Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 114

 

Б.Б нарын нэр бүхий 9 иргэний итгэмжлэгдсэн

төлөөлөгч “Э н х”   ТББ-ын нэхэмжлэлтэй,

Т аймгийн У сумын ИТХ-д холбогдох

захиргааны хэргийн тухай

       Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

       Даргалагч:                     Танхимын тэргүүн М.Батсуурь                       

       Шүүгчид:                        Б.Мөнхтуяа

                                              П.Соёл-Эрдэнэ

                                              Ч.Тунгалаг                              

       Илтгэгч шүүгч:               Г.Банзрагч

       Нарийн бичгийн дарга: Т.Даваажаргал

Нэхэмжлэлийн шаардлага: “Төв аймгийн Угтаалцайдам сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 09 дүгээр тогтоолыг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 1.2 дахь заалтад заасны дагуу илт хууль бус болохыг тогтоолгох”

Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 123/ШШ2019/0031 дүгээр шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 47 дугаар магадлал,

Шүүх хуралдаанд оролцогч: Б.Б нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч “Э н х”   ТББ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, түүний өмгөөлөгч Б.Ц нарыг оролцуулж,

Б.Б нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч “Э н х”   ТББ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

       Өмнөх шатны шүүхийн шийдвэр

1. Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 123/ШШ2019/0031 дүгээр шийдвэрээр: Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1, 47.1.2, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1, 23.7, 25 дугаар зүйлийн 25.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч иргэн Б.Б, Ч.Ц, Б.Э-О, Б.Б, Э.Б, Я.Ц, Т.Э, Ч.Н, Ж.З нарын нэр бүхий 9 иргэний төлөөлөн нэхэмжлэгч “Э н х”   ТББ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б-ын гаргасан Төв аймгийн Угтаалцайдам сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 09 дүгээр тогтоолыг илт хууль бус болохыг тогтоолгохыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 47 дугаар магадлалаар: Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 123/ШШ2019/0031 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисон.

Хяналтын журмаар гаргасан гомдол

3. “Э н х”   ТББ-ын нэхэмжлэлтэй, Төв аймгийн Угтаалцайдам сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдох захиргааны хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байгаа бөгөөд тус хэргийг хянан шийдвэрлэсэн Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 123/ШШ2019/0031 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 47 дугаар магадлалыг эс зөвшөөрч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2-т заасны дагуу хяналтын журмаар гомдол гаргаж байна.

4. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.1, 45 дугаар зүйлийн 45.1, 45.2, 47 дугаар зүйлийн 47.1.1, 47.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1, 106 дугаар зүйлийн 106.5, 109 дүгээр зүйлийн 109.1-д заасныг тус тус зөрчиж үндэслэл бүхий дүгнэлт хийлгүйгээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон.

5. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ “иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 02 дугаар тогтоол батлагдаж гарсан нь тогтоогдож байхад 09 гэсэн дугаартай тогтоол гараагуй буюу уг хуралдаанаас гарсан 02 дугаар тогтоолын дугаарыг андуурч буруу дугаарласан, 09 гэсэн дугаартай хуулийн хүчин төгөлдөр бус тогтоолыг “утга агуулгын хувьд илэрхий алдаатай”, “бичгээр гаргасан захиргааны актыг баталсан байгууллага нь тодорхойгүй” гэдэг талаар дүгнэх боломжгүй байх тул маргаан бүхий иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 09 гэх тогтоолыг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1, 47.1.2-т заасан үндэслэлээр “илт хууль бус” захиргааны акт гэж үзэх үндэслэлгүй байна гэж..., давж заалдах шатны шүүх “...хариуцагч эрхийнхээ хүрээнд шийдвэр гаргасан, мөн уг захиргааны акт нь утга агуулгын илэрхий алдаатай гэж үзэх үндэслэл бүрдээгүй...дугаарлалт буруу байснаар илт хууль бус гэж үзэх боломжгүй ...хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь гуравдагч этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөх тул гэж...” тус тус дүгнэсэн нь Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.1, 45 дугаар зүйлийн 45.1, 45.2, 47 дугаар зүйлийн 47.1.1, 47.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1, 106 дугаар зүйлийн 106.5, 109 дүгээр зүйлийн 109.1-д заасантай нийцээгүй, үндэслэлгүй шийдвэр болсон гэж үзэж байна.

6. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн тухайд:

Нэхэмжлэгч нь хариуцагчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, өмнө хэлэлцэгдсэн баримтыг үндэслэн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д заасан эрхийнхээ хүрээнд нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, Төв аймгийн Угтаалцайдам сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 09 дүгээр тогтоолыг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1, 47.1.2-т заасан үндэслэлээр илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн. Уг захиргааны актын тухайд хариуцагч Төв аймгийн Угтаалцайдам сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн ээлжит бус 2 дугаар хуралдаанаас 01, 02 дугаартай тогтоол гарсан, харин 09 дугаартай тогтоол гараагүй, энэ нь дугаарлалтын алдаа болсон байх... ийм тогтоол гараагүй... гэсэн тайлбарыг гаргаж, уг захиргааны акт нь илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрсөн.

7. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа нөхцөлд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д “...Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно...” гэж заасны дагуу хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх эрх зүйн үндэслэл бүрдсэн. Гэтэл шүүхээс хариуцагчийн зөвшөөрлийг баталж шийдвэрлэх нь бусад этгээдийн тэр тусмаа хэрэгт гуравдагч этгээдээр оролцож байгаа “Б ө х” ЗГБХН-ийн эрх ашгийг хөндөхгүй, хуульд харшилсан зүйл огт байхгүй байхад үндэслэлгүйгээр зөвшөөрлийг батлахаас татгалзаж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэсэн.

8. Гуравдагч этгээдийн эрх ашиг хөндөгдөхгүй тухайд: Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчээс Төв аймгийн Угтаалцайдам сумын Засаг даргын 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн А/06 дугаар захирамжийг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлага гаргасантай холбоотойгоор эрх ашиг нь хөндөгдөж байна гэж үзэж “Б ө х” ЗГБХН-ийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр оролцуулсан. Уг эрх ашгийг нь хөндөж болзошгүй гэж үзэж байсан Төв аймгийн Угтаал цайдам сумын Засаг даргын 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн А/06 дугаар захирамжийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаа нэхэмжлэгч багасгасантай холбоотойгоор Төв аймгийн Угтаалцайдам сумын Засаг даргыг хариуцагчаар шүүх хуралдаанд оролцох шаардлагагүй гэж үзсэн. Иймд гуравдагч этгээдийн эрх зөрчигдөж болзошгүй гэх үндэслэл арилсан болно. Мөн хариуцагчийн тайлбарлаж байгаагаар уг 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 09 дүгээр тогтоол нь ямар нэгэн эрх зүйн үр дагавар үүсгээгүй байгаа тул гуравдагч этгээдийн эрх  ашигт нөлөөлөх үндэслэл байхгүй болно.

9. Шүүхээс 09 дүгээр тогтоолыг үндэслэн Ашигт малтмалын газраас бичил уурхайн зориулалтаар ашиглах дүгнэлт гаргасан тул гуравдагч этгээдийн эрх ашиг хөндөгдөж байна гэсэн дүгнэлт хийсэн нь хэрэгт авагдсан баримттай нийцээгүй, хариуцагчийн тайлбар, үйл баримтыг өөрөөр тайлбарлаж дүгнэсэн. Иймд шүүхээс уг хэргийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1-д заасан журмын дагуу шийдвэрлэх байсан. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д “...Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй...” гэж заасан. Нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 02, 06 дугаар  тогтоолуудыг илт хууль бус, Засаг даргын А/06 дугаар захирамжийг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, энэ талаарх маргааныг шүүхэд хэлэлцүүлээгүй бөгөөд 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 09 дүгээр тогтоолыг хариуцагч нь өөрөө гаргаагүй, энэ акт эрх зүйн үйлчлэлгүй гэж тайлбарлаж байгааг дэмжиж, нэхэмжлэлийн шаардлагын хүрээг энэ хүрээнд тодорхойлсон.

