Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 12 сарын 27 өдөр

Дугаар 210/МА2018/00030

 

 

 

 

 

2017 оны 12 сарын 27 өдөр

Дугаар 210/МА2018/00030

 

 

 

Б.Тамирын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч М.Наранцэцэг, Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 182/ШШ2017/02058 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Б.Тамирын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Эрдэнэс таван толгой ХКхолбогдох

Эрдэнэс таван толгой ХК-ийн гүйцэтгэх захирлын 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн Б/470 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгч Б.Тамир болон түүний өмгөөлөгч А.Ариунтуул, Б.Оюунбат нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Б.Нармандах илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Тамир, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Ариунтуул, Б.Оюунбат, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Уянга, Т.Цолмон, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Цэрэнханд нар оролцов.

Нэхэмжлэгч Б.Тамир шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Эрдэнэс таван толгой ХК-ийн гүйцэтгэх захирлын 2013 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн Б/633 тоот тушаалаар Хөрөнгө оруулалт, төлөвлөлт эдийн засгийн газарт мэргэжилтэн, эдийн засагчаар хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байсан. Захиргаа, удирдлагын газрын захирлын түр орлон гүйцэтгэгчийн гарын үсэгтэй 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 36 тоот мэдэгдлээр ажлын орон тоо хасагдсан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээ цуцлах болсон талаар мэдэгдэж 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн Б/470 тоот тушаалаар орон тоо хасагдсан гэх үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Тус компанид мэргэжилтэн, эдийн засагч гэдэг орон тоо хасагдаагүй, зөвхөн намайг ажлаас халахын тулд орон тоо хасагдсан гэсэн үндэслэлийг гаргасан. Өөрөөр хэлбэл тус хэлтсийн 6 эдийн засагч, мэргэжилтэн нараас ямар үндэслэлээр зөвхөн миний ажлын байр байхгүй болсон гэдэг нь үндэслэлгүй. Миний ажлын байрны чиг үүрэг, ач холбогдол өндөр тул тус ажлын байр хасагдаагүй. Намайг үндэслэлгүй ажлаас халсан гүйцэтгэх захирлын 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн Б/470 тоот тушаалыг хүчингүй болгож, ажил, албан тушаалд эгүүлэн томилж, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх, 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 27-ний өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин 19 830 125 төгрөг нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагч Эрдэнэс таван толгой ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Уянга, Т.Цолмон нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Тамир нь Хөрөнгө оруулалт, төлөвлөлт эдийн засгийн газрын хөрөнгө оруулалтын хэсэгт 2013 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн Б/632 тоот тушаалаар мэргэжилтэн, эдийн засагчаар анх ажилд орсон. 2016 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр хөдөлмөрийн гэрээг шинэчлэн байгуулж, эдийн засгийн мэргэжилтнээр томилсон. Эрдэнэс таван толгой ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2016 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 20 дугаар тогтоолоор компанийн бүтэц, орон тооны хязгаарыг баталсан. Тус тогтоолын дагуу гүйцэтгэх захирал 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн тушаалаар компанийн ажлын байрны нэр, орон тоо батлаж, тушаалын 2 дугаар хавсралтаар Төлөвлөлт, эдийн засгийн мэргэжилтэн 3 байсныг 2 болгож цөөрүүлсэн. ТУЗ-ийн 20 дугаар тогтоол гарсантай холбоотой тогтоолын төсөл боловсруулах ажлын хэсэг байгуулж түүний харьяа газар хэлтсээс компанийн бүтцийн хэмжээнд компанийн эдийн засгийн нөхцөл байдал, үйл ажиллагаа бодлого, эдийн засгийн байдлаас шалтгаалан үйл ажиллагааны зардал бууруулах, зохион байгуулалтыг сайжруулах зорилгоор зарим нэгжийг өөрчилсөн, зарим орон тоог цөөрүүлсэн. 