Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 01 сарын 29 өдөр

Дугаар 0334

 

 

 

 

 

 

 

 

 

 

2018 оны 01 сарын 29 өдөр

Дугаар 102/ШШ2018/00334

Улаанбаатар хот

 

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Хангал даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Л.Д нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Б.Д

 

Хариуцагч: Э.Ц

  

2015 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Л.Дболон Э.Цнарын хооронд байгуулагдсан “Авто зогсоол худалдах-худалдан авах гэрээ”, 2016 оны 8 дугаар сарын 26-ны өдөр Э.Цболон Б.Д нарын хооронд байгуулагдсан “үл хөдлөх хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ”-г хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Р.П, хариуцагч Б.Д, хариуцагчийн өмгөөлөгч Б.Батмөнх, хариуцагч Э.Ц итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Мөнх-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Л.Днь 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Э.Цолмонбаяртай авто зогсоол худалдах-худалдан авах гэрээг байгуулж Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Их Монгол улсын гудамж, 105 дугаар байрны 18 тоот авто зогсоолыг 10,000,000 төгрөгөөр худалдсан. Э.Цхудалдах-худалдан авах гэрээ байгуулах үед мөнгө төлөөгүй бөгөөд надад “...банкнаас зээл аваад мөнгөө төлнө” гэсэн. Э.Цнь миний төрсөн талийгаач ахын маань хүү болохоор хүлээж байсан. Э.Цнь “...банкнаас зээл авах гээд хөөцөлдөж байна” гээд л байсан боловч “...бүтэхгүй байна” гэж байсан. Үнэхээр хөөцөлдөж байгаа байх гээд хүлээгээд байтал сүүлдээ утсаа ч авахгүй, ирэхээ ч больсон. Ингээд Л.Д“авто зогсоолынхоо үл хөдлөхийн гэрчилгээг авъя” гэтэл Э.Цнь Б.Д гэх хүний нэр дээр шилжүүлсэн байсан тул араас нь хөөцөлдөж яваад 2016 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн Э.Цолмонбаяр, Б.Д нарын хооронд хийгдсэн үл хөдлөх хөрөнгө худалдах-худалдан авах гэрээг нотариатаас олж авсан болно. Гэтэл Э.Цнадтай байгуулсан худалдах-худалдан авах гэрээний дагуу нэг ч төгрөг төлөөгүй атлаа “...банкны зээл бүтэх гэж байна” хэмээн намайг хуурч, улмаар бусдад миний 25,000,000 төгрөгийн үнэ бүхий үл хөдлөх хөрөнгийг 3,000,000 төгрөгөөр худалдсан байна. Э.ЦЛ.Днар худалдах-худалдан авах гэрээний дагуу 10,000,000 төгрөг төлөгдсөний дараа дээрхи авто зогсоолыг биет байдлаар шилжүүлж, эзэмших эрхийг нь өгөх байсан боловч тэрээр Л.Дэлгэрмаад нэг ч төгрөг төлөөгүй. Уг зогсоолыг одоо хүртэл Л.Дөөрөө ашиглаж байгаа. Өөрөөр хэлбэл уг үл хөдлөх хөрөнгө Л.Дэлгэрмаагийн өмчлөлийн эд хөрөнгө хэвээрээ байгаа болно. Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8 дахь хэсэгт зааснаар Э.Цолмонбаяртай 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хийсэн худалдах- худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах шаардлага гаргаж байна гэжээ.

 

