Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 05 сарын 25 өдөр

Дугаар 183/ШШ2020/01451

 

2020 оны 5 сарын 25 өдөр                   Дугаар 183/ШШ2020/01451                              Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

      Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюунбилэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

      Нэхэмжлэгч: Баянзүрх дүүргийн 00 дүгээр хороолол, Цайз 00 гудамж, 000а тоотод оршин суух, И овогт С. З /РД:ФА00000000/-ийн нэхэмжлэлтэй,

      Хариуцагч: Хан-Уул дүүргийн 0 дүгээр хороо, 00 дүгээр хороолол, 00 дугаар байрны 00 тоотод оршин суух, Х овогт Ц-А Д /РД:НЙ0000000/

      Хариуцагч: Чингэлтэй дүүргийн 00 дугаар хороо, Булгийн 00 дугаар гудамж, 000 тоотод оршин суух, О овогт Б. Нямжав /РД:НЙ56080501/ нарт холбогдох,

     Зээлийн гэрээний үүрэгт 16,030,000 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

      Шүүх хуралдаанд: Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.П, нарийн бичгийн дарга Ш.Баттөмөр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

      Нэхэмжлэгч С.З шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Ц.Д 2016.01.11-ний өдөр Зээлийн гэрээ-г байгуулж, 10,000,000 /арван сая/ төгрөгийг 2 сарын хугацаатай, сарын 8%-ийн хүүтэй, үүргээ гүйцэтгээгүй нөхцөлд хоног тутамд 0,5%-ийн алданги тооцохоор тохирсон.

      Зээлийн барьцаанд тухайн өдрөө Барьцааны гэрээ-г байгуулж, Б.Н өмчлөлийн 00000000 гэрчилгээний дугаартай, улсын бүртгэлийн Г-0000000000 дугаартай, Чингэлтэй дүүрэг, 12-р хороо, Булгийн 3-р гудамж, 603А тоот, 433 м.кв гэр бүлийн хэрэгцээний газар, 000000000 гэрчилгээний дугаартай, Ү-0000000000 улсын бүртгэлийн дугаартай, Чингэлтэй дүүрэг, 12-р хороо, Булгийн 3-р гудамж, 603А тоот, 48 м.кв хувийн сууцны хамт барьцаалж, энэхүү Барьцааны гэрээнд өмчлөгч Б.Н гарын үсгээ зурж, баталгаажуулсан

         Үүний дараа Ц.Д нь яаралтай мөнгөний хэрэгцээ байна гээд 2016 оны 4-р сарын 07-ны өдөр дахин Зээлийн гэрээ-г байгуулж, 5,000,000 /таван сая/ төгрөгийг 1 сарын хугацаатай, сарын 10%-ийн хүүтэй зээлсэн бөгөөд энэхүү гэрээ нь 2016.01.11-ний өдрийн Зээлийн гэрээ-ний үргэлжпэл, барьцаа хөрөнгө нь мөн хамт байхаар тохирсон. Ц.Д нь Зээлийн гэрээнүүдэд заасан хугацаанд зээлийн төлбөрөө бүрэн төлж дуусаагүй явж байгаад 2017 оны 01-р сарын 25-ны өдөр бид уулзаж, зээлийн тооцоогоо нийлж, зээлийн үлдэгдэл 17,000,000 төгрөг, үүнийг Ц.Д нь 3 хувааж төлнө, хугацаандаа төлөөгүй бол үлдсэн төлбөрөөс 3%-ийн хүү тооцохоор болж, Ц.Д нь Баталгаа гэж баримтыг өөрийн гараар бичиж, нотариатаар батлуулж, гаргаж өгсөн.