2016 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр Захиргаа удирдлага хариуцсан газрын захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ө.Сумъяабазараар ахлуулсан 7 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулагдаж, Төлөвлөлт, эдийн засгийн хэлтсийн мэргэжилтнүүдийн ажлын байрыг харьцуулсан судалгааны үндсэн дээр сонгож, Б.Тамирт 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д заасны дагуу 30 хоногийн өмнө орон тоо цөөрсөн тухай мэдэгдэл хүргүүлсэн. Ингээд 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн Б/470 тоот тушаалаар Б.Тамиртай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дах хэсэгт заасны дагуу нэг сарын цалин, хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмжийг олгосон. Хөдөлмөрийн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-т зааснаар ажилтны тоог цөөрүүлсэн үндэслэлээр Хөдөлмөрийн гэрээг цуцалж шийдвэрлэсэн гүйцэтгэх захирлын Б/470 дугаар тушаал үндэслэлтэй тул Б.Тамирын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 128.2.11, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч Эрдэнэс таван толгой ХК-д холбогдох Эрдэнэс таван толгой ХК-ийн гүйцэтгэх захирлын 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн Б/470 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, Эдийн засгийн хэлтсийн мэргэжилтний /эдийн засагч/ ажилд эгүүлэн тогтоолгох, урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 19,830,125 төгрөгийг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай Б.Тамирын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Б.Тамир болон түүний өмгөөлөгч А.Ариунтуул, Б.Оюунбат нар давж заалдах гомдолдоо: Хариуцагч Эрдэнэс таван толгой ХК-ийн гүйцэтгэх захирлын 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн БА470 дугаар тушаалаар ажлын байрны орон тоо хасагдсан үндэслэлээр Б.Тамиртай байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрөөр тасалбар болгон цуцалсан. Анхан шатны шүүх шийдвэрийн үндэслэх хэсэгт энэ талаар ... ажлын байрны орон тоо хасагдсан ... тогтоогдож байна гэж дүгнэлт хийсэн. Гэтэл хариуцагчаас орон тоо хасагдсан бус орон тоо цөөрсөн юм гэх тайлбарыг шүүхэд гаргадаг бөгөөд шүүх ч энэ талаар шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт ... ажлын байрыг цөөрүүлэхээр шийдвэрлэсэн болох нь ... нотлогдож байна гэсэн дүгнэлтийг хийсэн. Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх ажлын байрны орон тоо хасагдсан, ажлын байр цөөрсөн гэх хоёр өөр үйл баримт хоёулаа нэгэн зэрэг нотлогдож байна гэсэн атлаа хууль зүйн үндэслэлийг зааж өгөөгүй. Эрдэнэс таван толгой ХК-ийн Дүрмийн 9.3.3-т компанийн зохион байгуулалтын бүтэц, орон тоо ... батлах гэсэн эрхийг тус компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн бүрэн эрхэд хамааруулахаар зааж өгчээ, Эрдэнэс таван толгой ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2016 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 20 дугаар тогтоолд ажлын байрны орон тоог хасах болон ажилтны тоог цөөрүүлэх тухай шийдвэрлэсэн зүйл байхгүй бөгөөд харин ч орон тооны хязгаарыг 617 хэмээн өмнө байсан хэмжээгээр баталж, ажилтнуудыг чиг үүргийн давхардалгүй байхаар ажлын байрны нэр, орон тооны жагсаалт гаргахыг зааж өгсөн байна. Ажлын байрны нэр, орон тоог батлах тухай" тушаалын төсөлд компанийн орон тооноос хасах болон цөөрүүлэхээр 8 ажлын байрны талаар санал гаргаснаас гадна мөн нэмэх саналтай 8 ажлын байрны саналыг гаргасан байгаа нь ажилтны тоог цөөрүүлэх, ажлын байрны орон тоог хассан гэж үзэх үндэслэлгүй байсныг илэрхийлж байна. Түүнчлэн Компанийн тухай хууль болон Эрдэнэс Таван толгой ХК-ийн дүрэм, Төлөөлөн удирдах зөвлөлөөс гүйцэтгэх захирал Д.