Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 08 сарын 02 өдөр

Дугаар 184/ШШ2018/01955

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Нямсүрэн даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: М.Г-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ТБ ХХК-д холбогдох

28,400,000 төгрөг гаргуулах шаардлага бүхий иргэний хэрэг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.С, түүний өмгөөлөгч Д.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч М.Г-ын шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжин итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: М.Г ТБ ХХК-тай 2012 оны 6 дугаар сарын 15-ны өдөр Үл хөдлөх эд хөрөнгө захиалгаар бариулан худалдах, худалдан авах гэрээ байгуулж 48 м.кв талбайтай 2 өрөө байрыг 36,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон юм. Гэрээний төлбөрт нийт 25,200,000 төгрөгийг бэлнээр өгсөн. Тэгээд удалгүй барилгын газар зөвшөөрөлгүй тул байрыг буулгах тухай Нийслэлийн Засаг даргын захирамж гарсан болж таарсан. Захирал Э-тэй захиалагч нар уулзахад 4 давхар карказ л баригдсан газар нь байшин барих зөвшөөрөлгүй гэсэн юм. Тэгээд бид цагдаагийн байгууллагад орон сууц захиалагч нар нийлж байгаад өргөдөл өгсөн газрынх нь зөвшөөрлийг нь авахуулъя гэж хөөцөлдсөн. Гэтэл цагдаагийн байгууллага тэр үеэс шалгаж байгаад 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хэргийг хэрэгсэхгүй болгох 38 тоот прокурорын тогтоол гарсан. Уг тогтоолд ТБ ХХК-ийн Э-ийн хэрэг нь шинээр мөрдөгдөж байгаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй байх боловч хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаж мөрдөн шалгах ажиллагаа явуулж болохгүй үндэслэл тогтоогдсон гэсэн. Мөн хохирлоо иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсан болно. Нэхэмжлэгч ТБ ХХК-ийн захирал Б.Э-тэй 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдөр хэлцэл байгуулсан юм. Хэлцэлд нэхэмжлэгчид нийт 30,700,000 төгрөгийг өгөхөөр тохиролцсон. Б.Э нь 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 500,000 төгрөг, 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр 2,000,000 төгрөг, 2017 оны 02 дугаар сарын 04-ний өдөр 400,000 төгрөг, 2017 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр 1,500,000 төгрөг, 9 дүгээр сарын 05-ны өдөр 400,000 төгрөг нийт 4,800,000 төгрөг өгсөн тул төлбөр барагдуулахаар тохиролцсон хэлцлээр 30,700,000 төгрөгөөс хасахад 28,400,000 төгрөг болж байгаа учир ТБ ХХК-аас 28,400,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т-ийн шүүхэд гаргасан хариу тайлбарт:Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн шүүгчийн захирамжаар орон сууцны захиалагч 68 иргэн ТБ ХХК-д холбогдуулан карказны өмчлөгчөөр тогтоолгох шаардлага бүхий нэхэмжлэл гаргасныг талууд хариуцагч ТБ ХХК шаардлагыг хүлээн зөвшөөрч, хэргийг хэрэгсэхгүй болгосон. Энэ нь талууд өмнөх гэрээний харилцаа болох орон сууцыг барих, хүлээлгэх өгөх, урьдчилгаанд өгсөн мөнгийг буцаан өгөх зэрэг хариуцагчийн үүрэг дуусгавар болсон. Шүүгчийн захирамжаар 68 захиалагч карказны өмчлөгч болсон хэдий ч газар эзэмших эрх үл хөдлөх хөрөнгөтэй хамт шилжинэ гэх үндэслэлээр захиалагчид хөөцөлдөж байгаад газар эзэмших эрхийг шилжүүлэн авсан. Сүүлд байгуулсан гэх энэ хэлцлийн хувьд талуудын хооронд хийгдсэн эсэхийг мэдэхгүй байна. Захирлын гарын үсэг мөн эсэх дээр мэргэжлийн шинжээч томилуулсны үндсэн дээр гэрээ байгуулагдсан эсэх нь тодорхой болно. Гэрээний харилцаа дууссан байхад шинэ гэрээ байгуулах үндэслэл байхгүй. Иймээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6-д заасан үндэслэл буюу нэхэмжлэлд дурдсан үйл баримт, зохигчийн гэм буруугийн талаар хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байгаа тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч М.Г нь хариуцагч ТБ ХХК-д холбогдуулан 28,400,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлийг талуудын хооронд 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдөр байгуулсан хоёр гэрээг үндэслэсэн бол хариуцагч Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн шүүгчийн 2014 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай 1233 дугаар захирамжаар талуудын маргааныг хянан шийдвэрлэж дууссан, 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн гэрээ талуудын хооронд байгуулагдсан эсэх нь эргэлзээтэй хэмээн маргажээ.

Талуудын хоорондын үүргийн харилцаа дуусгавар болсон эсэх, тэдгээрийн хооронд 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн хэлцэл байгуулагдсан эсэх, байгуулагдсан бол талууд хэлцлээр юу тохирсон буюу ямар үүрэг хүлээсэн болох нь маргааны зүйл болжээ.

