Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 04 сарын 09 өдөр

Дугаар 210/ма2018/00882

 

 

 

 

 

 

 

 

 

Л.Дэлгэрмаагийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Туяа даргалж, шүүгч Д.Байгалмаа, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 102/ШШ2018/00334 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Л.Дэлгэрмаагийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Б.Дэлгэрдалай, Э.Цолмонбаяр нарт холбогдох

 

2015 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Л.Дэлгэрмаа болон Э.Цолмонбаяр нарын хооронд байгуулагдсан Автозогсоол худалдах-худалдан авах гэрээ, 2016 оны 8 дугаар сарын 26-ны өдөр Э.Цолмонбаяр, Б.Дэлгэрдалай нарын хооронд байгуулагдсан Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ-г хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Хариуцагч: Б.Дэлгэрдалай

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Цэрэнханд нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Л.Дэлгэрмаа нь 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Э.Цолмонбаяртай автозогсоол худалдах, худалдан авах гэрээг байгуулж, Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Их Монгол улсын гудамж, 105 дугаар байрны 18 тоот автозогсоолыг 10 000 000 төгрөгөөр худалдсан ба Э.Цолмонбаяр худалдах, худалдан авах гэрээ байгуулах үед мөнгө төлөөгүй бөгөөд надад ...банкнаас зээл аваад мөнгөө төлнө гэсэн. Э.Цолмонбаяр нь ...банкнаас зээл авах гээд хөөцөлдөж байна гэсэн боловч бүтээгүй. Л.Дэлгэрмаа Автозогсоолынхоо үл хөдлөхийн гэрчилгээг авъя гэтэл Э.Цолмонбаяр нь Б.Дэлгэрдалайд 2016 оны 08 дугаар сарын 26-ны үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг шилжүүлсэн байсан. Гэтэл Э.Цолмонбаяр надтай байгуулсан худалдах, худалдан авах гэрээний дагуу мөнгө төлөөгүй атлаа ...банкны зээл бүтэх гэж байна хэмээн намайг хуурч, улмаар бусдад миний 25 000 000 төгрөгийн үнэ бүхий үл хөдлөх хөрөнгийг 3 000 000 төгрөгөөр худалдсан байна. Э.Цолмонбаяр, Л.Дэлгэрмаа нар худалдах, худалдан авах гэрээний дагуу 10 000 000 төгрөг төлөгдсөний дараа дээрх автозогсоолыг биет байдлаар шилжүүлж, эзэмших эрхийг нь өгөх байсан боловч тэрээр Л.Дэлгэрмаад нэг ч төгрөг төлөөгүй. Уг зогсоолыг одоо хүртэл Л.Дэлгэрмаа ашиглаж байгаа. Өөрөөр хэлбэл, уг үл хөдлөх хөрөнгө Л.Дэлгэрмаагийн өмчлөлийн эд хөрөнгө хэвээрээ байгаа болно. Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-т зааснаар Э.Цолмонбаяртай 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах шаардлага гаргаж байна. Мөн хариуцагч Э.Цолмонбаяр өнөөдрийг хүртэл 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн худалдах, худалдан авах гэрээний үнийг төлөөгүй байх тул нэхэмжлэгч гэрээнээс татгалзаж, өгсөн авснаа буцаан авах хүсэлтэй байна. Иймд гэрээнээс татгалзаж байх тул тус гэрээг цуцалсанд тооцож, автозогсоолыг Л.Дэлгэрмаагийн нэр дээр буцаан шилжүүлэхийг даалгаж өгнө үү.

Э.Цолмонбаяр, Б.Дэлгэрдалай нарын хооронд байгуулсан 2016 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн Баянзүрх дүүрэг, 12 дугаар хороо, Их Монгол Улсын гудамж, 105 дугаар байрны 18 тоот автозогсоолыг 3 000 000 төгрөгөөр худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож өгнө үү гэж нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна.

Автозогсоолын төлбөрийг төлөөгүй атлаа Э.Цолмонбаяр нь Л.Дэлгэрдалайд уг автомашины зогсоолыг 20 000 000 төгрөгөөр барьцаалан, зээлийн гэрээ байгуулсан байсан. 2016 оны 08 дугаар сарын 26-нд Э.Цолмонбаяр Б.Дэлгэрдалай нар нь уг автозогсоолыг барьцаалан байгуулсан зээлийн гэрээний үүрэг дуусгавар болох тухай хэлцлийг хийснээр барьцааны зээлийн гэрээний үүргийг дуусгавар болгосон. Улмаар Э.Цолмонбаяр, Б.Дэлгэрдалай нар уг автозогсоолыг худалдах, худалдан авах гэрээг байгуулж, 3 000 000 төгрөгөөр худалдсан тул Л.Дэлгэрмаа нь нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодруулж байна. Үүнд:

1. Нэхэмжлэгч Л.Дэлгэрмаа болон Э.Цолмонбаяр нарын хооронд 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Л.Дэлгэрмаа нь хуульд заасан үүргээ биелүүлж автозогсоолын өмчлөх эрхийг нь Э.Цолмонбаярт шилжүүлчихээд байхад Э.Цолмонбаяр нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй, 10 000 000 төгрөгийг огт төлөөгүй. Иймд Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч тал гэрээнээс татгалзаж, өгсөн авснаа буцаах буюу өөрийн автозогсоолыг буцаан авах хүсэлтэй. Л.Дэлгэрмаа болон Э.Цолмонбаяр нарын хооронд 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдөр байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 заасан хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл, мөн хуулийн 56.1.8-д заасан хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл болж байна. Өөрөөр хэлбэл, нэгэнт хариуцагч хуульд заасны дагуу мөнгөө төлөөгүй учраас талуудын хооронд байгуулагдсан гэрээ нь хүчин төгөлдөр бус. Нэгэнт хүчин төгөлдөр бус хэлцэл учраас Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт заасны дагуу өгсөн авснаа буцааж өгөх ёстой. Иймд Л.Дэлгэрмаа болон Э.Цолмонбаяр нарын хооронд 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдөр байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож, Баянзүрх дүүрэг, 12 дугаар хороо, Их Монгол Улсын гудамж, 105 дугаар байрын 18 тоот автозогсоолыг нэхэмжлэгчид буцаан шилжүүлж өгнө үү. Энэ шаардлагыг бид Э.Цолмонбаярт холбогдуулж гаргасан.

2. Л.Дэлгэрмаа нь хариуцагч Э.Цолмонбаяр болон Б.Дэлгэрдалай нарын хооронд 2016 оны 08 дугаар сарын 26-ны өдөр байгуулсан гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Энэ шаардлагыг бид Б.Дэлгэрдалай болон Э.Цолмонбаяр нарт холбогдуулж гаргаж байгаа. Хариуцагч Э.Цолмонбаяр болон Б.Дэлгэрдалай нар маргаан бүхий автозогсоолыг барьцаалан 20 000 000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулсан. Уг гэрээний үүргийг дуусгавар болгох тухай хэлцэл байгуулж, барьцааны зүйлийг чөлөөлсөн байдаг. Ингээд 2016 оны 08 дугаар сарын 26-ны өдөр тэд автозогсоолыг худалдах, худалдан авах гэрээг байгуулсан бөгөөд уг гэрээний үнийн дүнг 3 000 000 төгрөгөөр харилцан тохиролцсон байгаа. Уг гэрээ Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10заасан хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хийгдсэн хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэж байна. Уг гэрээ нь дүр үзүүлсэн хэлцэл. Өмнө нь дурдсанчлан Л.Дэлгэрмаа болон Э.Цолмонбаяр нарын хооронд 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдөр байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээ нь өөрөө хүчин төгөлдөр бус хэлцэл байгаа. Уг хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр олж авсан өмчлөх эрхийг Э.Цолмонбаяр нь хууль бусаар Б.Дэлгэрдалайд шилжүүлж, маш бага үнээр зарсан. Иймээс Э.Цолмонбаяр Б.Дэлгэрдалай нарын хооронд байгуулсан гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож өгнө үү. Уг автозогсоолыг зах зээлийн үнээс хэт үнэгүйдүүлж буюу 25 000 000 төгрөгийн үнэтэй автозогсоолыг 3 000 000 төгрөгөөр худалдсан байгааг анхаарч үзнэ үү гэжээ.

 

Хариуцагч Э.Цолмонбаярын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Э.Цолмонбаяр нь Л.Дэлгэрмаатай автозогсоолыг 10 000 000 төгрөгөөр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, гэрээний үнийг банкнаас зээл авч төлөхөөр тохиролцсон. Гэвч Э.Цолмонбаярын банкны зээл бүтэхгүй байсан тул Л.Дэлгэрмаа уг автозогсоолыг ашиглаж байсан. Э.Цолмонбаяр нь Б.Дэлгэрдалайтай уг автозогсоолыг барьцаалан зээлдүүлэх гэрээ байгуулсан бөгөөд уг зээлийн талаар Л.Дэлгэрмаад хэлэлгүй, автозогсоолыг 20 000 000 төгрөгөөр барьцаалж зээл авсан. Уг 20 000 000 төгрөгөөс Л.Дэлгэрмаатай байгуулсан худалдах, худалдан авах гэрээний үнэ болох 10 000 000 төгрөгийг төлөөгүй, гэрээний үүргээ биелүүлээгүй нь үнэн. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч уг гэрээний зүйл болох автозогсоолыг буцааж өгөхөд татгалзах зүйлгүй. Э.Цолмонбаяр нь автозогсоолыг хуулийн дагуу бусдад худалдан борлуулах, захиран зарцуулах эрхтэй хүн биш юм. Э.Цолмонбаярын Б.Дэлгэрдалайтай байгуулсан барьцаат зээлийн гэрээний хувьд мөн адил гэрээний үүргээ гүйцэтгээгүй байсан. Э.Цолмонбаяр нь Б.Дэлгэрдалайтай байгуулсан барьцааны гэрээний үүргийн гүйцэтгэлийг хаахын тулд гэрээний үүргийг дуусгавар болгох тухай хэлцэл байгуулж, уг автозогсоолыг 3 000 000 төгрөгөөр худалдах, худалдан авах тухай хэлцлийг Б.Дэлгэрдалайтай байгуулсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

 

