Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 09 сарын 26 өдөр

Дугаар 210/МА2018/02069

 

 

 

 

 

2018 оны 09 сарын 26 өдөр

Дугаар 210/МА2018/02069

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

М.Гэлэгбаатарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Цогтсайхан даргалж, шүүгч Б.Нармандах, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 8 дугаар сарын 2-ны өдрийн 184/ШШ2018/01955 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч М.Гэлэгбаатарын нэхэмжлэлтэй

Хариуцагч Тэмүүлэн баатар ХХК-д холбогдох

28 400 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Д.Цэрэнханд

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: З.Цэрэнханд нар оролцов.

Нэхэмжлэгч М.Гэлэгбаатар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Сайнбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

М.Гэлэгбаатар Тэмүүлэнбаатар ХХК-тай 2012 оны 6 дугаар сарын 15-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгө захиалгаар бариулан худалдах, худалдан авах гэрээ байгуулж 48 м.кв талбайтай 2 өрөө байрыг 36 000 000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон юм. Гэрээний төлбөрт нийт 25 200 000 төгрөгийг бэлнээр өгсөн. Тэгээд удалгүй барилгын газар зөвшөөрөлгүй тул байрыг буулгах тухай Нийслэлийн Засаг даргын захирамжид багтсан болохыг олж мэдсэн. Хариуцагч компанийн захирал Эрдэнэчимэгтэй захиалагч нар уулзахад 4 давхар карказ баригдсан газар нь байшин барих зөвшөөрөлгүй гэсэн. Иймд захиалагч нартаа хамтран цагдаагийн байгууллагад өргөдөл өгсөн, газрынх нь зөвшөөрлийг нь авах талаар хөөцөлдсөн. Цагдаагийн байгууллага өргөдлийн дагуу шалгаж байгаад 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хэргийг хэрэгсэхгүй болгох 38 тоот прокурорын тогтоол гарсан. Мөн хохирлоо иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсан байсан. Нэхэмжлэгч М.Гэлэгбаатар нь Тэмүүлэнбаатар ХХК-ийн захирал Б.Эрдэнэчимэгтэй 2017 оны 2 дугаар сарын 8-ны өдөр хэлцэл байгуулсан бөгөөд уг хэлцлээр нэхэмжлэгчид нийт 30 700 000 төгрөгийг өгөхөөр тохиролцсон. Б.Эрдэнэчимэг нь 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 500 000 төгрөг, 2016 оны 11 дүгээр сарын 4-ний өдөр 2 000 000 төгрөг, 2017 оны 2 дугаар сарын 4-ний өдөр 400 000 төгрөг, 2017 оны 9 дүгээр сарын 2-ны өдөр 1 500 000 төгрөг, 9 дүгээр сарын 5-ны өдөр 400 000 төгрөг нийт 4 800 000 төгрөг өгсөн тул төлбөр барагдуулахаар тохиролцсон хэлцлээр 30 700 000 төгрөгөөс хасахад 28 400 000 төгрөг болж байгаа учир Тэмүүлэн баатар ХХК-аас 28 400 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Түвшинтөгс шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн шүүгчийн захирамжаар орон сууцны захиалагч 68 иргэн Тэмүүлэн баатар ХХК-д холбогдуулан карказны өмчлөгчөөр тогтоолгох шаардлага бүхий нэхэмжлэл гаргасныг талууд хариуцагч Тэмүүлэн баатар ХХК шаардлагыг хүлээн зөвшөөрч, хэргийг хэрэгсэхгүй болгосон. Шүүгчийн захирамжаар 68 захиалагч карказны өмчлөгч болсон хэдий ч газар эзэмших эрх үл хөдлөх хөрөнгөтэй хамт шилжинэ гэх үндэслэлээр захиалагчид хөөцөлдөж байгаад газар эзэмших эрхийг шилжүүлэн авсан. Сүүлд байгуулсан гэх энэ хэлцлийн хувьд талуудын хооронд хийгдсэн эсэхийг мэдэхгүй байна. Захирлын гарын үсэг мөн эсэх дээр мэргэжлийн шинжээч томилуулсны үндсэн дээр гэрээ байгуулагдсан эсэх нь тодорхой болно. Гэрээний харилцаа дууссан байхад шинэ гэрээ байгуулах үндэслэл байхгүй. Иймээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6-д заасан үндэслэл буюу нэхэмжлэлд дурдсан үйл баримт, зохигчийн гэм буруугийн талаар хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байгаа тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан хариуцагч Тэмүүлэнбаатар ХХК-аас 20 400 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч М.Гэлэгбаатарт олгон, үлдэх 8 000 000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 299 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагч Тэмүүлэнбаатар ХХК-аас 259 950  гаргуулан нэхэмжлэгч М.Гэлэгбаатарт олгож шийдвэрлэсэн байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Түвшинтөгс давж заалдах гомдолдоо:

... Анхан шатны шүүхийн шийдвэрээр хариуцагч байгууллагаас 20 400 000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн. Анхан шатны шүүх тооцоолол хийхдээ алдаа гаргасан тул 1 000 000 төгрөгийг хасч 19 400 000 төгрөг болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

 

Нэхэмжлэгч М.Гэлэгбаатар нь хариуцагч Тэмүүлэн баатар ХХК-д холбогдуулан талуудын хооронд байгуулсан хэлцлийн үүрэгт 28 400 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч, ... талуудын хооронд байгуулагдсан гэрээний дагуу хүлээх хариуцагчийн үүрэг дуусгавар болсон гэсэн үндэслэн заан маргажээ.

