| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамдины Ганзориг |
| Хэргийн индекс | 106/2019/0781/Э |
| Дугаар | 116 |
| Огноо | 2020-03-02 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | О.Сарангэрэл |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2020 оны 03 сарын 02 өдөр
Дугаар 116
Н.Ө- д
холбогдох эрүүгийн хэргийн тухай
Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор О.Сарангэрэл, шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Даваахүү, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 756 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 1124 дүгээр магадлалтай, Н.Ө- д холбогдох эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Даваахүүгийн гаргасан гомдлыг үндэслэн 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Ганзоригийн танилцуулснаар хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, Н.Ө нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Н.Ө- ыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгж буюу 800 000 төгрөгөөр торгох ял шийтгэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Ө- аас 118 000 төгрөг гаргуулж хохирогч Э.Д т олгохоор шийдвэрлэсэн байна.
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Н.Ө- , түүний өмгөөлөгч Х.Даваахүү нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Даваахүү гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “...Магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Н.Ө- нь харуул, хамгаалалтын дүрэмт хувцастайгаа, албан ёсоор зүй ёсны шаардлага тавихад санаатай эсэргүүцэж, харуулын байранд нэвтрэн орж Н.Ө- ы араас нь боож, эрх чөлөөнд нь халдах үйлдлээс өөрийн биеийг хамгаалах үйлдэл хийсэн нь гэрчүүдийн мэдүүлэг, гэрэл зургийн үзүүлэлтүүд, бусад нотлох баримтуудаар нотлогдсоор байтал шүүх гэм буруутайд тооцож, ял халдаасныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хохирогч Э.Д харуулын байранд орж ирж Н.Ө- ыг заамдаж авсны улмаас биеэ хамгаалах үйлдлийг хийсэн. Н.Ө- нь “И т” ХХК-д харуулаар ажилладаг байсан бөгөөд 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр дүрэмт хувцас, гав бороохойтойгоо ажлын байрандаа ажлаа хийж байхад нь хашааны гадаа хүмүүсийн маргалдах чимээгээр гарсан байдаг. Тэнд очиход нь гэрч н.Гаваадондовтой Э.Д хэрүүл хийж, “энэ машинуудаа зайлуул” гэсэн байдаг. Н.Ө- очоод “боль” гэтэл Э.Д түүнтэй заамдалцаж, машины копут дээр дарахад нь н.Гаваадондов салгасан. Ингээд Н.Ө- харуулын байрандаа ороход араас нь Э.Д ирж түүний биед гэмтэл учруулсан байдаг. Үүний дараа Н.Ө- 21 цаг 30 минутын үед эрүүл мэндийн төвд очиж үзүүлчихээд ажлаа орхиж болохгүй учраас ажилдаа эргэж ирсэн. Эмчид үзүүлсэн нотлох баримтууд хэрэгт байгаа. Зүй бус үйлдлийг таслан зогсоож шаардлага тавьж гэмтэл учруулсан нөхцөл байдал харагддаг. Шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон толгойн орой хэсгийн гэмтэл нь хөл дээрээ тогтож чадахгүй согтуу байснаас болсон гэж үзэж байна. Санаатайгаар хүний биед хөнгөн хохирол учруулаагүй, өөрийгөө хамгаалсан учраас Н.Ө- д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү. Мөн Э.Д ыг хохирогч гэж үзэх үндэслэлгүй. Шийтгэх тогтоолоор 800 000 төгрөгөөр торгосон. Хэдийгээр гэм буруугүй ч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 3 жил хүртэлх хугацаанд төлж болох зохицуулалт байдаг гэдгийг хэлмээр байна. Н.Ө- хэргийн улмаас ажлаасаа гарсан, тархинд нь цус харваж эмнэлгийн хяналтад орсон байгаа. Иймд магадлалыг хүчингүй болгож, Н.Ө- ыг гэмт хэрэг үйлдээгүйд тооцож, цагаатгаж өгнө үү” гэв.
Хяналтын шатны шүүх хуралдаанд прокурор О.Сарангэрэл гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “...Шүүгдэгч Н.Ө- ы үйлдлийн улмаас хохирогч Э.Д ын биед хөнгөн гэмтэл учирсан. Шүүгдэгч Н.Ө- нь хохирогчид зодуулсан гэх боловч хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдоогүй. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй тул шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Даваахүүгийн гаргасан гомдлыг үндэслэн Н.Ө- д холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.
Хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанд хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар “Н.Ө- нь 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр 18 цагийн үед Баянгол дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж байгаа барилгын орчим, гудамжинд иргэн Э.Д ыг “явган хүний зам дээр тавьсан машинуудаа холдуул” гэхэд нь “наад машинууд чинь надад хамаагүй” гэж маргалдан улмаар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учруулсан үйл баримт тогтоогджээ.