Хариуцагч Б.Дэлгэрдалай, хариуцагчийн өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Э.Цолмонбаярын эхнэр нь Скайтел ХХК-д ажилладаг байсан бөгөөд найзуудаараа дамжуулж Б.Дэлгэрдалайтай анх танилцаж байсан. Анх 2016 оны 05 дугаар сарын 19-ний өдөр Э.Цолмонбаярт маргаан бүхий автозогсоолыг барьцаалан 20 000 000 төгрөг зээлүүлсэн. Уг барьцаалан зээлэх гэрээний 20 000 000 төгрөгийг Э.Цолмонбаяр төлөөгүй. Ингээд 2016 оны 08 дугаар сарын 26-нд уг барьцаат зээлийн гэрээний үүргийг дуусгавар болгох тухай хэлцэл хийж гэрээний үүргийг дуусгавар болгосон. Учир нь Э.Цолмонбаяр нь уг автозогсоолыг худалдаж авах саналыг Б.Дэлгэрдалайд гаргасан. Уг саналын дагуу Автозогсоолыг худалдаж авсан. Ингэхдээ гэрээний үнийн дүнг 3 000 000 төгрөгөөр худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Учир нь автозогсоол нь харьцангүй хямд байсан болохоор Б.Дэлгэрдалай худалдан авсан. Э.Цолмонбаяр нь уг автозогсоолын хууль ёсны өмчлөгч, эзэмшигч болох нь гэрчилгээ болон бусад баримтуудаар нотлогдож байсан тул түүнтэй уг автозогсоолыг барьцаалан зээлэх гэрээг байгуулж 20 000 000 төгрөг зээлүүлж, улмаар худалдаж авсан. Б.Дэлгэрдалай, Э.Цолмонбаяр нарын хооронд байгуулсан үл хөдлөх эд хөрөнгийг худалдах, худалдан авах гэрээ нь Иргэний хуульд заасан гэрээ байгуулах болон гэрээнд тавигдах хуулийн шаардлагыг хангасан. Э.Цолмонбаяр болон Б.Дэлгэрдалай нарын хооронд байгуулсан худалдах, худалдан авах тухай гэрээ нь дүр үзүүлэн байгуулсан хэлцэл биш. Угаасаа л Э.Цолмонбаяр уг автозогсоолыг зарна гэж харин Б.Дэлгэрдалай нь худалдан авна гэж гэрээ байгуулсан. Э.Цолмонбаяр, Б.Дэлгэрдалай нарын хооронд байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээ нь Иргэний хуулийн 39 дүгээр зүйл, 40 дүгээр зүйлийн 40.1, 42 дугаар зүйлийн 42.1, 42.4, 42.7 дахь хэсгүүдэд заасан гэрээнд тавигдах шаардлагыг хангасан. Зохих этгээдийн зөвшөөрөлгүй байгуулсан гэдэгт нь худалдах, худалдан авах гэрээ хамаарахгүй. Зохих этгээдийн зөвшөөрөлтэй байгуулах гэрээ хэлцэл нь ихэвчлэн нэг талаас төрийн байгууллагуудын үйл ажиллагаатай холбоотой, төрийн байгууллагаас зөвшөөрөл авах эсхүл бусад хамааралтай этгээдээс зөвшөөрөл авахыг ойлгодог. Мөн нэхэмжлэгчийн тайлбарлаж байгаачлан дүр үзүүлсэн хэлцэл гэдэг тайлбарыг хүлээн зөвшөөрөхгүй. Хариуцагч Э.Цолмонбаяр нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байгаа тал дээр эргэлзээ төрж байна. Учир нь эдгээр хүмүүс нь төрөл садангийн холбоотой. Б.Дэлгэрдалай гэрээний үнийн дүн 3 000 000 төгрөгийг одоогоор төлөөгүй байгаа нь үнэн. Гэхдээ энэ нь Э.Цолмонбаяр, Б.Дэлгэрдалай хоёрын тусдаа шийдвэрлэгдэх асуудал. Сөрөг нэхэмжлэлийн хувьд шүүхээс үндсэн нэхэмжлэлтэй хамтад нь шийдвэрлэх боломжтой гэж үзэн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээж аваагүй. Улсын Дээд шүүхийн тогтоолын дагуу дүр үзүүлж хийсэн хэлцлийг тайлбарласан байдаг бөгөөд Э.Цолмонбаяр, Б.Дэлгэрдалай нарын хооронд байгуулсан худалдах, худалдан авах тухай гэрээ нь дүр үзүүлэн байгуулсан хэлцэл биш гэж үзэж байгаа юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8, 56.1.10 дахь хэсгүүдэд заасан үндэслэлгүй тул 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Л.Дэлгэрмаа болон Э.Цолмонбаяр нарын хооронд байгуулагдсан Автозогсоол худалдах, худалдан авах гэрээ, 2016 оны 08 дугаар сарын 26-ны өдөр Э.Цолмонбаяр болон Б.Дэлгэрдалай нарын хооронд байгуулагдсан Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ-г хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай Л.Дэлгэрмаагийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 238 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ...Шүүх хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн. Э.Цолмонбаярын өмгөөлөгч хэргийн материалтай танилцаагүй, эрх үүрэг болон нөлөөллийн баримт дээр гарын үсэг зуруулаагүй байсан, мөн хариуцагч Э.Цолмонбаяр нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч, Л.Дэлгэрмаагаас зөвшөөрөл авч гэрээ хийх байсан тухай хүлээн зөвшөөрсөн байхыг шүүхээс анхаарч үзээгүй. Мөн шүүхийн шийдвэрт О.Баярмаа гэх хэргийн оролцогч бус хүний нэр орсон, О.Баярмаагийн хэргийн талаарх дүгнэлт байгаа нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд эргэлзээгүй байх шаардлагыг хангаагүй байна. Иргэний хуулийн 109, 102.2, 110.1, 182.1, 106 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгчийн эрх ноцтой зөрчигдсөн. Хариуцагчийн тайлбарыг үнэлээгүй нэхэмжлэлийн хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна. Э.Цолмонбаяр, Л.Дэлгэрмаа нарын хооронд худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан боловч төлбөрөө төлөөгүй нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасны дагуу гэрээний шаардлагыг хангаагүй. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8 зааснаар гэрээнд заасан зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл. Мөн Л.Дэлгэрмаа, Э.Цолмонбаяр нарын гэрээний үндсэн хэсэг болох Баянзүрх дүүрэг 12 дугаар хороо Их монгол улс гудамж 105 дугаар байрны 18 тоот автозогсоолыг шилжүүлж буй гэрээ нь Улсын бүртгэлд бүртгэгдсэн боловч Иргэний хуудийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан шаардлага хангагдахгүй байна. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч Л.Дэлгэрмаа нь Э.Цолмонбаяртай 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан Автозогсоол худалдах, худалдан авах гэрээ, 2016 оны 08 дугаар сарын 26-ны өдөр Э.Цолмонбаяр, Б.Дэлгэрдалай нарын хооронд байгуулсан Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ-г тус тус хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хариуцагч нар эс зөвшөөрч маргасан гэж анхан шатны шүүх дүгнэж хэргийг шийдвэрлэжээ.

