Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Цэнд-Аюушийн Ичинхорлоо |
Хэргийн индекс | 183/2017/02662/И |
Дугаар | 210/МА2018/00922 |
Огноо | 2018-04-13 |
Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 04 сарын 13 өдөр
Дугаар 210/МА2018/00922
2018 оны 04 сарын 13 өдөр | Дугаар 210/МА2018/00922 |
Д.Будцэцэгийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Байгалмаа, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2018 оны 3 дугаар сарын 6-ны өдрийн 183/ШШ2018/00517 дугаар шийдвэртэй
Нэхэмжлэгч Д.Будцэцэгийн нэхэмжлэлтэй
Хариуцагч Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-т холбогдох
Тэтгэвэрт гарахад олгох 12 сарын цалинтай тэнцэх тэтгэмжид 7 346 796 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Н.Төрбат
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Д.Мөнхтуяа
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ц.Баясгалан
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Т.Туул нар оролцов.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Төрбат шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэгч Д.Будцэцэг нь Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-ын Автобус нэг баазад 2006 оны 8 дугаар сарын 8-нд 34 тоот тушаалаар ажилд орж, 2017 оны 9 дүгээр сарын 1-нд дугаар Б/742 тоот тушаалаар 11 жил ажиллаад өндөр насны тэтгэвэрт гарсан. Нэхэмжлэгч нь тус байгууллагад бүх насаараа ажилласан боловч Автобус нэг баазын захиргаа, Үйлдвэрчний хороо нарын 2013 оны 2 дугаар сарын 5 өдөр байгуулсан хамтын гэрээний 2014 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн нэмэлт өөрчлөлтийн 8.5-д заасан өндөр насны тэтгэвэрт гарахад олгох тэтгэмжийн заалтыг зөрчиж тэтгэмж олгоогүй. Түүний 1 сарын дундаж цалин 612 233 төгрөг ба Хамтын гэрээний нэмэлт өөрчлөлтийн 8.5 дахь заалтын дагуу 12 сарын тэтгэмж 7 346 796 төгрөгийн тэтгэмж гаргуулах нэхэмжлэл гаргасан. Одоо 3 762 500 төгрөгийг шилжүүлсэн тул шаардлагаас хасч олгуулж өгнө үү гэв.
Хариуцагийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Баясгалан шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэгч Д.Будцэцэг нь тус газрын 1 дүгээр баазад 2006 оны 8 дугаар сарын 8-ны өдрийн 34 тушаалаар мөнгө хураагчаар ажиллаж, өндөр насны тэтгэвэр тогтоолгох хүсэлт гаргасан тул 2017 оны 9 дүгээр сарын 1-ний өдрийн Б/742 дугаар тушаалаар ажлаас чөлөөлсөн. Өндөр насны тэтгэвэрт суухад нь байгууллагаас 8 сарын дундаж хөлстэй тэнцэх 4 300 000 төгрөгийг өгөхөөр шийдэж, 2018 оны 2 дугаар сарын 13-ны өдөр 3 762 500 төгрөгийг Голомт банкны данс руу нь шилжүүлсэн, 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн Б/898 тоот тушаалаар тэтгэмж 537 500 төгрөгийг олгохоор заасан ч олгоогүй тул төлнө.
Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон хамтын гэрээ нь Нийслэлийн иргэдийн төлөөлөгчидийн хурлын тэргүүлэгчийн 2014 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 132 дугаар тогтоол, уг тогтоолын дагуу Нийслэлийн Засаг даргын 2014 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн А/778 тоот захирамжаар Автобус-1, Автобус-3, Цахилгаан тээвэр НӨҮГ-уудыг татан буулгах захирамж гаргаж, Нийслэлийн өмчит үйлдвэрийн газрууд нь татан буугдсан байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.4 14 дүгээр зүйлийн 14.2, Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт тус тус заасны дагуу Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-т 1 дүгээр бааз, 2 дугаар бааз, 3 дугаар бааз, Эв нэгдэл гэсэн 4 үйлдвэрчний эвлэл үйл ажиллагаа явуулдаг тул тус тусын хамтын гэрээг мөрдөн ажиллах боломжгүй. Хамтын гэрээг Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2014 оны 132 тоот тогтоол, Нийслэлийн Засаг даргын А/778 захирамжийг үндэслэн шинээр үүсгэн байгуулагдсан этгээдийг улсын бүртгэлд бүртгүүлсэн өдрийг хүртэл буюу 2014 оны 10 дугаар сарын 1-нийг хүртэл дагаж мөрдөх байсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.3, Иргэний хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэгт зааснаар Зорчигч тээврийн нэгтгэл болон өөрчлөн байгуулсан нь дээрхи хуулийн заалттай нийцэж байна. Энэ хамтын гэрээг хэвээр нь мөрдөх, нэмэлт өөрчлөлт оруулах хэлэлцээ хийгдээгүй. Харин хамтын гэрээг шинээр байгуулах хэлэлцээ хийгдэж 2014 оны 1 дүгээр сарын 6-ны өдрийн 01 албан тоотоор үйлдвэрчний эвлэлийн хорооноос захиргаанд шинэ хамтын гэрээ байгуулах тухай албан бичиг