Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 03 сарын 01 өдөр

Дугаар 29

 

 

 

 

 

2018 оны 03 сарын 01 өдөр

Дугаар 207/МА2018/00029

 

 

******* ТӨХК-ийн үйлдвэрчний эвлэлийн хорооны

нэхэмжлэлтэй хариуцагч ******* ТӨХК-нд холбогдох

иргэний хэргийн тухай

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Оюунцэцэг даргалж, Ерөнхий шүүгч Б.Баттөр, шүүгч С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдаанаар

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 142/ШШ2018/00074 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч ******* ТӨХК-ийн Үйлдвэрчний эвлэлийн хорооны нэхэмжлэлтэй

Хариуцагч ******* ТӨХК-д холбогдох,

Эрдэнэтийн ДЦС ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2014 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн А/2 тоот тушаалаар баталсан Эрдэнэтийн ДЦС ТӨХК-ийн ажиллагсдад үйлдвэрлэлийн болон санхүүгийн үйл ажиллагааны үр дүнгээр жилийн үр дүнгийн шагналт цалин олгох журам-н 3-р бүлгийн 1-д заасан сануулах /сарын шагналт цалинг хассан/ -20%, нэг сар цалин бууруулсан бол-30%, хоёр сар цалин бууруулсан бол-40%, гурван сар бууруулсан бол-60% гэснийг, мөн уг журмын 3.2 дахь заалт, Эрдэнэтийн ДЦС ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2017 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн Б/109 тоот тушаалаар баталсан Ажилтнуудад сарын ажпын үр дүнгээр шагналт цалин олгох журам-н 3-р бүлгийн 11 дэх болон 19 дэх заалтуудыг тус тус хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Оюунбатын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Батчимэг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Баасанжав, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Оюунбат, Д.Отгонбат, нарийн бичгийн дарга У.Сүхбаатар нар оролцов.

Нэхэмжлэгч Эрдэнэтийн дулааны цахилгаан станц ТӨХК-ийн Үйлдвэрчний эвлэлийн хороо шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Эрдэнэтийн дулааны цахилгаан станц ТӨХК нь сахилгын зөрчлөөр арга хэмжээ авагдсан ажилчдын сахилгын зөрчилд холбогдох цалингийн суутгал хийсэн саруудын болон жилийн үр дүнгийн шагналыг давхар хасч нэг зөрчилд сахилгын шийтгэлийг давхардуулан ногдуулж ажилчдыг хохироосоор ирсэн. Энэ талаар ҮЭ-н гишүүд, ажилчидаас санал гомдол ирсэнийг хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж ҮЭ-үүдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2- дахь заалтаар олгогдсон эрх хэмжээнийхээ хүрээнд Компаний Хөдөлмөрийн маргаан таслах комисст хандаж гомдол гаргасан. Компаний хөдөлмөрийн маргаан таслах комиссоос 2 удаа шийдвэр гарсан. Эхнийх нь бидний зүгээс гаргасан гомдолыг хүлээн авч, хангаж шийдвэрлэсэн. Дараа нь хууль бус комиссийн шийдвэр байсан гэж компаний удирдлагаас үзэж, дахин маргаан таслах комиссыг бүрдүүлэн хуралдаж, манайхаас гаргасан гомдолыг хүлээж авахгүй, авна гэж маргалдан эцсийн шийдвэр тодорхой гараагүй. Орхон аймагт Эрдэнэтийн ДЦС ТӨХК-н үйл ажиллагаанд МХЕГ-с хяналт шалгалт хийгдэх үед дээрх асуудлаар Хөдөлмөрийн хяналтын ахлах байцаагчид хандахад сарын болон жилийн үр дүнгийн шагналт цалинг бууруулах нь өөрөө сахилгын шийтгэлийн нэг хэлбэр. Тиймээс Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.3-дахь заалтыг зөрчиж байна гээд МХЕГ-н Улсын ахлах байцаагчийн 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 07/110/50 тоот албан шаардлага ирүүлсэн.

