Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 12 сарын 25 өдөр

Дугаар 210/МА2018/00006

 

 

 

 

 

2017 оны 12 сарын 25 өдөр

Дугаар 210/МА2018/00006

 

 

 

Н.Цасанцэцэгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Д.Байгалмаа, Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 181/ШШ2017/02560 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Н.Цасанцэцэгийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох

Үл хөдлөх эд хөрөнгийг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгч Н.Цасанцэцэгийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Б.Нармандах илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн төлөөлөгч Д.Нямлхагва, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Цэрэнханд нар оролцов.

Нэхэмжлэгч Н.Цасанцэцэг шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 570 дугаар шүүгчийн захирамжаар Солонголиш ХХК-иас 168 865 506 40 төгрөг гаргуулж Худалдаа хөгжлийн банк ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд барьцаалсан эрхийн улсын бүртгэлийн Ү-2206013950 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, 19 дүгээр хороолол, 25 дугаар байрны 18 тоот байрлах 41,62 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг 83 240 000 төгрөгөөр үнэлж албадан дуудлага худалдаанд оруулахаар шийдвэрлэсэн байна. Байрны зах зээлийн үнэ 1 м.кв нь 3 000 000 төгрөгөөр үнэлэгдэж 120 000 000 төгрөгөөр худалдагдахаар байгаа бөгөөд Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас үнэлсэн 83 240 000 төгрөгийн үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байгаа учраас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3 дах хэсэгт заасны дагуу гомдол гаргаж байна. Иймд Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны үнэлгээ тогтоосон шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 570 дугаар шийдвэрээр Солонголиш ХХК болон 10 иргэнээс 169 466 645 төгрөгийг гаргуулж Худалдаа хөгжлийн банк ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдөр үүсгэж шүүхийн шийдвэрт заасан төлбөрийг барагдуулах тухай хугацаатай мэдэгдлийг төлбөр төлөгч нарт удаа дараа гардуулан өгсөн боловч төлбөрийг барагдуулаагүй тул тухайн үед мөрдөгдөж байсан 2002 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 36 дугаар зүйлд заасны дагуу Н.Цасанцэцэг, Ж.Хатанболд нарын үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан эрхийн улсын бүртгэлийн Ү-2206013950 дугаарт бүртгэлтэй Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, 19 дүгээр хороолол Чингисийн өргөн чөлөө, 25 дугаар байрны 18 тоот 2 өрөө орон сууцыг битүүмжилж, хураасан. Тус орон сууцанд өмчлөгч Н.Цасанцэцэг, Ж.Хатанболд нар шийдвэр гүйцэтгэгчийн тогтоосон хугацаанд үнийн саналаа ирүүлээгүй ба төлбөр авагч талаас хөндлөнгийн шинжээч томилуулах хүсэлт гаргасныг үндэслэн Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу хөндлөнгийн шинжээчээр үнэлүүлэхэд зах зээлийн үнэлгээ болох 83 240 000 төгрөгөөр тогтоосон. Иймд Н.Цасанцэцэгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Д.Нямлхагва шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай шинжээчийн үнэлгээ үндэслэлтэй гарсан. Уг үнэлгээг гаргахдаа өртгийн хандлагын арга , зах зээлийн харьцуулан жиших арга хэрэглэж бодитой үнэлсэн тул шинжээчийн үнэлгээнд эргэлзэх зүйл байхгүй гэжээ.

Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3 дах хэсэгт зааснаар Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 570 дугаар шийдвэрээр Солонголиш ХХК болон 10 иргэнээс 169 466 645 төгрөгийг гаргуулж Худалдаа хөгжлийн банк ХХК-д олгохоор шийдвэрлэсэн шийдвэрийн дагуу явагдсан ажиллагаа болох үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Н.Цасанцэцэг давж заалдах гомдолдоо: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 570 дугаар захирамжаар Солонголиш ХХК болон 10 иргэнээс 169 466 645 төгрөг гаргуулж Худалдаа хөгжлийн банк-нд олгохоор шийдвэрлэсэн. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Хан-Уул дүүргийн дүгээр хороо, 19-р хороолол, 25 дугаар байрны 18 тоотод байрлах 41.62 мкв талбайтай улсын бүртгэлийн Ү-2206013950 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг 57-р байр 109 тоотод байрлах 36 мкв талбай бүхий 1 өрөө орон сууцыг албадан дуудлага худалдаанд оруулахаар Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас хөндлөнгийн шинжээч томилон үнэлүүлэхэд 83 240 000 төгрөгөөр үнэлсэн нь зах зээлийн үнээс хэт доогуур байгаа тухай гомдлыг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. Манай байрны зах зээлийн үнэ 120 000 000 төгрөг байгаа гэдэг нь зарын сүлжээнээс харахад тодорхой байх бөгөөд анхан шатны шүүхэд дахин хөндлөнгийн шинжээч томилох хүсэлт гаргахад хүлээж авалгүй хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна. Иймд хэргийг дахин хянаж анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байгаа боловч хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй байгааг залруулан өөрчлөлт оруулах шаардлагатай байна.