Нэхэмжлэгч М.Г нь ТБ ХХК-тай 2012 оны 6 дугаар сарын 15-ны өдөр Үл хөдлөх эд хөрөнгө захиалгаар бариулан худалдах, худалдан авах гэрээ байгуулж, 48 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг 36,000,000 төгрөгөөр худалдаж авахаар тохирч, урьдчилгаанд нийт 25,200,000 төгрөгийг төлжээ. /хх-6-11/

Т ХХК нь гэрээгээр тохирсон хугацаанд барилгыг ашиглалтад оруулаагүйгээс маргаан гарч тухайн байранд захиалга өгсөн М.Г нарын 68 иргэн дуусаагүй барилгын бүтээц буюу карказны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийг Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхэд гаргасан байна. Тус шүүхийн шүүгчийн 2014 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 1233 дугаар захирамжаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгожээ. /хх-54-57, 63-67/

Энэ нөхцөл байдал нь М.Г ТБ ХХК-ийн хооронд байгуулсан Үл хөдлөх эд хөрөнгө захиалгаар бариулан худалдах, худалдан авах гэрээний үүрэг Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1.5-д зааснаар дуусгавар болгосон байна. Тодруулбал, нэхэмжлэгч энэхүү гэрээтэй холбоотой зөрчигдсөн эрхийг шүүхийн журмаар иргэний эрх зүйн хамгаалалтын арга хэмжээг авснаар гэрээний үүргийг дуусгавар болгосон гэж үзнэ.

Нэхэмжлэгч М.Г ТБ ХХК-ийн захирал Б.Ж-тэй 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдөр байгуулсан гэх хоёр хэлцлийг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл хэмээн тайлбарлаж, 28,400,000 төгрөгийг шаардаж байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч уг хэлцэлд зурсан гарын үсэг ТБ ХХК-ийн захирал Б.Э-ийн гарын үсэг мөн эсэх нь эргэлзээтэй хэмээн маргажээ.

ТБ ХХК-ийн дүрмийн 2 дугаар зүйлийн 4-т Компани нь . . . өөрийн нэр бүхий тэмдэг (тамга) хэрэглэнэ гэж заасан байх ба маргаан бүхий хоёр хэлцэл дээрх Захирал Б.Э гарын үсэг гэх хэсэгт ТБ ХХК-ийн регисрийн дугаар бүхий тамгыг даржээ. Түүнчлэн энэхүү хэлцлээс хойш ТБ ХХК-аас нэхэмжлэгчид 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдөр 1,500,000 төгрөг, 02 дугаар сарын 14-ний өдөр 400,000 төгрөг, 5 дугаар 09-ний өдөр 400,000 төгрөг, нийт 2,300,000 төгрөгийг шилжүүлжээ. /хх-18-21/

Эдгээр үйл баримтаар хариуцагч ТБ ХХК, түүнийг төлөөлж захирал Б.Э нь нэхэмжлэгч М.Г-тай бичгээр гэрээ байгуулсан хэмээн үзнэ. Тодруулбал, хариуцагч байгууллагын захирал гарын үсгээ зурсан болох нь компанийн тамга дарж, мөнгө шилжүүлснээр нотлогдох тул Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-т зааснаар талуудын хооронд бичгийн хэлцэл байгуулагдсан гэж үзнэ.

Зохигчдын хооронд байгуулсан эхний хэлцлээр нэгд, үндсэн гэрээг цуцлах, хоёрт, үлдэгдэл 22,700,000 төгрөгийг хуваарийн дагуу төлөх үүргийг ТБ ХХК хүлээх, гуравт, төлбөр тооцоо дууссан тохиолдолд өөр оногдох карказ болон газар эзэмших эрхийг Компанийн захирал Б.Э-т шилжүүлэн өгөх гэсэн гурван үндсэн нөхцөл тохирсон байна (цаашид эхний хэлцэл гэх) /хх-4/.

Талууд хэлцэлд тохирсон нөхцлийн хувьд маргаж байгаа тул талуудын дотоод хүсэл зориг буюу талууд эрх зүйн ямар үр дагавар бий болгохыг хүсэл зоригийн гадаад илэрхийлэл буюу бичгийн хэлцлээр эрмэлзсэн болохыг гэрээг тайлбарлах арга зүйг ашиглан тодорхойлно.

Талуудын тохирсон нөхцөлийг шууд утгаар, эсхүл бусад нөхцөл, гэрээний ерөнхий агуулгатай харьцуулах замаар тайлбарлах боломжгүй байх тул Иргэний хуулийн 198.6-д зааснаар гэрээний зорилгыг харгалзан талуудын нэгдмэл санааг тодруулах, үүний тулд гэрээ байгуулахаас өмнө үүссэн нөхцөл байдлыг харгалзан үзэх замаар тайлбарлах нь зүйтэй.

Хавтаст хэрэгт авагдсан Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 38 дугаар тогтоол нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан бичгийн нотлох баримтад тавигдах шаардлага хангаагүй хэдий ч зохигчид хэн аль нь тогтоолд дурдсан үйл баримтыг иш татах тул энэ талаар маргаагүй гэж үзэв. /хх-87-92/

Тухайлбал, нэхэмжлэлд Тэмүүлэнбаатар ХХК-ийн захирал Б.Э-т2012 10 дугаар сарын 26-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгасныг 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн прокурорын 38 дугаар тогтоолоор хэргийг хэрэгсэхгүй болгосон гэх ба хариуцагч уг үйл баримтад маргадаггүй.

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Эрүүгийн хэрэгт захирал Б.Э- шалгагдаж байх үед захиалагч иргэд нь карказын газрыг өөрийн эзэмшилд шилжүүлэн авсны дараа үргэлжлүүлэн барих хүсэлтээ Нийслэлийн төлөвлөгөөний газарт гаргаж, улмаар 2016 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр ТБХХК-тай Ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, 20 гаруй захиалагч карказаа буцаан өгч, төлбөрөө буцаан авч байгаа. Энэ талаар прокурорын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай тогтоолд тусгагдсан гэжээ.

Хэлцэл байгуулагдах үед ТБ ХХК нь барилгыг үргэлжлүүлэн барих, М.Г оруулсан мөнгөө буцаан авах хүсэл зоригтой байсан тухай прокурорын 38 дугаар тогтоолыг ишилсэн нэхэмжлэгч талын тайлбар үндэслэлтэй байх тул хэлцлээр хариуцагч ТБ ХХК 22,700,000 төгрөгийг төлөх, нэхэмжлэгч М.Г нь төлбөрийг бүрэн шилжүүлсний дараа өөрт оногдох карказ болон газрын эрхийг шилжүүлэх үүргийг хүлээх үндсэн нөхцөлийг тохирсон гэж үзлээ.

Өөрөөр хэлбэл, талуудын хооронд Иргэний хуулийн Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа байна. Гэрээ хүчин төгөлдөр байж гэмээ нь гэрээний үүргийн биелэлтийг үүрэг гүйцэтгүүлэгч үүрэг гүйцэтгэгчээс шаардах эрхтэй.

Нийслэлийн Засаг даргын 2014 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн А/702 тоот захирамжаар тухайн барилгын доорх 348 м.кв талбай бүхий газрыг иргэн Д., О., Д.Д, М.Э, Б.М нарт 5 жилийн хугацаатай эзэмшүүлж, 000515391 тоот эзэмших эрхийн гэрчилгээ олгосон байна. /хх-115-118, 145-147/

М.Г газар эзэмших эрхгүй хирнээ хариуцагчид түүнийг шилжүүлэн өгөх талаар тохиролцсон нь тэдгээрийн хооронд энэ талаарх үүргийн харилцааг бий болгохгүй. Мөн Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2.1-т заасан газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг бичгээр байгуулж, нотариатаар баталгаажуулсан байх шаардлагыг хангахгүй байх тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар газар эзэмших эрх шилжүүлэх тухай хэсэг нь хүчин төгөлдөр бус байх хэлцэл юм.

Нэхэмжлэгч нь хариуцагчаас худалдах, худалдан авах гэрээний үүргээ хэрэгжүүлэхийг шаардах эрхтэй тул хэлцлээр тохирсон 22,700,000 төгрөгөөс хэлцэл байгуулснаас хойш хариуцагчийн төлсөн 2,300,000 төгрөгийг хасаж тооцоход эхний хэлцлээс хариуцагчид үүсэх үүрэг 20,400,000 төгрөг болно.

Харин дараагийн хэлцлээр зохигчид . . . байр баригдаагүй хугацаанд 8,000,000 төгрөгийг 2017 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн дотор ТБХХК төлөх-өөр харилцан тохиролцжээ. /хх-5/

Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1-д зааснаар үгийн шууд утгаар талуудын хүсэл зоригийн илэрхийллийг тайлбарлавал өмнө байгуулсан Үл хөдлөх эд хөрөнгө захиалгаар бариулан худалдах, худалдан авах гэрээний үүргийг хариуцагч зөрчсөнд хариуцлага хүлээлгэсэн агуулгатай байна.

Өмнө дүгнэснээр Үл хөдлөх эд хөрөнгө захиалгаар бариулан худалдах, худалдан авах гэрээний үүргийн харилцаа талуудын хувьд шүүгчийн захирамж гарснаар дуусгавар болсон тул ийнхүү дуусгавар болсон үүрэгт иргэний эрх зүйн хариуцлага хүлээх үндэслэлгүй юм. Энэхүү хэлцлийн хувьд талуудын хооронд Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д заасан иргэний эрх зүйн харилцаа бий болгоогүй гэж үзэх тул хариуцагчаас 8,000,000 төгрөг шаардах эрхгүй байна.

Эдгээр үндэслэлээр хариуцагч ТБ ХХК-аас 20,400,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч М.Г олгон, үлдэх 8,000,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид шүүх хуралдааныг товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүй хүрэлцэн ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т заасаар хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдав.