Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Ширэндэвийн Бат-Эрдэнэ |
Хэргийн индекс | 188/2016/0116/Э |
Дугаар | 659 |
Огноо | 2016-10-13 |
Зүйл хэсэг | 091.1., |
Улсын яллагч | Ө.Алтантуяа |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2016 оны 10 сарын 13 өдөр
Дугаар 659
Д.Наранбаатарт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Пүрэвсүрэн даргалж, шүүгч Д.Гансүх, Ш.Бат-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Прокурор Ө.Алтантуяа,
Ялтан Д.Наранбаатар, түүний өмгөөлөгч Н.Баатардорж,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.Мөнхцэцэг,
Нарийн бичгийн дарга П.Учралгэрэл нарыг оролцуулан,
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхзул даргалж, шүүгч Г.Алтанцэцэг, И.Ганбат нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2016 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 121 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан Д.Наранбаатар, түүний өмгөөлөгч Н.Баатардорж нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Д.Наранбаатарт холбогдох эрүүгийн 2016 2601 1071 дугаартай хэргийг 2016 оны 10 дугаар сарын 3-ны өдөр хүлээн авч, шүүгч Ш.Бат-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Монгол овгийн Дархижавын Наранбаатар, 1976 оны 1 дүгээр сарын 30-нд төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 5, хүүхдүүдийн хамт Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, монелийн 18 дугаар гудамжны 415б тоотод оршин суух бүртгэлтэй боловч Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хорооны Орбитийн 66-03 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:ХЗ76013076/,
Д.Наранбаатар нь 2016 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр 19 цагийн орчим согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгионхайрхан дүүргийн 2 дугаар хороо, Орбитийн 66-03 тоот хашаанд байх гэртээ “хүүхдүүддээ хоол хийж өгсөнгүй, ажил хийж авчирсан мөнгөөр өдөржин архи ууж агсам тавилаа” гэсэн шалтгааны улмаас эхнэр Ш.Одонцэцэгтэй хувийн таарамжгүй харьцаа үүсгэн маргалдаж, улмаар Ш.Одонцэцэгийн шанаан тус газарт гараараа цохиж унаган толгойг төмөр саваар цохих зэргээр зодож бие махбодид нь гавал тархины битүү гэмтэл учруулан санаатай алсан гэмт хэрэгт холбогджээ.
Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас: Д.Наранбаатарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Д.Наранбаатарыг хүнийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүнийг санаатай алсан гэмт хэргийг үйлдсэн гэмт буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар Д.Наранбаатарыг 12/арван хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Д.Наранбаатарт оногдуулсан хорих ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлж, Б.Наранбаатарын цагдан хоригдсон 117 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцож, Гэр бүлийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Наранбаатарын бага охин Н.Мөнхжинд асран хамгаалагч, харгалзан дэмжигч томилохыг Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад даалгаж, Д.Наранбаатар нь бусдад төлөх төлбөргүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хөнгөн цагаан материалтай хоолны сав 1 ширхэг, хар өнгийн бариултай төмөр материалтай хоолны сав 1 ширхэг, угаах зориулалттай төмөр сав 1 ширхэг, цус мэт зүйлээр бохирлогдсон алчуур 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Эд мөрийн баримт устгах комисст даалгаж шийдвэрлэжээ.
Ялтан Д.Наранбаатар гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Би өөрийн эхнэр /талийгаач/ Ш.Одонцэцэгийг санаатай амь насыг нь хөнөөсөн гэх хэргийг хүлээн зөвшөөрөхгүйн дээр холбогдох хэргийг дахин мөрдөн байцаалтад буцаах хүсэлттэй байна.
