Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 07 сарын 24 өдөр

Дугаар 210/МА2020/01632

 

 

 

 

 

2020 оны 07 сарын 24 өдөр

Дугаар 210/МА2020/01632

 

 

 

Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар ОНӨААТҮГ-ын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.О даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 101/ШШ2020/02043 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар ОНӨААТҮГ-ын хариуцагч Н.Э , Б.С нарт холбогдуулан гаргасан орон сууцны ашиглалтын зардалд 3 220 005 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ариунтуяа, хариуцагч Н.Э , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ч.М шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, 22Б байр, 1 тоотын оршин суугчид 2015 оны 6 дугаар сараас 2019 оны 11 дүгээр сарыг дуусталх хугацааны хэрэглэсэн ус, дулааны эрчим хүчний болон бохир ус татан зайлуулсан үйлчилгээний төлбөр нийт 3 220 000 төгрөг төлөөгүй. 2008 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс 2009 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл гэрээ хийсэн. Уг гэрээнд ам бүл 5 буюу Б.С , Н.З ,Н.Э , Н.Э , Н.Э гэсэн бичилттэй байсан. Хариуцагчийн гаргасан уг гомдлыг үндэслэлгүй гэж үзэж байна. Нийтийн зориулалттай орон сууцны, ус, дулаанаар хангах үйл ажиллагаа нэг хэрэглэгчээс шалтгаалан саатах ёсгүй. Нэг хэрэглэгчийн усыг хязгаарлах, нэг хэрэглэгчийн халаалтыг хязгаарлах боломжгүй юм.

Иймд 2015 оны 6 дугаар сараас 2019 оны 11 дүгээр сарыг дуустал дулааны төлбөрт 1 092 956 төгрөг, цэвэр, бохир усны суурь хураамжийн төлбөрт 1 740 220 төгрөг, бусад төлбөрт 124 363 төгрөг, нэмэгдсэн өртгийн албан татварт 262 466 төгрөг, нийт 3 220 004.53 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч, хариуцагч Б.С ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Э шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Уг нэхэмжлэл нь бодит байдлаас хол, өнгөц хийсвэр сэтгэлгээгээр бичигдсэн ямар ч нотолгоогүй, үндэслэлгүй. Би 1997 оноос 2020 он буюу өнөөдрийг хүртэл 22 жил тасралтгүй Баянзүрх дүүрэг, 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, 22Б байр, 1 тоотод 2 ам бүлтэй амьдарч байна. Уг байр нь 2001 оноос өнөөдрийг хүртэл аваарын байдалтай байдаг учраас 2015 оны 6 дугаар сараас эхэлж сүүлийн 4,5 жил орон сууцны байгууллагатай тооцоо хийхгүй болсон. Учир нь сантехникийн хэрэгслүүд хэзээ ч задарч болох эрсдэлтэй аюултай нөхцөл дунд амьдардаг. Крантнаас болон бусад байдлаар ус алдахад холбогдох газар дуудлага өгдөг боловч засварчид ирээд засаад явсны дараа дахин ус гоождог гэх мэт олон янзын байдлаар, давталттай байдлаар ус алддаг. Мөн байрандаа засвар хийхээр, дээд давхрын бүх айлуудаас ус алдаж засвар хийсэн хананы обой, эмульс, будаг, замаск нь бүгд хуурч унаж хохирдог. Манай 1 орцны хаалганаас 4 метрийн зайтай байдаг подвальд ажилчид олон жил архидсан. 01 тоот байр нь 2001 оноос өнөөдрийг хүртэлх хугацаанд цахилгааны сүлжээний утаснууд нь гэмтэлтэй, цахилгаан нь хэзээ ч тэсэрч дэлбэрч шатаж магадгүй аюултай нөхцөл байдалтай байна. Бид орон сууцны конторт дуудлага өгөхөөр цахилгаанчид танай байрны 1 давхрын тааз, 2 давхрын чинь айлын шалны дор байдаг өөрөөр хэлбэл 2 айлын завсар дунд нь байдаг цахилгааны багц утаснууд ус алдалтаас болж бүгд шатсан. Мөн танай хаалганы гадна байгаа цахилгааны шилэн дотор байдаг орос гал хамгаалагч бүгд шатсан. Орос гал хамгаалагч шатдаггүй, тэгэхээр танайх хэзээ ч амархан засвар авахгүй гэж хэлээд яваад өгдөг. 2002 оны 6,7 дугаар сард лаа асааж амьдарч байсан. Ингээд би хамаатныхаа цахилгаанчин ахыг хувиараа гуйж байрныхаа 1 давхрын хонгилын шатны гэрлээс салаалуулж 1 ширхэг тогтой утасны үзүүрийг манайх руу оруулснаар бид өнөөдрийг хүртэл түр зуурын цахилгаан хэрэглэдэг.