10. Гэтэл шүүхээс нэхэмжлэлийн шаардлагад хамаарахгүй, шүүх хуралдаанаар хэлэлцэгдээгүй 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь  хуралдсан эсэх, уг хуралдаанаас гарсан 02 дугаар тогтоолын хууль зүйн үндэслэл зэрэгт дүгнэлт хийж, уг дүгнэлтээ шүүхийн шийдвэрийнхээ үндэслэл болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм. Мөн 02, 09 дугаартай тогтоолуудыг дугаарлалтын алдаа, түүнийг засварлаж гаргасан байна гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй бөгөөд тус тусдаа эрх зүйн үр дагавар үүсгэж, хэрэгжиж байгаа тогтоолууд болох бөгөөд нэг асуудлыг 2 тогтоолоор зэрэг шийдвэрлэсэн нь ойлгомжгүй байгаад шүүх дүгнэлт хийсэнгүй.

11. 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 09 дүгээр тогтоол нь илт хууль бус акт болохын тухайд: Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-д “...утга агуулгын илэрхий алдаатай”, 47 дугаар зүйлийн 47.1.2-т “бичгээр гаргасан захиргааны актыг баталсан байгууллага тодорхойгүй... нөхцөлд захиргааны акт илт хууль бус болно” гэж тус тус заасан. Мөн Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.1-д “захиргааны актыг гаргасан захиргааны байгууллагын нэр, хаяг, тамга, тэмдэг болон гарын үсэг зурах эрх бүхий албан тушаалтны нэр, гарын үсэг, захиргааны актын нэр, он, сар, өдөр, дугаарыг тодорхой заасан байх”, 45 дугаар зүйлийн 45.1-д “захиргааны актын бичилт болон тооцооны алдаа, түүнтэй адилтгаж болохоор өөр бусад илэрхий алдааг захиргааны актын үндсэн зохицуулалт, утга, агуулгыг өөрчлөхгүйгээр захиргааны байгууллага өөрөө, эсхүл оролцогчийн хүсэлтээр засах эрхтэй бөгөөд уг засварыг оролцогчид мэдэгдэх үүрэгтэй” гэж тус тус заасан.

12. Хэдийгээр хариуцагч иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь 09 дүгээр тогтоолын дугаарыг андуурсан, дахиад зассан гэж тайлбарлаж байгаа боловч Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу засварласан гэх үйл баримт байхгүй байх бөгөөд харин тухайн өдрийн ээлжит бус 2 дугаар хуралдаанаас 09 дүгээр тогтоол гаргаагүй гэж тайлбарлаж байгаа болно. Хариуцагч нь 09 дүгээр тогтоолыг гаргаагүй, ээлжит бус хуралдаанаар 9 хүртэлх асуудлыг шийдвэрлээгүй, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдааны тогтоолын дараагийн дугаар авагдсан байх, одоо ямар нэгэн эрх зүйн үйлчлэлгүй акт гэж тайлбарлаж байгаагаас үзэхэд уг захиргааны актыг гаргасан байгууллага тодорхойгүй, утга агуулгын илэрхий алдаатай болохыг нотолж байна. Захиргааны ерөнхий хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д “Захиргааны хэм хэмжээний акт гэж хуулиар тусгайлан эрх олгогдсон захиргааны байгууллагаас нийтээр заавал дагаж мөрдүүлэхээр гаргасан, гадагш чиглэсэн, үйлчлэл нь байнга давтагдах шинжтэй шийдвэрийг ойлгоно...” гэж заасан.

