Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Гочоогийн Банзрагч |
Хэргийн индекс | 112/2019/0027/З |
Дугаар | 121 |
Огноо | 2020-04-15 |
Маргааны төрөл |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2020 оны 04 сарын 15 өдөр
Дугаар 121
Г.Ч, М.Д нарын нэхэмжлэлтэй, Г аймгийн
иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын
даргад холбогдох захиргааны
хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Даргалагч: Танхимын тэргүүн М.Батсуурь
Шүүгчид: Б.Мөнхтуяа
Ч.Тунгалаг
П.Соёл-Эрдэнэ
Илтгэгч шүүгч: Г.Банзрагч
Нэхэмжлэлийн шаардлага: “Говь-Алтай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 7 дугаар сарын 17-ны өдөр хуралдсан хурлыг хүчингүйд тооцож, хурлаас гарсан 06, 07, 08, 09, 10 дугаар тогтоолуудыг хүчингүй болгуулах”
Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 112/ШШ2019/0029 дүгээр шийдвэр,
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 33 дугаар магадлал,
Нэхэмжлэгч Г.Ч, М.Д нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Өмнөх шатны шүүхийн шийдвэр
1. Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 112/ШШ2019/0029 дүгээр шийдвэрээр: Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.7 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч М.Д, Г.Ч нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, 2019 оны 7 дугаар сарын 17-нд хуралдсан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлыг хүчингүйд тооцож, хурлаас гарсан 06, 07, 08, 09, 10 дугаар тогтоолуудыг хүчингүй болгож шийдвэрлэжээ.
2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 33 дугаар магадлалаар: Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 29 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.7-д заасныг баримтлан нэхэмжлэгч М.Д, Г.Ч нарын “Говь-Алтай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн хуралдааныг хүчингүйд тооцож, хурлаас гарсан 06, 07, 08, 09, 10 дугаар тогтоолуудыг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангасан.
Хяналтын журмаар гаргасан гомдол
3. Нэхэмжлэгч Г.Ч, М.Д нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 33 дугаар магадлалыг бүхэлд нь эс зөвшөөрч дараах үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байна. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас гаргаж буй шийдвэр бүр “хуульд нийцсэн” байж хүчин төгөлдөр үйлчлэх учиртай. Гэтэл Говь-Алтай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн хуралдаанаас гаргасан 06, 07, 08, 09, 10 дугаар тогтоолууд нь хуульд нийцээгүй.
4. Учир нь, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.7-д “Аймаг, нийслэл, сум, дүүргийн Хурлын хуралдаанд хурлын нийт төлөөлөгчийн олонхи нь хүрэлцэн ирсэн бол хүчинтэйд тооцно” гэж заасныг зөрчиж төлөөлөгчийн олонхи хүрэлцэн ирээгүй байхад шийдвэр гаргасан нь эрх зүйн үндэслэлгүй шийдвэр болсон. Энэ тухай анхан шатны шүүх зөв үнэлэлт, дүгнэлт өгч хэргийг хуульд нийцүүлэн шийдвэрлэж, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан шийдвэр болсон.
5. Магадлалын Хянавал хэсэгт “...тухайн төлөөлөгч заавал биечлэн ирснээр бус хуралдаанд оролцсоноор хүчинтэйд тооцно гэж ойлгох бөгөөд оршин байгаа газраас үл хамааран аливаа хурал, зөвлөгөөнийг цахимаар хийх боломжтой болсон техник технологийн хөгжингүй энэ цаг үед төлөөлөгч Ц.А-г хуралдаанд цахимаар оролцуулсан нь дээрх хуулийн шаардлагыг зөрчсөн гэж үзэхгүй. ...Энэхүү нөхцөл байдал нь төлөөлөгч М.Д, Г.Ч нарын хууль ёсны эрх, ашиг сонирхлыг зөрчөөгүй, нэг төлөөлөгчийг цахимаар хуралд оролцуулсан нь нэхэмжлэгч нарт дээрх хуулиар олгосон хурлын төлөөлөгчийн хуралдаанд оролцох эрхийг хөндөөгүй, хоорондоо шалтгаант холбоогүй байгааг анхаараагүй нь буруу байна” гэж хуулийг буруу тайлбарлаж хэрэглээд, хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт гаргасан байна.
6. Иймд, Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 29 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 33 дугаар магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
7. Давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна.
8. Нэхэмжлэгч Г.Ч, М.Д нараас “Говь-Алтай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 7 дугаар сарын 17-ны өдөр хуралдсан хурлыг хүчингүйд тооцож, хурлаас гарсан 06, 07, 08, 09, 10 дугаар тогтоолуудыг хүчингүй болгуулах” шаардлагыг гаргасан байна.
9. Энэхүү шаардлагын агуулгаас үзвэл, маргаан бүхий захиргааны актуудыг шийдвэр гаргах ажиллагааны хувьд алдаатай буюу хурлын ирц бүрдээгүй “хүчингүй” хуралдаанаас гарсан тогтоолууд нь хууль бус гэсэн үндэслэлээр хүчингүй болгуулахыг шаардсан байна.
10. Нэхэмжлэгч нараас маргаан бүхий актыг хууль бус гэж үзэж буй хууль зүйн үндэслэлийн тухайд: Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 12 дугаар зүйлд Хурлын төлөөлөгчийн бүрэн эрхийг зохицуулсан байх бөгөөд 12.1-д “Аймаг, нийслэл, сум, дүүргийн Хурлын төлөөлөгч нь дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 12.1.1. “асуудал хэлэлцэн шийдвэрлэхэд таслах эрхтэй оролцох” гэсэн нь уг хуулийн 23 дугаар зүйлийн 23.7-д “Аймаг, нийслэл, сум, дүүргийн Хурлын хуралдаанд тухайн Хурлын нийт төлөөлөгчийн олонхи нь хүрэлцэн ирсэн бол хүчинтэйд тооцно” гэсэнтэй шууд холбоотой гэж үзэхээргүй, өөрөөр хэлбэл, хуулийн 12 дугаар зүйл нь Хурлын Төлөөлөгчид олгосон “субъектив эрх”-ийн шинжтэй бүрэн эрхийн зохицуулалт бол, харин 23 дугаар зүйл нь хуралдааны үйл ажиллагааг зохицуулсан объектив хэм хэмжээ байна.
11. Тодруулбал, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.8-д зааснаар хурлын төлөөлөгч нь хүндэтгэн үзэхээс бусад шалтгаанаар зориудаар оролцохгүй байх буюу түүнийг орхиж гарах эрхгүй /23 дугаар зүйлийн 23.9-д зааснаар хэрэв хуралдаанд зориудаар оролцоогүй буюу орхиж гарсан тохиолдолд хуралдаанд оролцож эсрэг санал өгсөнд тооцож санал хураалт явуулна/, ийнхүү тухайн Хурлын нийт төлөөлөгчийн олонхи нь ирснээр 23 дугаар зүйлийн 23.7-д заасны дагуу хуралдаан нь хүчинтэйд тооцогдоно. Харин хуралдаанд оролцсон төлөөлөгч нь уг хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-12.1.10-д заасан бүрэн эрхийг хэрэгжүүлэх эсэх нь тухайн төлөөлөгчийн өөрийнх нь сонгох эрх байхад анхан шатны шүүх хуулийн нарийвчилсан зохицуулалтыг маргааны үйл баримтад буруу тайлбарлан хэрэглэснээс шийдэл буруу болжээ.
12. Үүнээс үзвэл, хуралдаан хүчинтэй эсэх асуудлаар Хурлын Төлөөлөгчдийн хэн нь ч маргах эрхтэй тул энэ үндэслэлээр нэхэмжлэгч нар шаардах /нэхэмжлэл гаргах/ эрхтэй, харин Хурлын төлөөлөгчийн бүрэн эрхийн асуудлаар, тухайлбал хуралдаанд таслах эрхтэй оролцуулсан эсэх асуудлаар гагцхүү эрх нь зөрчигдсөн төлөөлөгч л шаардахаас бус эрх нь хөндөгдөөгүй бусад этгээд, тухайлбал нэхэмжлэгч нар шаардах эрхгүй, энэ утгаараа давж заалдах шатны шүүхийн “...нэг төлөөлөгчийг цахимаар хуралд оролцуулсан нь нэхэмжлэгч нарт дээрх хуулиар олгосон хурлын төлөөлөгчийн хуралдаанд оролцох эрхийг хөндөөгүй, хоорондоо шалтгаант холбоогүй...” гэсэн дүгнэлт зөв байна.
13. Уг хэргийн хувьд төлөөлөгч Ц.А-г хуралдаанд цахимаар оролцуулсан нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.8 дахь хэсгийг зөрчөөгүй, учир нь хуульд хуралдаан нь Хурлын төлөөлөгч “таслах эрхтэй” оролцсоноор, эсхүл “биечлэн” оролцсоноор хүчинтэй болох тухай заагаагүй, иймд энэ талаарх давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.
14. Нэгэнт нийт төлөөлөгчийн олонхи ирснээр хүчинтэйд тооцогдсон хуралдаанаас гарсан маргаан бүхий актууд болох Говь-Алтай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 06, 07, 08, 09, 10 дугаар тогтоолууд нь шийдвэр гаргах ажиллагааны хувьд хууль ёсны учир “шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн” гэсэн утгатай энэ тогтоолын Тодорхойлох хэсгийн 3-5-д заасан нэхэмжлэгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах боломжгүй.
15. Хяналтын шатны шүүх хуралдаан эхлэхээс өмнө нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О-с “...Улаанбаатар хот руу шүүх хуралд оролцохоор газраар /машинаар/ гарсан боловч замдаа саатсан тул шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү” гэсэн хүсэлт /факсаар/ ирүүлсэн боловч холбогдох нотлох баримт байхгүй тул шүүх бүрэлдэхүүн хүсэлтийг хангахаас татгалзсан болохыг тэмдэглэв.
16. Дээр дурдсан үндэслэлээр шүүх бүрэлдэхүүн нэхэмжлэгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахаас татгалзаж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээхээр тогтов.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 33 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч нараас тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН М.БАТСУУРЬ
ШҮҮГЧ Г.БАНЗРАГЧ