Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 07 сарын 24 өдөр

Дугаар 210/МА2020/01634

 

 

 

 

 

2020 оны 07 сарын 26 өдөр

Дугаар 210/МА2020/01634

 

 

 

С.З -гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 183/ШШ2020/01451 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч С.З гийн хариуцагч Ц.Д , Б.Н нарт холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 16 030 000 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б , хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.П , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал нар оролцов.

 

Нэхэмжлэгч С.З шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би Ц.Д тай 2016 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр зээлийн гэрээ байгуулж, 10 000 000 төгрөгийг 2 сарын хугацаатай, сарын 8 хувийн хүүтэй, үүргээ гүйцэтгээгүй нөхцөлд хоног тутамд 0,5 хувийн алданги тооцохоор тохирсон. Мөн өдрөө барьцааны гэрээг байгуулж, Б.Н ын өмчлөлийн, улсын бүртгэлийн Г-2202007881 дугаарт бүртгэлтэй, Чингэлтэй дүүрэг 12 дугаар хороо Булгийн 3-р гудамж 603А тоот хаягт байрших 433 м.кв гэр бүлийн хэрэгцээний газар, улсын бүртгэлийн Ү-2202014579 дугаарт улсын бүртгэлтэй мөн хаягт орших 48 м.кв хувийн сууцны хамт барьцаалж, энэхүү барьцааны гэрээнд өмчлөгч Б.Н гарын үсгээ зурж баталгаажуулсан. Үүний дараа Ц.Д нь 2016 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр дахин зээлийн гэрээ байгуулж, 5 000 000 төгрөгийг 1 сарын хугацаатай, сарын 10 хувийн хүүтэй зээлсэн бөгөөд энэхүү гэрээ нь 2016 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн зээлийн гэрээний үргэлжлэл, барьцаа хөрөнгө нь мөн хамт байхаар тохирсон.

Ц.Д нь зээлийн гэрээнд заасан хугацаанд зээлийн төлбөрөө бүрэн төлж дуусаагүй бөгөөд 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр уулзаж, зээлийн тооцоогоо нийлж, зээлийн үлдэгдэл 17 000 000 төгрөг, үүнийг Ц.Д нь 3 хувааж төлнө, хугацаандаа төлөөгүй бол үлдсэн төлбөрөөс 3 хувийн хүү тооцохоор болж, Ц.Д нь баталгаа гэх баримтыг өөрийн гараар бичиж, нотариатаар баталгаажуулсан. 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөс хойш Ц.Д нь зээлээ төлөөгүй, зээлээ төлөхийг шаардахаар өгнө гэдэг, Б.Н нь би аваагүй, Ц.Д мэднэ гэж явсаар өнөөдрийг хүрч байна.

Иймд Б.Н аас үндсэн зээл 17 000 000 төгрөг, хүү 1 530 000 төгрөг, нийт 18 530 000 төгрөг байгаагаас Ц.Д ын төлсөн 2 500 000 төгрөгийг хасч тооцон үлдэгдэл төлбөр болох 16 030 000 төгрөгийг Ц.Д , Б.Н нараас гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг Б.Н ын өмчлөлийн Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо Булгийн 3 дугаар гудамж, 603 а тоот хаягт орших 433 м.кв гэр бүлийн хэрэгцээний газар, хувийн сууцаар хангуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: С.Д ын зүгээс хийж байсан төлөлтүүдийг эхний зээлийн буюу илүү хүнд нэмэлт үүрэг, барьцаа бүхий зээлээс тооцох нь зүйтэй ба нэхэмжлэгчийн нийт үнийн дүнгээс уг гүйцэтгэлийг хасч тооцно. Хариуцагч Ц.Д ын нэхэмжлэгч С.З гийн нэхэмжилсэн үндсэн зээл 17 000 000 төгрөг, хүү 3 хувь буюу 1 530 000 төгрөг, нийт 18 530 000 төгрөгөөс төлөлтийг хассан гэх 16 030 000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрхэн тооцоолсон, яагаад ийм өндөр дүн нэхэмжилснийг ойлгохгүй, хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

Мөн уг зээлийн гэрээнүүдийн дагуу зээлсэн дүнгийн ихэнх хэсгийг төлсөн, зээлийн гэрээний дагуу шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан, мөн баталгаа гэх хэлцлийн дагуу мөнгө нэхэмжлэгчээс аваагүй тул уг батлагааны дагуу шаардсан шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Хариуцагч Б.Н ын эхний зээлийн гэрээ буюу 10 000 000 төгрөгийн зээлийн гэрээнд барьцаа гаргасан, энэхүү барьцааны гэрээ хүчин төгөлдөр. Мөн С.Д зээлийн үүргийг гүйцэтгэсэн байтал Ц.Д , С.З нарын хоёр дахь зээлийн гэрээ буюу 2011 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардаж буй нь үндэслэлгүй. Б.Н ын зүгээс уг хоёр дахь зээлийн гэрээнд барьцаа гаргахаар хүлээн зөвшөөрөөгүй тул барьцааны гэрээнээс үүрэг гүйцэтгүүлэх шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 158 дугаар зүйлийн 158.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан зээлдэгч Ц.Д , Б.Н нараас зээлийн гэрээний үүрэгт нийт 2 460 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч С.З д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 13 570 000 төгрөг, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжид 54 310 төгрөгийг гаргуулж С.З д олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 308 300 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Шүүхээс хариуцагч нарт 2016 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 10 000 000 төгрөг, хүү 1 600 000 төгрөг нийт 11 600 000 төгрөг төлөх үүрэг үүссэн, 2016 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 5 000 000 төгрөг хүү 500 000 төгрөг нийт 5 500 000 төгрөгийн үүрэг тус тус үүссэн байна.

Зээлийн гэрээний үүрэгт нийт 14 640 000 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн байх тул зээл авсан цаг хугацааны дарааллаар түрүүлж авсан зээлийн гэрээний үүргээс эхлэн зээлдэгчийн төлөх үүргийг тооцоход 2016 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн зээлийн гэрээний үүргийг /14 640 000 төгрөг - 11 600 000 төгрөг =3 040 000 төгрөг/ хариуцагч нар бүрэн биелүүлсэн байна гэж дүгнэсэн нь хэт нэг талыг барьсан дүгнэлт гэж үзнэ.

Тухайн тооцооллоор гаргаж буй зээл төлсөн гэж үзэж байгаа тооцоолол нь бодит байдлаар нэхэмжлэгч С.З гийн дансанд огт ороогүй байдаг тул шүүхээс гаргасан дээрхи дүгнэлтүүдийг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэгч С.З гийн нэхэмжлэлийг бүхэлд хангахаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгч С.З нь хариуцагч Ц.Д , Б.Н нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 16 030 000 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

С.З , Ц.Д нар нь 2016 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр зээлдэгч Ц.Д нь 10 000 000 төгрөгийг 2 сарын хугацаатай, сарын 8 хувийн хүүтэй, зээлж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн хангуулах зорилгоор мөн өдөр С.З , Б.Н нар барьцааны гэрээ байгуулж, зээлийн барьцаанд Б.Н ын өмчлөлийн улсын эрхийн бүртгэлийн Г-2202007881 дугаарт бүртгэлтэй, Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 13 дугаар гудамж, 603А тоот хаягт орших 433 м.кв гэр бүлийн хэрэгцээний газар эзэмших эрх, мөн хаягт байрлах улсын бүртгэлийн Ү-2202014579 дугаарт бүртгэлтэй 48 м.кв хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан байна. /хх-6-7/

Мөн талууд 2016 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн зээлийн гэрээгээр зээлдэгч Ц.Д нь 5 000 000 төгрөгийг 1 сарын хугацаатай, сарын 10 хувийн хүүтэй зээлдүүлэгч С.З гээс зээлжээ. /хх-12/

Талууд дээрх 2 зээлийн гэрээ болон барьцааны гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй, зээлийн харилцаа нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан үүрэг үүсгэсэн байна.

