| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баттулга Номин |
| Хэргийн индекс | 135/2023/00100/И |
| Дугаар | 307/ШШ2025/02137 |
| Огноо | 2025-11-18 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 11 сарын 18 өдөр
Дугаар 307/ШШ2025/02137
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 135/202325/00100/и
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Номин даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, ******* тоотод оршин суух ******* овогт ******* ******* (РД:*******, утас: *******)-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дархан-Уул аймаг, ******* тоотод оршин суух ******* овогт ******* ******* (РД:*******, утас: *******)-д холбогдох,
“Эцэг тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч Д.******* (цахимаар),
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Дурсахбаяр нар оролцов.
(Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг хянан хэлэлцэв)
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Д.******* нь хариуцагч Б.*******т холбогдуулан “Эцэг тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай” нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийнхээ үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
“...Миний бие 2018 онд Б.*******тай танилцаж, бидний дундаас 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр охин О. төрсөн. Жирэмсэн болсноос хойш холбоо барих нь багасаж, сүүлдээ холбоогүй болсон. Одоо охин маань 3 нас 3 сартай. О.ий төрсөн эцэг нь Б.******* мөн болохыг тогтоож Б.*******аас хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү” гэв.
2.Хариуцагч Б.******* хариу тайлбартаа:
“...Б.******* миний бие Д.******* гэх хүнтэй анх 2018 оны 10 дугаар сарын дундуур шөнийн 02-03 цагийн үед пицца захиалгын утсаар пицца захиалж байхдаа танилцсан. Тэгээд сарын дараа анх уулзаж шөнө дунд Киви зочид буудалд хоносон. Түүнээс хойш 3 удаа л уулзсан. Дахиж холбоо бариагүй. Иймд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй” гэв.
3.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Гос Хот өрхийн эрүүл мэндийн төвийн 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн тодорхойлолт, Дархан сумын 05 дугаар багийн Засаг даргын 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 05 дугаартай оршин суугаа газрын болон ам бүлийн тодорхойлолт, 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр төрсөн охин О.ий төрсний бүртгэлийн гэрчилгээний нотариатаар батлуулсан хуулбар, Гос Хот өрхийн эрүүл мэндийн төвийн 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн тодорхойлолт, Дархан сумын 25 дугаар цэцэрлэгийн 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 8 дугаартай тодорхойлолт, Дархан сумын 05 дугаар багийн Засаг даргын 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 160 дугаартай оршин суугаа газрын болон ам бүлийн тодорхойлолт (хх 2-6, 91-92 хуудас) зэрэг нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.
4.Шүүхээс зохигчийн хүсэлтээр Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 14/3942 дугаартай шинжээчийн дүгнэлт, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 14/810106230 дугаартай шинжээчийн дүгнэлтийг нотлох баримтаар бүрдүүлсэн болно. (хх 124-128, 152-156 хуудас)
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч Д.*******гийн хариуцагч Б.*******т холбогдуулан гаргасан эцэг тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.
2.Нэхэмжлэгч Д.******* нь шүүх хуралдаанд нэхэмжлэлийнхээ үндэслэлийг “...2018 онд Б.*******тай танилцаж, бидний дундаас 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр охин О. төрсөн. Жирэмсэн болсноос хойш холбоо барих нь багасаж, сүүлдээ холбоогүй болсон. О.ий төрсөн эцэг нь Б.******* мөн болохыг тогтоож Б.*******аас хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү” гэж тодорхойлсон бөгөөд хариуцагч Б.******* нь “...О. миний хүүхэд биш тул хүүхдийн тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй” гэж маргадаг.
3.Гэр бүлийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д “Гэрлэлтээ бүртгүүлээгүй эцэг, эх хамтарч, эсхүл хүүхдийн эцэг, эх болох нь тогтоогдоогүй эцэг буюу эх өөрөө өргөдөл гаргасан бол улсын бүртгэлийн байгууллага, хилийн чанадад ажиллаж байгаа Монгол Улсын Дипломат төлөөлөгчийн газар эцэг, эхийг тогтооно” гэж, мөн хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д “Энэ хуулийн 22-т зааснаас бусад тохиолдолд хүүхдийн эцэг, эх, асран хамгаалагч, төрөл, садангийн хүн, хүүхдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах байгууллага буюу 14 нас хүрсэн хүүхдийн хэн нэгний өргөдлийг үндэслэн эцэг, эхийг шүүх тогтооно” гэж заасан.
Мөн Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2-т “Эцэг, эхийг тогтооход хариуцагч хүүхдийн эцэг, эхтэй эр, эмийн харилцаатай байсныг нотлох баримт, эмнэлгийн шинжилгээ, бусад баримтыг үндэслэнэ” гэж хуульчилсан.
Хэрэгт авагдсан 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр төрсөн охин О.ий төрсний бүртгэлийн гэрчилгээн дээр эцгийн нэр, мэдээлэл байхгүй, охин О. нь эх Д.*******гийн овгийг авчээ.
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн ЕГ0325/3174 дугаартай шинжээчийн дүгнэлт, мөн газрын 2025 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн ЕГ0325/6779 дугаартай бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлтээр “...Б.******* нь О.ий биологийн эцэг байх боломжгүй байна. Эцэг байх магадал 00.00 хувь байна” гэж тогтоогдсон тул нэхэмжлэгчийн гаргасан эцэг тогтоолгох шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.
4.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2-т “Эцэг, эх нь хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх үүрэгтэй”, 38 дугаар зүйлийн 38.1-д “Эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй” гэж заажээ.
Гэвч охин О.ий төрсөн эцэг Б.******* биш, өөрөөр хэлбэл тэдний хооронд хуульд зааснаар тэжээн тэтгэх үүрэг үүсэхгүй тул мөн энэ нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
5.Хариуцагч Б.*******т шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т “Хариуцагч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргаж болно. Энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэнэ” гэж зааснаар нэхэмжлэгчийн хүсэлтээр хариуцагч Б.*******ын эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
6.Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож байх тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1, 23.2-т тус тус зааснаар нэхэмжлэгч Д.*******гийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.*******т холбогдох “Эцэг тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.НОМИН