Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 10 сарын 27 өдөр

Дугаар 182/ШШ2017/02058

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

           

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Нарангэрэл даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, дүүрэг, дүгээр хороо, дугаар хэсэг, дугаар байрны  тоот хаягт оршин суух, /регистрийн дугаар /, овогт ийн Т-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, дүүрэг, дүгээр хороо, гудамж, ийн байранд  байрлах, /улсын бүртгэлийн дугаар, регистрийн дугаар /, Э ХК-д холбогдох,

 

Э  ХК-ийн гүйцэтгэх захирлын 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн Б/470 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай  иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Т-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.А, хариуцагчийн төлөөлөгч Э.У, Т.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Тэмүүлэн нар оролцов.

        ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Т- шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Э ХК-ийн гүйцэтгэх захирлын 2013 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн Б/633 тоот тушаалаар Хөрөнгө оруулалт, төлөвлөлт эдийн засгийн газарт мэргэжилтэн, эдийн засагчаар хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байсан. Захиргаа, удирдлагын газрын захирлын түр орлон гүйцэтгэгчээр 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 36 тоот мэдэгдлээр ажлын орон тоо хасагдсан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээ цуцлах болсон талаар мэдэгдэл өгч 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн Б/470 тоот тушаалаар орон тоо хасагдсан гэх үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Тус компанид мэргэжилтэн, эдийн засагч гэдэг орон тоо хасагдаагүй, зөвхөн намайг ажлаас халахын тулд орон тоо хасагдсан гэсэн үндэслэлийг гаргасан. Өөрөөр хэлбэл тус хэлтсийн 6 эдийн засагч, мэргэжилтэн нараас ямар үндэслэлээр зөвхөн миний ажлын байр байхгүй болсон. Миний ажлын байрны чиг үүрэг, ач холбогдол өндөр тул тус ажлын байр хасагдаагүй гэж үзэх үндэслэлтэй. Намайг үндэслэлгүй ажлаас халсан гүйцэтгэх захирлын 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн Б/470 тоот тушаалыг хүчингүй болгож, ажил, албан тушаалд эгүүлэн томилж, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх, 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 27-ний өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин 19,830,125 төгрөг нэхэмжилж байна гэв.

 

Хариуцагч Э ХК-ийн төлөөлөгч Э.У Т.Ц нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Т-ыг Хөрөнгө оруулалт, төлөвлөлт эдийн засгийн газрын хөрөнгө оруулалтын хэсэгт 2013 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн Б/632 тоот тушаалаар мэргэжилтэн, эдийн засагчаар анх ажилд орсон. 2016 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр хөдөлмөрийн гэрээг шинэчлэн байгуулж, эдийн засгийн мэргэжилтнээр томилсон. Э ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2016 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 20 дугаар тогтоолоор компанийн бүтэц, орон тооны хязгаарыг баталсан. Тус тогтоолын дагуу гүйцэтгэх захирал 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр тушаалаар компанийн нэр, орон тоо батлаж, тушаалын 2 дугаар хавсралтаар Төлөвлөлт, эдийн засгийн мэргэжилтэн 3 байсныг 2 болгож цөөрүүлсэн. ТУЗ-ийн 20 дугаар тогтоол гарсантай холбоотой тогтоолын төсөл боловсруулах ажлын хэсэг байгуулж түүний харьяа газар хэлтсээс компанийн бүтцийн хэмжээнд компанийн эдийн засгийн нөхцөл байдал, үйл ажиллагаа бодлого, эдийн засгийн байдлаас шалтгаалан үйл ажиллагааны зардал бууруулах, зохион байгуулалтыг сайжруулах зорилгоор зарим нэгжийг өөрчилсөн, зарим орон тоог цөөрүүлсэн. 2016 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр Захиргаа удирдлага хариуцсан газрын захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ө.Сумъяабазараар ахлуулсан 7 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулагдаж, Төлөвлөлт, эдийн засгийн хэлтсийн мэргэжилтнүүдийн ажлын байрыг харьцуулсан судалгааны үндсэн дээр сонгож, Б.Т-т 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д заасны дагуу 30 хоногийн өмнө орон тоо цөөрсөн тухай мэдэгдэл хүргүүлсэн. Ингээд 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн Б/470 тоот тушаалаар Б.Т-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дах хэсэгт заасны дагуу нэг сарын цалин, хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмжийг олгосон. Хөдөлмөрийн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-т зааснаар ажилтны тоог цөөрүүлсэн үндэслэлээр Хөдөлмөрийн гэрээг цуцалж шийдвэрлэсэн гүйцэтгэх захирлын Б/470 дугаар тушаал үндэслэлтэй тул Б.Т-ын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй  гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэг болон зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Т- нь Э ХК-д холбогдуулан Э  ХК-ийн гүйцэтгэх захирлын 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн Б/470 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч Хөдөлмөрийн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-т зааснаар ажилтны тоог цөөрүүлсэн үндэслэлээр Хөдөлмөрийн гэрээг цуцалсан гүйцэтгэх захирлын Б/470 дугаар тушаал үндэслэлтэй гэж маргажээ.