         2017 оны 01-р сарын 25-ны өдрөөс хойш Ц.Д нь зээлээ төлөхөө байсан, зээлээ төлөхийг шаардахаар өгнө гэдэг, Б.Н нь би аваагүй, Д мэднэ гэж явсаар өнөөдрийг хүрч байна. Иймд Б.Н үндсэн зээл 17,000,000 төгрөг, хүү 1,530,000 төгрөг, нийт 18,530,000 төгрөг байгаагаас Ц.Д төлсөн 2,500,000 төгрөгийг хасч тооцоод, үлдэгдэл төлбөр болох 16,030,000 төгрөгийг Ц.Д, Б.Н нараас гаргуулах, Үүргийн гүйцэтгэлийг Б.Н өмчлөлийн Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо Булгийн 3 дугаар гудамж, 000а тоот, 433 м.кв гэр бүлийн хэрэгцээний газар, хувийн сууцнаас хангуулахаар тус тус шийдвэрлэж өгнө үү гэжээ.

         Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...МУ-ын Иргэний хуулийн 216-р зүйлийн 216.1,-д Үүрэг гүйцэтгэгч нь ижил төрлийн хэд хэдэн үүргийн гүйцэтгэлийг хангах үүрэгтэй бөгөөд үүргийн гүйцэтгэл нь бүх өрийг төлөхөд хүрэлцэхгүй бол үүрэг гүйцэтгэгч аль нэг үүргийг сонгож гүйцэтгэх эрхтэй. Үүрэг гүйцэтгэгч ийм сонголт хийгээгүй бол төлбөрийн хугацаа болсон өрийг тэргүүн ээлжинд төлүүлнэ гэж заасан. Өөрөөр хэлбэл С.Д зүгээс хийж байсан төлөлтүүдийг эхний зээлийн буюу илүү хүнд нэмэлт үүрэг, барьцаа бүхий зээлээс тооцох нь зүйтэй ба нэхэмжлэгчийн нийт үнийн дүнгээс уг гүйцэтгэлийг хасч тооцно.

          Хариуцагч Ц.Д зүгээс нэхэмжлэгч С.З нэхэмжилсэн үндсэн зээл 17,000,000, хүү 3% буюу 1,530,000, нийт 18,530,000-аас төлөлтийг хассан гэх 16,030,000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрхэн тооцоолсон, яагаад ийм өндөр дүн нэхэмжилснийг ойлгохгүй, хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Мөн уг зээлийн гэрээнүүдийн дагуу зээлсэн дүнгийн ихэнх хэсгийг төлсөн, зээлийн гэрээний дагуу шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан, мөн баталгаа гэх хэлцлийн дагуу мөнгө нэхэмжлэгчээс аваагүй тул уг батлагааны дагуу шаардсан шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

        Хариуцагч Б.Н зүгээс гагцхүү эхний зээлийн гэрээ (2016.01.11) буюу 10 сая төгрөгийн зээлийн гэрээнд барьцаа гаргасан, энэхүү Барьцааны гэрээ хүчин төгөлдөр. мөн С.Д зээлийн үүргийг гүйцэтгэсэн байтал Ц.Д, С.З нарын хоёр дахь зээлийн гэрээ буюу 2011.04.07-ны өдрийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардаж буй нь үндэслэлгүй, Б.Н зүгээс уг хоёр дахь зээлийн гэрээнд барьцаа гаргахаар хүлээн зөвшөөрөөгүй тул барьцааны гэрээнээс үүрэг гүйцэтгүүлэх шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

        Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

        Шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэх явцад гаргасан нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хуульд заасан журмын дагуу гаргаж өгсөн бичмэл нотлох баримтуудад тулгуурлан дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэлээ.

         Нэхэмжлэгч 2016.01.11-ний өдрийн зээлийн гэрээ, 2016.04.07-ны өдрийн зээлийн гэрээний дагуу үндсэн зээл, зээлийн хүүнд нийтдээ 16,030,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахыг хүссэн байна.