 

Зохигчид 2012 оны 6 дугаар сарын 15-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгө захиалгаар бариулан худалдах, худалдан авах гэрээ байгуулж, уг гэрээгээр М.Гэлэгбаатар нь Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны 61А байрны 21 тоотод байрлах 48 н.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг 36 000 000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон байна. /хх-ийн 8-12 тал/

 

Нэхэмжлэгч М.Гэлэгбаатар орон сууцны урьдчилгаа төлбөрт 25 200 000 төгрөг төлсөн байх бөгөөд уг асуудлаар зохигчид маргаагүй болно. /хх-ийн 13 тал/

 

Анхан шатны шүүх талуудын хооронд худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасантай нийцсэн байна.

 

Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 1233 дугаар шүүгчийн захирамжаар М.Гэлэгбаатар нарын 68 иргэний Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, Мах Импекс ХХК-ийн зүүн талд 2 дугаар байрны дэргэд байрлах бүтээц /карказ/-ын хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийг хариуцагч Тэмүүлэн баатар ХХК зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгожээ. /хх-ийн 64-67 тал/

 

Нэхэмжлэгч М.Гэлэгбаатар болон хариуцагч Тэмүүлэн баатар ХХК-ийн захирал Б.Эрдэнэчимэг нар 2017 оны 2 дугаар сарын 8-ны өдөр үндсэн гэрээг цуцалж, урьдчилгаа төлбөрийн үлдэгдэл 22 700 000 төгрөгийг буцаан төлөх, байр баригдаагүй хугацааны хүү 8 000 000 төгрөгийг төлөхөөр харилцан тохиролцож хоёр хэлцэл байгуулсан байна. /хх-ийн 4-5 тал/

 

Анхан шатны шүүх талууд хүсэл зоригоо илэрхийлэн бичгийн хэлцэл хийж, гарын үсэг зурж хэлцэл байгуулсан нь Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-д заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр хэлцэл гэж үзсэнийг буруутгах боломжгүй юм. Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт хууль буюу гэрээгээр үүрэг гүйцэтгэгч нь ямар нэгэн үйлдэл хийх, эсхүл тодорхой үйлдэл хийхээс татгалзах үүргийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээх бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч нь түүнээс уг үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй гэж заасан бөгөөд нэхэмжлэгч М.Гэлэгбаатар нь хариуцагч Тэмүүлэн баатар ХХК-иас хэлцлийн дагуу үүргээ биелүүлэхийг шаардах эрхтэй болно.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ... талуудын хооронд байгуулагдсан хэлцэлд зурагдсан гарын үсэг Тэмүүлэн баатар ХХК-ийн захирал Б.Эрдэнэчимэгийн гарын үсэг мөн эсэх нь эргэлзээтэй гэсэн тайлбар гаргаж байгаа боловч хариуцагч Тэмүүлэн баатар ХХК-иас нэхэмжлэгч М.Гэлэгбаатарын дансанд хэлцэл хийснээс хойш буюу 2017 оны 2 дугаар сарын 9-ний өдөр 1 500 000 төгрөг, 2 дугаар сарын 14-ний өдөр 400 000 төгрөг, 5 дугаар сарын 9-ний өдөр 400 000 төгрөг, нийт 2 300 000 төгрөг шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан М.Гэлэгбаатарын Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар тогтоогдож байх тул хариуцагчийн дээрх тайлбар үгүйсгэгдэж байна. Энэ талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелсэнээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэг хүлээдэг бөгөөд хариуцагч Тэмүүлэн баатар ХХК нь гэрээний дагуу хүлээсэн үүргээ биелүүлээгүй, орон сууцыг барьж дуусгаагүй байх тул нэхэмжлэгч М.Гэлэгбаатар гэрээнээс татгалзаж, орон сууцны урьдчилгаанд төлсөн мөнгөө буцаан шаардах эрхтэй.

Анхан шатны шүүх 2017 оны 2 дугаар сарын 8-ны өдрийн эхний хэлцлээр тохирсон 22 700 000 төгрөгөөс хэлцэл байгуулснаас хойш хариуцагч байгууллагын төлсөн 2 300 000 төгрөгийг хасч, үлдэх 20 400 000 төгрөгийг хариуцагч Тэмүүлэн баатар ХХК-иас гаргуулан нэхэмжлэгч М.Гэлэгбаатарт олгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

 

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн 19 400 000 төгрөгийг төгрөг төлөхөөр зөвшөөрч, 1 000 000 төгрөгийг хасуулах үндэслэлээр гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 2-ны өдрийн 184/ШШ2018/01955 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Түвшинтөгсийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 29 100 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЦОГТСАЙХАН

 

ШҮҮГЧИД Б.НАРМАНДАХ

 

Ц.ИЧИНХОРЛОО