Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 10 сарын 13 өдөр

Дугаар 181/ШШ2017/02560

 

2017 оны 10 сарын 13 өдөр

Дугаар 181/ШШ2017/02560

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

             Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Ичинхорлоо даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар 

            Нэхэмжлэгч:Н.Ц /РД:ШБ:61111967/-ын нэхэмжлэлтэй

            Хариуцагч:Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Үндсэн хуулийн гудамж  Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох

            Үл хөдлөх эд хөрөнгийг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч О.Б, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Д.Н, нарийн бичгийн даргад Б.Энхтүвшин нар оролцов.

                                                                                                                    ТОДОРХОЙЛОХ НЬ:

            Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн Ю1/Ш32016/0570 дугаар шүүгчийн захирамжаар Солонголиш ХХКомпаниас 168.865.506.40 төгрөг гаргууж Худалдаа хөгжлийн банкинд олгохоор шийдвэрлэсэн.

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд барьцаалсан эрхийн улсын бүртгэлийн Ү-2206013950 дугаарт бүртгэлтэй Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, 19 дүгээр хороолол, 25 дугаар байрны 18 тоот байрлах 41.62 мкв талбай бүхий 2 өрөө орон сууцыг 83.240.000 төгрөгөөр үнэлж албадан дуудлага худалдаанд оруулахаар шийдвэрлэсэн байна

Манай байрны зах зээлийн үнэ 1 мкв нь 3.000.000 төгрөг байгаа буюу 120.000.000 төгрөгөөр худалдагдахаар байгаа бөгөөд Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас үнэлсэн 83.240.000 төгрөгийн үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байх тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т заасны дагуу гомдол гаргаж байна

Иймд Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх апбаны үнэлгээ тогтоосон шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгож өгнө үү гэв.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 0 дүгээр сарын 14-ний өдрийн 570 дугаар шийдвэрээр Солонголиш ХХК болон 10 иргэнээс 169.466.645 төгрөгийг гаргуулж Худалдаа хөгжпийн банкинд олгохоор шийдвэрлэсэн.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдөр үүсгэж шүүхийн шийдвэрт заасан төлбөрийг барагдуулах тухай хугацаатай мэдэгдлийг төлбөр төлөгч нарт удаа дараа гардуулан өгсөн боловч төлбөрийг барагдуулаагүй тул тухайн үед мөрдөгдөж байсан 2002 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 36 дугаар зүйлд заасны дагуу Н.Ц, Ж.Хатанболд нарын үүргийн гүйцэтгэлд
барьцаалагдсан эрхийн улсын бүртгэлийн Ү-2206013950 дугаарт бүртгэлтэй Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, 19 дүгээр хороолол Чингисийн өргөн чөлөө, 25 дугаар байрны 18 тоот 2 өрөө орон сууцыг битүүмжилж, хураасан.

Тус орон сууцанд өмчлөгч Н.Ц, Ж.Х нар шийдвэр гүйцэтгэгчийнтогтоосон хугацаанд үнийн саналаа ирүүй ба төлбөр авагч талаас хөндлөнгийн шинжээч томилуулах хүсэлт гаргасныг үндэслэн Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу хөндлөнгийн шинжээчээр үнэлүүлэхэд зах зээлийн үнэлгээ болох 83.240.000 төгрөгөөр тогтоосон.

Иймд Н.Цийн нэхэмжпэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Манай шинжээчийн үнэлгээ үндэслэлтэй гарсан. Уг үнэлгээг гаргахдаа өртгийн хандлагын арга , зах зээлийн харьцуулан жиших арга хэрэглэж бодитой үнэлсэн тул шинжээчийн үнэлгээнд эргэлзэх зүйлгүй юмаа гэв. 

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                                                 ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэстэй.

            Нэхэмжлэгч Н.Ц нь Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргаж байгаа болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д “ шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлнэ” мөн хуулийн 11.2-т “Шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй бол хуульд заасан үндэслэл журмын дагуу албадан гүйцэтгэнэ” гэж тус тус заажээ.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 570 дугаар шийдвэрээр Солонголиш ХХК болон 10 иргэнээс 169.466.645 төгрөгийг гаргуулж Худалдаа хөгжпийн банкинд олгохоор шийдвэрлэсэн байна.

            Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нь 2016 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн 16280309 дугаар тогтоолоор Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 570 дугаар шийдвэр, уг шийдвэрийг албадан биелүүлэх тухай 2016 оны 2 дугаар сарын 01-ний өдрийн 05966 дугаартай захирамж,  2016 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн 593 дугаартай гүйцэтгэх хуудсыг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг эхлүүлсэн байна./х.х-ийн 14-19-р хуудас/

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 01 тоот мэдэгдэлээр “... шүүхийн 570 дугаар шийдвэрийг биелүүлэхийг шаардаж, анхны албадан дуудлага худалдааны санал болгох доод үнийг 2017 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 3/16070 тоот  мэдэгдлээр Н.Ц, Ж.Хатанболд нарт тухайн өдөрт нь баталгаат шууданд хийж мэдэгджээ. /х.х-ийн 20,31-р хуудас/

2016 оны 3 дугаар сарын 29-ний өдөр 16/3-29 дугаартай Эд хөрөнгийг битүүмжлэх тогтоол, 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 02 дугаартай Эд хөрөнгийг хураасан тогтоолыг хөндлөнгийн гэрч байлцуулан тус тус үйлдэж, тэмдэглэл хөтөлсөн байна. /хх-ийн 23,25-р хуудас/ 