Н.Э надад 2007 онд орон сууцны конторын нягтлан бодогч нь чи надад 150 000 өгчих, тэгвэл би танайхыг 1 ам бүл гэж багасгаж бүртгээд байрны төлөх мөнгийг чинь багасгаад өгье гэж байсан. Байрны төлбөр нэхээд ирсэн байцаагчид би итгээд байрны төлбөрийн мөнгөө өгөөд явуулахаар байцаагч нь оршин суугчдын байрны төлбөрийн мөнгийг өөртөө хэрэглээд цаашаа байгууллагадаа тушаадаггүй. Ингээд байгууллага нь манай ажилтан таны төлсөн байрны мөнгийг чинь идчихсэн, та Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гэрчлээд өгөөч гээд надаас гуйж, гэрчлүүлж байсан.

Энэ байранд амьдарч байх хугацаандаа 1997 оны 9 дүгээр сараас 2015 оны 6 дугаар cap хүртэл байрныхаа мөнгийг тогтмол төлж байсан. Эхний үед буюу 1997 оны үед байрныхаа 1 сарын ус, дулааны төлбөрт 13 000 орчим төгрөг төлдөг, 2015 оны үед 20 000 орчим төгрөг төлдөг байсан. Тэгвэл сүүлийн 4,5 жилийн төлөгдөөгүй ус дулааны төлбөрийг 2015 онд буюу хамгийн сүүлчийн өндөр ханш болох 20 000 орчим төгрөгөөр тооцвол 4,5 жилийн хугацаанд 53 capын 20 000 төгрөгөөр тооцвол 1 060 000 орчим төгрөг болно. Гэхдээ тус орон сууцны конторын ажилтан Б.Баттунгалаг нь Н.Э миний 2007 онд Бээжингээс 5 000 000 төгрөгийг захиж авчруулсан бүргэд хаалгыг эвдсэн бөгөөд өнөөдрийг хүртэл би цагдаа, прокурор, Авилгатай тэмцэх газарт гомдлоо гаргаад хохирлоо барагдуулж чадаагүй байна. Иймд эрүүгийн гэмт хэргийн шинжтэй үйлдлүүд нь цагдаа, прокурор, Авилгатай тэмцэх газарт шалгагдаж, шийдвэрлэгдээгүй байхад иргэний хэргийн журмаар шийдвэрлэхгүй байхыг хүсч, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан хариуцагч Н.Э , Б.С нарт холбогдуулан гаргасан орон сууцны үйлчилгээний төлбөр 3 220 004.53 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар ОНӨААТҮГ-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 66 470 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ч.М давж заалдах гомдолдоо: Нэхэмжлэгч тал нь Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 22Б байр, 1 тоот орон сууцны дулааны эрчим хүчний төлбөрийн асуудлаар Эрчим хүчний зохицуулах хороонд хандаж тооцооллыг шалгуулан 2019 оны 12 дугаар сарын 02-ний өдрийн 5/1681 дугаар албан бичгээр 2015 оны 6 дугаар сараас 2019 оны 8 дугаар сарын хооронд хамаарах халаалт, хэрэгцээний халуун усны тооцооллыг тариф, дүрэм журмын дагуу тооцсон байна гэж ирүүлсэн баримт болон Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг Зохицуулах зөвлөлийн 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 01/914 дугаар албан бичгээр хүн амын өрхийн бүртгэлийн дэвтэрт бүртгэгдсэн 4 хүнээр усны хэрэглээг тооцох нь зүйтэй гэсэн дүгнэлт хийж тооцооллыг хавсарган явуулсныг нотлох баримтаар шүүхэд өгсөн байхад дулааны төлбөр, цэвэр усны төлбөр, бусад төлбөр зэргийг ямар дүрэм журмын дагуу хэрхэн тооцсон нь ойлгомжгүй гэсэн дүгнэлт хийж нотлох үүргээ хэрэгжүүлээгүй байна гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй. Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагаа 2015 оны 6 дугаар сараас 2019 оны 11 дүгээр сарыг сарыг дуустал хугацааны хэрэглэсэн ус, дулааны эрчим хүчний болон бохир ус татан зайлуулсан үйлчилгээний төлбөр нэхэмжилсэн байхад анхан шатны шүүх 2014 оноос 2015 оны 6 дугаар сар хүртэлх хугацааны төлбөрийг хариуцагч нар төлсөн эсэх, энэ хугацааны төлбөрийг нэхэмжилж байгаа эсэх тодорхой бус байна гэж дүгнэлт хийсэн нь ойлгомжгүй байна. Хариуцагч талаас дээрх халаалт, халуун хүйтэн усны нэхэмжилсэн төлбөр болон хугацааны талаар няцаасан ямар нэгэн хэрэгт ач холбогдолтой нотлох баримт гаргаж өгөөгүй бөгөөд Эрчим хүчний тухай хуулийн 29 дүгээр зүйл, мөн заалтын 29.1.6-д заасан эрхийн заалтыг хангах боломж олгодоггүй, хэрэглэгчийн Хот суурины ус хангамж ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 15 дугаар зүйлд заасан эрх үүргээ хэрэгжүүлдэггүй гэртээ оруулахгүй, шугам сүлжээндээ үзлэг хийлгэхгүй тухайн байранд хэдэн хүн амьдарч байгаа мэдэгдэхгүй зэрэг байдал манай байгууллагын ажил үүрэгт ихээхэн хүндрэл болон хохирол учруулсаар байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