Би эхнэрээ олон удаа цохиж шарх, сорви болгоогүй. Тухайн хэрэг болсон өдөр буюу 2016 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн орой эхнэр маань согтуу байсан бөгөөд “надад наад архинаасаа өг” гээд миний ууж байсан архийг нэхээд байсан. Би түүнийг бүр илүү согтчихно гэж бодсон ч ажлаас орж ирэхэд хүүхдүүд маань идэх юм нэхэцгээж, сэтгэл санаа тавгүй байсан болохоор эхнэрээсээ нууцаар гадаа тавьсан архиа түүнд өгөлгүй уусан юм. Харин эхнэр маань огт хүүхдүүдийнхээ хоол, ундны талаар ярилгүй зогсоо зайгүй архи нэхэж байснаа намайг хэл амаар доромжилж “чи ер нь хөдөө явж ажилладаггүй хотод заваарч яваад ирсэн байх” гэж хашхирахад нь өөрийн мэдэлгүй уур хүрч угааж байсан саваараа толгойн тус газар нь цохисон. Би нэг л удаа ингэж цохисон. Би гэрийнхээ өрхийн тэргүүн, ажил амьдралаа авч явах гэж хэрэндээ л хичээж, хүүхдүүдээ дулаан хөнжил авчихаад ирж байхад иймэрхүү янзтай угтаж, намайг доромжилж, бага хүү рүүгээ гутал авч шидсэн үйлдэлд миний сэтгэл санаа цочирдож өөрийн мэдэлгүй ийм үйлдэл хийсэн минь үнэн. Харин надад эхнэрээ санаатай алах зорилго байгаагүй байхад намайг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйл ангиар ялласанд гомдолтой байна. Улсын Дээд шүүхийн 2008 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 14 дүгээр тогтоолын 1.7 дахь хэсэгт “санаа сэтгэл нь гэнэт хүчтэй цочрон давчидсан” гэх мөн тогтоолын 1.9 дэх хэсэгт “санаа сэтгэл нь гэнэт хүчтэй цочирдон давчидсан үед бусдыг санаатай алах хэргийн талаар заавал нотлох үйл ажиллагааг явуулаагүй” гэж миний бие үзэж байна. Би өөрийгөө гэм буруугүй гэж өмөөрөх гэсэнгүй. Өнөөдөр эхнэр маань нас барж, үр хүүхдүүд маань асрамжид очсон. Энэ мөчийг давж гарах ямар хэцүү байгааг надаас өөр хэн ч мэдэхгүй нь үнэхээр харамсалтай. Дээрх гэмт хэрэгт татагдаж Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэс дээр хүргэгдэж очиход эрүүгийн төлөөлөгч нар намайг зодож “чи муу хулгайч эхнэрээ алсан биз дээ” гэж зодож дарамталж байсан. Би болсон явдлыг үнэнээр нь хэлсэн боловч “хуцаад бай” гэж хэлээд “чи муу зөндөө зодож, нүдсэн байна лээ, хэргээ хүлээ” гэж дарамталж гарын үсэг зурахыг шаардаж байсан. Би тэр үед үнэхээр яахаа мэдэхгүй байсан хэдий ч эхнэртээ, хэдэн хүүхдэдээ арилахгүй хар толбо үлдээж амьдын тамд унаж байгаагаа мэдэрсэн. Шударга үнэний төлөө ажиллах цагдаа нар ингэж иргэнээ зодож, үнэнийг үгээр биш хүчээр авах гэж оролдох нь шударга явдал юм уу. Мөн тус гэмт хэргийг мөрдөн байцаалтад буцаах өөр нэг үндэслэл нь тухайн хэрэг болохоос өмнө буюу 2016 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр санагдаж байна. Орой 20 цагийн үед эхнэрийн маань эгч Мөнхтуяагийн охин Одмаа нөхөртэйгээ манайд орж ирээд манай эхнэр лүү мөнгө нэхэн дайрч давшилж агсам тавьж бөөн юм болсон. Тухайн үед намайг байсан болохоор арай л зодчихоогүй юм. Дараа нь эхнэрээсээ асуухад нэлээн хэдэн сарны өмнө түүнээс 15.000 төгрөг зээлж хамтдаа архи уусан юм билээ. Хамт архи уусан мөнгөө нэхсэн нь тэр юм билээ. Эхнэр маань тэр үед энэ нэг юмнаас болж байнга чамтайгаа хэрэлдэх юм гэж хэлж байсан юм. Харин намайг хөдөө явсан хойгуур манай эхнэрийг зодож толгойг нь хайчаар хатгаж гэмтээсэн талаар би саяхан мэдлээ. Би яг энэ үйлдлийг шалгуулмаар байна. Манай гэрийн хойно байх эмч эмэгтэйн гэрт нь орж боолт хийлгэсэн байсан. Тэр эмч болон бусад гэрчийг байцааж юу болсон талаар тодруулах хүсэлттэй байна. Намайг хөдөөнөөс ирэхэд эхнэр “толгой өвдөж байна” гэж нэг удаа хэлсэн. Би тухайн үед нь тоолгүй уусан архиных нь биз гэж л бодож байснаа одоо тод санаж байна. Тэр Одноо гэх эмэгтэйг шалгаж өгнө үү. Мөн энд нэг зүйлийг тодруулахад талийгаачийн төрөл садангийн хүмүүс их архи уудаг. Ингэж уухдаа нэгнээ уруу татаж уудаг үүнийг би болон бусад улсууд гэрчилнэ. Бага охиныг маань асран халамжлагч болсон Мөнхзулын амьдрал тогтсон, архи хэрэглэдэггүй бөгөөд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр уг хүнийг байх ёстой гэж миний бие бодож байна. Одоо улсын асрамжид байгаа хүүхдүүд маань ямар байдалтай байгааг миний бие үнэхээр мэдэхгүй юм. Өөрийн гэм бурууг болон, бусад буруутай этгээдийн гэм зэмийг хүлээлгэж үнэн зөв, шударгаар холбогдох хэргийг шийдвэрлүүлж аль болох хурдан тэдэндээ очиж, тэднийхээ төлөө үүрэх ёстой бүх жаргал, зовлонгоо жам ёсны дагуу амьдрах хүсэлтэй байна. Иймд холбогдох хэргийг минь шинжлэн судалж, шударга ёсны зарчмын дагуу үнэн зөв шийдвэр гаргана гэж миний бие итгэж байна...” гэв.
Ялтан Д.Наранбаатарын өмгөөлөгч Н.Баатардорж гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...2016 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 121 тоот шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч мөрдөн байцаалтын ажиллагааг гүйцэд биш хийсэн гэх үндэслэлээр гомдол гаргаж байна.
Энэ хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулахдаа хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлуудыг бүрэн шалгаагүй, мөрдөн байцаалтын ажиллагааг дутуу явуулсан нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 317 дугаар зүйлийн 317.1.1, 317.1.2 дахь хэсгүүдэд заасан шийтгэх тогтоолыг хүчингүй болгох үндэслэл болно.
Хэрэг учрал болох өдрөөс 2-3 хоногийн өмнө талийгаач Ш.Одонцэцэг нь бусдад зодуулж, хайчаар тархиндаа хатгуулж гэмтэл авч тусламж гуйж өөрийн хөршийндөө очсон байдаг талаар шийтгэх тогтоол гарсны дараа /мөрдөн байцаалтад гэрчээр байцаагдсан/ Т.Саруул-Эрдэнэ гэрчилдэг.
Мөрдөн байцаалтын ажиллагааг бүх талаас нь бүрэн гүйцэд явуулаагүйн улмаас тогтоол гаргахад чухал ач холбогдолтой, гэм буруугийн талаар нотлох, эрүүгийн хариуцлага хүлээлгэх эсэхийг шийдвэрлэх нөхцөл байдлыг орхигдуулсан нь шийтгэх тогтоолыг хууль ёсны хүчин төгөлдөр бус болгож байна. Учир нь хохирогч 2 хоногийн өмнө тархиндаа авсан гэмтлээс болж үхэлд хүрэв үү, эсхүл Д.Наранбаатарын нэг удаагийн толгойн тус газар нь цохисон цохилтоос болж үхэлд хүрэв үү гэдгийг бүрэн гүйцэд шалгаж тогтоох шаардлагатай байна. Иймд тус шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү...” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.Мөнхцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийдвэрийг үнэн зөв гэж үзэж байна. Давж заалдах гомдол үндэслэлгүй байна. Д.Наранбаатар “3 хоногийн өмнө талийгаач гэмтэл авсан байсан” гэж байна. Миний дүү 4 дүгээр сарын 29-ний өдөр нас барсан. Тэгвэл Одмаа талийгаачийг 4 дүгээр сарын 20-ны өдөр хайчаар цохисон гэж үзвэл 6 хоногийн зөрүү гарч байна. Д.Бат-Амгалан нь Саруул-Эрдэнэ, Алимаа, Одмаа нарын 3 хүнийг гүтгэж байна. Шүүх эмнэлгээс талийгаачийн гэмтэл нь мохоо зүйлээр олон удаа цохисны улмаас үүссэн гэж дүгнэлт гаргасан. Саруул-Эрдэнэ нь ийм зүйл яриагүй. Зөвхөн түүний хадам ээж ажил дээрээ ийм зүйл ярьсан зүйлээс ялтны тал ийм зүйл гаргаж ирсэн байна. Үүнийг үндэслэлгүй гэж үзэж байна...” гэв.
Прокурор Ө.Алтантуяа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хууль зүйн үндэслэлтэй шийдвэр гаргасан. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд, гэрч нарын мэдүүлгээр талийгаач хэрэг гарахаас 2-3 хоногийн өмнө ямар нэг гэмтэл шарх авсан зүйл ажиглагдаагүй. Мөн ялтан мөрдөн байцаалтын шатанд дарамтлуулан зодуулсан гэж байна. Гэтэл ялтан мөрдөн байцаалтын шатнаас өмгөөлөгч авсан. Иймд үндэслэлгүйгээр хэргийг мөрдөн байцаалтад буцааж, хэрэгт ач холбогдолгүй зүйлийг шалгуулах хүсэлт тавьж байгаа учир давж заалдах гомдлыг хүчингүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна...” гэв.
ХЯНАВАЛ:
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 308 дугаар зүйлд зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хэлэлцэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж хэргийг бүхэлд нь хянаж үзлээ.
Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт заасан “...Шүүхийн тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байна...”, мөн зүйлийн 284.2 дахь хэсэгт заасан “...Хуулийн бүх шаардлагад нийцүүлэн, хуульд үндэслэн гаргасан тогтоолыг хууль ёсны гэж үзнэ...” гэсэн хуулийн шаардлагыг хангаагүй байна.
Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтад “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар Д.Наранбаатарыг 12 /арван хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй...” гэж заасан байхад шүүх хуралдааны тэмдэглэлийн 2 дахь заалтад “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар Д.Наранбаатарыг 15 /арван тав/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж...” гэж шийтгэх тогтоолоос зөрүүтэй бичигдсэнээс Д.Наранбаатарт шүүх хичнээн хугацааны хорих ял шийтгэсэн эсэх нь тодорхойгүй байна.
Үүнээс гадна шийтгэх тогтоолын 5 дахь хэсэгт “...Гэр бүлийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Наранбаатарын бага охин болох Н.Мөнхжинд асран хамгаалагч, харгалзан дэмжигч томилохыг Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад даалгасугай...” гэж заасан байхад шүүх хуралдааны тэмдэглэлийн 5 дахь заалтад “...Гэр бүлийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.10 дахь хэсэгт зааснаар 2015 оны 8 дугаар сарын 21-ний өдөр Ц.Энхмаагийн төрүүлсэн хүүхдийн асрамжийн асуудлыг Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга нарт хамтран шийдвэрлэхийг даалгаж...” гэж илт зөрүүтэй бичигдсэн байна.
Дээрх нөхцөл байдлыг дүгнэн үзвэл Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.2 дахь хэсэгт “...нотлогдсон гэмт хэрэг нэг бүрт нь шүүгдэгчид оногдуулсан ялын төрөл, хэмжээ, Эрүүгийн хуулийн 57, 58 дугаар зүйлд заасны дагуу тодорхойлсон жинхэнэ эдэлбэл зохих ялын хэмжээ, хэрэв хорих ял оногдуулсан тогтоол биелүүлэхийг хойшлуулсан бол шийтгэгдсэн этгээдийг хянах үүргийг хэнд хариуцуулсан, хорих ял шийтгүүлсэн ялтны ял эдлэх дэглэм...”, 297 дугаар зүйлийн 297.5 дахь хэсэгт “...Шийтгэх тогтоолыг биелүүлэхэд шүүхээс оногдуулсан ялын төрөл ба хэмжээний талаар ямар нэгэн эргэлзээ төрөхгүйгээр бичигдсэн байвал зохино...”, мөн хуулийн 253 дугаар зүйлийн 253.1 дэх хэсэгт “...Шүүх хуралдааны үед шүүх хуралдааны нарийн бичгийн дарга энэ хуулийн 253.2-т заасан журмын дагуу тэмдэглэл үйлдэх ба түүнд засвар оруулах тухай саналыг энэ хуулийн 253.6-253.9-д заасан журмын дагуу гаргаж шийдвэрлэнэ...” гэсэн шаардлагад нийцэхгүй байна.
Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол болон шүүх хуралдааны тэмдэглэлээс үзэхэд ялтан Д.Наранбаатарын үйлдэлд анхан шатны шүүхээс хэдэн жилийн хорих ял оногдуулсан нь тодорхойгүй, шүүх хуралдааны тэмдэглэл нь хяналт тавих боломжийг алдагдуулсан, бүрэн бус, хангалтгүй хөтлөгдсөнөөс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй эсэхийг давж заалдах шатны шүүх хянах боломжгүй болгосон байна.
Өөрөөр хэлбэл анхан шатны шүүхийн шүүх хуралдааны тэмдэглэл нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн дээрх заалтуудаас гадна мөн хуулийн 320 дугаар зүйлийн 320.1.6 дахь хэсэгт заасныг ноцтой зөрчсөн болохыг тэмдэглэж байна.
Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Д.Наранбаатарт холбогдох хэргийг шүүх хуралдааны ажиллагаанаас эхлэн, дахин хянан хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Дээрх байдлын улмаас давж заалдах шатны шүүх ялтан Д.Наранбаатар, түүний өмгөөлөгч Н.Баатардорж нарын гаргасан давж заалдах гомдлуудыг энэ удаа эцэслэн шийдвэрлэх боломжгүй байгааг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.2. дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 121 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Д.Наранбаатарт холбогдох эрүүгийн хэргийг шүүх хуралдааны ажиллагаанаас эхлэн, дахин хэлэлцүүлэхээр мөн дүүргийн шүүхэд буцаасугай.
2. Хэрэг шүүхэд очтол Д.Наранбаатарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
3. Энэ магадлалд хяналтын шатны журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.ПҮРЭВСҮРЭН
ШҮҮГЧИД Д.ГАНСҮХ
Ш.БАТ-ЭРДЭНЭ