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч буюу төлбөр төлөгч, үүрэг гүйцэтгүүлэгч буюу төлбөр авагч нар харилцан тохирч тогтооно гэсэн Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т заасан шаардлагыг биелүүлэхээр төлбөр төлөгч Н.Ц, Ж.Хатанболд нарын үнийн санал ирүүлэхийг 2017 оны 2 дугаар сарын 07-ны өдрийн 3/5144,2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 3/1718, 2017 оны 01 дүгээр сарын 24-ний 3/3414 дугаар бүхий мэдэгдэлүүдээр тус тус  шаардахад үнийн саналаа ирүүлээгүй байна. /хх-ийн 27-29 –р хуудас/

Төлбөр авагч шинжээч томилж үнэлүүлж өгнө үү гэсэн хүсэлтийг 2017 оны 3 дугаар сарын 30-ны өдөр ирүүлж Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нь Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийг шинжээчээр томилж 2017 оны 5 дугаар сарын 15-ны өдөр үнэлгээний тайлан гарч Шийдвэр гүйцэтгэх албанд ирүүлсэн байна./хх-ийн 42-р хуудас/

Хэрэгт цугларсан баримт болох эд хөрөнгийг битүүмжилсэн, хураасан тогтоол, шүүхийн шийдвэрийг биелүүлэх мэдэгдэл, анхны албадан дуудлага худалдаанд оруулах мэдэгдэл болон зохигчдын тайлбар, мэдүүлгээс дүгнэж үзэхэд төлбөр төлөгчийн үл хөдлөх эд хөрөнгийг 2016 оны 3 дугаар сарын 29-ний өдөр 16/3-29 дугаартай Эд хөрөнгийг битүүмжлэх тогтоолоор битүүмжилж, 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 02 дугаартай Эд хөрөнгийг хураасан тогтоолоор хураан авч, төлбөрийг яаралтай төлөхийг удаа дараа шаардаж улмаар үүргийн гүйцэтгэлд барьцаалсан эд хөрөнгийг шинжээчийн тогтоосон үнэ болох 83.240.000 төгрөгийн 70 хувиар тооцон 58.268.000 төгрөгөөр анхны албадан дуудлага худалдааны санал болгох доод үнийг тогтоох болохыг мэдэгдэж төлбөр төлөгч Н.Ц, Ж.Хатанболд  нарт 2017 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 3/16070 мэдэгдэлээр тухайн өдөрт нь  баталгаат шууданд хийж  мэдэгджээ. /хх-ийн 23,25,31 -р хуудас/

Төлбөр төлөгч Н.Ц нь эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т заасны дагуу үнэлгээ тогтоосон өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргах байтал 2017 оны 6 дугаар сарын 08-ны өдөр буюу 23 хоногийн дараа хуульд заасан дээрх хугацааг хэтрүүлэн гомдол гаргасан байна.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 570 дугаар шийдвэрээр Солонголиш ХХК болон 10 иргэнээс 169.466.645 төгрөгийг гаргуулж Худалдаа хөгжпийн банкинд олгохоор шийдвэрлэсний дагуу Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх  албанаас явуулсан ажиллагаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.1.,12 дугаар зүйлийн 12.1, 19, 20, 34 дүгээр зүйлийн 34.1.1., 34.1.2.,  36 дугаар  зүйлийн 36.1.-д  заасан шаардлагатай нийцжээ.

Нэхэмжлэгч Н.Ц нь “...үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ нь байрыг хэт багаар үнэлсэн байна...” гэж маргаж байгаа боловч,  тэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2., 38.1, 42 дугаар зүйлийн 42.1-д зааснаар өөрийн шаардлагын үндэслэлээ баримтаар нотлоогүй гэж үзнэ.

Иймд  хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нь Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 570 дугаар шийдвэрээр Солонголиш ХХК болон 10 иргэнээс 169.466.645 төгрөгийг гаргуулж Худалдаа хөгжпийн банкинд олгохоор шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийн дагуу явуулж буй шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад  төлбөр төлөгч болон  бусад этгээдийн  эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэх үндэслэл, хэргийн оролцогчдын тайлбар, болон хэргийн үйл баримтаар тогтоогдохгүй байна.

 

Иймд Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох “үл хөдлөх эд хөрөнгийг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэгч Н.Цийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэстэй.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.О 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 12.00 цагийн шүүх хуралдааны товыг 10 дугаар сарын 03-ны өдөр мэдэж, энэ тухай тов дээр гарын үсэг зурсан боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй тул түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т “хариуцагч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргаж болно. Энэ тохиолдолд шүүх тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэнэ” гэж заасан тул хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн.

Хариуцагчийн төлөөлөгч Ю.О  нь шүүхийн дуудсанаар хүрэлцэн ирэх, шүүх хуралдаанд оролцох үүргээ биелүүлээгүй явдал хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд саад болохгүй гэж үзсэн болно.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.3, 116, 118, 156 дугаар зүйлийн 156.1.1, 160 дугаар зүйлийн 160.1.2-д тус тус заасныг  удирдлага болгон                                                                                                                                                                                                                    

        ТОГТООХ НЬ:

1.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3 дах хэсэгт зааснаар Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 570 дугаар шийдвэрээр С ХХК болон 10 иргэнээс 169.466.645 төгрөгийг гаргуулж Худалдаа хөгжпийн банкинд олгохоор шийдвэрлэсэн шийдвэрийн дагуу явагдсан ажиллагаа болох үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай  нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчин төгөлдөр болох бөгөөд зохигч тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

               

ДАРГАЛАГЧ                                Ч.ИЧИНХОРЛОО