 

Нэхэмжлэгч Б.Т- нь Э ХК-ийн гүйцэтгэх захирлын 2013 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн Б/632 дугаар тушаалаар Хөрөнгө оруулалт, төлөвлөлт, эдийн засгийн газрын Хөрөнгө оруулалтын хэсэгт мэргэжилтнээр, 2016 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 2016/100 дугаартай хөдөлмөрийн гэрээ байгуулж Эдийн засгийн хэлтсийн мэргэжилтэн /эдийн засагч/-ээр ажиллаж байжээ.

 

Хариуцагч Э ХК-ийн гүйцэтгэх захирлын 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн Б/470 дугаар тушаалд Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.8, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 42 дугаар зүйлийн 42.1, Компанийн дүрмийн 10 дугаар зүйлийн 10.11.8, 10.11.10, Компанийн хөдөлмөрийн дотоод журмын 2.10, 4.19, 4.22 дахь заалт, Э ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2016 оны 09 сарын 09-ний өдрийн 20 дугаар тогтоол, ЭТТ-2015/186 тоот Э ХК-ийн Захиргаа, Үйлдвэрчний эвлэлийн хамтын гэрээний 4 дүгээр зүйлийн 4.7.1, Хөдөлмөрийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.3.2 дахь заалтуудыг үндэслэн Шинэчлэн батлагдсан компанийн зохион байгуулалтын бүтэц, албан тушаал, орон тооны жагсаалтаар ажлын байрны орон тоо хасагдсан үндэслэлээр Б.Т-тай байгуулсан Хөдөлмөрийн гэрээг 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрөөр тасалбар болгон цуцалсан болох нь зохигчдын тайлбар, Б/470 дугаар тушаал, Ажил хүлээлцсэн акт зэрэг бичгийн баримтуудаар тогтоогдож /хх-ийн 5 дугаар талд/ байна. 

 

Э ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2016 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 20 дугаар тогтоолоор компанийн зохион байгуулалтын бүтэц, орон тоог өөрчлөн баталж, батлагдсан орон тооны хязгаарт багтаан компанийн газар, хэлтэс, нэгж нь орлогч даргагүй, нэгжүүд болон ажилтнууд нь чиг үүргийн давхардалгүй байхаар ажлын байрны нэр, орон тооны жагсаалтыг батлан, урсгал зардлыг хэмнэлтийн горимд шилжүүлэх үйл ажиллагааг зохион байгуулж ажиллахыг гүйцэтгэх захирал Д.А-д үүрэг болгож шийдвэрлэсэн /хх-ийн 34-36 дугаар талд/ байна. 

 

Э ХК-ийн гүйцэтгэх захирал 2016 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн А/170 дугаар тушаалаар компанийн зохион байгуулалтын бүтэц, орон тооны хязгаарыг шинэчлэн батлагдсантай холбогдуулан компанийн нэгжүүдийн ажлын байрны нэр, орон тоог хавсралтаар баталсан байх ба Төлөвлөлт, эдийн засгийн хэлтэс нь Хэлтсийн дарга 1, Ахлах мэргэжилтэн /ахлах эдийн засагч/ 2, Мэргэжилтэн /эдийн засагч/ 2 байхаар баталсан байна.

 

 Улмаар энэхүү тогтоолын хэрэгжилтийг хангах зорилгоор Э ХК-ийн гүйцэтгэх захирал ажлын хэсэг байгуулж, уг Ажлын хэсэг нь Эдийн засгийн хэлтсийн мэргэжилтний орон тоог компанид санхүү эдийн засгийн чиг үүрэг бүхий 1 газар 4 хэлтэс ажиллаж байгаа, хэлтсүүдийн үйл ажиллагаа зарим талаараа давхардаж үр ашиггүй үйл ажиллагааг бий болгож байна, Эдийн засгийн хэлтсийн мэргэжилтний ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүрэг нь адилхан, чиг үүргийн давхардалтай компанид үр ашиггүй тул орон тоог нэгээр цөөрүүлж 3 мэргэжилтэнг 2 болгож цөөрүүлэх талаарх “Төслийн танилцуулга”-д Б.Т-ын ажлын байрыг цөөрүүлэх санал гаргасан /хх-ийн 110-114 дүгээр тал/ байна.

 

Уг дүгнэлтэд үндэслэн Э ХК-ийн гүйцэтгэх захирлын 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн А/170 дугаар тушаалаар нэр бүхий ажлын байр, орон тоог хасаж /цөөрүүлж/ шийдвэрлэсний дотор Эдийн засгийн хэлтэс /Төлөвлөлт, эдийн засгийн хэлтэс/-ийн мэргэжилтний ажлын байр багтсан /хх-ийн 37-40 дүгээр талд/ байна.

Хариуцагч Э ХК-ийн 2016 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн хурлаар гүйцэтгэх захирлын 2016 оны А/170 дугаар тушаалаар орон тоо нь цөөрч буй Төлөвлөлт, эдийн засгийн хэлтсийн мэргэжилтнүүдийн харьцуулсан судалгааг хэлэлцэж, улмаар Н.Д, Б.Т-, Э.М нарын мэргэжил, чөлөө авсан байдал, ажлын цаг ашиглалтын хувьд Н.Д 61 минут, Б.Т- 127 минут, Э.М 90 минутын хоцролттой зэргийг харгалзан санал хурааж Төлөвлөлт, эдийн засгийн хэлтсийн мэргэжилтний ажлын байрыг цөөрүүлэхээр шийдвэрлэсэн болох нь Э ХК-ийн 2016 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн хурлын тэмдэглэл, Төлөвлөлт, эдийн засгийн хэлтсийн мэргэжилтнүүдийн харьцуулсан судалгаа зэргээр нотлогдож /хх-ийн 80-83 талд/ байна.

 

Ажилтан Н.Д, Б.Т-, Э.М нарын ажлын байрны тодорхойлолт, Хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүрэг нь адилхан, чиг үүргийн давхардалтай гэж дүгнэж, тодорхой шалгуур тогтоож шийдвэрлэсэн Ажлын хэсгийн дүгнэлтийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна. / 52-58 талд/

 

Ажил олгогчийн 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн Б/470 дугаартай Б.Т-ыг ажлаас чөлөөлөх тухай тушаалд шинэчлэн батлагдсан зохион байгуулалтын бүтэц, албан тушаал, орон тооны жагсаалтаар ажлын байрны орон тоо хасагдсантай холбогдуулан ажилтны ажиллаж байсан ажлын байрны орон тоо цөөрсөн үйл баримт нь Э ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 07 дугаар тогтоол, түүний хавсралт, Э ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2016 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 20 дугаар тогтоол, түүний хавсралт болон Э ХК-ийн гүйцэтгэх захирлын 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн А/170 дугаар тушаал зэрэг бичгийн баримтуудаар тогтоогдсон ба энэ тохиолдолд ажил олгогч нь зөвхөн хасагдсан орон тооны ажлын байранд ажиллаж байгаа ажилтны хөдөлмөрийн гэрээг цуцлах үүрэгтэй байна.

 

Ажил олгогч нь ажилтан Б.Т-т 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдөр  “Мэдэгдэх хуудас”-ыг хүргүүлэн, гарын үсэг зуруулж баталгаажуулсан талаар зохигчид маргаагүй, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д зааснаар ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэх үүргээ хэрэгжүүлсэн  байна.

 

Э ХК-ийн гүйцэтгэх захирлын Б/470 дугаартай Б.Т-ыг ажлаас чөлөөлсөн тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40 дүгээр зүйлийн 40.5, 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт заасан зохицуулалтай нийцсэн байх тул Э ХК-ийн гүйцэтгэх захирлын Б/470 тоот тушаалыг хүчингүй болгож, Эдийн засгийн хэлтсийн мэргэжилтний  /эдийн засагч/ ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгож, 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 27-ний өдөр хүртэлх урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт /сард 1,705,391 төгрөг: 21,5=өдөрт 79,320 төгрөг х 250 хоног/ 19,830,125 төгрөгийг гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт ажилгүй байсан хугацааны шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийхийг даалгах тухай Б.Т-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэстэй.

 

 Э ХК-ийн дүрмийн 9.3.11-д “Компанийн гүйцэтгэх захирал, түүнчлэн орлогч захирал, санхүү болон үйлдвэрлэлийн асуудал хариуцсан захирлууд, салбар, төлөөлөгчийн газрын захирал нарыг томилох, түдгэлзүүлэх, чөлөөлөх, өөрчлөх асуудлыг хэлэлцэж шийдвэрлэх” эрхтэй байх ба Э ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 18 дугаар тогтоолоор Э ХК-ийн гүйцэтгэх захирлаар Д.Ариунболдыг томилж, 2016 оны 09 дүгээр сарын 07-ний өдөр Улсын бүртгэлийн гэрчилгээнд тэмдэглэгээ /хх-ийн 100,109 талд/ хийгдсэн байгаа нь компанийг төлөөлөх эрх олгогдсон гэж үзнэ. 

 

   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118, 156 дугаар зүйлийн 156.1.1, 160 дугаар зүйлийн 160.1.1. дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 128.2.11, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч Э ХК-д холбогдох Э ХК-ийн гүйцэтгэх захирлын 2016 оны 11 дүгээр  сарын 04-ний өдрийн Б/470 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, Эдийн засгийн хэлтсийн мэргэжилтний /эдийн засагч/ ажилд эгүүлэн тогтоолгох, урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 19,830,125 төгрөгийг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай Б.Т-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт заасан нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурьдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Т-ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогоос буцаан олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч,тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Н.НАРАНГЭРЭЛ