Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 05 сарын 11 өдөр

Дугаар 210/МА2018/01096

 

2018 оны 05 сарын 11 өдөр

Дугаар 210/МА2018/01096

 

 

Хадгаламж банк ХХК дахь банкны эрх хүлээн авагчийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч С.Энхтөр, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 102/ШШ2018/00710 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Хадгаламж банк ХХК дахь банкны эрх хүлээн авагчийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Э.Төгсзаяа,

Хариуцагч: Бльюбарлэй ХХК-д тус тус холбогдох,

 

Түрээсийн гэрээний үүрэгт 55 333 016 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй,

Түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж, 168 493 080 төгрөг буцаан гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.Гантөмөр

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч: Э.Хангай

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Чинхүслэн нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Монгол банкны ерөнхийлөгчийн 2013 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн А153 дугаартай тушаалаар Хадгаламж банкны банкны эрх хүлээн авах албадлагын арга хэмжээг авч, банкны эрх хүлээн авагчийг томилсон. Монгол банкны ерөнхийлөгчийн 2013 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн А175 дугаартай тушаалаар Хадгаламж банк ХХК-ийн банк байгуулах тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон. Ингэснээр тус банкны хувьд олгосон бүхий л тусгай зөвшөөрөл хүчингүй болсон. Өнөөдрийг хүртэл Монгол банкны ерөнхийлөгчийн тушаалаар банкны эрх хүлээн авагчийн хувьд бүрэн эрхийн хугацаа сунгагдаад явж байгаа.

Банкны тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар эрх хүлээн авагчийг томилсноор банкны эрх бүхий албан тушаалтан болон эд хөрөнгийг захиран зарцуулах эрх шилждэг. Банкны эрх хүлээн авагчаас Хадгаламж банкны чанаргүй зээлийг төлүүлэх ажлын хүрээнд Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, 5-р хороолол, Сөүлийн гудамжны 27 дугаартай байрны 2 давхарт байрлах үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг Хадгаламж банкны өмчлөлд шилжүүлж, 2014 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Ү-2203018328 дугаартай гэрчилгээг авсан. Энэ үл хөдлөх хөрөнгө Хадгаламж банкны өмчлөлд шилжихээс өмнө буюу 2013 оны 03 дугаар сарын 27-ны өдөр өмнөх өмчлөгч буюу хариуцагч Э.Төгсзаяа нарын хооронд түрээсийн гэрээ байгуулагдсан байдаг. Энэхүү гэрээгээр 2013 оны 03 дугаар сарын 27-ны өдрөөс 2016 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацаагаар түрээслүүлэх, түрээсийн төлбөрт сард 10 000 доллар төлөхөөр тохирсон байсан. Иргэний хуульд зааснаар Хадгаламж банк өмчлөгч болсноор түрээслүүлэгчийн эрх үүргийг 2014 оны 01 дүгээр сарын 27-ны өдрөөс эхэлж хэрэгжүүлсэн.

Т.Тэлмэн нь 2014 оны 3 дугаар сарын түрээсийн төлбөрт 10 000 ам.доллар, 4 дүгээр сарын түрээсийн төлбөрт 10 000 ам.доллар, 5 дугаар сарын түрээсийн төлбөрт 1 854.70 ам.доллар нийт 21 854.70 ам.доллар буюу 2013 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн Монгол банкнаас зарласан 1 ам.долларын ханш 1410.60 төгрөгөөр тооцож нийт 30 830 000 төгрөгийн түрээсийн төлбөрийг төлсөн. Үлдэх түрээсийн төлбөрийг 2014 оны 7 дугаар сарын 21-ний өдөр хүртэл хугацаагаар тооцож гаргасан.

