Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 12 сарын 27 өдөр

Дугаар 210/МА2018/00029

 

 

 

 

 

2017 оны 12 сарын 27 өдөр

Дугаар 210/МА2018/00029

 

 

 

Эбердигм Монгол ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч М.Наранцэцэг, Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 101/ШШ2017/03365 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Эбердигм Монгол ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Хамтын эх булаг ХХК-д холбогдох

Тоног төхөөрөмжийн түрээсийн төлбөр 300 000 000 төгрөг гаргуулах, гэрээний зарим хэсгийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцох, гэрээний гүйцэтгэлд төлсөн 97 022 ам.доллар буюу 127 195 842 төгрөгийг буцаан гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн төлөөлөгч В.Ганзоригийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Б.Нармандах илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Эрдэнэтөгс

Хариуцагчийн өмгөөлөгч О.Отгонбаяр

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Цэрэнханд нар оролцов.

Нэхэмжлэгч Эбердигм Монгол ХХК, итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Эрдэнэтөгс нарын нэхэмжлэл болон сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбарт: Хамтын эх булаг ХХК нь манай компаниас 2012 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр 001/12 дугаар тоног төхөөрөмж түрээсээр худалдах, худалдан авах опционы гэрээ (Зээлээр худалдах, худалдан авах)-г байгуулж DX480LCA маркийн гинжит экскаваторыг 18 сарын хугацаатай, 1 сарын 1,5 хувийн хүүтэй, 2012 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 027/2012, 028/2012 дугаар тоног төхөөрөмж зээлээр худалдах, худалдан авах гэрээг байгуулж, SD300 маркийн дугуйт ачигч 2 ширхэгийг 13 сарын хугацаатай, 1 сарын 1,5 хувийн хүүтэй, тус тус худалдан авсан. Хариуцагч нь тоног төхөөрөмжүүдийг хүлээн авснаас хойш DX480LCA экскаваторын үнэнд нийт гэрээнд заасан хуваарьт төлбөрөөс хамгийн сүүлд буюу 2012 оны 08 дугаар сарын 01-ний өдөр төлбөр төлсөн бөгөөд түүнээс хойш төлбөрийг төлөөгүй, хоёр ширхэг SD300 маркийн дугуйт ачигчийн төлбөрт хариуцагч нь төлбөрийг төлөлгүйгээр авч ашигласан. Бид өөрсдийн тоног төхөөрөмжүүдийг 2014 оны 08 сарын 27-ны өдөр хариуцагчаас эргүүлэн авсан. Гэрээг цуцалсан тохиолдолд түүнээс үүсэх үр дагаврыг талууд Тоног төхөөрөмж зээлээр худалдах, худалдан авах гэрээнүүдийн 3.3 дахь заалтаар тохиролцсон буюу тоног төхөөрөмжийг ашигласан хугацааг түрээсийн хугацаанд тооцож худалдан авагч нь түрээсийн төлбөрийг худалдагчид төлөх үүрэг хүлээсэн. Гэрээний дагуу түрээсийн төлбөрийг тооцож үзвэл: DX480LCA экскаваторыг 2012 оны 5 сарын 10-ны өдрөөс эхлэн 2013 оны 07 сарын 30-ны өдрийг хүртэл буюу нийт 445 өдөр тэнцүү 14,83 сарын хугацаагаар түрээсэлсэн. Нэг сарын түрээсийн төлбөр нь гэрээгээр тохиролцсоны дагуу 18 400 ам.доллар тул 14, 83 сарын түрээсийн төлбөр нь 272 872 ам.доллар болж байна. Үүнээс хариуцагчийн гэрээний урьдчилгаа төлбөрт төлсөн 55 440 ам.доллар, 2 удаагийн хуваарьт төлбөрт төлсөн 41,582 ам.доллар, нийт 97 022 ам.долларыг хасвал хариуцагч нь 175,850 ам.доллар буюу 230 539 350 төгрөгийн түрээсийн төлбөрийг төлөх үүрэгтэй байна. 2987 УБ улсын дугаартай SD300 дугуйт ачигчийг 2012 оны 09 сарын 08-ны өдрөөс эхлэн 2013 оны 07 сарын 30-ны өдрийг хүртэл буюу нийт 325 өдөр тэнцүү 10,83 сарын хугацаагаар түрээсэлсэн. Нэг сарын түрээсийн төлбөр нь гэрээгээр тохиролцсоны дагуу 9 900 ам,доллар тул 10,83 сарын түрээсийн төлбөр нь 107 217 ам,доллар буюу 149 460 498 төгрөг болж байна. Хариуцагч нь энэхүү техникийн урьдчилгаа болон хуваарьт төлбөрөөс огт төлөөгүй. 2988 УБ улсын дугаартай SD300 дугуйт ачигчийг 2012 оны 09 сарын 07-ны өдрөөс эхлэн 2013 оны 07 сарын 30-ны өдрийг хүртэл буюу нийт 326 өдөр тэнцүү 10,86 сарын хугацаагаар түрээсэлсэн. Нэг сарын түрээсийн төлбөр нь гэрээгээр тохиролцсоны дагуу 9 900 ам,доллар тул 10,86 сарын түрээсийн төлбөр нь 107 514 ам,доллар буюу 149 874 516 төгрөг болж байна. Хариуцагч нь энэхүү техникийн урьдчилгаа болон хуваарьт төлбөрөөс огт төлөөгүй. 2987 УБ улсын дугаартай SD300 маркийн дугуйт ачигчийн түрээсийн төлбөрт 149 460 498 төгрөг, 2988 УБ улсын дугаартай SD300 маркийн дугуйт ачигчийн түрээсийн төлбөрт 149 874 516 төгрөг, 1830 УБ DX480LCA экскаваторын түрээсийн төлбөрт 230 539 350 төгрөг, эдгээр 3 тоног төхөөрөмжийн түрээсийн төлбөрт нийт 529 874 364 төгрөгийг хариуцагч төлөх үүрэгтэй боловч нэхэмжлэгч нь энэхүү төлбөрийг 229 874 364 төгрөгөөр багасгаж, 300 000 000 төгрөгийг нэхэмжилж байна. 2012 оны 001/12 дугаар Тоног төхөөрөмж худалдах, худалдан авах опционы гэрээ-ний 3.4, 2012 оны Тоног төхөөрөмж зээлээр худалдах, худалдан авах 027/2012, 028/2012 дугаар гэрээний 3.3 дахь заалтууд нь үүргийн гүйцэтгэлийг хангах арга биш харин үүргээ биелүүлээгүй тохиолдолд гэрээ цуцалснаас үүсэх үр дагаварыг зохицуулж буй талуудын тохирсон зохицуулалт бөгөөд гэрээнээс татгалзах тухай дурдаагүй юм. Нэгэнт гэрээнээс татгалзаагүй, гэрээг цуцалсан тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Хамтын эх булаг ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Номин, өмгөөлөгч О.Отгонбаяр нарын тайлбар болон сөрөг нэхэмжлэлд: Үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй, сөрөг нэхэмжлэл гаргасан. Сөрөг нэхэмжлэлийн үндэслэл нь үндсэн нэхэмжлэлийг татгалзах үндэслэл болно. Хамтын эх булаг ХХК, Эбердигм Монгол ХХК нар нь 2012 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр №001/12 тоот, 2012 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр №027/2012 тоот, №028/2012 тоот 3 тоног төхөөрөмжийг зээлээр худалдах, худалдан авахаар харилцан тохиролцож 3 гэрээ байгуулсан. 2012 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр №001/12 тоот гэрээний нийт 97.022 ам.долларыг шилжүүлсэн бөгөөд үүнээс хойш хуваарьт заасан төлбөрөө манай байгууллага төлж чадаагүй тул Эбердигм Монгол ХХК нь дээрх 3 гэрээнээс татгалзсан. Сөрөг нэхэмжлэлээр 3 төрлийн гэрээний зүйл буюу 001 дүгээр гэрээний 3.4, 027, 028 дугаар гэрээний 3.3 дах заалтыг тус тус хүчин төгөлдөр бусад тооцуулах, 001 дүгээр гэрээний дагуу төлсөн 97 022 ам доллар буюу 127 195 842 төгрөгийг буцаан гаргуулах шаардлага гаргасан. Гэрээний зүйл нь иргэний хуулийн зохицуулалттай нийцэхгүй байна. Иргэний хуулийн 61.1-д зааснаар хэлцлийн зарим хэсэг нь хүчингүй болж болно. 2012 оын 04 дүгээр сарын 12-ны өдөр болон, 2012 оны 09 дүгээр сарын 30-ний өдрийн гэрээнүүд нь утгын хувьд ойролцоо буюу гэрээ цуцлагдвал төлбөрийг түрээсийн төлбөрөөр тооцохоор заасан. Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д гэрээг чөлөөтэй байгуулахаар, 205 дугаар зүйлийн 205.1-д гэрээнээс татгалзвал өгсөн авснаа харилцан буцааж өгөх үүрэгтэй гэж заасан. Гэрээнээс татгалзах, цуцлах заалттай нийцэх ёстой. Үүнтэй холбогдох хохирлоо шаардах эрхтэй байдаг. Иймд энэ гэрээний зүйлээр түрээсийн төлбөр нэхсэн нь Иргэний хуулийн 205, 204, 221, 227, 231, 232-д заасныг зөрчиж байна. Улмаар 300 000 000 төлөх үндэслэлгүй. 001 дүгээр гэрээний зүйлийг худалдан авахаар тохирсон. Иргэний хуулийн 243-д заасан гэрээ гэж үзэж байгаа. Урьдчилгаа төлбөрт 55 440, хуваарийн дагуу 41 582 нийт 97 022 доллар төлсөн. Ханшийг нэхэмжлэгчийнхээр 1 311 төгрөг гэж гэрээ байгуулсан өдрөөр тооцож 127 195 842 шаардсан. Нэхэмжлэгч нь анх нэхэмжлэл гаргахдаа тоног төхөөрөмжийг буцаан авах шаардлага гаргаснаар тоног төхөөрөмжийг буцаан өгсөн тул татгалзсан гэж ойлгоно. Бусдын өмчлөлд хөрөнгө шилжүүлэх зорилготой байгуулсан гэрээ нь эд хөрөнгө хөлслөх гэрээ болдог. Гэрээний дагуу 97 022 доллар шилжүүлсэн хэдий ч 230 сая төгрөгийн өрөнд орсон байгаа. Мөн бусад гэрээ ч гэсэн 66 000 долларын үнэтэй зүйлийг худалдаад өмчлөлд шилжүүлэх байсан боловч гэрээг цуцаллаа гээд тоног төхөөрөмжөө авсан боловч тус бүр 149 саяын өрөнд орсон. Тэгвэл өгсөн мөнгийг гэрээний дагуу тооцохгүй түрээсийн төлбөрт тооцсон нь нийцэхгүй. Эбердигм Монгол ХХК нь гэрээндээ хэт нэг талыг барьсан хууль зөрчсөн заалт оруулснаас манай байгууллагыг их хэмжээний мөнгөн торгуульд оруулж байна. 2012 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн №001/12 тоот гэрээний 3.4 дэх заалтад Гэрээг цуцалсан тохиолдолд техникийн төлбөрийг түрээсийн төлбөрт шилжүүлэн тооцно. Энэ тохиолдолд А нь тоног төхөөрөмжийн электрон мото цагийн тоолуурт үндэслэн түрээсийн үнэлгээний дагуу тооцно, харин ажиллуулаагүй буюу 176 мото цагт хүрээгүй тохиолдолд нэг сарын хамгийн бага түрээсийн төлбөр болох 176 мото цагийн үнэлгээгээр тооцох болно, 2012 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн №027/2012, №028/2012 тоот гэрээний 3.3 дах заалтад ... Гэрээ цуцалсан тохиолдолд техникийн төлбөрийг түрээсийн төлбөрт шилжүүлэн тооцох буюу техник тус бүрт нэг сарын түрээсийн үнэлгээг 9 900 ам.доллараар тооцох бөгөөд газартай харьцах эд ангийн элэгдлийн зардал болон тээвэрлэлтийн зардлыг Худалдан авагч тал хариуцна гэж тус тус заасан байдаг. Уг заалт нь Иргэний хуулиар заасан гэрээнээс татгалзах, гэрээг цуцлах хуулийн зохицуулалтыг зөрчсөн хуульд нийцээгүй заалт юм. Иргэний хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д Хэлцлийн зарим хэсэг хүчин төгөлдөр бус гэж тооцогдсон боловч үлдсэн хэсэг нь уг хэлцлийн зорилтыг хангаж чадахуйц байвал хэлцэл хүчин төгөлдөр хэвээр байна гэж заасан. Бидний хувьд гагцхүү гэрээний дээрх заалтын талаар маргаж байгаа юм. Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй гэж заасан байдаг. Бидний хувьд гэрээнд заасан хуваарийн дагуу төлбөрөө төлөөгүй зөрчил гаргасан бөгөөд үүнд ногдуулж буй үүрэг гүйцэтгүүүлэгчийн шаардлага нь Иргэний хуулийн дараах хэм хэмжээг зөрчсөн байна. Үүнд: Иргэний хуулийн 231-р зүйлийн 231.1 дэх хэсэгт Үүргийн гүйцэтгэлийг хангах аргуудыг заасан боловч гэрээний заалтууд нь хуулийн дээрх аргуудын алинд нь ч хамаарахааргүй байна. Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасан зарчмын үүднээс талууд гэрээнээс татгалзах, гэрээг цуцлах талаар гэрээгээр тохиролцож болох боловч гэрээнээс татгалзах, гэрээг цуцлах үндэслэлийг хуулиар шууд зохицуулсан байх тул энэ тохиролцоо нь хуулийн дээрх зохицуулалтад нийцсэн байх ёстой. Гэрээний дээрх заалтууд нь Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 227 дугаар зүйлийн 227.3 дах хэсэгт заасан хэм хэмжээг мөн зөрчсөн, хуульд нийцээгүй заалтууд юм. Эбердигм Монгол ХХК нь гэрээнээс татгалзсан бөгөөд худалдагч нь гэрээнээс татгалзсан тул бид тоног төхөөрөмжүүдийг шилжүүлэн өгсөн. Гэрээг цуцлах, гэрээнээс татгалзсанаар үүргийн харилцаа дуусгавар болох учир үүргийн харилцаанаас үүсэх шаардах эрх мөн дуусгавар болдог тул 2012 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн №001/12 тоот гэрээний 3.4 дэх заалт, 2012 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн №027/2012, №028/2012 тоот гэрээнүүдийн 3.3 дах заалтууд нь Иргэний хуулийн ерөнхий ангийн 204, 205, 221, 225, 227, 231 дүгээр зүйлүүдэд нийцээгүй байна. Хуулийн дээрх хэм хэмжээг зөрчсөн гэрээний 3.3, 3.4 гэх заалтуудыг барин гэрээнээс татгалзсаны хохиролд 300 000 000 төгрөг шаардаж байгааг бид хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Иймд Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасны дагуу бид тоног төхөөрөмжийг худалдагч талд буцаан өгсөн тул тоног төхөөрөмжийн үнэнд төлсөн 97.022 ам.долларыг худалдагч талаас гаргуулахаар ийнхүү шаардаж байна. Иймд Эбердигм Монгол ХХК-иас 97 022 ам.доллар буюу 127 195 842 төгрөгийг буцаан гаргуулж өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 312 дугаар зүйлийн 312.1, 56 дугаар зүйлийн 56.1, 56.1.1, 225 дугаар зүйлийн 225.1, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Хамтын эх булаг ХХК-иас 300 000 000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Эбердигм Монгол ХХК-д олгож, нэхэмжлэгч Эбердигм Монгол ХХК-д холбогдох 001/12 дугаар гэрээний 3.4, 027/2012 дугаар гэрээний 3.3, 028/2012 дугаар гэрээний 3.3 дахь заалтыг тус тус хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцох, 001/12 дугаар гэрээний гүйцэтгэлд төлсөн 97 022 ам.доллар буюу 127 195 842 төгрөгийг буцаан гаргуулах тухай хариуцагч Хамтын эх булаг ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч В.Ганзориг давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Эбердигм монгол ХХК, Хамтын эх булаг ХХК нар нь 2012 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр 001/12 дугаар Тоног төхөөрөмж түрээсээр худалдах, худалдан авах опционы гэрээ, 2012 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 027/2012, 028/2012 дугаар тоног төхөөрөмж зээлээр худалдах, худалдан авах гэрээг байгуулсан. Талууд дээрх 3 төрлийн гэрээг зээлээр худалдах, худалдан авах гэрээ мөн биш гэдэг дээр маргаагүй бөгөөд гэрээний утга агуулга нь бусдын өмчлөлд хөрөнгө шилжүүлэхтэй холбоотой гэрээний зохицуулалттай илүү нийцэхээр байна. Иргэний хуулийн 262-р зүйлийн 262.1 дэх хэсэгт зааснаар гэрээний дагуу эд хөрөнгийг шилжүүлсэн бөгөөд үнийг хувааж төлөхөөр харилцан тохиролцсон байдаг. Анхан шатны шүүхийн зүгээс гэрээний утга агуулга, талуудьн хүсэл зоригийг бүрэн гүйцэт шалгалгүй маргаан бүхий гэрээний заалт болох гэрээ цуцлахтай холбоотой заалтын утга агуулгаар гэрээг Иргэний хуулийн 312 дугаар зүйлийн 312.1 дэх хэсэгт заасан Санхүүгийн түрээсийн гэрээ гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй, үндэслэлгүй байна. Анхан шатны шүүхээс гэрээний агуулгыг талууд өөрсдөө тодорхойлсон нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д нийцэж байна. Талууд санхүүгийн түрээсийн гэрээ байгуулсан тул уг заалтууд хүчин төгөлдөр бус байх үндэслэлгүй байна гэж дүгнэсэн, гэвч талуудын хооронд байгуулсан гэрээний заалтын утга агуулгаас санхүүгийн түрээсийн гэрээ мэт ойлгогдож байгаа боловч талуудьн хүсэл зоригоос дүгнэвэл зээлээр худалдах, худалдан авах гэрээ байна. Иргэний хуулийн нийтлэг зохицуулалтад зөвхөн гэрээнээс татгалзах журмыг зохицуулсан боловч гэрээг цуцлах тохиолдолд уг журмын зарим зохицуулалт хамааралтай. Иргэний хуулийн 204, 221, 225, 227 дугаар зүйл гэрээнээс татгалзах, гэрээг цуцлах аль ч үед хэрэглэгдэг. Харин иргэний хуулийн 205 дугаар зүйлд гэрээнээс татгалзсанаас үүсэх үр дагаврыг зохицуулсан байх тул гэрээг цуцлахад хэрэглэгдэх зохицуулалт биш. Гэрээнээс татгалзах, гэрээг цуцлах үндэслэлийг хуулиар шууд зохицуулсан байх тул Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасан зарчмын үүднээс талууд гэрээнээс татгалзах, гэрээг цуцлах талаар гэрээгээр тохиролцож болох боловч энэ тохиролцоо нь хуулийн дээрх зохицуулалтад нийцсэн байх ёстой. Иймд гэрээг цуцлах, гэрээнээс татгалзах хуулийн дээрх хэм хэмжээг зөрчсөн заалтууд нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасны дагуу хүчин төгөлдөр бус болохоор байна. Шүүхээс уг шаардлагыг үнэлж дүгнэхдээ нэхэмжлэгчийн гэрээг цуцалж байгаа гэх тайлбарыг үндэслэсэн байна. Гэвч талуудын хооронд 2012 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр байгуулагдсан №001/12 тоот Тоног төхөөрөмжийг түрээсээр худалдах, худалдан авах опционы гэрээнээс татгалзсан, цуцалсан асуудал нь 2013 оны 07 дугаар сарын 30-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гарган тоног төхөөрөмжийг буцаан авсан байх бөгөөд тоног төхөөрөмжийн үнэд төлсөн мөнгийг зээлээр худалдах худалдан авах гэрээний үнэд бус түрээсийн төлбөрт тооцон авсан нь иргэний хуулийн 205 дугаар зүйлд заасан гэрээнээс татгалзах хуулийн агуулгыг илэрхийлж байна. Иргэний хуулийн 205-р зүйлийн 205.1-д заасны дагуу тоног төхөөрөмжийн үнэд төлсөн 97 022 ам.долларыг худалдан авагчид буцаан өгөх үндэслэлтэй байна. Иймд анхан шатны шүүх хуульд заасан гэрээнээс татгалзах, гэрээг цуцлах хуулийн зохицуулалтыг зөв тайлбарлаж хэрэглэж чадсангүй гэж үзэж байна. Мөн гэрээнээс татгалзах, гэрээг цуцалснаар гэрээний үүргээс үүдсэн шаардах эрх дуусгавар болдог байхад хариуцагчид гэрээний үүрэг хүлээлгэн түрээсийн төлбөр ногдуулж байгаа нь үндэслэлгүй байна. Хариуцагч нь нэхэмжлэгчийн шаардлагын дагуу тоног төхөөрөмжүүдийг буцаан өгсөн хэрнээ уг тоног төхөөрөмжүүдийг худалдан авах үнээс илүү өндөр төлбөр төлөх болж байгаа нь хэт нэг талыг барьсан шийдвэр гэж үзэхэд хүргэж байна. Хариуцагчийн зүгээс иргэний хуулийн 227 дугаар зүйлийн дагуу эд хөрөнгийн элэгдэл хорогдол, засвар үйлчилгээний зардал зэрэг бодит хохирлыг нэхэмжлэгчид төлөхөд татгалзах зүйлгүй бөгөөд гагцхүү ганцхан гэрээний зүйл заалтаар шинэ тоног төхөөрөмж худалдан авахаас илүү өндөр төлбөр төлөхийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасны дагуу хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байх тул залруулах шаардлагатай байна.

Нэхэмжлэгч Эбердигм Монгол ХХК нь хариуцагч Хамтын эх булаг ХХК-д холбогдуулан тоног төхөөрөмжийн түрээсийн төлбөр 300 000 000 төгрөг гаргуулахыг шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч, гэрээний зарим хэсгийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцох, гэрээний гүйцэтгэлд төлсөн 97 022 ам.доллар буюу 127 195 842 төгрөгийг буцаан гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

Эбердигм Монгол ХХК болон Хамтын эх булаг ХХК нь 2012 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр 001/12 дугаар Тоног төхөөрөмж түрээсээр худалдах, худалдан авах гэрээ байгуулж DX480LCA маркийн гинжит экскаваторыг, 2012 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 027/2012, 028/2012 дугаар Тоног төхөөрөмж зээлээр худалдах, худалдан авах гэрээг байгуулж, SD300 маркийн дугуйт ачигч 2 ширхэгийг тус тус худалдан авч, дээрх техникүүдийг хүлээн авсан, төлбөрийг гэрээний хавсралт болгон графикаар төлөхөөр тохиролцсон боловч хариуцагч үнийг төлөх үүргээ биелүүлээгүй зэрэг үйл баримт хэрэгт авагдсан баримт, зохигчдын тайлбараар тогтоогдсон./хх-11-48/

Талуудын хооронд санхүүгийн түрээсийн гэрээ байгуулагдсан гэж шүүх дүгнэсэн нь алдаатай болсон байна.

Зохигчид анх тоног төхөөрөмж түрээсээр болон зээлээр худалдах худалдан авах гэрээ байгуулсан болох нь хэрэгт авагдсан талуудын хоорондын гэрээ, гэрээний зүйлийн үнийг хэсэгчлэн төлөх хэмжээ, хүүгийн талаар тохиролцоо, уг гэрээнд хэрэглэгдэх хуулийн заалтуудыг гэрээнд тодорхой бичиж гарын үсэг зурсан зэрэг нөхцөл байдлаар нотлогдсон. Энэ талаар маргаангүй. Гэрээг Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар талууд чөлөөтэй байгуулж, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлжээ.

Харин түрээсийн төлбөр төлөх үндэслэлтэй эсэх, гэрээний зарим хэсэг хүчин төгөлдөр бус болон гэрээг цуцлах эсхүл гэрээнээс татгалзаж байгаа эсэх талаар маргасан.

Талуудын хоорондын 2012 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 001/12 тоот гэрээний 3.4-т Гэрээг цуцалсан тохиолдолд техникийн төлбөрийг түрээсийн төлбөрт шилжүүлэн тооцно. Энэ тохиолдолд А нь тоног төхөөрөмжийн электрон мото цагийн тоолуурт үндэслэн түрээсийн үнэлгээний дагуу тооцно, харин ажиллуулаагүй буюу 176 мото цагт хүрээгүй тохиолдолд нэг сарын хамгийн бага түрээсийн төлбөр болох 176 мото цагийн үнэлгээгээр тооцох болно. гэж, 2012 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 027/2012, 028/2012 тоот гэрээний 3.3-т ... Гэрээ цуцалсан тохиолдолд техникийн төлбөрийг түрээсийн төлбөрт шилжүүлэн тооцох буюу техник тус бүрт нэг сарын түрээсийн үнэлгээг 9 900 ам.доллараар тооцох бөгөөд газартай харьцах эд ангийн элэгдлийн зардал болон тээвэрлэлтийн зардлыг Худалдан авагч тал хариуцна гэж талууд төлбөр төлөх үүргээ хугацаанд нь биелүүлээгүй тохиолдолд гэрээг цуцалж, төлөгдсөн төлбөрийг түрээсийн төлбөрт шилжүүлэн тооцохоор, заасан тул сарын төлбөл зохих төлбөрийн дүнг тодорхой тохиролцсон гэж үзэхээр байна.

Өөрөөр хэлбэл, гэрээгээр шилжүүлсэн эд хөрөнгийн үнийг төлөх үүргийг хугацаандаа биелүүлээгүй зөрчсөн тохиолдолд уг гэрээг цуцалж, гэрээг түрээсийн гэрээний нөхцөлд шилжүүлэх талаар харилцан тохиролцсон байна. Тэдний энэ тохиролцоог Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.3-т заасан өмнөх үүргийг солих тухай хэлцэл гэж үзнэ. Энэхүү хэлцэлд заасан нөхцөл үүсч хариуцагч байгууллага нь худалдах худалдан авах гэрээний үнийг төлөх, хуваарийн дагуу төлөх үүргээ зөрчсөнтэй холбоотойгоор нэхэмжлэгч гэрээг цуцалж, гэрээний дагуу шилжүүлсэн эд хөрөнгийг буцаан авсан нь хууль зүйн үндэслэлтэй.

Мөн Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт Түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан. Ийм учраас нэхэмжлэгч нь хариуцагчаас гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийн үлдэгдлийг шаардах эрх 001/12 тоот гэрээний хувьд 2012 оны 9 дүгээр сарын 10-ны өдрөөс, 027-2012, 028/2012 тоот гэрээнүүдийн хувьд 2012 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс үүссэн. Түрээсийн төлбөр шаардах эрх үүссэн энэ хугацаанаас тоног төхөөрөмжийг буцаан авах хүртэлх хугацаагаар түрээсийн төлбөр нь нэхэмжлэлд заасан 300 000 000 төгрөгөөс илүү гарч байх тул анхан шатны шүүх нэхэмжлэгчийн шаардлагын хүрээнд шийдвэрлэсэн нь диспозитив зарчимд нийцсэн.

Сөрөг нэхэмжлэлийн хувьд хариуцагчийн төлсөн мөнгө нь гэрээнд заасан түрээсийн төлбөрт суутгагдаж дууссан байгаа учраас Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасан гэрээний дагуу шилжүүлсэн мөнгөө буцаан шаардах эрх үүсээгүй. Талуудын хоорондын гэрээнд авагдсан түрээсийн төлбөрт шилжих тухайтай холбоотой заалтуудыг хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдохгүй байна. Эдгээр заалтууд нь үг үсэг, утга агуулгын хувьд ойлгомжтой, талуудын хэн аль нь аж ахуйн үйл ажиллагаа эрхэлдэг хуулийн этгээд бөгөөд уг гэрээний стандарт нөхцөлийг шударга бус гэж үзэх, Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй болно. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв юм.

Хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд давж заалдах шатны шүүхээс үйл баримтыг дүгнэж, хууль хэрэглээний өөрчлөлт оруулах боломжтой байна.

Дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.    Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар

сарын 25-ны өдрийн 101/ШШ2017/03365 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт зааснаарХамтын эх булаг ХХК-аас 300 000 000 /гурван зуун сая/ төгрөг гаргуулж Эбердигм Монгол ХХК-д - олгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй тул 001/12 дугаар гэрээний 3.4, 027/2012 дугаар гэрээний 3.3, 028/2012 дугаар гэрээний 3.3 дахь заалтыг тус тус хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцох, 001/12 дугаар гэрээний гүйцэтгэлд төлсөн 97 022 ам.доллар буюу 127 195 842 төгрөгийг буцаан гаргуулах сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай гэж, найруулан өөрчилж, бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 793 930 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дах хэсэгт зааснаар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргаж болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД М.НАРАНЦЭЦЭГ

 

Б.НАРМАНДАХ