Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 04 сарын 20 өдөр

Дугаар 197

 

С.Б , Д.Б  нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын ахлах прокурор О.Мөнхбаатар, хохирогч Л.Д , шүүгдэгч нарын өмгөөлөгч Б.Эрдэнэбат, П.Амгаланбаатар, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 1134 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 123 дугаар магадлалтай, С.Б , Д.Б  нарт холбогдох эрүүгийн хэргийг шүүгдэгч Д.Б ийн өмгөөлөгч П.Амгаланбаатар, шүүгдэгч С.Б , түүний өмгөөлөгч Б.Эрдэнэбат нарын гаргасан гомдлыг үндэслэн 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Ганзоригийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

1. Монгол Улсын иргэн, С.Б нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д заасан “Хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон” гэмт хэрэгт,

2. Монгол Улсын иргэн, Д.Б нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4-т заасан “Хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг, машин механизм ашиглаж, их хэмжээний хохирол учруулж үйлдэх” гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх прокуророос  С.Б д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар яллах дүгнэлт ирүүлсэн эрүүгийн хэргийг мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.3, 2.4 дэх заалт болгон зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж,

Шүүгдэгч С.Б ыг ганцаараа болон бүлэглэж, шүүгдэгч Д.Б ийг бүлэглэж буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.3, 2.4-т заасан хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг, машин механизм ашиглаж, их хэмжээний хохирол учруулж үйлдсэн гэмт хэрэгт гэм буруутайд тус тус тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4-т зааснаар шүүгдэгч С.Б ыг 8 жил хорих ялаар, шүүгдэгч Д.Б ийг 7 жил 6 сар хорих ялаар тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б д оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад, шүүгдэгч Д.Б ид оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлэхээр тогтоож,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б аас 89 356 317 төгрөгийг, ...шүүгдэгч Д.Б оос 80 779 817 төгрөгийг гаргуулж нэр бүхий хохирогч нарт олгохоор шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.Б , түүний өмгөөлөгч П.Амгаланбаатар, шүүгдэгч С.Б , түүний өмгөөлөгч Б.Эрдэнэбат нарын гаргасан гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч С.Б  гаргасан гомдолдоо “...Миний бие анх Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн 3 дугаар хэлтэст хулгайн хэргээр шалгагдаж байхдаа хэргээ өөрөө үнэн зөвөөр мэдүүлж хүлээсэн. Мөн хохирлоо төлж барагдуулж байсан буюу хохирогч Д.А эд 5 000 000 төгрөг, Адарсүрэнд 4 350 000 төгрөг өгсөн. Хохирогч Дондогийн хохиролд “Ланд Круйзер-105” загварын машин өгье гэсэн боловч аваагүй. Би ам бүл зургуулаа амьдардаг. Аав минь өндөр настай бөгөөд харвалт өгч тал бие нь мэдээгүй хэвтэрт байдаг. Эхнэр Олзбаяр нь унаж татдаг өвчтэй, хоёр хүү насанд хүрээгүй зэрэг ар гэрийн байдлыг минь харгалзан үзэж хорих ялыг минь хөнгөрүүлж хорих байгууллагын дэглэмд өөрчлөлт оруулж өгнө үү” гэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Д.Б ийн өмгөөлөгч П.Амгаланбаатар гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “...Миний үйлчлүүлэгч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4-т заасан гэмт хэрэгт холбогдон үйлдсэн гэмт хэргээ анхнаасаа үнэн зөвөөр мэдүүлж, энэхүү гэмт хэрэгт холбогдсондоо харамсан гэмшиж ирсэн. Энэ байдал нь мөрдөн байцаалтын үед хохирлоо төлж байсан, төлөх оролдлого хийж, төлөхөө илэрхийлж байсан зэргээс харагдана. Анхан шатны шүүх үүнийг дүгнэхдээ Эрүүгийн хуульд заасан хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэсэн боловч 7 жил 6 сар хорих ял оногдуулсныг давж заалдах шатны шүүх хэвээр шийдвэрлэсэн. Хохирогч Л.Д  нь хулгайд алдсан гэх мөнгөө 61 500 ам доллар, 16 000 000 төгрөг эсхүл 55 900 ам доллар, 10 000 000 төгрөг гэж зөрүүтэй мэдүүлж байсан. Хэрэгт холбогдсон Д.Б , С.Б  нар нь 40 000 ам доллар, 8 000 000 төгрөг байсан тухай анхнаасаа тууштай мэдүүлсэн. Хохирогчийн хэлж байгаа мөнгө яг гэмт хэрэг гарах үед байсныг нотолсон баримт хэрэгт огт байхгүй.