13. Төв аймгийн Угтаалцайдам сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 09 дүгээр тогтоол нь тухайн сумын нутаг дэвсгэрээс бичил уурхайн зориулалтаар ашиглахаар тусгай хэрэгцээнд авсан, нийтээр дагаж мөрдөх буюу тухайн сумын иргэд бүхэлдээ мөрдөж, үйлчлэл нь давтагдаж байгаа тул хэм хэмжээний актад хамаарахаар байна. Захиргааны хэм хэмжээний актын хувьд тусгай хэрэгцээнд авсан асуудлыг 2 өөр тогтоолоор шийдвэрлэж байгаа нь уг акт утга агуулгын илэрхий алдаатайг нотолж байгаа болно.

Нэхэмжлэгч иргэдийн зүгээс хэм хэмжээний аль актыг эрх зүйн үндэслэлтэй гэж үзэж дагаж мөрдөх нь эргэлзээтэй байх бөгөөд хуульд заасан эрх ашгийг нь хөндөж байна.

14. Иймд Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 123/ШШ2019/0031 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 47 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

15. Шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна.

16. Маргаан бүхий акт болох Төв аймгийн Угтаалцайдам сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 09 дугаартай “Орон нутгийн тусгай хэрэгцээнд авах газрын байршил, талбайн хэмжээ, солбицлыг батлах тухай” тогтоол нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1, 47.1.2-т заасан илт хууль бус актын шинжийг агуулахгүй талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

17. Тодруулбал, уг тогтоолыг хариуцагч Төв аймгийн Угтаалцайдам сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас гаргасан болох нь  тодорхой байх тул /маргаан бүхий актаас харахад/ Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.2-т заасан “бичгээр гаргасан захиргааны актыг баталсан байгууллага нь тодорхойгүй” гэх алдаанд хамаарахгүй, мөн тогтоолоор зохицуулсан асуудал тодорхой буюу бичил уурхайн зориулалтаар орон нутгийн тусгай хэрэгцээнд авах газрын байршил, хэмжээ, солбицол, хугацаа болон тухайн газарт үйл ажиллагаа явуулах хүсэлт гаргасан нөхөрлөлүүдэд хууль, журмын хүрээнд гэрээ байгуулж, хэрэгжилтэд нь хяналт тавих зэрэг үүргийг холбогдох этгээдэд хүлээлгэсэн нь утга агуулгын хувьд хэнд ч ойлгомжтой байх тул Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-д заасан “утга агуулгын илэрхий алдаатай” гэх илт хууль бус актын алдаанд хамаарахгүй юм.

18. Харин энэхүү маргаан бүхий 09 дүгээр тогтоол нь хариуцагч Төв аймгийн Угтаалцайдам сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 02 дугаартай тогтоолтой утга агуулга, үг үсэг, хавсралтын хувьд бүгд ижил буюу нэг акт байх бөгөөд гагцхүү дугаарлалт нь өөр, үүнийг хариуцагчаас “...Хурлаас 02 дугаар тогтоол гарсан, харин 09 гэж тогтоол гараагүй, энэ нь техникийн алдаа байсан тул залруулсан...” гэж тайлбарласан нь хэрэгт цугларсан бусад баримтаар нотлогдсоноос үзвэл маргаан бүхий акт нь “бичилтийн алдаатай” гэдэг нь илэрхий байна.

19. Захиргааны ерөнхий хуулийн 45 дугаар зүйлийн 45.1-д “Захиргааны актын бичилт болон тооцооны алдаа, түүнтэй адилтгаж болохоор өөр бусад илэрхий алдааг захиргааны актын үндсэн зохицуулалт, утга, агуулгыг өөрчлөхгүйгээр захиргааны байгууллага өөрөө, ...засах эрхтэй...” гэж заасан тул хариуцагч байгууллагаас маргаан бүхий актын алдааг залруулж, 09 гэснийг 02 болгож /утга, агуулгын ямар ч өөрчлөлтгүйгээр/ холбогдох байгууллагад хүргүүлснийг буруутгах үндэслэлгүй, иймд “шүүхүүд Захиргааны ерөнхий хуулийн холбогдох зүйл, заалтыг буруу тайлбарласан...” гэх энэ тогтоолын Тодорхойлох хэсгийн 4-5, 11-12-т заасан нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах боломжгүй.