Ариунболдтой байгуулсан хөлсөөр ажиллах гэрээ зэргүүдээр гүйцэтгэх захирал нь "орон тоо хасах болон орон тоо цөөрүүлэх эрх хэмжээгүй байна. Шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгтээ ... Төслийн танилцуулга-д Б.Тамирын ажлын байрыг цөөрүүлэх санал гаргасан байна гэж нотлох баримтын талаар заасан байх боловч, хэргийн 110-114 дүгээр хуудсанд Б.Тамирын ажлын байрыг тухайлан цөөрүүлэх тухай баримт байхгүй юм. Н.Дэлгэрбаяр, Э.Марал, Б.Тамир нарын ажлын байрны тодорхойлолтод ажлын байранд тавигдах үндсэн шаардлагад, санхүү, эдийн засаг, бизнесийн удирдлагаар мэргэжил эзэмшсэн бакалавр, түүнээс дээш зэрэгтэй байх, мэргэжлээрээ 1-ээс доошгүй жил ажилласан, хөрөнгө оруулалт, санхүү төлөвлөлт, бизнес болон төслийн удирдлагын чиглэлээр мэргэшсэн байх, нэмэлт шаардлага англи хэлний ахисан түвшиний мэдлэгтэй байх гэх зэрэг шалгуур үзүүлэлтүүдийг тусгасан байна. Эдгээр шалгуур үзүүлэлтийг хангасан учраас Б.Тамир компанид мэргэжилтнээр ажиллаж ирсэн, энэ талаар талууд маргаагүй. Гэтэл тус компанийн хүнийн нөөцийн мэргэжилтэн Г.Сүх-Очирын гаргасан "харьцуулсан судалгаа"-д дурдагдаж буй ажилтныг цөөрүүлэхэд үндэслэл болгосон гэх шалгуур үзүүлэлтүүд нь Б.Тамирын ажлын байрыг тухайлан хасах үндэслэл болж чадахгүй юм. Өөрөөр хэлбэл, энэхүү шалгуур үзүүлэлт нь компанийн гэхээс илүүтэй судалгаа гаргасан аль нэгэн ажилтны үзэмжийн төдий асуудал болсон. Түүнчлэн Эрдэнэс таван толгой ХК-ийн нэр бүхий 6 ажилтны цугларч хийсэн гэх 2016 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн хуралдаанаар "Б.Тамирын ажлын байрыг хасч, хөдөлмөрийн тухай хуулийн дагуу мэдэгдэл өгөх талаар шийдвэрлэж байгаа нь ч хууль бус үйл ажиллагаа болсон. Эрдэнэс Таван толгой ХК-ийн гүйцэтгэх захирлаар Д.Ариунболд нь 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр улсын бүртгэлд бүртгэгдсэн гэдэг нь Эрдэнэс Таван толгой ХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ дэх хуулийн этгээдийн үүсгэн байгуулах бичиг баримтад оруулсан нэмэлт өөрчлөлтийн бүртгэлийн хэсгээр тогтоогддог. Гэтэл гүйцэтгэх захирал Д.Ариунболд нь Б.Тамирыг 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр ажлаас чөлөөлөх тушаал гаргаж байгаа нь Хуулийн этгээдийн бүртгэлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.10, 11.1.3, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн хууль бус шийдвэр болсон. Эдгээр нь мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-ын Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ. гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэх нөхцөлийг бүрдүүлж байна. Иймд дээрх үндэслэлүүдээр шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байх тул шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг хүчингүй болгож, Б.Тамирын нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлээгүй, талуудын хооронд үүссэн хөдөлмөрийн эрх зүйн маргааны үйл баримтыг зөв тодорхойлоогүйгээс нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болсон боловч давж заалдах шатны шүүхээс залруулах боломжтой байна.

Нэхэмжлэгч Б.Тамир нь хариуцагч Эрдэнэс таван толгой ХК-д холбогдуулан Эрдэнэс таван толгой ХК-ийн гүйцэтгэх захирлын 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн Б/470 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай шаардсныг хариуцагч эс зөвшөөрч, ажилтны тоог цөөрүүлсэн үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцалсан гүйцэтгэх захирлын тушаал үндэслэлтэй гэж маргажээ.

Эрдэнэс таван толгой ХК нь гүйцэтгэх захирлын 2013 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн Б/632 дугаар тушаалаар Б.Тамирыг тус компанийн Хөрөнгө оруулалт, төлөвлөлт эдийн засгийн газарт мэргэжилтэн, 2016 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн Б/85,86 дугаар тушаалаар Эдийн засгийн хэлтэст мэргэжилтэн, эдийн засагчийн албан тушаалд томилсон, 2013 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 10 тоот, 2016 оны 03 дугаар сарын 16-ны 2016/100 тоот хөдөлмөрийн гэрээг ажил олгогч, ажилтан нар тус тус байгуулсан байна. /хх-6, 46-52/ Улмаар ажил олгогчийн санаачилгаар буюу Эрдэнэс таван толгой ХК-ийн гүйцэтгэх захирлын 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн Б/470 дугаар тушаалаар Б.Тамирыг Эдийн засгийн хэлтсийн мэргэжилтэн, эдийн засагчийн албан тушаалаас чөлөөлж, түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалжээ. /хх.5/

Нэхэмжлэгч Б.Тамиртай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан Эрдэнэс таван толгой ХК-ийн гүйцэтгэх захирлын 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн Б/470 дугаар тушаалд Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.8, 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 42 дугаар зүйлийн 42.1, Компанийн дүрмийн 10 дугаар зүйлийн 10.11.8, 10.11.10 дахь заалтууд, Компанийн хөдөлмөрийн дотоод журмын 2.10, 4.19, 4.22, дах заалт, Эрдэнэс таван толгой компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2016 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 20 тоот тогтоол, ...ЭТТ-2015/186 тоот Эрдэнэс таван толгой ХК-ийн Захиргаа, Үйлдвэрчний эвлэлийн хамтын гэрээний 4 дүгээр зүйлийн 4.7.1, Хөдөлмөрийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.3.2 дахь заалтуудыг үндэслэсэн ба хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалсан байна.

Ажил олгогч дээрх тушаалдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсгийг баримталсан үндэслэлээ Эрдэнэс таван толгой ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2016 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 20 дугаар тогтоолоор компанийн бүтэц, орон тооны дээд хязгаарыг тогтоож, гүйцэтгэх захирлын 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн тушаалаар компанийн ажлын байрны нэр, орон тоо баталж, тушаалын 2 дугаар хавсралтаар төлөвлөлт, эдийн засгийн мэргэжилтэн 3 байсныг 2 болгож цөөрүүлсэн гэж тайлбарлажээ.

Ажилтныг ажлаас чөлөөлөх тушаалын үндэслэлийн талаарх хариуцагчийн энэхүү тайлбар нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсэгт заасан орон тоо хасагдсан, ажилтны тоог цөөрүүлсэн хоёр нөхцлийн алинд хамаарч байгаа нь тодорхойгүй, байгаагаас гадна 2016 оны 02 сарын 05-ны өдрийн Төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоолоор батлагдсан орон тоо болон 2016 оны 09 сарын 12-ны өдрийн Гүйцэтгэх захирлын орон тоо, бүтцийн тушаалд заагдсан нийт орон тоо нь 617 байгаа нь өмнөх орон тоотой ижил байна. /хх-37-43/

Иймд Эрдэнэставан толгой ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2016 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 20 дугаар тогтоолоор орон тоо хасах, цөөрүүлэх талаар шийдвэрлээгүй гэж үзнэ.

Түүнчлэн Хөдөлмөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2, 7.3 дах хэсэгт зааснаар ажилтнуудтай хөдөлмөрийн харилцаанд орохдоо ялгаварлах, хязгаарлах гадуурхах, давуу байдал тогтоохыг хориглосон. Ажилтныг ажлаас чөлөөлөх замаар хөдөлмөрлөх эрхийг хязгаарлаж байгаа тодорхой шаардлага үүссэн буюу хөдөлмөрийн гэрээг цуцлах тохиолдолд тэр үндэслэлээ нотлохыг ажил олгогчид Хөдөлмөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3 дах хэсэгт зааснаар үүрэг болгосон.

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл 3 эдийн засагч, мэргэжилтэн гэсэн орон тооноос Б.Тамирын эрхэлж байсан ажил албан тушаалын орон тоог хасах, уг ажилтныг ажлаас чөлөөлөх зайлшгүй шаардлагатай болсон гэдгийг ажил олгогч нотолж чадаагүй. Хэргийн 80-83 дугаар талд хариуцагч байгууллагаас өөрийн татгалзлаа нотлохоор өгсөн 2016 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн ажлын хэсгийн хурлын тэмдэглэлд Б.Тамирын ажлын байрыг цомхтгох агуулга бичигдсэн байгаагаас үзэхэд уг албан тушаалын тоог цөөрүүлэх биш, зөвхөн Б.Тамирын ажлын байрыг хамруулахыг зорьсон гэхээр байна. Эдгээр нөхцөл байдлыг харьцуулан дүгнэвэл ажилтан Б.Тамирыг ажилтны тоог цөөрүүлсэн, орон тоо хасагдсан гэх үндэслэлээр ажлаас хууль зүйн үндэслэлтэй чөлөөлөгдсөн гэж үзэх боломжгүй.

Өөрөөр хэлбэл, хөдөлмөрийн харилцаанаас үүссэн маргааныг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн Арван дөрөвдүгээр бүлэг Гомдлоор авч хэлэлцэх хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа-ны журмаар хянан шийдвэрлэхээр нарийвчлан зохицуулсан тул өөрийн шийдвэрийг зөв болохыг нотлох үүрэг ажил олгогчид хуваарилагдах юм.

Хэрэгт авагдсан баримтад тулгуурлан нэхэмжлэгчийг ажилд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговорт 19 830 125 төгрөгийг олгож, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт нь зохих журмаар бичилт хийхийг хариуцагч Эрдэнэс таван толгой ХК-нд даалгаж шийдвэрлэх нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1 дэх хэсэгт нийцнэ гэж үзлээ. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг өөрчлөх шаардлагатай болно.

Нэхэмжлэгчийн Эрдэнэставан толгой ХК-ийн гүйцэтгэх захирлын 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн Б/470 дугаар тушаалыг хүчингүй болгуулах гомдол нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болох тул нэхэмжлэлийн шаардлагын адил тухайлан шийдвэрлэхгүй юм.

Нэхэмжлэгч Б.Тамирыг мэргэжилтэн /эдийн засагч/-ээр анх томилон ажиллуулж байсан атлаа эдийн засгийн чиглэлээр ажиллаж байгаагүй гэж чөлөөлөх нэг үндэслэл болгосон нь бодит байдалд нийцээгүй болно.

Харин Эрдэнэставан толгой ХК-ийн гүйцэтгэх захирал Д.Ариунболд нь Төлөөлөн удирдах зөвлөлийн 2016 оны 09 сарын 01-ны өдрийн 18 дугаар тогтоолоор томилогдон гэрээ байгуулан эрх, үүргээ хэрэгжүүлсэн байх ба уг өөрчлөлтийг 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр улсын бүртгэлд бүртгэсэн нь түүнийг тушаал шийдвэр гаргах эрхгүй байсан гэж үзэхгүй бөгөөд нэхэмжлэгчийн энэ талаарх гомдол үндэслэлгүй байна.

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 182/ШШ2017/02058 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.2 дах хэсэгт заасныг баримтлан Б.Тамирыг Эрдэнэставан толгой ХК-ийн Эдийн засгийн хэлтсийн мэргэжилтний /эдийн засагч/ ажилд эгүүлэн тогтоож, урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 19 830 125 төгрөгийг хариуцагч Эрдэнэставан толгой ХК-иас гаргуулж нэхэмжлэгчид олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлөх, холбогдох дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч байгууллагад даалгасугай гэж, 2 дах заалтын олгосугай гэснийг олгож, хариуцагч Эрдэнэставан толгой ХХК- иас 257 101 төгрөгийг гаргуулж улсын төсвийн орлогод оруулсугай гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дах хэсэгт зааснаар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргаж болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД М.НАРАНЦЭЦЭГ

 

Б.НАРМАНДАХ