Мөн бусад хохирогч нарын хувьд хулгайд алдагдсан эд зүйлээ яг байсан тухай нотолсон баримт байхгүй бөгөөд хохирлын үнэлгээ зөрүүтэй гарч уг үнэлгээнүүдийн өндөр үнийн дүнтэйг сонгон хохирлыг бодсон нь буруу тул хохирлын тооцоо, үнэлгээг зөв тогтоосон тохиолдолд хохирсон хүмүүсийг хохиролгүй болгох боломжтой.

Улсын яллагч дүгнэлтдээ шүүгдэгч Д.Б ийг 5 жил 8 сар хорих ял оногдуулах саналыг оруулсан боловч анхан шатны шүүх уг саналыг үл тоон 7 жил 6 сар хорих ял оногдуулсан нь миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан шийдвэр болсон.

Хэргийн болон бусад нөхцөл байдалд тохироогүй, хэргийн үнэн зөвийг гүйцэд нотлолгүй Эрүүгийн хуулийг буруу хэрэглэж хүнд ял оногдуулсан тул анхан шатны шүүхийн тогтоол, ...давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулан хорих ялаас хасах, эсхүл хохирлын тооцоог зөв болгох, хэргийг үнэн зөвөөр шийдвэрлүүлэх үүднээс хэргийг мөрдөн байцаалтад буцааж өгнө үү” гэв.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч С.Б ын өмгөөлөгч Б.Эрдэнэбат гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “...Анхан болон давж заалдах шатны шүүх С.Б д ял оногдуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, нөлөөлж болохуйц нөхцөл байдал буй болгосон гэж үзнэ. Тухайлбал, С.Б ыг хаалттай хорих байгууллагад ял эдлүүлэхээр тогтоохдоо түүний 2000 он, 2007 онд тэнсэн харгалзсан байдлыг буюу ялтай байдал гэсэн хуучин хүчингүй болсон хуулийн заалтыг үндэслэл болгон хэрэглэсэн. Мөн хохирогч Л.Д ийн гэрээс Д.Б той бүлэглэн хулгайлсан үйлдэл нь 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдөр буюу 2002 оны Эрүүгийн хууль үйлчилж байх цаг хугацаанд байсан. 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5 дугаар зүйлд “Хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх” зарчим үйлчлэх хуультай. Гэтэл нэг гэмт хэрэг хоёулаа хамтран үйлдсэн С.Б ыг “хаалттай” хорих байгууллагад, Д.Б ийг “нээлттэй” хорих ангид ялыг нь эдлүүлэхээр зааж өгсөн.