Иймд Э.Төгсзаяа болон Бльюбарлэй ХХК-иас 2014 оны 5 дугаар сарын түрээсийн төлбөр 8 145.20 ам.доллар, 2014 оны 6 дугаар сарын түрээсийн төлбөр 10 000 ам.доллар, 2014 оны 7 дугаар сарын 20-ныг хүртэл хугацааны түрээсийн төлбөр 6 451.61 ам.доллар нийт 24 596.81 ам.доллар, алданги 3 169.10 ам. доллар нийт 27 765.91 ам.долларыг нэхэмжлэл гаргах өдрийн Монгол банкны 1 ам.долларын ханш 1 992.84 төгрөгөөр тооцож 55 333 016 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анх 2013 оны 03 дугаар сарын 27-ны өдөр З.Анхбаяр, Э.Төгсзаяа нар түрээсийн гэрээ байгуулсан. Гэтэл 2014 оны 1 дүгээр сард түрээсийн зүйл нь эрхийн зөрчилтэй болохыг мэдсэн. Өмчлөгч нь солигдож Хадгаламж банкны эрх хүлээн авагчаас байрнаас гарах тухай мэдэгдсэн албан бичиг ирснээр өмчлөгч солигдсоныг мэдсэн.

Түрээсийн объектыг ашиглаж байхдаа үйл ажиллагаагаа тасралтгүй явуулахын тулд засварын ажил хийсэн. Тухайн үед объект засварын ажил явагдаж байсан учраас хариуцагч нарын зүгээс түрээсийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай саналуудыг нэхэмжлэгчид өгөөгүй. Аль болох засварыг дуусгаж үйл ажиллагааг үргэлжлүүлэн явуулах сонирхолтой байсан учраас түрээсийн мөнгийг төлсөн. Ингээд засварын ажил дууссаны дараа Суоно Лоунж караоке үйл ажиллагаагаа явуулсан.

Тухайн үед хариуцагч талаас нэхэмжлэгч талтай гэрээн дээр нэмэлт заалт оруулах, гэрээний үүргээ биелүүлэх, бүртгүүлэх тал дээр санал солилцоогүй. Аман байдлаар ярилцсан бөгөөд шийдэлд хүрээгүй байж байгаад 2015 оны 1 дүгээр сар хүртэл үйл ажиллагаагаа явуулсан.

Хариуцагч нарын зүгээс н.Анхбаяр гэж хүнтэй уг гэрээг 3 жилийн хугацаатай байгуулж, үй ажиллагаа явуулах тал дээр гэрээгээр тохирсон зүйлүүд байсан. н.Анхбаяр тухайн объектыг эрхийн доголдолтой байсан талаар мэдэгдээгүй байсан учраас ийм асуудал үүссэн. Нэхэмжлэгч нь хариуцагч н.Энхмаад удаа дараа мэдэгдсэн гэдэг боловч н.Энхмаа нь Т.Тэлмэн, н.Төгсзаяа нарын ээж, энэ хэрэгтэй холбоотой субъект биш. Тэгэхээр энэ гэрээг хуульд зааснаар бүртгүүлэх үүргээ биелүүлээгүй, хүчин төгөлдөр бус гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй.

Монгол банкны ерөнхийлөгчийн А157 тоот тушаалын гол зорилго нь чанаргүй зээлийг нөхөн төлүүлэх зорилгоор эрх хүлээн авагч томилсон. Хадгаламж банкны эрх хүлээн авагч Банкны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасан үйл ажиллагааг хэрэгжүүлэх ёстой субъект. Түрээсийн гэрээний үр шимийг нэхэмжлэгч авах ёстой гэж маргаж байна. Чанаргүй зээлийг төлүүлэх зорилгоор томилогдсон эрх хүлээн авагч түрээсийн гэрээний төлбөрийг нэхэмжлэх эрхгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэв.

 

Шүүх: Иргэний хуулийн 232-р зүйлийн 232.6 дахь хэсэг, 318-р зүйлийн 318.1 дэх хэсэгт заасныг баримтлан Бльюбарлэй ХХК, Э.Төгсзаяа нараас 55 333 016 төгрөг гаргуулахыг хүссэн Хадгаламж банк ХХК дахь банкны эрх хүлээн авагчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106-р зүйлийн 106.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Э.Төгсзаяа нь Хадгаламж банк ХХК дахь банкны эрх хүлээн авагчаас 168 493 380 төгрөг гаргуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлээ татан авсныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41-р зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурьдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 1 065 500 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна.

Монгол банкны Ерөнхийлөгчийн 2013 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн А-153 дугаартай тушаалаар Хадгаламж банк ХХК-д Банкны эрх хүлээн авах албадлагын арга хэмжээг авч мөн өдрийн А-157 дугаартай тушаалаар Хадгаламж банк ХХК-ийг хуулийн этгээдийнх нь хувьд албадан татан буулгахаар шийдвэрлэж, татан буулгах ажиллагааг хууль тогтоомжид заасны дагуу хийж гүйцэтгэхийг банкны эрх хүлээн авагчид даалгасан.

Монголбанкны Ерөнхийлөгчийн 2013 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн А-175 дугаартай тушаалаар Хадгаламж банк ХХК-ийн банк байгуулах тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон. Ингэснээр Банкны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2-д заасан "Банк байгуулах тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосноор банкны үйл ажиллагаа эрхлэх талаар урьд олгосон бүх зөвшөөрөл хүчингүй болно" гэх үр дагавар үүссэн. Хадгаламж банк ХХК-ийг хуулийн этгээдийн хувьд татан буулгах ажиллагаа нь дуусгавар болоогүй, үргэлжилж байгаа бөгөөд Хадгаламж банк ХХК-ийн хуулийн этгээдийн иргэний эрх зүйн чадвар нь Иргэний хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д "Хуулийн этгээдийн иргэний эрх зүйн чадвар улсын бүртгэлд бүртгүүлснээр үүсч, хуульд заасан журмын дагуу татан буугдаж, улсын бүртгэлээс хасагдсанаар дуусгавар болно" гэж зааснаар дуусгавар болоогүй тул түүний үйл ажиллагаа нь Компанийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.2-д "Банк, санхүү, даатгал, үнэт цаасны салбарт компани үүсгэн байгуулах, түүний үйл ажиллагааны онцлогтой холбогдсон харилцааг бусад хуулиар, нийтлэг харилцааг энэ хуулиар тус тус зохицуулна" гэж заасны дагуу Компанийн тухай хуулиар зохицуулагдаж байна.

Компанийн тухай хуулийн 8 дугаар зүйлд зааснаар комнани нь хуулиар хориглоогүй бүх төрлийн үйл ажиллагаа эрхэлж, үйл ажиллагаагаа эрхлэхэд шаардагдах эрх эдэлж, үүрэг хүлээх бөгөөд хуулийн этгээдийн хувьд нь албадан татан буугдах ажиллагаа хийгдэж байгаа, иргэний эрх зүйн чадвар нь дуусгавар болоогүй байгаа Хадгаламж банк ХХК нь Хадгаламж банкны хэвийн үйл ажиллагаа явуулж байх үеийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар өөрийн өмчлөлд шилжүүлэн авсан эд хөрөнгийн хамт шилжин ирсэн түрээслүүлэгчийн эрх, үүргийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх эрхтэй юм. Энэ талаар Банкны тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.9-д "Банкны эрх хүлээн авагч нь банкийг татан буулгах арга хэмжээний хүрээнд тухайн банктай холбогдох зарим үйл ажиллагааг үргэлжлүүлэх, зогсоох бүрэн эрхтэй" гэж заасан байдаг.

Шүүхээс банкны эрх хүлээн авагч нь гэрээний үүрэг шаардах эрхгүй гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн зорилтод заасан зарчмыг бүхэлд нь зөрчсөн нь дараах байдлаар тогтоогдоно. Үүнд Хадгаламж банк ХХК нь хариуцагчийн түрээсийн үйл ажиллагаа явуулж, үр ашиг хүртэж байсан хөрөнгийн өмчлөгч болсноор иргэний эрх зүйн харилцаан дахь өмчлөгчийн эрх болон үүргийг хэрэгжүүлэх болсон. Үүргийн тухайд хөрөнгийн татвар төлөх гэх мэт нийтлэг үүрэг байхаас гадна өмчлөгчийн хувьд тодорхой эрсдэл үүрч байсан. Өмчлөлийн барилга нурсан, гэмтсэн тохиолдолд бусдад гэм хор учирвал түүнийг өмчлөгч хариуцах үүрэгтэй. Хариуцагч нарыг үйл ажиллагаа явуулж байх хугацаанд өмчлөгчийн эрсдлийг хуулийн дагуу хүлээж байсан Хадгаламж банк ХХК нь өмчлөлийн зүйлийн үр шимийг хүртэх, шаардлага гаргах эрхгүй гэж үзэх нь Үндсэн хуулийн 5 дугаар зүйлийн 5.3, Иргэний хуулийн 103 дугаар зүйлийн 103.1-д тус тус заасан өмчлөгчийн эрхийг гагцхүү хуулиар хязгаарлах зохицуулалт болон тэгш эрхийн болон шударга ёсны зарчимд нийцэхгүй. Анхан шатны шүүх Банкны эрх хүлээн авагч нь Банкны тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.3 дахь хэсэгт зааснаар "...банкны активыг төлүүлэх, өр төлбөрийг барагдуулах..", 69 дүгээр зүйлийн 69.1-д заасан бүрэн эрхийг хэрэгжүүлдэг гэж үндэслэл бүхий дүгнэлт хийсэн хэрнээ Банкны тухай хуулийн 7.1-д "Банк, энэ хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.2.1-6.2.6-д зааснаас бусад үйл ажиллагаа эрхлэхийг хориглох бөгөөд зээлийн барьцаалсан эд хөрөнгийг зээлийн төлбөр төлүүлэх, өр барагдуүлах зорилгоор түр эзэмших болон өмчлөх, үйл ажиллагааны зардлаа нөхөх зориулалтаар хөлслүүлэх, түрээслүүлэх, худалдах үйл ажиллагаа үүнд хамаарахгүй" гэх зохицуулалтыг хэрэглээгүй нь хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэх үндэслэл болж байна.

Банкны эрх хүлээн авагч нь Банкны тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.3, Монголбанкны Ерөнхийлөгч, Сангийн сайдын 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн А-193/228 дугаартай Журам шинэчлэн батлах тухай тушаалын хавсралтаар батлагдсан "Активыг ангилах, активын эрсдлийн сан байгуулж, зарцуулах журам"-ын 1.12.1, 1.12.2-д зааснаар банкны эрх хүлээн авагч нь банкны актив буюу авлагыг төлүүлэх үндсэн чиг үүрэгтэй байхад шүүхээс буруу, үндэслэлгүй дүгнэлт хийлээ.

Түрээслэгч, түрээслүүлэгч нарын хооронд байгуулагдсан түрээсийн гэрээ нь хүчин төгөлдөр бус болсноор түрээслэгч нь түрээсийн зүйлийг ашигласан хугацааны төлбөрийг төлөх үүргээс чөлөөлөгдөхгүй. Нөгөө талаар хариуцагч нь бусдын өмчлөлийн түрээсийн эд хөрөнгийг үнэ төлбөргүй ашиглах, өөрийн эзэмшилд байлгах эрхтэй болохыг нотлоогүй. Мөн түрээсийн гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэх нь зөвхөн түрээслүүлэгчийн үүрэг биш бөгөөд түрээслэгчид өөрт нь хамааралтай үүрэг болно.

Түрээслэгч нь 2014 оны 04 дүгээр сараас түрээсийн эд хөрөнгөд Суоно лоунж караокегийн үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн ба нэхэмжлэлийн шаардлагад хамаарах хугацаанд үйл ажиллагааг тасралтгүй явуулж байсан ба энэ нь хариуцагчийн шүүх хуралдаанд гаргаж байсан тайлбар, тэмдэглэлээр нотлогдоно.

