Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Цолмонгийн Сайхантуяа |
Хэргийн индекс | 128/2017/0829/З |
Дугаар | 221/МА2018/0183 |
Огноо | 2018-03-20 |
Маргааны төрөл | Татвар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 03 сарын 20 өдөр
Дугаар 221/МА2018/0183
2018 оны 03 сарын 20 өдөр | Дугаар 221/МА2018/0183 | Улаанбаатар хот |
“Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Номуулин даргалж, шүүгч Э.Лхагвасүрэн, Ц.Сайхантуяа нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Адилмаа, нэхэмжлэгч “Э” ХХК-ийн захирал Ж.Б, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б, Д.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А, Ц.Т нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 128/ШШ2017/0940 дүгээр шийдвэртэй, “Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого хяналтын газарт холбогдох захиргааны хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор шүүгч Ц.Сайхантуяагийн илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 128/ШШ2017/0940 дүгээр шийдвэрээр: “...Татварын ерөнхий хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.4, 60 дугаар зүйлийн 60.3.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Э” ХХК-иас Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого хяналтын газарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, нэхэмжлэгчийн 982.6 сая төгрөгийн илүү төлөлтөд алданги тооцож суутган тооцохыг Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого хяналтын газарт даалгаж” шийдвэрлэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.А давж заалдах гомдолдоо: “...Анхан шатны шүүх маргааны үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт өгөөгүй, татварын тухай хуулийн холбогдох зүйл заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн нь үндэслэл муутай, хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр болж чадаагүй гэж үзэж байна. Улсын дээд шүүхийн 2016 оны 399 дүгээр тогтоолоор “Э” ХХК нь ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч биш тул Эрдэнэт үйлдвэр төлнө гэж дүгнэж нэхэмжлэлийг хангаж шийдсэн бөгөөд нэхэмжлэлийн шаардлага болох бусад татварын өр, төлбөрт суутган тооцохыг татварын албанд даалгасан тухай нэхэмжлэлийг татварын алба нь 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр “Суутган тооцооллын гэрээ”-ний маягтаар бусад татварын өр төлбөрөөс суутган тооцсон болно. Татварын ерөнхий хуулийн 60 дугаар зүйлийн 60.3.2-т зааснаар татварын алба болон татварын улсын байцаагч хууль бус татвар ногдуулах шийдвэр гаргаж уг хууль бус ногдуулалтаа татвар төлөгчийн данснаас албадан суутгасан байхаар хуульчилжээ. Өөрөөр хэлбэл дээрх заалт нь албан болон татварын улсын байцаагч хууль бус татвар ногдуулалтаа татвар төлөгчийн данснаас албадан суутгасан байхаар хуульчилсан зохицуулалт байна.
Харин “Э” ХХК нь өөрөө төсөвт тайлагнан төлж байсан нь хавтаст хэрэгт авагдсан бичмэл нотлох баримт болон хэргийн оролцогч нарын тайлбараар нотлогдох бөгөөд татварын алба болон татварын улсын байцаагч нь хуульд зааснаар татвар төлөгчийн данснаас авсан тохиолдол байхгүй байна. Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 128/ШШ2017/0940 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг хүчингүй болгож өгнө үү” гэв.
ХЯНАВАЛ:
Шүүх бүрэлдэхүүн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-т заасны дагуу хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын хүрээнд анхан шатны шүүхийн шийдвэрийг хянаад, хуулийн холбогдох өөрчлөлт оруулж шийдвэрлэв.
“Э” ХХК нь Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого хяналтын газарт холбогдуулан “Татварын ерөнхий хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.4, 60 дугаар зүйлийн 60.3.2-т зааснаар нэхэмжлэгчийн 982.6 сая төгрөгийн илүү төлөлтөд алданги тооцож өгөхийг хариуцагчид даалгуулах” тухай нэхэмжлэл гаргаж нэхэмжлэлийн үндэслэлээ “...татвар төлөгч буюу нэхэмжлэгчээс үндэслэлгүйгээр /татварын албаны буруу шийдвэрээр/ илүү хураасан тохиолдолд татвар төлөгч нь түүнд алданги тооцон нэхэмжлэн авахаар зохицуулсан байтал хариуцагч уг хуулийн заалтыг хэрэгжүүлэхгүй эс үйлдэхүй гаргасан” гэж, хариуцагчаас “Татварын ерөнхий хуулийн 60 дугаар зүйлийн 60.3.2 дахь заалт нь татварын алба болон татварын улсын байцаагч хууль бус татвар ногдуулалтаа татвар төлөгчийн данснаас суутгасан байхаар хуульчилсан зохицуулалт” хэмээн тус тус тайлбарлаж маргасан байна.