Анхан шатны шүүх талуудын хооронд байгуулагдсан 2 зээлийн гэрээний үүргийн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж хариуцагч Ц.Д ын зээл, зээлийн хүү төлөх үүргийг 17 100 000 /10 000 000 + 1 600 000, 5 000 000+ 500 000/ төгрөгөөр тодорхойлсон нь хуулийн үндэслэлтэй болжээ. Учир нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсгийн заалтаар зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацанд буцаан өгөх үүргийг хүлээдэг. Иймээс хариуцагч Ц.Д ын үйлдсэн 2 гэрээний үндсэн зээл, зээлийн хүүгийн нийлбэрээс хүү тооцож төлөх тухай Баталгаа гэх нотлох баримтыг үндэслэн түүний зээлийн үүргийг тодорхойлох боломжгүй юм.

Хариуцагч Ц.Д дээрх зээлийн үүргээс нийт 14 640 000 төгрөг төлсөн нь түүний шүүхэд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан деспозит дансны дэлгэрэнгүй хуулга, 2017 оны 01 дүгээр сарын 25, 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн орлогын мэдүүлэг гэх баримтуудаар нотлогджээ. /хх-33-44, 60/ Нэхэмжлэгч тал уг төлбөрийг бодит байдлаар, дансаар орж ирээгүй гэж маргах боловч дээрх баримтуудыг үгүйсгэн няцаах баримт гаргаагүй.

Шүүх дээрх баримтуудыг харьцуулан үнэлээд хариуцагчийн төлсөн төлбөр болох 14 640 000 төгрөгөөс 2016 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн зээлийн гэрээний үүрэг болох 11 600 000 төгрөгийг хасч, үлдэх 3 040 000 /14 640 000-11 600 000/ төгрөгийг 2 дахь зээлийн гэрээ буюу 2016 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн зээлийн гэрээний үүрэг 5 500 000 төгрөгөөс тус тус хасч тооцсон нь Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.1 дэх хэсэгт зааснаар үүргийн гүйцэтгэл нь бүх өрийг төлөхөд хүрэлцэхгүй бол үүрэг гүйцэтгэгч аль нэг үүргийг сонгож гүйцэтгэх эрхтэй, үүрэг гүйцэтгэгч ийм сонголт хийгээгүй бол төлбөрийн хугацаа болсон өрийг тэргүүн ээлжинд төлүүлэх учиртай.

 

Барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагын тухайд:

Талуудын хооронд Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1 дэх хэсэгт заасан барьцааны гэрээний харилцаа үүссэн талаарх шүүхийн дүгнэлт зөв. Иймээс хэн аль нь нөгөө талаасаа үүргээ биелүүлэхийг шаардах эрхтэй.

 

Хэргийн баримтаар С.З , Б.Н нар 2016 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн барьцааны гэрээгээр Ц.Д ын 10 000 000 төгрөгийг зээлийн үүрэгт Б.Н ын өмчлөлийн хувийн сууц, газар эзэмших эрхийг барьцаалсан үйл баримт тогтоогдсон.

Нэхэмжлэгч 2016 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн зээлийн гэрээ нь 2016 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн зээлийн гэрээний үргэлжлэл, барьцаа хөрөнгө нь мөн хамт байхаар тохиролцсон гэх боловч уг тайлбараа баримтаар нотлоогүй байна.

Хариуцагч Ц.Д нь уг барьцааны гэрээний үүрэгт ногдох зээлийн гэрээний бүрэн биелүүлсэн болох нь хэргийн баримтаар тогтоогдсон байх тул барьцааны гэрээний шаардлага хангагдсан гэх үндэслэлээр нэхэмжлэгчийн энэ шаардлагад холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.2 дахь хэсгийн заалттай нийцжээ.

 

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 183/ШШ2020/01451 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 225 800 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД А.ОТГОНЦЭЦЭГ

 

Ч.ЦЭНД