Нэхэмжлэгч Н.Цасанцэцэг нь хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай гомдол гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэж маргажээ.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 570 дугаар шүүгчийн захирамжаар Солонголиш ХХК-иас 168 865 506 40 төгрөг гаргууж Худалдаа хөгжлийн банк ХХК-д олгохоор, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө болох эрхийн улсын бүртгэлийн Ү-2206013950 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, 19 дүгээр хороолол, 25 дугаар байрны 18 тоот байрлах 41,62 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцаар хангуулахаар шийдвэрлэж, тус шүүхийн 2016 оны 01 сарын 26-ны өдөр  бичигдсэн 593 дугаар гүйцэтгэх хуудсыг үндэслэн Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан  төлбөр төлөгч Н.Цасанцэцэг, Ж.Хатанболд нарын өмчлөлийн дээрх орон сууцыг 2016 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 16/03-29 тогтоолоор битүүмжилж, 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 02 дугаар тогтоолоор эд хөрөнгийг хураан авсан үйл баримт хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогджээ./хх-14-18, 19-25/

Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу шийдвэр гүйцэтгэгч нь албадан дуудлага худалдааны санал болгох үнийн саналыг төлбөр төлөгч, төлбөр авагч нараас авч, тэдгээр нь хоорондоо тохиролцоонд хүрээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугар зүйлийн 37.2.2-т заасны дагуу шинжээч томилох учиртай. Хэргийн 26-40 дүгээр талд авагдсан баримтаас үзвэл төлбөр төлөгч, өмчлөгч Н.Цасанцэцэг, Ж.Хатанболд нар шийдвэр гүйцэтгэгчийн тогтоосон хугацаанд үнийн саналаа ирүүлээгүй ба төлбөр авагч талаас хүсэлт гаргасныг үндэслэн Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу хөндлөнгийн шинжээч томилон үнэлүүлж, зах зээлийн үнэлгээг 83 240 000 төгрөгөөр тогтоосон. Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар үнэлгээчний буюу шинжээчийн тогтоосон үнэлгээний 70 хувиар тооцож, үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулах тухай 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 3/6070 тоот мэдэгдлийг төлбөр төлөгчид мэдэгдэж, баталгаат шуудангаар хүргүүлжээ.

Нэхэмжлэгч буюу төлбөр авагч Н.Цасанцэцэг нь шийдвэр гүйцэтгэгчийн дээрх мэдэгдлийг хүлээн аваад 2017 оны 06 сарын 08-ны өдөр буюу хуульд заасан хугацаанд гомдлоо гаргасан байхад шүүх хугацаа хэтрүүлсэн гэж дүгнэсэн нь учир дутагдалтай болно. Хэдийгээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3 дах хэсэгт үнэлгээ тогтоосон өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гомдлоо гаргах тухай заасан боловч шинжээчийн үнэлгээг шийдвэр гүйцэтгэлийн байгууллагаас 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдөр мэдэгдсэн байхад төлбөр төлөгчийг хугацаа хэтрүүлсэн гэж буруутгах боломжгүй юм. Тухайн үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн үнэ 120 000 000 төгрөг байгаа, зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн гэх боловч энэ талаарх баримтыг шүүхэд гаргаагүй, өөрийн шаардлага үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотолж чадаагүй байна.

Анхан шатны шүүх үл хөдлөх эд хөрөнгийг шинжээчийн тогтоосон үнэлгээ буюу 83 240 000 төгрөгийн 70 хувь болох 58 268 000 төгрөгөөр дуудлага худалдааны санал болгох доод үнийг тогтоосон нь хууль зөрчөөгүй, төлбөр төлөгчийн хуульд заасан эрхийг зөрчсөн, хууль ёсны ашиг сонирхолд сөргөөр нөлөөлөх үйл ажиллагаа явуулсан гэх байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй гэж үзэж нэхэмжлэгч Н.Цасанцэцэгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

Нэхэмжлэгчийн гаргасан үл хөдлөх хөрөнгийг дахин үнэлүүлэх хүсэлтийг шүүх хуульд заасан эрх хэмжээний дагуу хангахгүй орхиж шийдвэрлэсэн байна./хх-50/ Мөн Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасан журмаар үнэлгээ тогтоосныг хариуцагч байгууллага өөрөө үнэлгээ тогтоосон гэж үзэхгүй.

Харин анхан шатны шүүх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн дээрх зохицуулалтуудыг зөв тайлбарлан хэрэглэж, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үндэслэн Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан талаар үндэслэл бүхий дүгнэсэн боловч хэрэглэвэл зохих шийдвэр гүйцэтгэх ажиллгаа явагдсан тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан хуулийг хэрэглээгүй байх тул шийдвэрт өөрчлөлт оруулах нь зөв байна.

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 181/ШШ2017/02560 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын хуулийн гэсний дараа /2002 оны/ гэж нэмж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дах хэсэгт зааснаар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргаж болох бөгөөд мөн хуулийн 119.4, 119.7 дах хэсэгт заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тус тус дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАТЗОРИГ

 

ШҮҮГЧИД Д.БАЙГАЛМАА

 

Б.НАРМАНДАХ