2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5 дугаар зүйлийг хэргийн холбогдогч нарт тэгш үйлчлэх ёстой гэж үзнэ. Энэ утгаараа анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийг буруу хэрэглэсэн. С.Б д 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг 2002 оны Эрүүгийн хуулийг баримталж 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4 дэх хэсэг болгож хөнгөрүүлсэн атлаа дэглэмийг нь хөнгөрүүлээгүй. Шүүгдэгч Д.Б ийг хохирогч Л.Д ийн гэрээс хулгай хийгээд гарч явахад түүний охин харсан, таньсан, дүр төрхийг сайн тогтоож авсны улмаас цагдаад мэдүүлж маш адилхан дүр зургийг зуруулсан байдаг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.7-д зааснаар С.Б ын ял эдлэх хорих байгууллагын дэглэмийг нээлттэй болгож, шийтгэх тогтоол, магадлалд өөрчлөлт оруулж өгнө үү” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд прокурор О.Мөнхбаатар гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “... Шүүгдэгч нарт холбогдох хэргийг хянан хэлэлцсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлал хэргийн бодит байдалд нийцээгүй буюу Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Учир нь С.Б д холбогдуулж үйлдсэн яллах дүгнэлтийн амьдралын эх үүсвэр болгосон гэх зүйл ангийг үндэслэлгүйгээр өөрчилсөн. Өөрөөр хэлбэл зөвхөн гэмт хэрэг үйлдсэн хугацааг тооцож зүйлчлэлийг өөрчилсөн байна. Мөн давж заалдах шатны шүүх “...Гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувьд тухайн төрлийн гэмт хэргийг үйлдэх нь амьдралынх нь хэвшил болсон буюу бусдын эд хөрөнгийг шунахай зорилгоор, хууль бус аргаар өөрийн болгож, амар хялбар аргаар амьдрах боломжийг байнга эрэлхийлж, түүнд чиглэсэн үйл ажиллагааг тогтвортой явуулсан байдал, гэмт хэрэг үргэлжлүүлэн үйлдсэн хугацаа, учруулсан хохирлын хэмжээ зэргийг харгалзан үздэг” гэсэн атлаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д заасан зүйлчлэлийг өөрчилсөн нь үндэслэлтэй гэж дүгнэсэн нь ойлгомжгүй. Байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгосон үйлдэл нь зөвхөн амьдралын хэвшил болгохоос гадна учруулсан хохирлын хэмжээ, амьдралын хэв маягтай холбоотой. Өөрөөр хэлбэл шүүгдэгч нар нь гадаад улс руу аялах, мөрийтэй тоглох зэргээр мөнгийг амьдралын хэв маяг, дур сонирхолдоо нийцүүлж зарцуулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д заасантай нийцэж байна. Мөн Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас шүүгдэгч нарыг яллагдагчаар татахдаа ялгавартай хандаж ял сонсгосон бөгөөд тогтоолдоо ямар үндэслэлээр ингэж зүйлчилсэн талаар тодорхой тусгаагүй. Иймд хэргийг прокурорт буцааж, зүйлчлэлийг зөвтгөн шийдвэрлэх нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч С.Б , түүний өмгөөлөгч Б.Эрдэнэбат, шүүгдэгч Д.Б ийн өмгөөлөгч П.Амгаланбаатар нарын гаргасан гомдлыг үндэслэн С.Б , Д.Б  нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Прокуророос С.Б  нь ганцаараа 2018 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Д.А ийн,

С.Б , Д.Б  нар нь бүлэглэн 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдрөөс 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн хооронд Л.Д , Д.А, Э.Я, Б.О, Д.Д нарын  орон байранд нэвтэрч эд хөрөнгийг нь хулгайлсны улмаас нийт 180 045 630 төгрөгийн хохирол учруулсан үйлдэлд яллах дүгнэлт үйлдэхдээ С.Б ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтын гэмт хэрэг,

Д.Б ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4 дэх заалтын гэмт хэрэг үйлдсэн гэж ялгаатай зүйлчилж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Шүүхүүд хэргийг хянан хэлэлцээд С.Б  нь ганцаараа нэг, С.Б , Д.Б  нар нь бүлэглэн 5 удаагийн үйлдлээр бусдын орон байранд нэвтэрч эд хөрөнгө хулгайлсан нөхцөл байдлыг тогтоогдсон гэж дүгнээд С.Б д холбогдох хэргийн зүйлчлэлийг Д.Б той адил зүйлчилж, тэдгээрт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4 дэх заалтуудаар эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэсэн байна.

2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангид “Хулгайлах” гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон тохиолдолд хүндрүүлэн үзэхээр тодорхойлсон.