Нэхэмжлэгч нэмэгдүүлсэн шаардлагадаа: Л.Дболон Э.Цнар 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Баянзүрх дүүрэг, 12 дугаар хороо, Их монгол улсын гудамж, 105 дугаар байрны 18 тоот авто зогсоолыг 10,000,000 төгрөгөөр худалдах-худалдан авах гэрээ байгуулсан. Э.Цавто зогсоолыг худалдан авсан боловч өнөөдрийг хүртэл гэрээний үнийг төлөөгүй. Иймд тус дүүргийн шүүхэд Л.Днь Э.Цолмонбаяртай байгуулсан худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах нэхэмжлэл гаргасан ба нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж байна. Хариуцагч Э.Цөнөөдрийг хүртэл 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн худалдах-худалдан авах гэрээний үнийг төлөөгүй байх тул нэхэмжлэгч тус худалдах-худалдан авах гэрээнээс татгалзаж, өгсөн авснаа буцаан авах хүсэлтэй байна. Иймд гэрээнээс татгалзаж байх тул тус гэрээг цуцалсанд тооцож, авто зогсоолыг Л.Дэлгэрмаагийн нэр дээр буцаан шилжүүлэхийг даалгаж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч нэмэгдүүлсэн шаардлагадаа: Л.Дболон Э.Цнар 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Баянзүрх дүүрэг, 12 дугаар хороо, Их монгол улсын гудамж, 105 дугаар байрын 18 тоот авто зогсоолыг 10,000,000 төгрөгөөр худалдах-худалдан авах гэрээ байгуулсан. Хариуцагч Э.Цавтозогсоолыг худалдан авсан боловч өнөөдрийг хүртэл худалдах-худалдан авах гэрээний үнийг төлөөгүй. Хариуцагч Э.Цнь дээрх үл хөдлөх эд хөрөнгийг 3,000,000 төгрөгөөр үнэлж Б.Дд худалдсан байх тул Э.Цболон Б.Д нарын хооронд байгуулсан 2016 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн Баянзүрх дүүрэг, 12 дугаар хороо, Их монгол улсын гудамж, 105 дугаар байрны 18 тоот авто зогсоолыг 3,000,000 төгрөгөөр худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож өгнө үү гэжээ. 

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Р.П нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Л.Днь өөрийн хамаатны дүү болох Э.Цолмонбаяртай 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Баянзүрх дүүрэг, 12 дугаар хороо, Их монгол улсын гудамж, 105 дугаар байрын 18 тоот авто зогсоолыг 10,000,000 төгрөгөөр худалдах-худалдан авах гэрээ байгуулсан. Нэгэнт өөрийн хамаатны хүн учраас мөнгийг дараа нь өгч авахаар харилцан тохирсон. Э.Цолмонбаяраас гэрээний үүргээ биелүүлэхийг шаардаж удаа дараа мөнгөө нэхсэн боловч тэрээр мөнгийг огт өгөөгүй. Гэтэл автозогсоолын төлбөрийг төлөөгүй мөртлөө Э.Цнь Л.Дэлгэрдалайд уг автомашины зогсоолыг 20,000,000 төгрөгөөр барьцаалан, зээлийн гэрээ байгуулж нотариатаар гэрчлүүлсэн байсан. 2016 оны 8 дугаар сарын 26-нд Э.ЦБ.Д нар нь уг авто зогсоолыг барьцаалан байгуулсан зээлийн гэрээний үүрэг дуусгавар болох тухай хэлцэлийг хийсэн. Ингээд барьцааны зээлийн гэрээний үүргийг дуусгавар болгосон. Улмаар Э.Цолмонбаяр, Б.Д нар уг авто зогсоолыг худалдах-худалдан авах гэрээг байгуулж, 3,000,000 төгрөгөөр худалдсан байна. Ингээд үндсэндээ Л.Днь авто зогсоол ч үгүй, мөнгө ч үгүй хоцорсон тул шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дараах байдлаар тодруулж байна. Үүнд:

1/ Нэхэмжлэгч Л.Дболон Э.Цнарын хооронд 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдөр худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт “худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан байдаг. Гэтэл нэхэмжлэгч Л.Днь хуульд заасан үүргээ биелүүлж авто зогсоолын өмчлөх эрхийг нь Э.Цолмонбаярт шилжүүлчихээд байхад Э.Цнь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй, 10,000,000 төгрөгөө огт төлөөгүй. Иймд Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч тал гэрээнээс татгалзаж, өгсөн авснаа буцаах буюу өөрийн авто зогсоолыг буцаан авах хүсэлтэй байгаа. Л.Дболон Э.Цнарын хооронд 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдөр байгуулагдсан худалдах-худалдан авах гэрээ нь өөрөө Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт заасан хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл, 56.1.8 дахь хэсэгт заасан хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл болж таарч байна. Өөрөөр хэлбэл нэгэнт хариуцагч хуульд заасны дагуу мөнгөө төлөөгүй учраас талуудын хооронд байгуулагдсан гэрээ нь хүчин төгөлдөр бус. Нэгэнт хүчин төгөлдөр бус хэлцэл учраас Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д “Энэ хуулийн 56.1-д заасан хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй” гэж заасны дагуу өгсөн авснаа буцааж өгөх ёстой. Иймд Л.Дболон Э.Цнарын хооронд 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдөр байгуулагдсан худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож, Баянзүрх дүүрэг, 12 дугаар хороо, Их монгол улсын гудамж, 105 дугаар байрын 18 тоот авто зогсоолыг нэхэмжлэгчид буцаан шилжүүлж өгнө үү. Энэ шаардлагыг бид Э.Цолмонбаярт холбогдуулж гаргасан.

2/ Л.Днь хариуцагч Э.Цболон Б.Д нарын хооронд 2016 оны 8 дугаар сарын 26-ны өдөр байгуулсан гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Энэ шаардлагыг бид Б.Д болон Э.Цнарт холбогдуулж гаргаж байгаа. Хариуцагч Э.Цболон Б.Д нар маргаан бүхий авто зогсоолыг барьцаалан 20,000,000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулсан. Улмаар уг гэрээний үүргийг дуусгавар болгох тухай хэлцэл байгуулж, барьцааны зүйлийг чөлөөлсөн байдаг. Ингээд 2016 оны 8 дугаар сарын 26-ны өдөр тэд авто зогсоолыг худалдах-худалдан авах гэрээг байгуулсан бөгөөд уг гэрээний үнийн дүнг 3,000,000 төгрөгөөр харилцан тохиролцсон байгаа. Уг гэрээг бид Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10 дахь хэсэгт заасан хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хийгдсэн хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэж байна. Тэгээд ч энэ хоёр этгээдийн байгуулсан гэрээ нь дүр үзүүлсэн хэлцэл. Өмнө нь дурдсанчлан Л.Дболон Э.Цнарын хооронд 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдөр байгуулагдсан худалдах-худалдан авах гэрээ нь өөрөө хүчин төгөлдөр бус хэлцэл байгаа. Уг хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр олж авсан өмчлөх эрхийг Э.Цнь хууль бусаар Б.Дд шилжүүлж, маш бага үнээр зарсан.  Иймээс Э.Цолмонбаярын Б.Дтай авто зогсоолыг 3,000,000 төгрөгөөр худалдах-худалдан авах гэрээ байгуулсан нь хууль ёсны хүчин төгөлдөр гэрээ биш гэж үзэж Э.ЦБ.Д нарын хооронд байгуулсан гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож өгнө үү. Уг авто зогсоолыг зах зээлийн үнээс хэт үнэгүйдүүлж буюу 25,000,000 төгрөгийн үнэтэй авто зогсоолыг 3,000,000 төгрөгөөр худалдсан байгааг анхаарч үзнэ үү гэжээ. 

 

Хариуцагч Э.Цолмонбаярын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн зүгээс өөрийн шаардлагаа тодруулж байгаа юм байна. Гэхдээ уг шаардлагыг гардаж авах хугацаа авах шаардлагагүй. Шууд тайлбараа хэлээд явна. Э.Цнь Л.Дэлгэрмаатай авто зогсоолыг 10,000,000 төгрөгөөр худалдах-худалдан авах гэрээ байгуулж, гэрээний үнийг банкнаас зээл авч төлөхөөр тохиролцсон. Гэвч Э.Цолмонбаярын банкны зээл бүтэхгүй байсан тул Л.Дуг зогсоолыг ашиглаж байсан. Э.Цнь Б.Дтай уг авто зогсоолыг барьцаалан зээлдүүлэх гэрээ байгуулсан бөгөөд уг зээлийн талаар Л.Дэлгэрмаад хэлэлгүй, авто зогсоолыг 20,000,000 төгрөгөөр барьцаалж зээл авсан.  Ингээд уг 20,000,000 төгрөгөөс Л. Дэлгэрмаатай байгуулсан худалдах-худалдан авах гэрээний үнэ болох 10,000,000 төгрөгийг төлөөгүй, гэрээний үүргээ биелүүлээгүй нь үнэн. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч уг гэрээний зүйл болох авто зогсоолыг буцааж өгөхөд татгалзах зүйлгүй. Э.Цнь авто зогсоолыг хуулийн дагуу бусдад худалдан борлуулах, захиран зарцуулах эрхтэй хүн биш юм. Э.Цолмонбаярын Б.Дтай байгуулсан барьцаат зээлийн гэрээний хувьд мөн адил гэрээний үүргээ гүйцэтгээгүй байсан. ингээд Э.Цнь Б.Дтай байгуулсан барьцааны гэрээний үүргийг гүйцэтгэлийг хаахын тулд гэрээний үүргийг дуусгавар болгох тухай хэлцэл байгуулж, уг авто зогсоолыг 3,000,000 төгрөгөөр худалдах-худалдан авах тухай хэлцлийг Б.Дтай байгуулсан байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