Уг шаардлагын дагуу компаний хэмжээнд мөрдөгдөж байгаа сар жилийн ажлын үр дүнгээр шагнал цалин олгох журмын заалтуудыг өөрчлөх асуудлыг тавихаар тус журмаа дагаж мөрдөнө гэдэг хариулт өгч байгаа. Иймд Эрдэнэтийн ДЦС ТӨХК-ний гүйцэтгэх захирлын 2014 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн А/2 тоот тушаалаар баталсан Эрдэнэтийн ДЦС ТӨХК-ний ажиллагсдад үйлдвэрлэлийн болон санхүүгийн үйл ажиллагааны үр дүнгээр жилийн үр дүнгийн шагналт цалин олгох журам-н 3-р бүлгийн 1-д заасан сануулах /сарын шагналт цалинг хассан/ -20%, нэг сар цалин бууруулсан бол -30%, хоёр сар цалин бууруулсан бол -40%, гурван сар бууруулсан бол -60% гэснийг, мөн уг журмын 3.2 дахь заалт,

Эрдэнэтийн ДЦС ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2017 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн Б/109 тоот тушаалаар баталсан Ажилтнуудад сарын ажлын үр дүнгээр шагналт цалин олгох журам-н 3-р бүлгийн 11 дэх болон 19 дэх заалтуудыг тус тус хүчингүй болож өгнө үү гэжээ.

Хариуцагч Эрдэнэтийн дулааны цахилгаан станц ТӨХК шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

******* ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлын 2014 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн А/2 тоот тушаалаар баталсан Ажиллагсдад үйлдвэрлэлийн болон санхүүгийн үйл ажиллагааны үр дүнгээр жилийн үр дүнгийн шагналт цалин олгох журам-н 3-р бүлгийн 1-д заасаныг: Тухайн жилд үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааг хангах, ажиллагсдын ажлын хариуцлага хяналтыг сайжруулах ажлын бүтээмжийг өсгөх, идэвхи санаачлагыг өрнүүлэх, ажлын эцсийн үр дүнд оруулсан хувь нэмэр, хүчин чармайлт үр дүнг доор дурдсан үзүүлэлтүүдийг үнэлэн хасаж олгодог. Үүнд:

-Аттестагчилал, удирдах байгууллагын мэргэжлийн шалгалтанд хангалтгүй дүн үзүүлсэн.

-Зөрчил, аваар саатал, ажлын хариуцлага алдаж, албан тушаал, мэргэжлийн зэргийг бууруулсан.

-Өөрийн буруутай, хууль зөрчсөн ажиллагаанаас болж байгууллагад торгууль, төлбөр, акт тавигдсан тохиолдолд сануулах / сарын шагналт цалин хассан /- 20 хувь нэг сар цалин бууруулсан бол- 30 хувь, хоёр сар цалин бууруулсан бол-40 хувь, гурван сар бууруулсан бол-60 хувь хасагдах арга хэмжээ авагдсан ажилтны сахилгын шийтгэл хүчинтэй байх хугацаанд авч байхаар заасан заалт юм.

2. 2014 оны 01-р сарын 15-ны А/2 тоот тушаалын 2-р заалтыг хүчингүй болгон баталсан.

3. ******* ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлын 2017.05.03-ны Б/109 тоот тушаалаар баталсан Ажилтнуудад сарын ажлын үр дүнгээр шагналт цалин олгох журам-н 3-р бүлгийн 11 дэх заалт нь тухайн сардаа компанийн дотоод журам, хөдөлмөрийн сахилга, технологийн горим зөрчсөнөөс тушаалаар арга хэмжээ авагдсан тохиолдолд үр дүнгийн шагналт цалин олгохгүй гэсэн заалт юм. Уг тушаалын 19 дэх заалт нь сахилгын арга хэмжээ авагдсан ажилтны зөвхөн тухайн сарын үр дүнгийн шагналт цалинг олгохгүй гэж заасан. Тухайн аж ахуйн нэгж нь ашигтай ажиллаж түүнийгээ компанийн дүрэм журмаар зохицуулан нэмэлт шагнал болгон олгодог. Үүнийг эрчим хүчний салбарын хэмжээнд авч хэрэгжүүлдэг. Өнгөрсөн жилийн / сар /-ын ажлыг ажилтанд тус бүрийн ажлын үр дүнгээр дүгнэн шагнал олгож байгаа юм. Тэрнээс авах ёстой цалингаас хасагдуулж авсан арга хэмжээ биш юм. Үүнийг буруу ойлгон нэхэмжлэл гаргаж байгаа тул *******" ТӨХК-ийн ҮЭХ-ны нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 142/ШШ2018/00074 дугаар шийдвэрээр:

Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 4, 5 дугаар зүйлийн 6, Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.3-д заасныг баримтлан Эрдэнэтийн ДЦС ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2014 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн А/2 тоот тушаалаар баталсан Эрдэнэтийн ДЦС ТӨХК-ийн ажиллагсдад үйлдвэрлэлийн болон санхүүгийн үйл ажиллагааны үр дүнгээр жилийн үр дүнгийн шагналт цалин олгох журмын 3-р бүлгийн 1-д заасан сануулах /сарын шагналт цалинг хассан/ -20%, нэг сар цалин бууруулсан бол-30%, хоёр сар цалин бууруулсан бол-40%, гурван сар бууруулсан бол-60% гэснийг, мөн уг журмын 2 дахь заалтыг,

Эрдэнэтийн ДЦС ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2017 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн Б/109 тоот тушаалаар баталсан Ажилтнуудад сарын ажлын үр дүнгээр шагналт цалин олгох журам-н 3-р бүлгийн 11 дэх болон 19 дэх заалтуудыг тус тус хүчингүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Оюунбат давж заалдсан гомдолдоо:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг анхаарч үзээгүй. Үүнд:

А. Жил болгон ажилтан, ажил олгогч нарын баталсан хамтын гэрээний Ажил эрхлэлт цалин хөлс, шагнал урамшууллын талаар 6-р хэсэгт Компаний ажиллагсдын жилийн ажлын үр дүнг харгалзан 5 хүртэл сарын албан тушаалын ба тарифт цалингийн дундаж хэмжээгээр урамшуулал олгоно. Шагналт цалин олгох шалгуур үзүүлэлтийг Төлөөлөн удирдах зөвлөл дүгнэх олгох хуваарилах журмыг гүйцэтгэх захирал батална гэсэн заалтын дагуу баталсан дээрх журмуудыг, ажилчдын төлөөлөгч оролцуулаагүй гэж дүгнэлт хийсэн. Эрдэнэт Дулааны Цахилгааны Станц ТӨХК ийн Гүйцэтгэх захирал уг журмыг батлах эрхийг хамтын гэрээ, хуулиар олгосон байхад ажилчдын төлөөлөгчдыг оролцуулаагүй гэж ншйдвэрлэсэн хуульзүйн үндэслэлгүй. Хамтын гэрээний Ажил эрхлэлт цалин хөлс, шагнал урамшууллын талаар 6 р хэсэгт заасны дагуу гүйцэтгэх захирал баталсан байгааг анхаарч үзээгүй. Мөн Хөдөлмөрийн хуулийн 48-р зүйлийн 48.3.4 заалтыг анхаарч шүүх шийдвэрлээгүй.

Б.Ажилтан ажил олгогч нарын хооронд үүсч буй хөдөлмөрийн харилцаатай холбоотой маргааныг шийдвэрлэх хөөн хэлэлцэх хугацааг хөдөлмөрийн хуулийн 129-р зүйлийн 129.1 д заасан ба тус Үйлдвэрчний эвлэлийн хороонд буюу нэхэмжлэгчид уг хугацаа хамаарахгүй гэх үндэслэлээ хөдөлмөрийн гэрээний тал биш учраас хамаарахгүй гэх дүгнэлтийг анхан шатны шүүх дүгнэсэн. Хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байгаа ажилтан нарын гомдлыг дагуу тус шүүхэд хандаж байгаа баримтыг нэхэмжлэгч нотлох баримт болгон ажиллагсдын гарын үсэг бүхий баримтыг хэрэгт өгсөн. Өөрөөр хэлбэл хөдөлмөрийн гэрээний нэг тал болох ажилчдын эрх ашгийг хамгаалж нэхэмжлэл гаргаж байна гэх боловч энэхүү маргаан нь хамтын гэрээтэй холбогдох маргаан гэж шүүхийн дүгнэж байгаа дүгнэлттэй зөрчилдсөн дүгнэлт байна. Энэхүү маргаан нь хамтын гэрээ хэлэлцээртэй холбоотой маргаан бөгөөд уг маргаантай холбоотой хөөн хэлэлцэх хугацааг Хөдөлмөрийн хуулийн 129-р зүйлийн 129.1 заалт, 115-р зүйл, 116-р зүйл, 117-р зүйл, 118-р зүйлийг анхаарч шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэж байна. Хэрвээ энэхүү маргаан нь ажилчдын эрх ашиг яригдаж байна гэж үзэж байгаа бол эдгээр ажилчид нь хөдөлмөрийн гэрээний нэг тал. Ажилчид өөрийн эрх ашгаа хамгаалж, нэхэмжлэгч маргаанд оролцож байгаа талаарх нотлох баримт, шүүх хуралдаанд гаргаж байгаа тайлбарыг шүүх анхаарч үзээгүй. Үйлдвэрчний эвлэлийн хорооны маргаан хөдөлмөрийн гэрээний нэг тал болох ажилчдын төлөөлөгчдын эрх ашгийг төлөөлж байгааг шүүх анхаарч шийдвэрлээгүй.Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухайн хуулийн 5-р зүйлд Хөдөлмөрийн харилцаатай холбогдсон үйл ажиллагаа явуулахдаа эдлэх эрхийг заасан ба уг 10 эрхийн аль заалтыг холбогдуулан нэхэмжлэл гаргасныг тодруулаагүй.

2. Шагналт цалинг хувь бууруулан олгох эсвэл олгохгүй байхаар баталсан журам нь үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааг хангах, ажиллагсдын ажлын хариуцлага хяналтыг сайжруулан ажлын бүтээмжийг өсгөх ,идэвх санаачлагыг өрнүүлэх ажлын эцсийн үр дүнд оруулсан хувь нэмэр хүчин чармайлтыг үнэлж ажиллагсдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх зорилготой бөгөөд энэхүү шалгуур болзлыг хангасан ажилтан шагналт цалин авах эрхтэй.

Энэхүү болзол,шалгуур нь ногдуулсан сахилгын шийтгэл биш бөгөөд түүнийг шүүх сахилгын шийтгэл гэж дүгнэсэн үндэслэлээ анхан шатны шүүх Хөдөлмөрийн хуулийн 47 р зүйлийн 47.1 заасан цалин хөлс нь үндсэн цалин хөлс нэмэгдэл шагнал урамшууллаас бүрдэнэ гэж тус тус заасан гэх заалтыг дурджээ. Гэтэл ажилтан сахилгын шийтгэл хүлээсэн нь ажлын хариуцлага алдсан гэдэг нь нотлогдож уг журмын дагуу шалгуур болзлын дагуу шагналт цалин авахаа эрхээ эдлэх боломжгүй болж байгаа байдлыг анхаарч үзээгүй. Цалин хөлсний үндсэн цалин нь ажилтны заавал авах цалин хөлс байдаг бол шагналт цалин нь ажлын бүтээмж, ажлын хариуцлага алдаагүйн төлөө авах эрхтэй урамшуулал ,шагналт цалин бөгөөд зөвхөн тодорхой шалгуур үзүүлэлтээр олгодог цалин юм. Сахилгын шийтгэл хүлээх нь ажлын хариуцлага алдсан байдал нь нотлогдож байгаа асуудал бөгөөд уг нөхцлөөс болж шагналт цалин авах боломжгүй болж байгаа юм . Анхан шатны шүүх нь шагналт цалин нь үндсэн цалингаас ялгаатай болохыг ялангуяа тодорхой болзол , шалгуурыг үндэслэн шагналт цалинг олгодгийг шүүх анхаарч үзээгүй.

Тухайн байгууллага шагналт цалинг олгох болзол, шалгуураа ажлын хариуцлага алдсан бол олгохгүй эсвэл бууруулан олгохоор заасныг буруутгаагүй атлаа өөр зөрчил гаргаагүй байхад шагналт цалин хассан нь давхардуулж шийтгэл ногдуулсан хэлбэр гэж үзэж байгаа нь ойлгомжгүй бөгөөд зөрчилдсөн дүгнэлт болсон. Өөрөөр хэлбэл шагналт цалин олгохгүй байгаа үндэслэл хууль зөрчсөн эсэхэд дүгнэлт хийгээгүй атлаа талуудын маргалдаагүй зөрчил гэх ойлголтод дүгнэлт хийсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118-р зүйлийн 118.4 дэх заалтыг зөрчсөн. Маргааны үндэслэл өөр зөрчил гаргаагүй байхад шагналт цалин хассан гэх маргаан биш бөгөөд шагналт цалинг сахилгын шийтгэл хэлбэрээр давхардуулж олгохгүй байгаа маргаан билээ.

З.Нэхэмжлэгч нь шагналт цалин авах болзол шалгуурын холбогдох заалтыг үгүйсгээгүй атлаа түүнийг сахилгын шийтгэл гэж үзэж байгаагаа нэхэмжлэгч нотлоогүй байхад шүүх сахилгын шийтгэл гэж үзсэн нь хуульзүйн үндэслэлгүй байх тул Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018.01.17 ны өдрийн 142/ШШ2018/00074 тоот шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчсөнөөс шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий тухай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч Эрдэнэтийн Дулааны цахилгаан Станц ТӨХК-ийн үйлдвэрчний эвлэлийн хороо нь Эрдэнэтийн Дулааны цахилгаан Станц ТӨХК-д холбогдуулан Эрдэнэтийн Дулааны цахилгаан Станц ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2014 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн А/2 тоот тушаалаар баталсан Эрдэнэтийн Дулааны цахилгаан Станц ТӨХК-ийн ажиллагсдад үйлдвэрлэлийн болон санхүүгийн үйл ажиллагааны үр дүнгээр жилийн үр дүнгийн шагналт цалин олгох журам-ын 3 дугаар зүйлийн 1, 2 дахь заалт, Эрдэнэтийн Дулааны цахилгаан Станц ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2017 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн Б/109 тушаалаар баталсан Ажилтнуудад сарын ажлын үр дүнгээр шагналт цалин олгох журам ын 3 дугаар бүлгийн 11 болон 19 дэхь заалтуудыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч байгууллага нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй маргажээ.

Нэхэмжлэгч Эрдэнэтийн Дулааны цахилгаан Станц ТӨХК-ийн үйлдвэрчний эвлэлийн хороо нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Эрдэнэтийн Дулааны цахилгаан Станц ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2014 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн А/2 тушаал, 2017 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн Б/109 тоот тушаалаар баталсан журамд үндэслэн тодорхойлжээ.

Эрдэнэтийн Дулааны цахилгаан Станц ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын тушаалаар баталсан дээрх журмуудын зохих заалтууд тухайн ТӨХК-д ажиллагсдын үйлдвэрлэлийн болон санхүүгийн үйл ажиллагааны үр дүнгээр жилийн болон сарын ажлын үр дүнгийн шагналт цалин авах эрхийг хязгаарласан сахилгын арга хэмжээ авагдсан ажилтанд шагналт цалин олгохгүй, хувь бууруулан олгохоор заасан нь хөдөлмөрийн хуулийн зохицуулалтанд нийцээгүй зөрчсөн гэсэн үндэслэлээр тус журмын зохих заалтыг хүчингүй болгуулахаар шаардлага гарган мэтгэлцсэн байна.

Шүүх ажилтны гаргасан зөрчилдөө Хөдөлмөрийн хуулийн 131 дүгээр зүйлд заагдсан аль 1 хэлбэрээр арга хэмжээ авагдсан байхад дахин ямар нэг зөрчил гаргаагүй байхад ажилтны цалин хөлсний бүрэлдэхүүн хэсэг болж байгаа сарын болон жилийн урамшуулалт цалинг өмнө нь сахилгын арга хэмжээ авагдсан үндэслэлээр бууруулах, хасахаар журам гаргасан нь сахилгын шийтгэлийг давхардуулан олгож буй хэлбэр гэсэн үндэслэлээр тухайн журмын зохих заалтуудыг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг хангахаар шийдвэрлэжээ.

Шүүх ийнхүү хэргийг шийдвэрлэхдээ нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд төлөөлөх итгэмжлэлийн хугацаа дуусгавар болсон байхад /хх-107/ түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1, 36 дугаар зүйлийн 36.2, Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2.5, 67 дугаар зүйлийн 67.2.6-д заасныг зөрчсөн байна.

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн тул хэргийн шийдвэрлэлтэнд үнэлэлт дүгнэлт өгөх боломжгүй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 142/ШШ2018/00074 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагч ******* ТӨХК-ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

 

  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ОЮУНЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД Б.БАТТӨР

 

С.УРАНЧИМЭГ