Хэргийн баримтаас үзвэл анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг тодруулахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь буруу байна.

Нэхэмжлэгч Л.Дэлгэрмаа 2017 оны 07 дугаар сарын 19-ний өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ Э.Цолмонбаяртай байгуулсан худалдах, худалдан авах гэрээгээр автозогсоолыг 10 000 000 төгрөгөөр худалдахаар тохиролцсон боловч үнийг төлөөгүй тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар түүнтэй байгуулсан дээрх гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

Харин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Э.Цолмонбаяр нь уг гэрээний үнийг төлөөгүй тул 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан худалдах, худалдан авах гэрээнээс Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар татгалзаж байх тул гэрээг цуцалсанд тооцож, автозогсоолыг өөрийн нэр дээр буцаан шилжүүлэхийг даалгах, ийнхүү эд хөрөнгийн үнийг төлөөгүй атлаа Л.Дэлгэрдалайд 20 000 000 төгрөгөөр барьцаалан зээлийн гэрээ байгуулж, улмаар 3 000 000 төгрөгөөр худалдах, худалдан авах гэрээ байгуулсныг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн байна.

Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх явцад нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагаа тодруулахдаа Л.Дэлгэрмаа, Э.Цолмонбаяр нарын хооронд байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл, мөн хуулийн 56.1.8-д заасан хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл. Иймээс Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт зааснаар ...талууд уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй гэснийг үндэслэж автозогсоолыг буцаан шилжүүлэх, Э.Цолмонбаяр, Б.Дэлгэрдалай нарын хооронд 2016 оны 08 дугаар сарын 26-ны өдөр байгуулсан худалдах, худалдан авах гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10-т зааснаар хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр дүр үзүүлж хийгдсэн хэлцэл учир хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож өгнө үү гэжээ. /хх 1, 15, 170/

Ийнхүү нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг өөр өөрөөр тайлбарлаж байгаа тохиолдолд шүүх маргааны үйл баримт болон талуудын мэтгэлцээн, хууль хэрэглээний талаар зөв дүгнэлт хийх боломжгүй юм. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь хариуцагч Э.Цолмонбаяртай байгуулсан гэрээнээс татгалзаж байгаа эсэх, эсхүл уг гэрээ болон хариуцагч нарын хооронд байгуулсан автозогсоол худалдах, худалдан авах гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасан ямар үндэслэлээр хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзэж байгаа, тэдгээрийн үр дагаврыг хэрхэн шаардаж буй зэрэг нь ойлгомжгүй байна.

Иймд давж заалдах шатны шүүхээс хэрэгт авагдсан баримтын хүрээнд дүгнэлт хийх хууль зүйн боломжгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д тус тус заасан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 102/ШШ2018/00334 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Болормаагийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 238 000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ТУЯА

ШҮҮГЧ Д.БАЙГАЛМАА

Д.ЦОГТСАЙХАН