Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 09 сарын 15 өдөр

Дугаар 001/ХТ2022/00831

 

“.........................” ОНӨААТҮГ-ын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Х.Эрдэнэсувд даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч П.Золзаяа, С.Соёмбо-Эрдэнэ, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 101/ШШ2020/02043 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 1632 дугаар магадлалтай,

“.........................” ОНӨААТҮГ-ын нэхэмжлэлтэй,

Н.Э, Б.С нарт холбогдох,

Орон сууцны ашиглалтын зардалд 3,220,005 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч Н.Эын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн танхимын тэргүүн Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хариуцагч Н.Э, нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “.........................” ОНӨААТҮГ хариуцагч Н.Э, Б.С нарт холбогдуулан орон сууцны ашиглалтын зардалд 3,220,005 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан, хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.

2. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 101/ШШ2020/02043 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан хариуцагч Н.Э, Б.С нарт холбогдуулан гаргасан орон сууцны үйлчилгээний төлбөр 3,220,004.53 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч “.........................” ОНӨААТҮГ-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 66,470 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 1632 дугаар магадлалаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 101/ШШ2020/02043 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Н.Э, Б.С нараас 1,870,446 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “.........................” ОНӨААТҮГазарт олгож, нэхэмжлэлээс үлдэх 1,349,559 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж, 2 дахь заалтыг “үлдээсүгэй” гэснийг “үлдээж, хариуцагч нараас 44,877 төгрөг гаргуулан, нэхэмжлэгч байгууллагад олгосугай” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 66,470 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэсэн байна.

4. Хариуцагч Н.Э хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.07.24 өдрийн 1632 дугаар магадлалд гомдолтой байна.

4.1.Хариуцагч Н.Э би Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхжаргалд 2020.04.15-ны өдөр гаргасан хариу тайлбартаа маш тодорхой бөгөөд дэлгэрэнгүй тайлбарыг гаргасан учраас анхан шатны шүүхийн 2043 дугаар шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан гэж би ойлгодог.

4.2. Харин давж заалдах шатны шүүхийн 1632 дугаар магадлал бол давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалагийн 2016.10.17-ны өдрийн 22 дугаар захирамжаас улбаатай бөгөөд иргэн Н.Э би 2019.06.27-ны өдрийн 15:30 цагт АТГ-ын 108 тоот өрөөнд ахлах комиссар Жаргалбаатарт дээрх 22 дугаар захирамжийг гардуулж өгсөнтэй холбоотой юм. Өөрөөр хэлбэл 1632 дугаар магадлал нь ашиг сонирхлын зөрчилтэйгөөр гарсан гэж би хардах эрхээ эдэлдэг. Мөн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалагийн 22 дугаар захирамжийн задаргаа бол УДШ-ийн ерөнхий шүүгч байсан Х.Батсүрэн, шүүгч А.Отгонцэцэг танай танхимын тэргүүн Х.Сонинбаяр гээд хөврөх болно.

4.3. БЗД-т оршин суугч Н.Э надаас яагаад олон жилийн дараа ЧД-ийн Бумцэндийн гудамжнаас нэхэмжлэл гаргах болов? Яагаад хариуцагч Н.Э манай байрыг хариуцсан “ХҮТ-4”-ийн дарга П.Баярмаа нь өөрөө нэхэмжлэл гаргаж чадахгүй байгааг шүүх үнэлээгүй. Яагаад гэвэл дарга П.Баярмаа нь сантехникч Мөнхбаатарын амь настай холбоотой. Тэгвэл шүүх хүний амь насыг хамтатган шийдвэрлэх ёстой.

Хариуцагч Н.Э би ОСК-той ямар ч гэрээ хэлцэл хийгээгүй.

Хариуцагч Н.Э би ОСК манайхыг 2 ам бүлтэй байхад 5 ам бүлээр тооцож боддог байсан ба өөр бусад зардлуудыг бодит байдлаас өсгөж өндөр дүнтэй мөнгө нэхдэг байсан учраас би төлбөрөө төлөхөө больсон. ОСК бол оршин суугчидтай гэрээ хийдэг. Энэ нь маш их жижгэрүүлсэн луйврын “Оюутолгойн гэрээ” л гэсэн үг юм.

Иймд Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимаас давж заалдах шатны шүүхийн 1632 дугаар магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн 2043 дугаар шийдвэрийг хэвээр нь баталж өгөхийг хүсье гэжээ.

ХЯНАВАЛ:

5. Хариуцагч Н.Эын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах хууль зүйн үндэслэлгүй байна.

6. Нэхэмжлэгч “.........................” ОНӨААТҮГ хариуцагч Н.Э, Б.С нарт холбогдуулан 3,220,005 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргаж, үндэслэлээ тайлбарлахдаа, “хариуцагч нар нь Баянзүрх дүүргийн, 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, 22б байрны 1 тоотын өмчлөгч бөгөөд уг орон сууцны ашиглалтын зардал төлөөгүй тул 2015 оны 06 дугаар сараас 2019 оны 11 дүгээр сарыг дуустал дулааны төлбөрт 1,092,956 төгрөг, цэвэр, бохир усны суурь хураамжийн төлбөр 1,740,220 төгрөг, бусад төлбөр 124,363 төгрөг, НӨАТ-ын 262,466 төгрөг гаргуулна” гэжээ.

Хариуцагч нар “...контор ажлаа хийдэггүй, ажилчид нь бүдүүлэг харьцдаг, орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгө шаардлага хангахгүй байхад засдаггүйгээс удаа дараа ус алдаж хохирол учирсан” гэж нэхэмжлэлийг зөвшөөрөөгүй маргасан байна.

7. Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх хариуцагч нараас 1,870,446 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох, нэхэмжлэлээс 1,349,559 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрт өөрчлөлт оруулжээ.

8. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй, зохигчийн хооронд гэрээний үүргийн харилцаа үүссэн, уг харилцаа нь худалдах-худалдан авах гэрээний шинжийг агуулсан талаар зөв дүгнэсэн боловч хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлээгүйгээс хариуцагч нарын гүйцэтгэвэл зохих үүргийн хэмжээг тогтоох боломжгүй гэж үзсэн нь хуульд нийцээгүйг залруулсан давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн гэж үзэв.

8.1. Хэргийн баримтаар хариуцагч Н.Э, Б.С нар нь Баянзүрх дүүргийн, 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, 22б байрны 1 тоотын өмчлөгч, цэвэр, бохир усны болон дулааны үйлчилгээг нэхэмжлэгч буюу хангагч байгууллагаас авдаг хэрэглэгч болох нь тогтоогджээ.

Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1, 13.2-т зааснаас үзэхэд хангагч, хэрэглэгчийн хоорондын ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээтэй холбоотой харилцааг тухайн хууль болон талуудын хооронд байгуулсан гэрээгээр зохицуулахаар, хангагч нь Зохицуулах зөвлөлийн баталсан аж ахуйн харилцааны дүрмийн дагуу хэрэглэгчтэй гэрээ байгуулахаар журамласан байна.

Зохигчийн хооронд өмнө нь бичгийн хэлбэрээр гэрээ байгуулагдсан, уг гэрээний үндсэн дээр үйлчилгээний төлбөр төлж байсныг маргаагүй, харин 2010 оноос хойш гэрээ шинээр байгуулах, сунгах шаардлагыг хариуцагч нар биелүүлээгүй болох нь тогтоогджээ.

8.2. Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.3, Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.2-т тус тус заасны дагуу хэрэглэгч нь цэвэр усаар хангах, бохир ус татан зайлуулах үйлчилгээний болон эрчим хүчний төлбөрөө тус тус тогтоосон хугацаанд төлөх үүргийг хүлээнэ.

Хариуцагч нар нэхэмжлэлд заасан хугацаанд зохих үйлчилгээг авсан тул зохигчийн хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан, уг гэрээ хүчин төгөлдөр гэж үзсэн хоёр шатны шүүхийн дүгнэлтийг үгүйсгэх үндэслэлгүй болно.

8.3. Анхан шатны шүүх “хариуцагч нарыг зохих үйлчилгээ авсан, төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй гэж үзсэн атлаа төлбөрийн тооцоолол ойлгомжгүй буюу нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нэхэмжлэгч нотлоогүй” гэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасан нотлох баримтыг үнэлэх журмыг зөрчсөн, хэрэглэвэл зохих Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж давж заалдах шатны шүүх дүгнэсэн нь хуульд нийцжээ.

8.4. Давж заалдах шатны шүүх өөрийн бүрэн эрхийн хүрээнд хэрэгт авагдсан төлбөрийн тооцооллын баримтыг харьцуулан дүгнэхдээ нэхэмжлэлээр шаардсан төлбөрийн зарим хэсэг буюу 2016 оны 6 дугаар сараас мөн оны 11 дүгээр сарыг дуустал хугацааны төлбөрийн үүргийг шаардах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж энэхүү хугацааны төлбөрийг хэрэгсэхгүй болгож, 2017 оны 12 сараас 2019 оны 8 дугаар сар хүртэлх хугацааны хэрэглэсэн цэвэр, бохир усны төлбөрт 1,074,800 төгрөг, дулааны төлбөрт 795,645.54 төгрөг, нийт 1,870,446 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, бусад төлбөрт 124,363 төгрөг, НӨАТ-ын 262,466 төгрөг гаргуулах шаардлагыг нотолсон баримт эргэлзээтэйгээс эдгээр шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэл бүхий байна.

9. Хариуцагч Н.Эын хяналтын журмаар гаргасан гомдолд заасан үндэслэлээр магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээх хуульд заасан үндэслэл тогтоогдоогүй байна.

9.1. Хариуцагч нарын нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй талаарх хариу тайлбарт дурдаж буй, тухайлбал, нэхэмжлэгч байгууллагын үйл ажиллагаа, ажилчдын ёс зүй болон орон сууцны байшингийн эрсдэлтэй байдалтай холбоотой нөхцөл нь нэгэнт авсан үйлчилгээний төлбөр төлөх үүргээс чөлөөлөх хууль зүйн үндэслэл болохгүй.

9.2. Давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааны тэмдэглэлээс үзэхэд хариуцагч Н.Э тухайн шүүх хуралдаанд биечлэн оролцсон байх бөгөөд тэрээр хэргийг хянан шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүнээс татгалзах тухай хүсэлт гаргаагүй байна. Нөгөө талаар шүүх хуралдаан даргалагч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас татгалзан гарах үүрэгтэй буюу “ашиг сонирхлын зөрчилтэй байсан” гэх нөхцөл тогтоогдоогүй тул гомдлын 4.2-т заасныг үндэслэлгүй гэж үзэв.

9.3. Хэргийн 4-11-р талд авагдсан Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2017.02.28-ны өдрийн 33 дугаар тогтоолоор нэхэмжлэгч “.........................” ОНӨААТҮГ-ын дүрмийг баталсан байх ба уг дүрмээс үзэхэд тус газар нь Улаанбаатар хотын хэмжээнд хэрэглэгчдийг дулааны эрчим хүч, хэрэгцээний халуун, хүйтэн усаар хангах болон бохир зайлуулах үйлчилгээ үзүүлэх чиг үүргийг хэрэгжүүлдэг, энэхүү үйл ажиллагаагаа өөрийн бүтцэд харьяалагдаж буй салбар нэгж болох Түгээх төв, Хэрэглэгчдэд үйлчлэх төвүүдээр /ХҮТ/ дамжуулж эрхэлдэг байна. Үүнээс “.........................” ОНӨААТҮГ хэрэглэгч нараас төлбөр шаардаж шүүхэд нэхэмжлэл гаргах төв байгууллага гэж үзнэ.

Өөрөөр хэлбэл, тухайн байгууллага шүүхэд хандаж нэхэмжлэл гаргах эсхүл салбар нэгжээр төлөөлүүлж нэхэмжлэл гаргах эрхийг өөрөө эдлэх юм. Иймд “.........................” ОНӨААТҮГ нэхэмжлэл гаргаж байгаа нь ойлгомжгүй, байр хариуцсан “ХҮТ-4” нэхэмжлэл гаргах байсан” гэх гомдол үндэслэл муутай.

9.4. 2009 оныг дуустал бичгийн гэрээний дагуу үйлчилгээ үзүүлж, төлбөр төлж байсныг зохигч маргаагүй, уг хугацаанаас хойш гэрээ байгуулах шаардлагыг хүлээн аваагүй тухай нэхэмжлэгчийн тайлбар үгүйсгэгдээгүй тул бичгээр гэрээ байгуулаагүйгээс төлбөр төлөхгүй гэсэн татгалзал үндэслэлгүй байна.

9.5. Хэргийн 22-р талд авагдсан Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны Засаг даргын 2019.12.03-ны өдрийн 110 тоот албан бичигт мөн хорооны 22б байрны 01 тоотод Б.С, 3 хүүхдийн хамт бүртгэлтэй гэсэн мэдээлэл тусгагдсан, уг бүртгэлийг үндэслэн орон сууцны ашиглалтын төлбөрийг ам бүлийн тоогоор тооцож бодсоныг үгүйсгэх баримт байхгүй тул ам бүл 2 атал ам бүл 5 гэж бодит байдлаас өсгөж өндөр дүнтэй мөнгө нэхдэг гэх хариуцагчийн гомдлыг хүлээн авах боломжгүй.

10. Дээр дурдсанаар хариуцагчийн гомдлыг хангахгүй орхиж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээхээр шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 1632 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагч Н.Эын гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг баримтлан хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч Н.Э 2020.08.26-ны өдөр 44,878 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Х.ЭРДЭНЭСУВД

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Г.АЛТАНЧИМЭГ

ШҮҮГЧИД                                                       П.ЗОЛЗАЯА

                                                                        С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                                                        Д.ЦОЛМОН