ирж, 2015 оны 1 дүгээр сарын 9-ний өдөр 117 тоотоор захиргаанаас хамтын гэрээ байгуулах төлөөллийг томилон хамтын гэрээний төсөл хүргүүлж ажилласан. Мөн 2016 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн 1/677 тоот бичгээр үйлдвэрчний эвлэлийн хороонд хамтын гэрээ байгуулах хэлэлцээрт суух хамтын гэрээний төсөл, санхүүгийн тооцооллын хамт хүргүүлсэн ч гэрээ байгуулахгүй, асуудлыг гацаанд оруулж байна. Ажил олгогч байгууллагаас 2016 оны 3 дугаар сарын 1-нд Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоонд хамтын гэрээ байгуулагдахгүй байгаа талаар албан бичиг хүргүүлсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1, 128 дугаар зүйлийн 128.1.8, 42 дугаар зүйлийн 42.1, 2014 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн Хамтын гэрээний нэмэлт 8.5-д заасныг баримтлан хариуцагч Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-аас 2 687 500 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Суман бошгот овогтой Дашдэндэвийн Будцэцэгт олгож, үлдэх 896 796 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 118 150 төгрөг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэсэн байна.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Баясгалан давж заалдах гомдолдоо:
... Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны ба үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй, холбогдох хуулийн заалтыг буруу таилбарлаж хэрэглэсэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй. Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх, хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзээгүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.4 дэх хэсгийг баримтлан хамтын гэрээг Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2014 оны 132 дугаар тогтоол, Нийслэлийн Засаг даргын А/778 захирамжийг үндэслэн шинээр үүсгэн байгуулагдсан хуулийн этгээдийг улсын бүртгэлд бүртгүүлсэн өдрийг хүртэл буюу 2014 оны 10 дугаар сарын 1-ний өдөр хүртэл дагаж мөрдөх байсан. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт Автобус-1 ОНӨААҮГ-ын захиргаа болон үйлдвэрчний эвлэлийн хорооны хооронд байгуулсан хамтын гэрээ хүчин төгөлдөр мөрдөгдөж байх тул "Зорчигч тээврийн нэгтгэл" ОНӨААТҮГ-ын захиргаа, "Эв нэгдэл" ҮЭХ-ны хооронд байгуулсан гэрээний заалтыг мөрдөхгүй гэж үзлээ хэмээн тодоройлсон нь хууль хэрэглээний хувьд хуулийн зүйл заалтыг дэндүү явцуу хүрээнд харж байгаа нь тодорхой байна. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа хариуцагч байгууллага ажил олгогчийн хувьд ажилтны эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах үүрэг бүхий Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-ын ажилтаны "Эв нэгдэл" үйлдвэрчний эвлэлийн хороотой 2017 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр 2018 онд хэрэгжүүлэх хамтын гэрээг байгуулсан бөгөөд уг гэрээг Хөдөлмөрийн тухай хуулийн 16 дугаар зүйлд зааснаар 2017 оны 7 дугаар сарын 20-ны өдөр Хан-Уул дуүргийн Засаг даргын газар бүртгүүлсэнээр уг гэрээ хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа талаар тайлбарыг гаргасан. Уг хамтын гэрээний 3 дугаар зүйлийн 3.4 дэхь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь байгууллагад 11 жил тасралтгүй ажилласан бөгөөд 8 сарын дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмж авах эрх үүссэн бөгөөд хамтын гэрээний үүргээ биелүулж 4 300 000 төгрөг олгохоос 3 762 500 олгосон улдэгдэл 537 500 олгоно гэсэн байтал шүүх анхаараагүйд гомдолтой байна. Түүнчлэн хариуцагч байгууллагаас гаргуулах улсын тэмдэгтийн хураамжийг буруу тооцоолсон. Иймд шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан, хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлсэн байна.
Нэхэмжлэгч Д.Будцэнцэг нь хариуцагч Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-т холбогдуулан 12 сарын дундаж цалин хөлстэй тэнцэх тэтгэмж 7 346 796 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч байгууллага 8 сарын тэтгэмж болох 4 300 000 төгрөгийг олгохыг зөвшөөрч, үлдэх 4 сарын тэтгэмж олгох үндэслэлгүй, 1 сарын дундаж цалин хөлсийг хоол, унааны мөнгийг оруулахгүйгээр тооцно гэж маргажээ.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ .. тус байгууллагад тасралтгүй 11 жил ажилласан тул хамтын гэрээний нэмэлт өөрчлөлтийн 8.5-д заасны дагуу 12 сарын дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмж авна гэж тайлбарласан байна.
Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-ын захирлын 2017 оны 9 дүгээр сарын 1-ний өдрийн Б/742 дугаар тушаалаар нэхэмжлэгч Д.Будцэцэгийн тэтгэвэр тогтоолгох хүсэлтийг нь үндэслэн түүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байх бөгөөд хариуцагч байгууллага нэхэмжлэгч Д.Будцэцэгт 3 762 500 төгрөг олгосон үйл баримт тогтоогдсон, уг асуудлаар зохигчид маргаагүй болно. /хх-ийн 22-23 тал/
Автобус-1 ОНӨҮГ-ийн захиргаа болон Үйлдвэрчний эвлэлийн хорооны хооронд байгуулагдсан 2013 оны 2 дугаар сарын 5-ны өдрийн хамтын гэрээнд 2014 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр нэмэлт өөрчлөлт оруулсан бөгөөд уг нэмэлт өөрчлөлт оруулсан хамтын гэрээний 8.5-д өндөр насны тэтгэвэрт гарч байгаа ажилтан ажлаас гарахад байгууллагад тасралтгүй ... 11-15 жил ажилласан бол 12 сарын ... тэтгэмж олгоно гэж заасан байна. /хх-ийн 3-7 тал/ Хамтын гэрээ болон уг гэрээнд оруулсан өөрчлөлтийг Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар нь 2014 оны 2 дугаар сарын 3-ны өдөр бүртгэжээ.
Автобус-1 компани нь Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2014 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 132 тоот тогтоолоор татан буугдаж, хэд хэдэн газрыг нэгтгэж, 2014 оны 10 дугаар сарын 1-ний өдрөөсЗорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ болон өөрчлөн зохион байгуулагдсан нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байх бөгөөд Автобус-1 ОНӨҮГ-ын эрх, үүрэг Зорчигч тээвэр нэгтгэл ОНӨААТҮГ-т шилжсэн, үүнд хамтын гэрээний дагуу эдлэх эрх, хүлээх үүрэг багтсан байна. /хх-ийн 24 тал/
Хөдөлмөрийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.3 дахь хэсэгт аж ахуйн нэгжийг өөрчлөн байгуулах, өмчлөгч өөрчлөгдөх тохиолдолд хамтын гэрээг хэвээр мөрдөх, түүнд нэмэлт өөрчлөлт оруулах, хамтын гэрээг шинээр байгуулах эсэхийг ажил олгогч буюу ажилтны төлөөлөгч хэлэлцээр хийж байж шийдвэрлэнэ гэж заасан бөгөөд анхан шатны шүүх ажил олгогч болон үйлдвэрчний эвлэлийн хороо хэлэлцээ хийж, хамтын гэрээг шинээр байгуулаагүй тул өмнөх хамтын гэрээ хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа, хамтын гэрээний нэмэлт өөрчлөлтийн 8.5-д заасны дагуу 12 сарын цалинтай тэнцэх тэтгэмжийг шаардах эрхтэй гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.
Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 55 дугаар тушаалын 4-т ажилтанд олгож буй тэтгэвэрт гарах үеийн тэтгэмжид унаа, хоолны хөнгөлөлтийг цалин хөлсний бүрэлдэхүүнд оруулахгүй гэж заасан байна. Анхан шатны шүүх дундаж цалин хөлсийг тогтоохдоо хоол, унааны мөнгийг хасч, нэг сарын дундаж цалин хөлсийг 537 500 төгрөгөөр тооцон 12 сарын тэтгэмжид 6 450 000 /537 500*12=6 450 000/ төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 896 796 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв болсон байна.
Нэхэмжлэгч Д.Будцэцэг нь тус байгууллагад 11 жил ажилласан тул нэмэлт өөрчлөлт оруулсан хамтын гэрээний 8.5-д зааснаар 12 сарын цалинтай тэнцэх тэтгэмжийг авах эрхтэй байхад ажил олгогч нь 3 762 500 төгрөгийг олгосон тул үлдэх 2 687 500 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөрчөөгүй болно.
Шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, нотлох баримтыг хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй тул шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгуулахаар давж заалдсан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хүлээн авах боломжгүй байна гэж давж заалдах шатны шүүхээс үзлээ.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 6-ны өдрийн 183/ШШ2018/00517 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагч Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-т улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 58 000 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ
ШҮҮГЧИД Д.БАЙГАЛМАА
Ц.ИЧИНХОРЛОО
ТОГТООХ НЬ:
1. ..........................................................................................................................................................................................................................
2.......................................................................................................................................................................................................................................................................................................................................................................
ТАНХИМЫН ТЭРГҮҮН .................
ШҮҮГЧИД #OTHER_JUDGE_LARGE#