Анхан болон давж заалдах шатны шүүх Н.Ө- ы дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж дүгнэн гэм буруутайд тооцохдоо гэмт хэрэг гарахад шууд нөлөөлсөн нөхцөл байдал, шалтгаан, уг шалтгааны улмаас хийгдсэн хариу үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан эсэхэд хууль зүйн ямар нэгэн дүгнэлт хийгээгүй байна.
Шүүхүүд хохирогчийн санаатай зүй бус, хууль бус үйлдлийг таслан зогсоох зорилгоор хариу үйлдэл хийх зайлшгүй нөхцөл байдал тулгарсан эсэх, улмаар хохирогчид Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хохирол учирсан тохиолдол зэрэгт огт дүгнэлт хийлгүйгээр зөвхөн объектив шалгуур буюу үйлдэл, үр дагавар /хохирол/-ын хоорондын шалтгаант холбоогоор, хэрэгт цугларсан бүхий л нотлох баримтад бус зарим баримт, үйл баримтыг таслаж дүгнэсний улмаас Эрүүгийн хуулийг буруу хэрэглэхэд хүрчээ.
Эрүүгийн хуульд тодорхойлсон гэмт хэргийн бүх шинжийг агуулж буй үйлдэл хийсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг бөгөөд эрүүгийн эрх зүйн онол болон эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны практикт гэмт хэргийн шинж гэдэгт тодорхой нийгэмд аюултай үйлдлийг тодорхойлж буй Эрүүгийн хуульд заасан объектив болон субъектив шинжүүдийн нэгдлийг ойлгодог.
Тодруулбал, энэхүү хоёр шинжийн аль аль нь хангагдсан тохиолдолд гэмт хэрэгт тооцогдох учиртай. Дан ганц үр дагаварт түшиглэсэн объектив яллах ажиллагааг Эрүүгийн эрх зүйн онол, хууль ёсны зарчмаар хориглодог болно.
Гэмт хэрэгт холбогдсон этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх, эрх чөлөөнд халдаж, өдөөн турхирч буй хохирогчийн халдлагыг хохирогч гэмтсэн учраас гэсэн шалтгаанаар зөвтгөж болохгүй бөгөөд хохирогчийн энэхүү үйлдлийн эсрэг хамгаалалт хийх эрхийг хуулиар иргэн бүрт зөвшөөрсөн байдаг.
Хохирогч Э.Д нь гэмт хэрэг гарсан цаг хугацаанд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан бөгөөд шүүгдэгч Н.Ө- д “энэ машинуудаа холдуул” гэж маргаан үүсгэж, улмаар Н.Ө- ы ажлын байр болох харуулын байранд араас нь орж ирэн түүний эрх, эрх чөлөөнд халдаж, хоолойг нь бооход Н.Ө- уг довтолгооноос өөрийгөө хамгаалж хариу довтолгоон хийж хөнгөн гэмтэл учруулсан байна.
Өөрөөр хэлбэл Н.Ө- нь Э.Д ын эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулах болсон гол хүчин зүйл, шалтаг шалтгаан нь шүүгдэгчийн хуулиар хамгаалагдсан “Халдашгүй чөлөөтэй байх эрх”-ийг ноцтойгоор зөрчиж халдсан зүй бус үйлдэл бөгөөд энэхүү үйлдлээс хамгаалж хариу үйлдэл хийхдээ Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хохирол учруулсан нь “Аргагүй хамгаалалт” хийх эрхэд хамаарч байх тул Н.Ө- д холбогдох гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгах хууль зүйн үндэслэлтэй гэж үзнэ.
Эрх зүй нь аливаа этгээдийн хууль бус, зүй бус үйлдлийг ямагт хүлээн зөвшөөрдөггүй бөгөөд үүний эсрэг хүлээн зөвшөөрөгдөхүйц хамгаалалтыг зөв гэж үздэг тул хэргийг хянан шийдвэрлэхдээ анхаарч дүгнэлт хийж байх шаардлагатай.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй болно.
Иймд Н.Ө- ыг гэм буруутайд тооцож, ял оногдуулсан анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг тус тус хүчингүй болгож, Н.Ө- д холбогдох хэргийг “Гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдсон” гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх хуралдаанаас шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.2-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:
1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 756 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 1124 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож, Н.Ө- д холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д заасан “Гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдсон” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, Н.Ө- ыг цагаатгасугай.
ДАРГАЛАГЧ Б.ЦОГТ
ШҮҮГЧ Б.АМАРБАЯСГАЛАН
Д.ГАНЗОРИГ
Ч.ХОСБАЯР
Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН