох, ашиг олгох зорилгоор ашигласан нь хуулийн хяналтын байгууллагаар тогтоогдсон гэж үзэн ажлаас чөлөөлөх тушаал гаргасан болох нь тогтоогдож байна.

 

          Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд ажлаас халах тушаалын үндэслэл болгон 2018 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн Тээврийн прокурорын газрын Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай 440 дугаартай Прокурорын тогтоолоор нэхэмжлэгчийг албан тушаалаа ашиглан байгууллагад хохирол учруулсан нь уг тогтоолоор нотлогдоно” гэх тайлбарыг гаргаж байгаа боловч Тогтоолын “Тогтоох” хэсгийн 1 дүгээр заалтад “Хэрэг бүртгэлтийн 180300071 дугаартай,...хэргийг хаасугай”,  “Үндэслэх” хэсэгт “...нэхэмжлэгчийг хохирол учруулсан нь тогтоогдсон гэж дурдаад, дээрх үйлдлийн улмаас учирсан хохирол үлэмж хэмжээнд хүрэхгүй” гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй мөн гэмт хэргийн шинжгүй үйлдэл тогтоогдсон” гэж хэргийг хаасан нь нотлогдож, нэхэмжлэгч, хариуцагчаас хохирлоо шаардаагүй талаар маргаагүй ба Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх заалт “...гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно” гэж заасны дагуу дээрх тогтоолоор нэхэмжлэгчийг гэм буруутайд тооцох үндэслэл тогтоогдохгүй байна.

 

        Улмаар нэхэмжлэгч анх 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр ажлаас халагдаж, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж, 2017 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн 00561 дугаартай Шийдвэр, 2017 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн Магадлал, 2017 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 00979 дугаартай Дээд шүүхийн Хяналтын шатны шүүхийн Иргэний хэргийн шүүх хуралдааны Тогтоол зэрэг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр байна.

 

        Эдгээр шүүхийн шийдвэрийн дагуу хариуцагч, нэхэмжлэгч Ж.Мөнхбатыг 2018 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр Б-1-273 дугаартай тушаалаар ажилд эгүүлэн авч, түүний оронд томилогдсон А.Оргодолыг ажлаас чөлөөлж, дахин 2018 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн Б-1-275 дугаартай тушаалаар Ж.Мөнхбатыг ажлаас халж, А.Оргодолыг ажилд нь эгүүлэн томилсон үйл баримт нотлогдож, дээрх үйлдлээр хариуцагч шүүхийн шийдвэрийг дүр эсгэн биелүүлсэн нь тогтоогдож, Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1 “сануулах”, 131.1.2 “үндсэн цалинг гурван сар хүртэл хугацаагаар 20 хүртэл хувиар бууруулах”, 131.1.3 “ажлаас халах”-аар заасны дагуу сахилгын шийтгэлийг нэхэмжлэгчид ногдуулахдаа шат дараалсан арга хэмжээг аваагүй учраас ажил олгогчийн санаачлагаар ажлаас буруу халсан нэхэмжлэгчийн гомдол үндэслэлтэй байх тул ажилд нь эгүүлэн тогтоох нь хуульд нийцнэ.

 

        Иймээс Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт ”...ажилтныг ажил, албан тушаалд нь эргүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг олгоно” гэж зааснаар ажилгүй байсан үеийн олговорыг олгох нь зүйтэй гэж үзлээ.

 

        Нөхөн олговрыг Нийгэм хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 5 дугаар сарын 3-ны өдрийн “Дундаж цалин хөлс тодорхойлох тухай журам”-ын дагуу ажилтны  сүүлийн 3 сард авч байсан цалингийн дунджаар тодорхойлох ёстой боловч шүүхийн хуулийн хүчин төгөлдөр шийдвэрт дурдагдсан нэг сарын цалин 1.259.300 төгрөг, нэг өдрийн цалин 59401 төгрөгт нэхэмжлэгч маргаагүй тул 59401 /нэг өдрийн цалин/ х 86 /хоног/=5.108.486 төгрөгийн олговрыг нэхэмжлэгчид олгохоор байна.

      

        Үүнээс нэхэмжлэгч 2018 оны 9 дүгээр сард 2 өдрийн цалин 228.650 төгрөгийг авснаа зөвшөөрсөн тул 5.108.486 /төгрөг/ -228.650 /төгрөг/ =4.879.836 төгрөгийг нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэлээ.

          

        Мөн нэхэмжлэгч 2018 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн Б-1-275 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах шаардлагаасаа татгалзсан болохыг дурдах нь зүйтэй.

 

         2018 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн “Хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай” Б-1-275 дугаартай тушаалаа нэхэмжлэгч 2018 оны 9 дүгээр сарын 11-ны өдөр хүлээн авч, 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдөр нэхэмжлэлээ шүүхэд гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт заасан хугацаанд гомдлоо гаргасан гэж үзээд, хөөн хэлэлцэх хугацаа хэтрээгүй байна.                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                  

      

        Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар энэ гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж, хариуцагчаас 4.879.836 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 93027 төгрөгийг гаргуулж, улсын орлого болгохоор шийдвэрлэв.

   

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

           1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан Хар хиргэс овогт Жамбалын Мөнхбатыг Замын 4 дүгээр ангийн даргын ажилд эгүүлэн тогтоосугай.

            

           2.Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар ажилгүй байсан хугацааны 86 хоногийн цалин 4.879.836 төгрөгийг Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замаас гаргуулж, нэхэмжлэгч Ж.Мөнхбатад олгосугай.

          

          3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар энэ гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

           

          4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 93027 төгрөгийг гаргуулж, улсын орлогод оруулсугай.

            

          5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоног өнгөрсний дараа 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд хуулийн хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй

           

          6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд анхан шатны шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Г.АРИУНАА