20. Дээр дурдсанчлан хариуцагч анхнаасаа нэхэмжлэлийг үл зөвшөөрч, “...маргаан бүхий актыг илт хууль бусад тооцох үндэслэлгүй, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас 02 дугаар тогтоол гарсан, харин 09 гэж гараагүй, дугаарлалтын алдаа байсан...” гэсэн тайлбар өгч, түүнийгээ дэмжин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсоныг “хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн” гэж үзэхгүй тул “... шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1-д заасны дагуу хялбаршуулсан журмаар шийдвэрлэх ёстой байсан, 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг зөрчиж нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийсэн...” /Тодорхойлох хэсгийн 6-10/ гэсэн утгатай хяналтын гомдол үндэслэлгүй.

21. Нэхэмжлэгч нар анхнаасаа маргаан бүхий тогтоолыг “захиргааны акт” гэж үзэн “...илт хууль бус болохыг тогтоолгох”-оор маргасан, шүүх хэргийг энэхүү шаардлагын хүрээнд хянан шийдвэрлэсэн байхад, хяналтын журмаар гаргасан гомдолдоо “2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 09 дүгээр тогтоол нь тухайн сумын нутаг дэвсгэрээс бичил уурхайн зориулалтаар ашиглахаар тусгай хэрэгцээнд авсан, нийтээр дагаж мөрдөх буюу тухайн сумын иргэд бүхэлдээ мөрдөж, үйлчлэл нь давтагдаж байгаа тул хэм хэмжээний актад хамаарахаар байна. Захиргааны хэм хэмжээний актын хувьд тусгай хэрэгцээнд авсан асуудлыг 2 өөр тогтоолоор шийдвэрлэж байгаа нь утга агуулгын илэрхий алдаатайг нотолж байгаа болно. Нэхэмжлэгч иргэдийн зүгээс аль хэм хэмжээний актыг эрх зүйн үндэслэлтэй гэж үзэж дагаж мөрдөх нь эргэлзээтэй байх бөгөөд хуульд заасан эрх ашгийг нь хөндөж байна...” /Тодорхойлох хэсгийн 13-т/ гэж маргаж буйг хүлээн авах боломжгүй.

 22. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.7-д “Нийтлэг шинжээр тодорхойлогддог, эсхүл тодорхойлж болохуйц этгээдэд чиглэсэн, эсхүл эд юмсын нийтийн эрх зүйн байдлыг тодорхойлох, түүнийг ашиглахтай холбоотой захиргааны акт байж болно” гэсний дагуу маргаан бүхий тогтоолыг “захиргааны акт” гэж үзэх үндэслэлтэй тул нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн шүүхүүдийн шийдвэр үндэслэлтэй.

23. Түүнчлэн, маргаан бүхий актын улмаас нэхэмжлэгч нарын ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн нь тодорхойгүйгээс гадна нэхэмжлэгч нар яг ижил агуулга, эрх зүйн үр дагавар бүхий Төв аймгийн Угтаалцайдам сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 02 дугаартай тогтоолтой маргаагүй, иймд шүүхээс 09 дүгээр тогтоолын эрх зүйн үр дагаврыг дуусгавар болгосон ч 02 дугаар тогтоол хүчин төгөлдөр хэвээр байх тул тэдний эрх ашиг яаж сэргэх нь ойлгомжгүй байгааг дурдах нь зүйтэй.

24. Дээр дурдсан үндэслэлээр шүүх бүрэлдэхүүн нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангалгүй орхиж, шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээхээр тогтов.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 123/ШШ2019/0031 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 47 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч нарын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                         ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                         М.БАТСУУРЬ

                         ШҮҮГЧ                                                                 Г.БАНЗРАГЧ