Хэлцлийн дагуу авсан бүх зүйлийг харилцан буцаах тохиолдолд түрээсийн хөрөнгийг эзэмшиж, ашиглаж байсан байдлыг түрээслэгчээс түрээслүүлэгчид биет байдлаар буцаах боломжгүй, талуудын хооронд хүсэл зоригоо илэрхийлэн бичгээр байгуулж нотариатаар гэрчлүүлсэн гэрээг байгуулсан үйл баримтад эрх зүйн дүгнэлт хийсэнгүй. Түрээслэгч нь хөрөпгийг ашигласан хугацааны түрээсийн төлбөрөөр үндэслэлгүй хөрөнгөжих учиргүй.

Үүнээс дүгнэн үзвэл шүүх Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар буюу мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байсан атал хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэсэнгүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт зааснаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн хангасан байна.

 

Нэхэмжлэгч Хадгаламж банк ХХК дахь банкны эрх хүлээн авагч нь хариуцагч Э.Төгсзаяа, Бльюбарлэй ХХК-д тус тус холбогдуулан түрээсийн гэрээний үүрэгт 55 333 016 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, 168 493 080 төгрөгийг буцаан гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь сөрөг нэхэмжлэлээ татан авсныг анхан шатны шүүх баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3 дахь хэсэгт заасантай нийцжээ.

 

Маргааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгө нь 2012 оны байдлаар иргэн Т.Баярхүүгийн өмчлөлд байсан, тэрээр иргэн З.Анхбаярт итгэмжлэл олгосны үндсэн дээр 2013 оны 03 дугаар сарын 27-ны өдөр иргэн Э.Төгсзаяад гэрээ байгуулж, түрээсэлсэн үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоосон. Уг гэрээ нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3 дахь хэсэгт зааснаар улсын бүртгэлд бүртгүүлээгүй тул мөн хуулийн 318 дугаар зүйлийн 318.4 дэх хэсэгт зааснаар хүчин төгөлдөр бус байна.

 

Монголбанкны Ерөнхийлөгчийн 2013 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн А-153 дугаар тушаалаар Хадгаламж банк ХХК-ийн эрх хүлээн авах албадлагын арга хэмжээ авч банкны эрх хүлээн авагчийг томилсон, энэ ажиллагаа хүчинтэй байна.

 

Хадгаламж банктай байгуулсан 2012 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн зээлийн гэрээний үүргийг иргэн З.Баярхүү зохих ёсоор биелүүлээгүйгээс тэрээр барьцааны зүйл болох дээрх үл хөдлөх эд хөрөнгийг зээлдэгчийн өмчлөлд шилжүүлэхээр Хадгаламж банк ХХК дахь банкны эрх хүлээн авагчтай 2014 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр гэрээ байгуулсан.

 

Уг гэрээг үндэслэн маргааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр Хадгаламж банк ХХК дахь банкны эрх хүлээн авагч 2014 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр улсын бүртгэлд бүртгэж, гэрчилгээ олгогджээ.

 

Иймд нэхэмжлэгч нь маргааны зүйлийг түрээсэлсэн түрээсийн гэрээний түрээслэгч болох боловч уг гэрээ нь хуульд зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл байх тул нэхэмжлэгчийн түрээсийн гэрээний үүрэг шаардсан нэхэмжлэл үндэслэлгүй болсон. Энэ үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв юм.

 

Нөгөөтэйгүүр арилжааны банк нь хуулиар зөвшөөрөгдсөн үйл ажиллагаа эрхлэх хүрээнд үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч болохын хувьд түрээсийн үйл ажиллагааг 2014 оны байдлаар эрхлэх эрхгүй нь Банкны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар тогтоогдож байна. Банкны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсгийн заалтад 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр өөрчлөлт оруулж арилжааны банкинд өмчлөлийн зүйлийг түрээслэх эрх олгосныг буцаан хэрэглэхгүй. Энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 102/ШШ2018/00710 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.12-т зааснаар нэхэмжлэгч нь давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй хэргийн оролцогч магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАТЗОРИГ

 

ШҮҮГЧИД С.ЭНХТӨР

 

Э.ЗОЛЗАЯА