 

Хариуцагч Б.Д, хариуцагчийн өмгөөлөгч Б.Батмөнх нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн зүгээс өөрийн шаардлага болон үндэслэлээ  тодруулж байгаа юм байна. Гэхдээ уг шаардлагыг гардаж авах хугацаа авах шаардлагагүй. Шууд тайлбараа хэлээд явах боломжтой. Э.Цолмонбаярын эхнэр нь “Скайтел” ХХК-д ажилладаг байсан бөгөөд найзуудаараа дамжуулж Б.Дтай анх танилцаж байсан. Анх 2016 оны 5 дугаар сарын 19-ний өдөр Э.Цолмонбаярт маргаан бүхий авто зогсоолыг барьцаалан 20,000,000 төгрөг зээлүүлсэн. Уг барьцаалан зээлэх гэрээний 20,000,000 сая төгрөгийг Э.Цтөлөөгүй байгаа. Ингээд 2016 оны 8 дугаар сарын 26-нд уг барьцаат зээлийн гэрээний үүргийг дуусгавар болгох тухай хэлцэл хийж гэрээний үүргийг дуусгавар болгосон. Учир нь Э.Цнь уг авто зогсоолыг худалдаж аваач гэсэн саналыг Б.Дд тавьсан. Тэгээд уг саналын дагуу авто зогсоолыг худалдаж авсан. Ингэхдээ гэрээний үнийн дүнг 3,000,000 төгрөгөөр худалдах-худалдан авах гэрээ байгуулсан. Учир нь автозогсоол нь харьцангүй хямд байсан болохоор Б.Д худалдан авсан. Э.Цнь уг авто зогсоолын хууль ёсны өмчлөгч, эзэмшигч болох нь гэрчилгээ болон бусад баримтуудаар нотлогдож байсан тул түүнтэй уг авто зогсоолыг барьцаалан зээлэх гэрээг байгуулж 20,000,000 төгрөг зээлүүлсэн, улмаар худалдаж авсан. Б.Д Э.Цнарын хооронд байгуулсан үл хөдлөх эд хөрөнгийг худалдах-худалдан авах гэрээ нь Иргэний хуульд заасан гэрээ байгуулах болон гэрээнд тавигдах хуулийн шаардлагыг хангасан. Э.Цболон Б.Д нарын хооронд байгуулсан худалдах-худалдан авах тухай гэрээ нь дүр үзүүлэн байгуулсан хэлцэл биш. Угаасаа л Э.Цуг автозогсоолыг зарна гэж харин Б.Д нь худалдан авна гэж гэрээ байгуулсан. Э.Цолмонбаяр, Б.Д нарын хооронд байгуулагдсан худалдах-худалдан авах гэрээ нь Иргэний хуулийн 39 дүгээр зүйл, 40 дүгээр зүйлийн 40.1, 42 дугаар зүйлийн 42.1, 42.4, 42.7 дахь хэсгүүдэд заасан гэрээнд тавигдах шаардлагыг хангасан. Зохих этгээдийн зөвшөөрөлгүй байгуулсан гэдэгт нь худалдах-худалдан авах гэрээ хамаарахгүй. Зохих этгээдийн зөвшөөрөлтэй байгуулах гэрээ хэлцэл нь ихэвчлэн нэг талаас төрийн байгууллагуудын үйл ажиллагаатай холбоотой, төрийн байгууллаас зөвшөөрөл авах эсхүл бусад хамааралтай этгээдээс зөвшөөрөл авахыг ойлгодог.  Мөн нэхэмжлэгчийн тайлбарлаж байгаачлан дүр үзүүлсэн хэлцэл гэдэг тайлбарыг хүлээн зөвшөөрөхгүй. Цаашлаад хариуцагч Э.Цнь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байгаа тал дээр эргэлзээ төрж байна. Учир нь эдгээр хүмүүс нь төрөл садангийн холбоотой. Б.Д гэрээний үнийн дүн 3,000,000 төгрөгийг одоогоор төлөөгүй байгаа нь үнэн. Гэхдээ энэ нь Э.ЦБ.Д хоёрын тусдаа шийдвэрлэгдэх асуудал. Сөрөг нэхэмжлэлийн хувьд шүүхээс үндсэн нэхэмжлэлтэй хамтад нь шийдвэрлэх боломжтой гэж үзэн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээж аваагүй. Улсын дээд шүүхийн тогтоолын дагуу дүр үзүүлж хийсэн хэлцэлийг тайлбарласан байдаг бөгөөд Э.ЦБ.Дд нарын хооронд байгуулсан худалдах худалдан авах тухай гэрээ нь дүр үзүүлэн байгуулсан хэлцэл биш гэж үзэж байгаа юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтуудыг судлаад

                                                                                                       ҮНДЭСЛЭХ нь:

Хэрэгт дараах нөхцөл байдал тогтоогдож байна.