Энэ төрлийн гэмт хэргийг үйлдэж буй этгээд гэмт хэрэг үйлдэх, үүнээс ашиг олох зорилгоо өөрийн амьдралын хэвшил болгож, гэмт хэрэг үйлдэх замаар амьдрах боломжийг эрэлхийлж байгаа нь уг хүний гэмт санаа аюултай түвшинд хүрснийг илтгэх бөгөөд уг үйлдлүүд нь цаг хугацаа буюу хөөн хэлэлцэх хугацааны хамааралтай гурав, түүнээс дээш удаагийн үйлдлийг хамааруулан авч үзнэ.

Энэхүү эрүүгийн эрх зүйн онолын ойлголтыг хууль тогтоогч гэмт хэргийн хүндрүүлэх шинж болгон хуульчилсан байхад С.Б д холбогдох хэргийн зүйлчлэлийг үйл баримттай нь уялдуулж дүгнэлт хийхдээ объектив болон субъектив нөхцөл байдал нь дээрх ойлголттой нийцэж байгаа эсэхэд хоёр шатны шүүх ямар нэгэн дүгнэлт хийгээгүй нь шүүхийн шийдвэр үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Түүнчлэн прокуророос яллах дүгнэлт үйлдэхдээ С.Б  нь нийт 6, Д.Б  нь нийт 5 удаагийн үйлдэлтэй гэмт хэрэг үйлдсэн байхад юуг үндэслэж, эрүүгийн хариуцлагын хэмжээ болон шинжийн хувьд эрс ялгаатай зүйлчилсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан “Шударга ёсны зарчим”-д нийцээгүй, хоёр шатны шүүх энэхүү ялгааг хөнгөн гэмт хэргийнх нь түвшинд ижил байдлаар зүйлчлэхдээ яагаад, ямар учраас гэсэн асуултад бүрэн хариулт өгч чадаагүй, ойлгомжгүй хууль зүйн дүгнэлт хийжээ.

Шүүгдэгч С.Б , Д.Б  нарын үйлдсэн гэмт хэргийн үйлдлийн арга, зан үйлийн хэвшил болж тогтсон хандлага, үйлдсэн гэмт үйлдлийн тоо, давтамж, гэмт үйлдлүүдийн шинж чанарын төстэй байдал, гэмт хэргийн улмаас хууль бусаар олсон орлогын хэмжээтэй холбоотой хууль зүйн дүгнэлт хийх нь хэргийн зүйлчлэл, эрүүгийн хариуцлагын хэр хэмжээнд шууд нөлөөлнө.

Шүүхийн шийдвэрт нөлөөлж болохуйц дээрх нөхцөл байдлууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд заасан “Хэргийн бодит байдлыг тогтоох”-д чухал ач холбогдолтой тул анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрүүд хуульд заасан шаардлагыг хангаагүй гэж үзэхээс гадна, энэхүү хоёр хүний үйлдлийг ялган зүйлчлэх болсон хууль зүйн үндэслэлийг прокурор зайлшгүй дүгнэж ирүүлэх нь зүйтэй бөгөөд үүнийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй юм.

Ийм ч учраас шүүх хуралдаанд оролцсон Улсын ерөнхий прокурорын газрын ахлах прокурор хэргийг буцаан авч нэмэлт ажиллагаа хийх шаардлагатай байна гэсэн санал гаргасныг хүлээн авах хууль зүйн бүрэн үндэслэлтэй гэж үзлээ.

Иймд шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож хэргийг прокурорт буцаах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 1134 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 123 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, С.Б , Д.Б  нарт холбогдох хэргийг прокурорт буцаасугай.

2. Шүүгдэгч С.Б , түүний өмгөөлөгч Б.Эрдэнэбат, шүүгдэгч Д.Б ийн өмгөөлөгч П.Амгаланбаатар нарын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

      ДАРГАЛАГЧ                                                     Б.ЦОГТ

                                               ШҮҮГЧ                                                         Б.АМАРБАЯСГАЛАН

                                                                                                                    Д.ГАНЗОРИГ

                                                                                                                    Ч.ХОСБАЯР

                                                                                                                    Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН