Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 06 сарын 26 өдөр

Дугаар 210/ма2020/01388

 

2020 оны 06 сарын 26 өдөр

Дугаар 210/МА2020/01388

 

К- ХХК дахь эрх хүлээн авагчийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч С.Энхтөр, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 9-ний өдрийн 102/ШШ2020/01103 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч К- ХХК дахь эрх хүлээн авагчийн нэхэмжлэлтэй хариуцагч Ц.С-д холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 544 233 051 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Т- ХХК, Ц.С-, Д.О- нар нь К-тай 2014 оны 4 сарын 14-ний өдөр 50 тоот зээлийн гэрээ байгуулж 500 000 000 төгрөгийг жилийн 5 хувийн хүүтэй, 5 жилийн хугацаатай,

2016 оны 6 сарын 06-ны өдөр 50/1 тоот зээлийн гэрээ байгуулж 70 000 000 төгрөгийг сарын 1,8 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатайгаар тус тус зээлсэн.

Т- ХХК нь 50 тоот гэрээний хугацаанд зээлд 1 025 082.57 төгрөг, хүүд 85 795 738.72 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 814 802.39 төгрөг бүгд 187 635 633.68 төгрөг төлсөн. 50/1 тоот гэрээний төлбөрөөс зээл 31 227 742.75 төгрөг, хүүд 24 795 635.65 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 296 503.53 төгрөг бүгд 66 319 432.92 төгрөгийг тус тус төлсөн.

50 тоот гэрээгээр 2019 оны 1 сарын 14-ний байдлаар зээлийн үлдэгдэл 398 974 917.43 төгрөг, хүү 95 222 620.90 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 11 905 407,08 төгрөг, нотариатын зардалд 61 500 төгрөг бүгд 506 164 445.41 төгрөгийг, 50/1 гэрээгээр зээл 28 772 257.25 төгрөг, хүү 8 306 231.40 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 987 614.15 төгрөг, нотариатын зардалд 2 500 төгрөг нийт 38 068 605.80 төгрөг нийтдээ 544 233 051 төгрөгийг Ц.С-гээс гаргуулах, барьцааны гэрээнд тусгагдсан үл хөдлөх хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг гаргасан.

2020 оны 3 дугаар сарын 05-нд нэмэгдүүлсэн шаардлага гаргаж 50 тоот гэрээгээр хүү 6 995 724.58 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1 399 131.92 төгрөг нийт 8 394 869.50 төгрөгөөр, 50/1 гэрээгээр хүү 1 362 132.61 мөнгө, нэмэгдүүлсэн хүү 272 423 төгрөг нийт 1 634 567 төгрөг болсон. Ингээд нэхэмжлэлийн шаардлагыг 10 029 437.03 мөнгөөр нэмэгдүүлж Ц.С-гээс 554 262 488.24 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлээ дэмжиж байна гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан гаргасан тайлбартаа: К- нь 2019 оны 04-р сарын 03-ны өдөр дампуурснаараа Банкны тухай хуулиар банкны тусгай актив, тусгай зөвшөөрөлтэй холбоотой харилцаанд эрх, үүрэг хүлээхгүй. Өөрөөр хэлбэл, дампуурснаараа зээл төлөх хүү, хүү тооцох эрх нь дуусгавар болсон, 04-р сарын 03-ны өдөр хүртэлх хүүний тооцооллоо гаргаагүй, түүнээс хойш зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг нэмэгдүүлж байгаа нь Банкны тухай хуулийг зөрчиж байна.

К- нь Т- ХХК-тай гэрээ байгуулсан, зээл төлөх мэдэгдлийг захирал О-т хүргүүлдэг. Хариуцагч Ц.С- энэ зээлийг төлөгдөж байгаа гэж бодож байсан, түүнд нэг ч удаа мэдэгдэл ирж байгаагүй, зээлийг Т- ХХК хариуцах ёстой. Компани зээлийн мөнгөөр тоног төхөөрөмж худалдаж авсан, тоног төхөөрөмж нь компанидаа байгаа, Ц.С- нь компаний хувьцаа эзэмшиж байсан, хувьцаа эзэмшигчийн хувьд зээл аваагүй. К- Т- ХХК-иасаа зээлээ төлүүлэхээр шаардах ёстой, харин хувьцаа эзэмшигчээс шаардах эрхгүй бөгөөд Ц.С- үүргийг гүйцэтгэнэ гэж гэрээндээ тусгайлан тохироогүй. К- нь 50 тоот гэрээнд 50/1 гэсэн гэрээгээр зээлийн нөхцөл өөрчлөгдөж гэрээ байгуулсан байдаг. Гэрээний 2.3-т Т- ХХК-ийн үүргээ зөрчсөн 43 988 486.41 төгрөг, үндсэн зээл 26 011 513.59 төгрөг нийт 70 сая төгрөгийг арилжааны зээлд шилжүүлэн төлүүлэхээр тохиролцож, түүнийгээ зээл олгосноор тооцож нэмэгдүүлсэн нь үндэслэлгүй байна.

Монгол Улсын компанийн тухай хуулинд хувьцаа эзэмшигч өөрийнхөө оруулсан хөрөнгөөр л компанийн өмнө хариуцлага хүлээнэ. Ц.С- нь Т- ХХК-ийн хувьцааны 30 хувийг эзэмшдэг, компаний өөрийн хөрөнгө нь 1 сая төгрөг, үүний 30 хувь буюу 300 000 төгрөгийн үүргийг хүлээх үүрэгтэй. Мөн Т- компанийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдах эрхтэй этгээд нь О-. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 451-р зүйлийн 451.1 дэх хэсэг, 453-р зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан Цэдэн-Ишийн С-гээс 554 262 488.24 төгрөг гаргуулах, барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг хүссэн К- ХХК дахь Банкны эрх хүлээн авагчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.12 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурьдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх нэхэмжлэгчийг үүрэг гүйцэтгэгч нарыг эрэн сурвалжлуулан олох шаардлагатай гэсэн агуулгаар дүгнэсэн нь хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй. Нэхэмжлэгч нь эрэн сурвалжлах ажиллагаа явуулах эрх бүхий этгээд биш, Т- ХХК-д холбогдуулан нэхэмжлэл гаргасан бөгөөд эрэн сурвалжлуулахаар шүүхэд хандсан болно.

Нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон талаар хуулийн ямар зүйл, заалтыг баримталсан нь тодорхойгүй, ойлгомжгүй байдлаар дүгнэсэн. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр хөрөнгийн өмчлөгч нарын эрх ашиг хөндөгдөж байгаа тул Д.О-, Д.Тунгалаг, Б.О- нарыг татан оролцуулах талаарх хүсэлтийг хүлээн авч шүүгчийн захирамж гарсан бөгөөд хаяг тодорхойгүй гэх шалтгаанаар Д.О-, Б.О- нараас татгалзсан бөгөөд Д.Тунгалагийн нэрийг буруу бичсэн байсан. Захирмжийн биелэлт хангагдаагүй байхад шүүх хуралдааныг явуулж, шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин хянан шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаав.

Нэхэмжлэгч К- ХХК дахь эрх хүлээн авагч нь хариуцагч Ц.С-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 544 233 051 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Хэргийн үйл баримт бүрэн тогтоогдоогүй, гуравдагч этгээд татан оролцуулах захирамжийн биелэлт хангагдаагүй байхад хэргийг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3 дах хэсэгт заасан хэргийн оролцогчийн эрхийг зөрчсөн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн зөрчилд хамаарч байна. Нэхэмжлэгч тал гуравдагч этгээд Тунгалагийн нэрийг залруулж Тунгалагтуяаг оролцуулж өгнө үү гэсэн хүсэлтээ дэмжсээр байхад шүүх шийдвэрлэлгүй орхигдуулсан нь хууль зөрчсөн байна.

Ц.С- нь иргэнийхээ эсхүл хувьцаа эзэмшигчийн алинаар нь зээлийн гэрээний харилцаанд оролцсон түүний хүлээх үүргийн хэмжээний талаарх үйл баримтыг бүрэн тогтоогоогүй, нэхэмжлэгч нь зээлдэгч компанийг зээлийн гэрээний үүрэг, хариуцлагаас чөлөөлөх болсон үндэслэлээ тодорхойлоогүй, талууд энэ талаар мэтгэлцээгүй, давж заалдах шатны шүүхээс нөхөн гүйцэтгэх боломжгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцааж нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 102/ШШ2020/01103 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.12 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурьдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.МӨНХЗУЛ

 

ШҮҮГЧИД С.ЭНХТӨР

 

Ш.ОЮУНХАНД