 

2015 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Л.Дболон Э.Цнар “Авто зогсоол худалдах-худалдан авах гэрээ” байгуулжээ. Уг гэрээгээр Л.Днь Баянзүрх дүүрэг, 12 дугаар хороо, Их Монгол улсын гудамж, 105 дугаар байрны 18 тоот хаягт байрлах 18 м2 талбайтай, авто зогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг Э.Цолмонбаярт худалдах, хариуд нь Э.Ц10,000,000 төгрөгийг төлөхөөр харилцан тохирсноос үзэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна.

 

Талуудын хооронд байгуулагдсан дээрх гэрээг үндэслэж бүртгэлийн байгууллагаас 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Э.Цолмонбаярт үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг олгожээ.

 

2016 оны 8 дугаар сарын 26-ны өдөр Э.Цболон Б.Д нар “үл хөдлөх хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ” байгуулжээ. Уг гэрээгээр Э.Цнь Баянзүрх дүүрэг, 12 дугаар хороо, Их Монгол улсын гудамж, 105 дугаар байрны 18 тоот хаягт байрлах 18 м2 талбайтай, авто зогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг Б.Дд худалдах, хариуд нь Б.Д 3,000,000 төгрөгийг 2018 оны 8 дугаар сарын 26-ны өдөр төлөхөөр харилцан тохирсноос үзэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна.

 

Талуудын хооронд байгуулагдсан дээрх гэрээг үндэслэж бүртгэлийн байгууллагаас 2016 оны 8 дугаар сарын 26-ны өдөр Б.Дд үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг олгожээ.

 

Нэхэмжлэгч Л.Днь хариуцагч Э.Цолмонбаярт холбогдуулж Л.Дболон Э.Цнарын хооронд 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдөр байгуулагдсан худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах шаардлага гаргасан.  

 

Нэхэмжлэгчийн зүгээс дээрх шаардлагын үндэслэлийг “...Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Э.Цгэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй учир нэхэмжлэгч тал гэрээнээс татгалзаж, өгсөн авснаа буцаах буюу өөрийн авто зогсоолыг буцаан авах хүсэлтэй байгаа”, “...Л.Дболон Э.Цнарын хооронд 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдөр байгуулагдсан худалдах-худалдан авах гэрээ нь өөрөө Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт заасан хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан,  56.1.8 дахь хэсэгт заасан хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл юм” гэж тайлбарласан. 

 

Нэхэмжлэгч Л.Днь хариуцагч Б.Дд холбогдуулж Б.Д болон Э.Цнарын хооронд 2016 оны 8 дугаар сарын 26-ны өдөр байгуулсан “үл хөдлөх хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ”-г Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56 дугаар зүйлийн 56.1.10 дахь хэсэгт заасны дагуу хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах шаардлагыг гаргасан.

 

Нэхэмжлэгч тал 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Л.Дболон Э.Цнарын хооронд байгуулагдсан “Авто зогсоол худалдах-худалдан авах гэрээ” нь анхнаасаа хүчин төгөлдөр бус тул Б.Д болон Э.Цнарын хооронд 2016 оны 8 дугаар сарын 26-ны өдөр байгуулсан “үл хөдлөх хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ” нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56 дугаар зүйлийн 56.1.10 дахь хэсэгт заасны дагуу хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж энэхүү шаардлагын үндэслэлээ тайлбарлав. 

 

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн зүгээс хүчин төгөлдөр болон хүчин төгөлдөр бус байх хэлцлийн үр дагаварыг хольж өөрийн шаардлагаа тайлбарласан хэдий ч шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлага болон үндэслэлийг дахин тодруулахад нэхэмжлэгч тал “...бидний шүүхэд гаргасан нэхэмжлэлийн гол зорилго нь Баянзүрх дүүрэг, 12 дугаар хороо, Их Монгол улсын гудамж, 105 дугаар байрны 18 тоот хаягт байрлах 18 м2 талбайтай, авто зогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг авах хүсэлтэй” гэжээ. 