Нэхэмжлэгч компани нь Гааль, татварын ерөнхий газарт холбогдуулан “Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрөөр хууль бусаар төлүүлсэн 982.667.099 төгрөгийг бусад татварын өр, төлбөрт суутган тооцохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, дээрх үнийн дүнг бусад татварын өр, төлбөрт суутган тооцохыг Гааль, татварын ерөнхий газарт даалгах” тухай нэхэмжлэл гаргасныг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 453 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 221/МА2016/0588 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 399 дүгээр тогтоолоор тус тус бүхэлд нь хангаж шийдвэрлэжээ.
Татварын ерөнхий хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д “Татварын алба, татварын улсын байцаагчийн буруутай үйл ажиллагааны улмаас татвар төлөгчөөс үндэслэлгүй, илүү хураасан хөрөнгөд дараахь зүйл хамаарна”, 59.1.3-т “татварын алба, татварын улсын байцаагчийн бусад шийдвэрээр үндэслэлгүй, илүү хураасан мөнгөн хөрөнгийн дүн”, 60 дугаар зүйлийн 60.1-д “Хуулиар тогтоосон хугацаанд төлөөгүй болон татварын алба, татварын улсын байцаагчийн буруугаар татвар төлөгчөөс үндэслэлгүй, илүү хураасан татварт алданги тооцно”, 60.3-т “Алданги тооцох хугацааг дор дурдсанаар тодорхойлно”, 60.3.2-т “татвар төлөгчөөс үндэслэлгүй, илүү хураасан мөнгөн хөрөнгөд алданги тооцох хугацааг уг хөрөнгийг татварын алба, татварын улсын байцаагчийн буруу шийдвэрээр татвар төлөгчийн данснаас авсан өдрөөс буцаан олгох буюу татварын өрөнд суутгах хүртэлх хоногийн тоогоор” гэж тус тус заасан байна.
Дээрх хуулийн зохицуулалтаас үзвэл татварын алба, татварын улсын байцаагчийн буруутай үйл ажиллагааны улмаас татвар төлөгчөөс үндэслэлгүй, илүү хураасан хөрөнгө гэдэгт татварын алба, татварын улсын байцаагчийн бусад шийдвэрээр үндэслэлгүй, илүү хураасан мөнгөн хөрөнгийн дүнг ойлгох бөгөөд “Э” ХХК-иас үндэслэлгүй татвар хураасан гэдэг нь шүүхийн шийдвэрээр тогтоогдсон байхад хариуцагч “татвар төлөгчийн данснаас албадан суутгасан тохиолдолд л алданги тооцох ёстой” гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй юм.
Өөрөөр хэлбэл, Татварын ерөнхий хуулийн 60 дугаар зүйлийн 60.3.2 дахь заалт нь татвар төлөгчөөс үндэслэлгүй, илүү хураасан мөнгөн хөрөнгөд алданги тооцох хугацааг хэрхэн тодорхойлох талаар заасан зохицуулалт бөгөөд татвар төлөгчөөс үндэслэлгүй, илүү хураасан хөрөнгө гэдгийг тодорхойлсон заалт биш тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо “...татварын алба болон татварын улсын байцаагч хууль бус татвар ногдуулах шийдвэр гаргаж уг хууль бус ногдуулалтаа татвар төлөгчийн данснаас албадан суутгасан байхаар хуульчилсан. ...”Э” ХХК нь өөрөө төсөвт тайлагнан төлсөн” хэмээн дурдсаныг хүлээн авах боломжгүй.
Түүнчлэн Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого хяналтын газар 2013 онд 1/98, 1/660 дугаар албан бичгүүдээр 2009-2012 онд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулж, төлөх үүрэгтэй болохыг удаа дараа мэдэгдсэний үндсэн дээр дээрх үндэслэлгүй татварыг нэхэмжлэгч компани төлсөн болох нь уг албан бичгүүдээр тогтоогдсон байх тул “... сайн дураараа тайлагнаж төлсөн тул алданги тооцохгүй” гэх хариуцагчийн тайлбар мөн үндэслэлгүй байна.
Анхан шатны шүүх маргааны үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн боловч шүүхийн шийдвэрийн Тогтоох хэсэгт маргааны үйл баримтад хамаарал бүхий хуулийн заалтыг орхигдуулсан, бичиглэлийн алдаа гаргасан байх тул шүүхийн шийдвэрт зөвтгөсөн өөрчлөлтийг оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсгийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ О.НОМУУЛИН
ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН
ШҮҮГЧ Ц.САЙХАНТУЯА