          Хариуцагч ... 2016.01.11-ний өдөр, 2016.04.07-ны өдөр тус тус зээлийн гэрээ байгуулж, гэрээний зүйл болох нийт 15,000,000 төгрөг авсан маргахгүй. Нэхэмжлэгч С.Загдсүрэнд нийт 14,640,000 төгрөгийг төлсөн. Баталгаа гэх хэлцлийн дагуу нэхэмжлэгчээс мөнгө аваагүй тул баталгааны гэрээний дагуу шаардсан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. 2016.01.11-ний өдрийн зээлийн гэрээний үүргээ биелүүлж, төлбөрийг төлсөн. 2 дахь зээлийн гэрээ буюу 2016.04.07-ны өдрийн зээлийн гэрээгээр барьцааны гэрээ байгуулаагүй тул барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Зээлийн хүү өндөр тул хүүг багасгаж өгнө үү гэж маргаж байна.

       Хэргийн баримтаас үзэхэд талуудын хооронд 2016.01.11-ний өдөр зээлийн гэрээ байгуулж 2 сарын хугацаатай, сарын 8 хувийн хүүтэй, 10,000,000 төгрөгийг зээлдэгч Д.Д Хаан банк ХХК-ийн 0000000000 тоот төгрөгийн дансанд шилжүүлэхээр, хуваарийн дагуу зээл, хүүгийн төлбөрийг хугацаанд нь буцаан төлөөгүй тохиолдолд 0,5 хувийн алданги тооцохоор тохиролцсон байна. /хх 6/

         Мөн 2016.01.11-ний өдөр барьцааны гэрээ байгуулан Б.Н өмчлөлийн улсын эрхийн бүртгэлийн Г-0000000000 дугаартай, Чингэлтэй дүүрэг, 12-р хороо, Булгийн 13 дугаар гудамж, 603А тоот, 433 м.кв гэр бүлийн хэрэгцээний газар, мөн хаягт байрлах улсын эрхийн бүртгэлийн Ү-0000000000 дугаартай, 48 м.кв хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүдийг тус тус барьцаалжээ./хх 7-11/

         Улмаар 2016.04.07-ны өдөр С.З, Ц.Д  нарын хооронд зээлийн гэрээ байгуулж нэг сарын хугацаатай, сарын 10 хувийн хүүтэй 5,000,000 төгрөгийг шилжүүлж, хугацаа хэтэрсэн хоног тутамд 0,5 хувийн алданги тооцохоор тохиролцсон байна

           Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө... шилжүүлэх үүрэгтэй, зээлдэгч нь шилжүүлэн авсан хэмжээний мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ, мөн хуулийн 282.1 дэх хэсэгт зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно, 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт ...мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгсөнөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэж тус тус заажээ.

        Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааны явцад 2016.01.11-ний өдөр, 2016.04.07-ны өдөр тус тус байгуулсан зээлийн гэрээ, гэрээний зүйлийг авсан талаар маргаагүй, харин Баталгаа гэх хэлцлийн дагуу мөнгө аваагүй тул баталгааны дагуу шаардсан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэх хариуцагчийн татгалзал хуульд нийцэж байна.

       Учир нь мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгсөнөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцох бөгөөд нэхэмжлэгч Баталгаа гэх хэлцлийн дагуу хариуцагч нарт мөнгө шилжүүлж өгөөгүй байх тул баталгаа гэх хэлцлийн дагуу зээлийн гэрээний үүргийг нэхэмжлэгч шаардах эрхгүй юм.

         Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана гэж заасан бөгөөд нэхэмжлэгч 2016.01.11-ний өдрийн зээлийн гэрээний дагуу 2 сарын хүү, 2016.04.07-ны өдрийн зээлийн гэрээний дагуу 1 сарын хүү шаардах эрхтэй байна. Иймээс уг 2 зээлийн гэрээний хугацааг сунгаж, нэмэлт гэрээг бичгээр байгуулаагүй тул зээлийн гэрээгээр тохирсон хугацааны хүүг шүүх тооцох үндэслэлтэй байна.

       Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2-д Хүүгийн хэмжээ нь зээлдэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд илт хохиролтойгоор тогтоогдсон бол түүний хүсэлтээр шүүх зээлийн хүүг багасгаж болно гэж заасан. Хариуцагч нар зээлийн хүүг бууруулах хүсэлтийг шүүхэд гаргасан боловч зээлдэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхолд илт хохиролтойгоор тогтоогдсон болох нь тогдоогдохгүй байх тул зээлийн хүүг бууруулах үндэслэлгүй байна гэж шүүх үзлээ.

       Дээрх 2 зээлийн гэрээний үүрэгт нийт 14,640,000 төгрөг төлсөн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна /хх 33-44/

       Хариуцагч нарт 2016.01.11-ний өдрийн зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 10,000,000 төгрөг, хүү 1,600,000 төгрөг нийт 11,600,000 төгрөг төлөх үүрэг үүссэн, 2016.04.07-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 5,000,000 төгрөг, хүү 500,000 төгрөг нийт 5,500,000 төгрөгийн үүрэг тус тус үүссэн байна.

       Зээлийн гэрээний үүрэгт нийт 14,640,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн байх тул зээл авсан цаг хугацааны дарааллаар түрүүлж авсан зээлийн гэрээний үүргээс эхлэн зээлдэгчийн төлөх үүргийг тооцоход 2016.01.11-ний өдрийн зээлийн гэрээний үүргийг /14,640,000-11,600,000=3,040,000/ хариуцагч нар бүрэн биелүүлсэн байна.

         Харин 2016.04.07-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт 2,460,000 төгрөг /5,500,000 -3,040,000=2,460,000/-ийг хариуцагч нар нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй байна.

        Нэхэмжлэгч нь зээлийн гэрээний дагуу алданги шаардаагүй тул шүүх алдангийг тооцох боломжгүй болно.

        Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.2-д Үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгүүлэгчид зохих төлбөр хийснээр барьцаалагчийн шаардлагыг хангасан гэж үзнэ гэж заасан тул 2016.01.11-ний өдрийн зээлийн гэрээний дагуу үүрэг гүйцэтгэгч буюу хариуцагч нар нь нэхэмжлэгчид зохих төлбөрийг төлсөн байх тул 2016.01.11-ний өдрийн барьцааны шаардлага хангагдсан тул нэхэмжлэгч барьцааны гэрээний дагуу шаардах эрхгүй байна.

      Иймд хариуцагч нараас 2,460,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 13,570,000 төгрөг, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

       Нэхэмжлэгч С.З 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр 2 жилийн хугацаатай итгэмжлэлийг Н.Б олгосон байна. /хх 15/

      Шүүх 2020.05.25-ны 10.00 цагт товлон зарлагдсан шүүх хуралдааны товыг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид мэдэгдсэн, тов мэдэгдэх баримтад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б гарын үсэг зурсан /хх 52/, хэргийн баримттай бүрэн танилцуулж, хэрэг танилцуулсан тухай баримтад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гарын үсэг зурж /хх 55/ баталгаажуулсан байна.

       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2-т зааснаар хэрэгт цугларсан нотлох баримт бусад нөхцөл байдлыг харгалзан хариуцагчийн хүсэлтээр нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэлээ.

      Нэхэмжлэлийн шаардлагын заримыг хангасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн  56.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч нараас 54,310 төгрөгийг гаргуулж С.З олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 308,300 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээхээр шийдэв.

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

    1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282.1, 158 дугаар зүйлийн 158.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан зээлдэгч Ц.Д, Б.Н нараас зээлийн гэрээний үүрэгт нийт 2,460,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч С.З олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 13,570,000 төгрөг, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай

     2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжид 54,310 төгрөгийг гаргуулж С.З олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 308,300 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

     3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.

      4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг зохигчид, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгчид гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

ШҮҮГЧ Ц.ОЮУНБИЛЭГ