 

Худалдах-худалдан авах гэрээг Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт зааснаар амаар буюу бичгээр хийж болох бөгөөд харин үл хөдлөх эд хөрөнгийн хувьд мөн зүйлийн 42.4, 109 дүгээр зүйлийн 109.2, 110 дугаар зүйлийн 110.1, 182 дугаар зүйлийн 182.1 дэх хэсгүүдэд заасны дагуу гэрээг бичгээр байгуулж, нотариатаар гэрчлүүлэн улмаар улсын бүртгэлд бүртгүүлэх шаардлагатай байна.

 

2015 оны 12 дугаар сарын 01-ний өдөр “Авто зогсоол худалдах-худалдан авах гэрээ”-г нэхэмжлэгч Л.Дболон хариуцагч Э.Цнар сайн дурын үндсэн дээр, өөрсдийн хүсэл зоригоо илэрхийлж хийсэн эсэх талаар маргаагүйгээс гадна талуудын хооронд байгуулагдсан гэрээг хуульд харшилсан эсхүл хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн гэж үзэх нөхцөл байдал хэрэгт цугларсан баримтуудаар тогтоогдохгүй байна. 

 

Харин хоёр талын гэрээгээр хүлээсэн үүргээ гэрээний нэг тал зөрчсөн, нэмэлт хугацаа тогтоосон хэдий ч үр дүн гараагүй тохиолдолд нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй болохыг Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт заасан. Нэхэмжлэгчийн зүгээс хариуцагчид удаа дараа сануулж, шаардсан хэдий ч гэрээний дагуу 10,000,000 төгрөгийг Э.Цтөлөөгүй үйл баримтын талаар зохигчид маргаагүй.  

 

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгч О.Баярмаа нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар гэрээнээс татгалзах эрхтэй бөгөөд мөн хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар талуудын аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелэснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй байдаг. 

 

Гэвч Л.Дэлгэрмаагийн Баянзүрх дүүрэг, 12 дугаар хороо, Их Монгол улсын гудамж, 105 дугаар байрны 18 тоот хаягт байрлах 18 м2 талбайтай, авто зогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч Э.Цолмонбаяраас буцаан авах агуулга бүхий шаардлагыг хангах боломжгүй гэж үзлээ.

 

Эд хөрөнгө шилжүүлж байгаа этгээд нь өмчлөгч биш болохыг өмчлөх эрх олж авч байгаа этгээд мэдээгүй, мэдэх боломжгүй байсан бол түүнийг өмчлөх эрхийг шударгаар олж авсан гэж тооцох ба харин эрхээ шилжүүлж байгаа этгээд өмчлөгч биш болохыг тухайн үед мэдэж байсан буюу мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан бол өмчлөх эрхийг шударгаар олж авсан гэж үзэхгүйг болон эд хөрөнгө олж авч байгаа этгээд эд хөрөнгийн эрхийн бүртгэлийг буруу ташаа болохыг мэдсэнээс бусад тохиолдолд бүртгэлийг үнэн зөв гэж үзэх эрхтэй байхыг Иргэний хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1, 183 дугаар зүйлийн 183.1 дэх хэсгүүдээр зохицуулжээ.

 

Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.2-т зааснаар үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болдог тул Б.Д нь Э.Цолмонбаярын нэр дээрх үл хөдлөх эд хөрөнгийг түүний өмчлөлийнх гэж үзэн Баянзүрх дүүрэг, 12 дугаар хороо, Их Монгол улсын гудамж, 105 дугаар байрны 18 тоот хаягт байрлах 18 м2 талбайтай, авто зогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авах гэрээг байгуулсныг буруутгах боломжгүй. 

 

Иймд Баянзүрх дүүрэг, 12 дугаар хороо, Их Монгол улсын гудамж, 105 дугаар байрны 18 тоот хаягт байрлах 18 м2 талбайтай, авто зогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг буцаан авах агуулга бүхий шаардлагыг хангах боломжгүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3., 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8, 56.1.10 дахь хэсгүүдэд заасан үндэслэлгүй тул 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Л.Дболон Э.Цнарын хооронд байгуулагдсан “Авто зогсоол худалдах-худалдан авах гэрээ”, 2016 оны 8 дугаар сарын 26-ны өдөр Э.Цболон Б.Д нарын хооронд байгуулагдсан “үл хөдлөх хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ”-г хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай Л.Дэлгэрмаагийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. 

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 238,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар шүүхийн шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй. 

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь  гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд  шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

              ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                                   Н.ХАНГАЛ