Нэхэмжлэгч Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар ОНӨААТҮГазар нь хариуцагч Н.Э , Б.С нарт холбогдуулан орон сууцны ашиглалтын зардалд 3 220 005 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

Хариуцагч Н.Э , Б.С нар Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хорооллын 22б байрны 01 тоотод оршин суудаг, нэхэмжлэгч байгууллагын нийлүүлсэн цэвэр, бохир усны болон дулааны үйлчилгээг авдаг хэрэглэгч, тэрээр үйлчилгээний хөлсөө 2015 оны 6 дугаар сараас хойш төлөөгүй үйл баримтыг талуудын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт зэргийг үндэслэн анхан шатны шүүх зөв тогтоож, тэдгээрийн хооронд худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсгийн заалтад нийцсэн байна. /хх-13-16/ Иймээс гэрээний нэг тал нөгөө талаасаа үүргээ биелүүлэхийг шаардах эрхтэй.

Хариуцагч тал татгалзлын үндэслэлээ орон сууцны контор ажлаа хийдэггүй, бүдүүлэг харьцаж, эд зүйлийг эвдсэн гэж тайлбарлажээ. Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.8, 15.1.9-д зааснаар хэрэглэгч нь өөрийн эзэмшилд байгаа шугам сүлжээ, тоног төхөөрөмжийн бүрэн бүтэн байдлыг хангах, засвар, үйлчилгээг хариуцан гүйцэтгэх, мөн шаардагдах засварыг хангагчаар хийлгэж, зардлыг төлөх, мөн зүйлийн 15.1.6-д зааснаар хангагчийн төлөөлөгчийг шугам сүлжээ, тоног төхөөрөмжид үзлэг, шалгалт хийж, заавар зөвлөгөө өгөх үйл ажиллагаа явуулах нөхцөлөөр хангах, мөн зүйлийн 15.1.3, Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.2-т заасны дагуу үйлчилгээний төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлөх үүргийг тус тус хүлээсэн. Иймд хариуцагч нь хаалга эвдсэн, засвар үйлчилгээ хийгээгүй гэх нөхцөл заан үйлчилгээний төлбөрийг төлөхгүй байхаар татгалзах эрхгүй байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаа нотлохоор гаргаж өгсөн нотлох баримтуудыг үнэлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсгийн заалтыг зөрчсөнөөс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй боловч давж заалдах шатны шүүхээс уг алдааг залруулан шийдвэрийг залруулах боломжтой гэж үзлээ.

Нэхэмжлэгч Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар ОНӨААТҮГазар нь хариуцагч талаас 2015 оны 6 дугаар сараас 2019 оны 11 дүгээр сарыг дуусталх хугацааны цэвэр, бохир ус, дулааны төлбөрийг гаргуулах нэхэмжлэлээ мөн оны 12 дугаар сарын 10-ны өдөр гаргасан. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.3-т тогтсон хугацааны туршид гүйцэтгэх гэрээний үүрэгт шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байхаар зааснаас үзвэл, нэхэмжлэгч нь 2015 оны 6 дугаар сараас 2016 оны 11 дүгээр сарыг дуусах хүртэл хугацааны үйлчилгээний төлбөрийг хариуцагч талаас шаардах хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна. Харин уг хугацаанаас хойш үйлчилгээний төлбөрийг хэрэглэсэн хэмжээгээр шаардах эрхтэй.

Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлөөс Н.Э ын гаргасан цэвэр, бохир усны төлбөр, тооцоотой холбоотой гомдлыг хянаад албан бичгээр хангагч, хэрэглэгч нарт төлбөрийн тооцоог хавсралтаар хүргүүлсэн байх ба уг баримт хэрэгт авагджээ. /хх-13-16,18/

Хариуцагч нарын 2017 оны 11 дүгээр сараас 2019 оны 11 дүгээр сарыг дуусталх хугацааны цэвэр, бохир ус, дулааны төлбөрийн тооцоог нэхэмжлэгч тал гаргасан нь Зохицуулах зөвлөлийн хянасан дээрх тооцооноос зөрүүтэй байна. /хх-96/ Иймд эрх бүхий байгууллагаас хянасан тооцооны баримтыг үнэлж, дээрх хугацаанд хамаарах цэвэр, бохир усны төлбөрийг тогтоох нь Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журамд нийцнэ гэж үзлээ.

Хэргийн 14-15, 96 дахь талд авагдсан нотлох баримтуудыг харьцуулан үнэлээд хариуцагч нар 2016 оны 12 дугаар сараас 2019 оны 8 дугаар сар хүртэлх хугацааны цэвэр, бохир усны хэрэглээний төлбөрт 1 074 800 төгрөг, дулааны төлбөрт 795 645.54 төгрөг, нийт 1 870 446 төгрөг төлөх үүрэгтэй. Иймд уг төлбөрийг хариуцагч нараас гаргуулах хууль зүйн үндэслэлтэй. Харин нэхэмжилсэн хугацааны хэрэглээний зарим тооцоо нь зөрүүтэй, хариуцагчийн хэрэглэсэн үйлчилгээний хэмжээг эргэлзээгүй нотлоогүй нэхэмжлэлийн үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсгийн заасанд нийцнэ.

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахаар шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг баримтлан ТОГТООХ нь:

 

1.Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 101/ШШ2020/02043 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Н.Э , Б.С нараас 1 870 446 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар ОНӨААТҮГазарт олгож, нэхэмжлэлээс үлдэх 1 349 559 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж, 2 дахь заалтыг үлдээсүгэй гэснийг үлдээж, хариуцагч нараас 44 877 төгрөг гаргуулан, нэхэмжлэгч байгууллагад олгосугай гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 66 470 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.О

 

ШҮҮГЧИД А.ОТГОНЦЭЦЭГ

 

Ч.ЦЭНД